| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0083/Э |
| Дугаар | 83 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 83
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Доржийн Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 1931001400075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машинч мэргэжилтэй, ам бүл 2 охины хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 155 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Доржийн Хүрэлбаатар РД:/МЬ-77101217/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Хүрэлбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын “Хонгор морьт” 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” хүнсний дэлгүүрийн гадна Ж.Чойжин-Осорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Хүрэлбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын “Хонгор морьт” 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” хүнсний дэлгүүрийн гадна Ж.Чойжин-Осорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Хүрэлбаатар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Д.Хүрэлбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Чойжин-Осорын 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед гэрээсээ гарч “Орхон” нэртэй хүнсний дэлгүүрт орж зүс таних худалдагчаас “2.5 литр пиво зээлээч” гээд өгөхгүй болохоор нь дэлгүүрээс гарч гэр лүүгээ явж байхад зүс таних “Бонгоо, Хүрэлээ” нар сууж байсан. Тэгээд би тэр 2-той хэсэг юм ярьж суугаад босч явах гэхэд зүс таних Д.Хүрэлбаатар шууд гараараа зүүн нүд рүү 2-3 удаа цохиод авахаар нь би цохиулсан нүдээ гараараа дарж доош тонгойн суухад мөн хөлөөрөө миний толгойн зүүн чамархайн хэсэгт нэг удаа өшиглөөд авсан. Тухайн үед тэнд байсан Бонгоо надаас Д.Хүрэлбаатарыг салгаад холдуулсан. Тэгээд манай эхнэрийн дүү болох Энхжаргал ирж намайг гэр лүү авч явсан. Би Д.Хүрэлбаатараас тархи толгойны зураг авахуулсан мөн эмчилгээний зардалд гарсан 620.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04 дүгээр тал/
Гэрч Ж.Дэлгэртуяагийн 2019 оны 04 дугаар 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цаг 30 минутын орчим манай төрсөн эгч Ж.Батдэлгэр над руу утасдаад “дүү чинь /Чойжин-Осор/ ухаан алдаад ухаан орохгүй байна гэнэ, би хөл гар муутай очиж чадахгүй байна, чи ойрхон байгаа юм чинь яваад очоодохооч” гэж хэлсэн юм. Тэгээд би яараад эмнэлэг рүү яваад очсон чинь яаралтай тусламжийн тасагт ухаангүй хүргэгдэж ирээд эмчилгээ хийлгээд ухаан ороод эхнэр Б.Содцэцэг нь буцаагаад гэр лүү нь аваад явсан байсан. Тэгээд эгч Ж.Батдэлгэр лүү утастаад “...Ж.Чойжин-Осор ухаан ороод эхнэр нь аваад явсан байна юу болсон юм бэ...” гэж асуусан чинь “Ж.Чойжин-Осор хагас сайн өдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр корпуст согтуу явж байгаад хүнд зодуулчихсан юм гэнэ, тэгээд толгой тархи нь өвдөөд ухаан алдаж унаад байгаа байх” гэж хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө нь буюу өнөөдөр 04 дүгээр сарын 15-ны өглөө Ж.Чойжин-Осорыг эмнэлэг дээр авч ирж толгойных нь зургийг авахуулахаар болсон юм. Тэгээд өнөөдөр өглөө Ж.Чойжин-Осорыг эмнэлэг дээр авч ирээд толгойн зургийг нь авахуулсан чинь эмч нь “олигтой юм мэдэгдэхгүй байна, Дарханд очиж томографын зураг авахуулах хэрэгтэй байна” гэж хэлсэн юм. Ж.Чойжин-Осор тухайн үед болсон явдлыг орон гаран санаад байх шиг байсан. “Д.Хүрэлбаатар гэдэг залуу намайг хагас сайн өдөр зодсон” гээд байсан. Тэгээд тэр хүнийг нь хайж олоод Ж.Чойжин-Осор бид нар уулзахад Ж.Чойжин-Осор тэр Д.Хүрэлбаатар гэх залууг ...