| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 191/2026/00373/И |
| Дугаар | 210/МА2026/01221 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01221
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/02795 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 118,784,336 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр *******-ийн 01/408 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийн дагуу тухайн компанитай 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ЕО/25/10 дугаартай Оффисын байр түрээсийн гэрээ байгуулж, *******, *******, ******* байршилтай, *******-ийн 2 давхрын , тоот, 3 давхрын , тоот хаягт байрлах, нийт 281,8 м.кв талбайг оффисын зориулалтайгаар, нэг жилийн хугацаатайгаар, 1 м.кв-г нь 52,690 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Гэрээний 3.3-т заасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр барьцаа 14,848,042 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 44,544,126 төгрөгийг хүлээн авсан.
Гэтэл ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 01/442 дугаартай албан бичгээр Оффисын барилгын дулаан зогсоолоор компанийн 1-2 автомашиныг оффис түрээсийн хугацаанд 24 цагийн турш тасралтгүй хангах, оффисын барилгын гадна ил зогсоолд компанийн 15-20 автомашиныг 24 цагийн автозогсоолоор хангах, ажилтнуудад зориулсан цайны хэсэг болон тухтай суух танхимтай байх, 7 хоногт 3 удаа тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийдэг, үйлчилгээ сайтай байх, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байх гэх үндэслэлгүй шалтаг тоочиж, зүй бус шаардлага тавьж эхэлсэн. Үүний дараа хариуцагч байгууллагаас мөн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус тус албан бичгүүдийг ирүүлсэн.
1.2 Гэвч 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 01/548 тоот, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 01/559 тоот, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 01/588 тоот албан бичгүүдээр Засгийн газрын тогтоолын дагуу компанийн үр ашгийг нэмэгдүүлэх, дотоод удирдлагын зардлыг бууруулахтай холбоотой буюу *******-ийн дотоод асуудалтай холбоотой, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг бууруулах даалгаврыг үндэслэж бидний хооронд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан ЕО/25/10 дугаар Оффисын байр түрээсийн гэрээ-ний зохицуулалтад хамааралгүй асуудлыг шалтаг болгож үндэслэлгүйгээр гэрээг цуцлах асуудал тавьсан.
Дээр дурдсан асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж, 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 1/27 тоот, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 1/28 тоот, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1/32 тоот, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 1/33 тоот, 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1/42 тоот албан бичгүүдээр тус тус холбогдох тайлбарыг хүргүүлж, биечлэн уулзаж байсан.
Гэтэл манайд ирүүлсэн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/408 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичигт дурдсан шаардлага хангасан тендерийг үгүйсгэж түрээсийн төлбөрийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тендерийг хүчингүй болгоогүй байхад үл ялих зүйлээр шалтаглан дараагийн дахин шинэ тендер зарлахгүйгээр ЕО/25/10 дугаар гэрээг цуцалж байгаагаас болж манай байгууллага гэрээнээс 178,176,504 төгрөг авахаас 118,784,336 төгрөгийг авч чадахгүй хохирч байна.
1.3 Гэрээгээр түрээслүүлэхээр тохиролцсон талбай буюу өрөөнүүд өнөөдрийг хүртэл чөлөөтэй байгаа. Иймд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ЕО/25/10 дугаартай Оффисын байр түрээсийн гэрээ-ний 6.2-т зааснаар түрээсийн төлбөр 178,176,504 төгрөгөөс 118,784,336 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* 2025 онд оффисын талбай түрээслэх ЭОХХК/20250103004 дугаартай тендерийг нээлттэй зарлаж, 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус тендерт ******* шалгарч, ЕО/25/10 дугаар Оффисын байр түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хэрэгжилтийг хоёр талаас хангаж ажиллаж байсан. Тендерийн материалд оффисын талбай түрээслэх байгууллагуудад тавигдах техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг боловсруулан нээлттэй тендерт байршуулахад *******-ийн гүйцэтгэх захирлын албан бичгээр даалгаврын шаардлагыг хангаж байгаа тухай, түрээслүүлэх талбайн үзүүлэлтээ албан бичгээр ирүүлсэн.
Гэвч манай байгууллага нь түрээсийн оффист нүүж орсноос хойш гэрээний шаардлага болох барилгын автомашины дулаан зогсоолоор компанийн 1-2 автомашиныг оффисын түрээсийн хугацаанд 24 цагийн турш тасралгүй хангах боломжгүй. Тус барилгын автомашин байршуулах хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архив байрласан, давхар бүрд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй хэдий ч халуун усгүй, агаар сэлгэлтийн системгүй, ажилтнуудад зориулсан цайны хэсэг болон тухтай суух танхим тус оффисын барилгад байхгүй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй байх дүгнэлт гаргуулаагүй зэрэг зөрчил байсан.