чи намайг 2, 3 удаа цохисон биз дээ... гээд байсан тэгэхэд нөгөө Д.Хүрэлбаатар гэх залуу нь “...би цохисон эсэхээ санахгүй байна гэхдээ би тухайн үед их согтсон байсан болохоор сайн мэдэхгүй...” байна гээд байсан юм. Тэгээд үдээс хойш 16 цаг болох гэж байхад Дархан руу авч явах гээд байж байхад ухаан алдаад эмнэлэгт хүргэж ирээд эмнэлгээс тайвшруулах тариа хийгээд Энхжаргал гэдэг эмч 17 цагийн орчим манай ах дүү нарын хамт Ж.Чойжин- Осорыг аваад Дархан руу яваад толгойн томографын зураг авахуулаад 22 цаг өнгөрч байхад ирээд шууд эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт хэвтүүлсэн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/
Гэрч Т.Мөнхцацралтын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 21 цагт гэртээ нөхөр хүүхэд, эгч Б.Содцэцэгийн нарын хамт байж байхад хүргэн ахын төрсөн эгчийн том охин болох Батцэцэг нь 99398261 гэсэн дугаараас залгаад Б.Содцэцэг эгчийн нөхөр Ж.Чойжин-Осор ахыг Орхон дэлгүүрийн гудамжинд хүнд зодуулсан байдалтай байж байна гэж утсаар надад хэлсэн юм. Ингээд хүргэн ахтай нэг гудамжинд байдаг Энхжаргалын гар утас руу залгаад “танай гудамжинд Ж.Чойжин-Осор ахыг хүн зодсон байна чи гэрээсээ гараад хараад өгөөч” гэж утсаар гуйсан чинь Энхжаргал “гарч харчихаад буцаад хариу хэлнэ” гээд утсаа тасалчихсан юм. Удалгүй Энхжаргал миний гар утас руу залгаж “Ж.Чойжин-Осор ахыг гудамжин байхаар нь гэрт оруулаад унтуулчихлаа, зүүн хацар орчим бага зэргийн хавдсан, шалбарсан байдалтай байсан” гэж утсаар хэлсэн юм. Ингээд Ж.Чойжин-Осор ахыг зүгээр гэхээр нь Цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 14-ны 16 цагийн үед гэрт нь ганцаараа очтол хүргэн ах орон дээрээ хэвтсэн байдалтай, харагдах байдал нь нүүрний шанааны зүүн хацар орчим хавдаж, шалбарсан, хөхөрсөн, баруун талын шанаа хэсэг шалбарсан, толгой өвөөд байна гэх яриа хэлж байсан. Би ахаас юу болсон талаар асуухад “өчигдөр гэрийнхээ гудамжинд хүнтэй таараад хүнд цохиулсан” гэж надад хэлсэн би таныг хэн цохиж зодсон талаар асуухад надад ямар нэгэн зүйл хэлээгүй нуугаад байсан юм.
Би хүргэн ахыг толгойны эм уугаад одоо амар гэж хэлээд гэртээ харьсан, орой 21 цагийн үед эгч Б.Содцэцэг нь утсаар “хүргэн ах чинь гэртээ ухаан алдаж унаад одоо аймгийн нэгдсэн эмнэлэг дээр эмчилгээ хийлгээд хэвтэж байна чи хүрээд ир” гэхээр нь шууд эмнэлэгт очсон юм. Би тэр өдрийн эмч нартай уулзаж биеийн байдал болон юу болсон талаар асуухад танай хүргэн мод хагалж байгаад мод үсрээд толгой руу цохьчихсон гэж эмч нар хэлсэн байдаг. Маргааш нь буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-ны 15 цагийн үед яаралтай Дархан-Уул аймагт байдаг хувийн “Саран элит” гэх нэртэй эмнэлэгт очиж тархи толгойны зураг авахуулаад эмч нараар нь зургийг нь үзүүлэхэд хамрын яс хугарсан, хоёр нүдний дунд хэсгээс дух хэсэг цус хуралттай, тархи хавагнасан гэх дүгэнлт хэлсэн юм. бид нар орой 21 цагийн үед Сэлэнгэ аймагт ирээд шууд Цагдаагийн байгууллагад хандсан юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07дугаар тал/
Гэрч Б.Содцэцэгийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой 21-н цагийн үед ажил дээрээ байж байхад манай хамаатаны эмэгтэй Энхжаргал өөрийнхөө утсаар залгаж “Ж.Чойжин-Осор ах хүнд зодуулчихаад дараа нь ухаан алдаж унаад одоо хүлээн авах 103-ын яаралтай тусламж үзүүлэх төв дээр байна” гэж ярихаар нь би ажлаас гарч явсаар Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүлэх төв дээр иртэл манай нөхөр Ж.Чойжин-Осор ухаан ороод сэргэсэн байсан. Тэгээд тэндээ эмчилгээ хийлгэж байгаад дүүгийнхээ хамт нөхрөө буцаагаад гэр лүүгээ авч явсан. Тэгээд маргааш нь буюу өнөөдөр 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Ж.Чойжин-Осорын толгойн зургийг авахуулах гээд машин хөлслөөд манай эмэгтэй дүү Т.Мөнхцацрал Дархан-уул аймаг руу авч явж байгаад Сэлэнгийн төвөөс гаралгүй Ж.Чойжин-Осор дахин ухаан алдаж тэд нар буцаад Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирж тэгээд эмнэлгийн машинаар Дархан-Уул аймаг руу авч яван тархины зургийг нь авахуулсан байсан. Тэгээд өнөөдөр тэд нарыг орой 22-н цагийн үед ирэхээр нь би ажлаасаа бууж тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгсөн юм. Манай нөхөр Ж.Чойжин-Осор нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний оройн 21-н цагийн үед Сүхбаатар сумын 1 дүгээр багт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрийн гадаа дэлгүүрээс пиво аваад гарч иртэл Доржийн Хүрэлээ намайг шууд цохиж унагааж хөлөөрөө өшиглөж байхад нь манай хамтаатаны эмэгтэй дүү Энхжаргал харж тэгээд тэднийг салгаж манай нөхөр Ж.Чойжин-Осорыг гэрт нь хүргэж өгсөн гэж ярьж байсан. Тэгж л мэдсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/
Гэрч Т.Мөнхцацралын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ж.Чойжин-Осор бол миний төрсөн эгч Б.Содцэцэгийн нөхөр болох хүн юм. Бид садан төрлийн холбоотой хүмүүс. Манай хүргэн ах нилээд хэдэн жилийн өмнөөс ухаан алдаж унадаг, сэтгэцийн өвчтэй болж Сүхбаатар сумын 1 дүгээр багийн өрхийн эмчийн хяналтанд байдаг. Б.Содцэцэг эгч бүрэн дунд боловсролтой боловч уншиж, бичиж сайн ярьж чадахгүй, тэгээд би одоогоор хамт нэг гэрт амьдарч байгаа зэрэг шалтгаанаар Ж.Чойжин-Осор ахын хууль ёсны төлөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 101 дугаар шинжээчийн:
“1.Ж.Чойжин-Осорын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 25 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар тал/
Өвчний түүх /хх-ийн 55-69 дүгээр тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 71-72 дугаар тал/
Д.Хүрэлбаатарын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Д.Хүрэлбаатар нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын “Хонгор морьт” 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” хүнсний дэлгүүрийн гадна Ж.Чойжин-Осорыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Д.Хүрэлбаатарын гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Чойжин-Осорын хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн чамархай, зүүн хацар, баруун шуунд зулгаралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ж.Чойжин-Осорт шүүгдэгч Д.Хүрэлбаатарын зүгээс эмчилгээний зардалд 620.000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрч, тохиролцсон хохирогч нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Хүрэлбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналыг доош татаж 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Хүрэлбаатар хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Хүрэлбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сартуул овогт Доржийн Хүрэлбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Доржийн Хүрэлбаатарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Хүрэлбаатарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Хүрэлбаатар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Д.Хүрэлбаатар хохирогч Ж.Чойжин-Осорт 620.000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн болохыг дурьдсугай.
6.Ялтан Д.Хүрэлбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Ялтан Д.Хүрэлбаатарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