2.2 ******* түрээсийн оффисын байрыг түрээслэгч нийтийн халаалтаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл огт хангаагүй бөгөөд түрээслэгч талаас шаардаж шахсаны үр дүнд 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс барилгыг нийтийн халаалтаар хангаж эхэлсэн. Гэвч , ,, , тоот өрөө тасалгаанууд халаалтгүй, хэвийн ажил үйлчилгээ үзүүлэх нөхцөлөөр хангагдахгүй, ажилчдын хэвийн ажиллах нөхцөл алдагдаж, түрээсийн гэрээний 4.1.1-т заасныг зөрчсөн хэвээр байсан. *******-ийн ажилчдаас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах талаар хүсэлт ирүүлсний дагуу түрээслүүлэгч талд бидний түрээсэлж байгаа өрөө тасалгааны халаалтыг сайжруулах, ажиллах хэвийн нөхцөлөөр хангах талаар дахин мэдэгдсэн боловч *******-ийн зүгээс тодорхой арга хэмжээ авч шийдээгүй.
Иймд компанийн зүгээс гэрээний 6.1, ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлд заасны дагуу албан бичгээр гэрээг цуцалж, түрээсийн талбайг 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон орхин гарсан бөгөөд манай компанийн захиргаа, хүний нөөцийн албаны ахлах ажилтан түрээсийн байрыг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгч байгаа тухай дүрс бичлэгийг хийж баримтжуулсан.
2.3 Компанийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас сүүлийн 3 жилийн үйл ажиллагаатай холбоотой хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хяналт, шалгалт явагдаж, үйл ажиллагаатай холбоотой баримт материалыг татан авах, биечлэн шалгах зэрэг ажиллагаанууд хийгдэж байсан. Үүний улмаас оффисын өрөө түрээслэх гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломж бүрдээгүй. Харин ******* нь гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлэх боломж байсан бөгөөд тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч *******-иас 118,784,336 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 751,877 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 751,877 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримттай нийцээгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтыг заахаас гадна үндэслэл болоогүй баримтыг мөн зааж, шалтгааныг тайлбарлах ёстой боловч анхан шатны шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.
Мөн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж хэргийн оролцогч 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шинээр томилогдсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах хугацаа олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан байтал, оролцогчийн эрхийг хязгаарлаж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхүүдийг эдлүүлэхгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь мэтгэлцэх зарчмыг үгүйсгэсэн, зохигч шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох суурь зарчмуудыг хөндөж байна.
4.2 Зохигчийн маргааны зүйл болж буй талуудын хооронд байгуулагдсан Оффисын байр түрээсийн гэрээ-ний 1.2-т Талуудын хооронд ЭОХХК/20250103004 дугаартай худалдан авах ажиллагааны дагуу байгуулагдсан гэрээний дор дурдсан баримт бичиг нь гэрээний салшгүй хэсэг болно. Үүнд гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл гэж тодорхойлсон. Гэвч энэхүү гэрээний салшгүй хэсэг болох гэрээний баримт бичиг хэргийн материалд авагдаагүй хэргийн оролцогчоос нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан.
Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас мөн энэхүү баримтаа гаргаж өгөөгүй талаараа Манайх гаргаж өгөөгүй, гэрээгээ гаргаж өгсөн гэсэн хариулт өгсөн. Анхан шатны шүүх дутуу цугларсан баримтыг үндэслэн хариуцагч талыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу нотлоогүй гэж буруутгаж нэхэмжлэгч талд энэ талаар огт үүрэг хүлээлгээгүй нь талуудын тэгш эрхийн зарчимд нийцээгүй дүгнэлт болсон.
4.3 Түүнчлэн, гэрээний зүйл нь барилгын хувьд ердийн ашиглалтын шаардлага хангаж байсан болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 05-248/312 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд гэрээ байгуулж, эзэмшиж ашиглаж эхлэх үед шаардлага хангахгүй байсан гэх тайлбараа нотлоогүй гэж 18 жилийн өмнөх албан бичгээр ашиглалтын шаардлага хангаж байна гэж дүгнэсэн атал хэргийн 57 дугаар хуудаст байгаа ...гэмтэл гарч, шинээр ялтсан бойлуурыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр суурилуулж 15-ны өдрөөс эхлэн горим зүгшрүүлгийг хийж ажилласан гэсэн 20 хоногийн өмнөх баримтыг үнэлээгүй. Энэхүү баримт нь гэрээг цуцлах бас нэг үндэслэл болж буй, тухайн байранд хэвийн ажиллах боломжгүй байсныг нотлох баримт юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Хуульд зааснаар хэргийн оролцогч нар хэргийн материалтай танилцах, хүсэлт, тайлбар гаргах эрх нь нээлттэй байдаг бөгөөд шинэ төлөөлөгч томилогдсон даруйд шүүхээс хэргийн материалыг тусгайлан танилцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлдэг журам байхгүй. Иймд энэ агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
5.2 Иргэний хэргийн шүүх нь нотлох баримтыг өөрийн санаачилгаар цуглуулж, бүрдүүлдэггүй бөгөөд шүүх зөвхөн хэргийн оролцогчдын хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг журамтай. Гэтэл хариуцагч нь бид нотлох баримтаа дутуу гаргаж өгсөн учир хэргийг энэ байдлаар шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Талууд түрээсийн байртай холбоотой асуудлаар маргасан. Бид маргаан бүхий байрыг түрээслэх боломжоор бүрэн хангасан боловч хариуцагч нь өөрийн эрхээ эдлээгүй.
Түүнчлэн, хариуцагч гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг тухайн шүүхэд буцааж өгнө үү гэж дурдсан. Энэ үндэслэлээр хариуцагч нь өөрсдийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал, хариуцагч нь өөрийн хэрэгжүүлээгүй эрх үүргээ дахин хэрэгжүүлэхийн тулд буюу алдаагаа засахын тулд хэргийг анхан шатны шүүхэд буцаах агуулгатай гомдол гаргасан байна гэж ойлгож байна. Хэрэв хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад процессын ноцтой алдаа гарсан гэж үзвэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх агуулгаар гомдол гаргах ёстой байсан.
Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, 118,784,336 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2.1 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...талууд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Оффисын байр түрээсийн гэрээ байгуулж, нийт 281,8 м.кв талбайг оффисын зориулалтайгаар түрээслэхээр тохиролцсон. Гэтэл ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 01/442 тоот албан бичгээр үндэслэлгүй шалтаг тоочиж, зүй бус шаардлага тавьсан. Ингээд гэрээний зохицуулалтад хамааралгүй асуудлыг шалтаг болгож үндэслэлгүйгээр гэрээг цуцлах асуудал тавьсан. Иймд тендерийг хүчингүй болгоогүй байхад үл ялих зүйлээр шалтаглан дараагийн дахин шинэ тендер зарлахгүйгээр ЕО/25/10 дугаар гэрээг цуцалж байгаагаас болж манай байгууллага гэрээнээс 118,784,336 төгрөгийг авч чадахгүй хохирч байх тул уг төлбөрийг гаргуулна гэж тодорхойлсон.
2.2 Хариуцагч ...түрээсийн оффист нүүж орсноос хойш зөрчил гарсан. Түрээсийн оффисын байрыг түрээслэгч нийтийн халаалтаар 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл огт хангаагүй, халаалтыг сайжруулах, ажиллах хэвийн нөхцөлөөр хангах талаар мэдэгдсэн боловч тодорхой арга хэмжээ аваагүй. Иймд компанийн зүгээс албан бичгээр гэрээг цуцалж, түрээсийн талбайг 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөр тасалбар болгон орхин гарсан. Түрээсийн гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус гэж үгүйсгэн маргасан.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4. Түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор талууд гэрээ цуцлах талаар албан бичиг хоорондоо солилцсон гэж үзэх баримтууд хэрэгт авагдсан байна. /хх 13-31/ Уг гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан эсэх, хэрэв гэрээ цуцлагдсан гэж үзвэл хэний буруугаас гэрээ цуцлагдсан эсэх үйл баримтыг шүүх тодруулаагүй байна.
4.1 Түүнчлэн, тухайн түрээсийн эд хөрөнгө одоо хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байгаа эсэх үйл баримт тодорхойгүй байна.
4.2 Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...*******-ийн 281 м.кв талбайг түрээсэлж байгаад гэрээг цуцалснаас хойш 178 м.кв талбайг түр гэрээгээр түрээсэлж байгаа гэх тайлбарыг гаргасан. /хх 86/ Дээрх үйл баримтыг тогтоох нь маргаанд ач холбогдолтой байна.
5. 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах хугацаа олгох хүсэлт гаргасныг шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2026/12160 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. /хх 90-91/
Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд ...гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөл яагаад гэрээнд хавсаргагдаагүй вэ гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс манайх гаргаж өгөөгүй, гэрээгээ гаргаж өгсөн гэсэн. /хх 87/ Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ....Гэрээний хавсралтад ...тендерийн баримт бичигт зааснаар тусгай нөхцөлүүдийг заасан байдаг. Тодруулбал, тухайн байранд хэвийн үйл ажиллагаа явуулах шаардлагыг хангасан байх ёстой гэсэн зүйлийг тусгасан байдаг. Үүнээс биш ая тухтай байх зэрэг зүйлийг тусгаагүй. ...Бид тухайн баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч нь тендер зарласан хэр нь тухайн баримтыг гаргаж өгөөгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч ...Тухайн гэрээний хавсралт нь талуудын байгуулсан гэрээний гол нөхцөл юм. ...Түрээсийн талбайн хэмжээ болон гараашны талаарх нөхцөлүүдийг дурдсан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээний хавсралт нөхцөлүүдийг зөрчиж байна гэж удаа дараа шаардлага тавьж байсан боловч шаардлагаа биелүүлж байгаагүй гэж тус тус тайлбар гаргасан байна. Уг гэрээний хавсралт нь хэрэгт авагдаагүй, тус баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...гэрээний салшгүй хэсэг болох гэрээний баримт бичиг иргэний хэргийн материалд огт авагдаагүй хэргийн оролцогчоос нотлох баримт гаргаж өгөх эрхийг хязгаарласан гэх давж заалдах гомдлыг хангана.
6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах, нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/02795 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 751,872 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
М.БАЯСГАЛАН