| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0065/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 64
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Төмөртогтохын Мөнгөндөлгөөнд холбогдох эрүүгийн 1931000810052 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 01-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 29 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 8 дугаар баг 2 дугаар хэсэг 124 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Төмөртогтохын Мөнгөндөлгөөн РД:/МЮ90090167/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөн нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 049 тоотод иргэн Б.Хонгорзулыг “манай нөхөрт гар хүрлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь төмөр шанагаар нэг удаа цохиж биед нь зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөн нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг,Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 049 тоотод иргэн Б.Хонгорзулыг “манай нөхөрт гар хүрлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь төмөр шанагаар цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөн нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Хонгорзулын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 24 ний өдөр Дархан-Уул аймгаас Сүхбаатар суманд амьдардагч найз нар болох А.Цэрэнжаа, Батчимэг нар дээр ирж шөнө 23 цагийн үед бид 3 Сүхбаатар сумын 5 дугаар баг гэр хороололд найз А.Цэрэнжаагийн гэрт уулзсан юм. Ингээд бид 3 А.Цэрэнжаагийн гэрт амьдрал ахуйгаа ярьж байгаад А.Цэрэнжаагийнд очих замдаа Батчимэг бид хоёр авч очсон 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаж хувааж уугаад унтацгааж тэнд байсан Батчимэг өглөө 05 цагийн үед гэр лүүгээ явсан гэж байсан. Тэгээд би унтаж байгаад хүн ярих дуунаар өглөө 07-н цаг өнгөрч байхад сэртэл А.Цэрэнжаа гаднаас зүс таних Амараа, Шинээ гэх 2 залуутай 3-лаа одоо би нэрийг мэдэхгүй байна, цагаан шилтэй орос архи тавьчихсан хувааж уугаад сууж байсан. Амараа, А.Цэрэнжаа бид 3 хамт Шаамар сумын “Техник мэргэжлийн сургуульд хамт сурч байсан юм. Амараа сургуульд сурч байснаа ярьж надад сайн, хайртай байсан энд тэр гэж яриад миний дургүйг хүргэж янз бүрийн юм яриад байхаар нь Амарааг эхнэртэй, намайг А.Цэрэнжаагийнд урьд өмнө нь ирж байхад Амараагийн эхнэр Т.Мөнгөндөлгөөн, А.Цэрэнжаагийн гэрт ирж байсан гэх зэргээр мэддэг байсан болохоор тухайн үед би Амараагийн эхнэр Т.Мөнгөндөлгөөний утас руу залгаж “танай нөхөр А.Цэрэнжаагийнд архи уугаад сууж байна, хүрээд ирээч” гэж дуудсан юм. Ингээд удалгүй Т.Мөнгөндөлгөөн, Ундараа гэх эмэгтэйн хамт А.Цэрэнжаагийн гэрт ирсэн. Тэгтэл Амараа эхнэрийгээ ирэхээс өмнөхөн уусан архиндаа согтсон юмуу, худлаа жүжиглэсэн юм уу, согтоод унтаад өгсөн. Ингээд А.Цэрэнжаа, Т.Мөнгөндөлгөөн, Ундраа, Шинээ бид 5-лаа байж байгаад би Шинээд Хаан банкны карт өгч дэлгүүр архинд явуулж Шинээ удалгүй дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” архи авч ирж бид 5 ууж эхэлсэн. Тэгсэн Амараа 10 минут гаран л унтсан байх босоод ирсэн. Би тухайн үед өөрийн хамаатны дүү Г.Туулсайханг дуудаж ирүүлсэн байсан юм. Амараа ууж байсан архинаас хундаганд хийж Г.Туулсайханд өгтөл “ахаа би архи уухгүй” гэж хэлтэл “эр хүн байна, архи уу” гээд шахаад байсан дүү “уухгүй” гээд дургүйцсан, тэр явдлыг харж байсан би “наад хүүхэд чинь архи уухгүй” гээд байхад яагаад архиар шахаад байгаа юм бэ? гээд Амараад би уурлаж хэлтэл миний хэлж байгаа үгийг Амараа тоохгүй дүүг архиар шахаад байхаар нь миний уур хүрч Амарааг нэг удаа гараараа алгадсан. Тэгтэл Амараагийн эхнэр Т.Мөнгөндөлгөөн “би нөхөртөө гар хүрдэггүй, тэгэхэд чи миний нөхөрт гар хүрлээ” гэж хэлээд урд ширээн дээр байсан хөнгөн цагаан металл шанага авч над руу шидэж араас нь надад дээр ирж миний толгойтой үснээс зулгааж доош дарсна. Тухайн үед намайг авах гэж ирсэн байсан манай дүү Г.Туулсайханыг Амараа заамдаж аваад хөдөлгөхгүй зогсож байсан. Тэгээд хэн нь намайг салгасныг нь би мэдэхгүй байна, намайг салгаж тэнд байсан хүмүүс А.Цэрэнжаагийн гэрээс гарч би шанагаар толгой руугаа цохиулсандаа Т.Мөнгөндөлгөөнд уурлаж орилж байгаад тэндээс дүү Г.Туулсайханы ирсэн машинтай явж Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвд ирж эмчилгээ хийлгэж зүүн талын хөмсгөндөө 2 оёдол тавиулсан. Тэгээд эмнэлэг дээрээс Цагдаагийн газарт ирж болсон явдлын талаар гомдол гаргаж дуудлага өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/
Гэрч Г.Туулсайханы 2019 оны 02 дугаар 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Намаг” гэх газарт найзынхаа эмээ, өвөөгийн гэрт нь дэлгүүрийн шилэн лангуу хүргэж өгчихөөд сургуулиас дүүгээ авах гэж байтал миний хамаатны эгч Б.Хонгорзул над руу утасдаад “Эгч нь найзуудтайгаа байна. Эгчдээ бэлэн гоймон аваад хүрээд ирээч" гэхээр нь би дэлгүүрээс бэлэн гоймон худалдаж аваад 5 дугаар багийн нутагт байх “Цүнхэг” гэх нэртэй дэлгүүрийн ойролцоо байх А.Цэрэнжаа гэх айлд очоод гэрт нь яваад ортол Б.Хонгорзул эгч А.Цэрэнжаа эгч болон танихгүй хоёр залуу, нэг эгч зэрэг хүмүүс байсан. Тэгээд тэр хоёр залуугийн нэг нь болох Шинээ гэх залуу надад архи хундаглаад өгөхөөр нь би уухгүй талаараа хэлтэл Шинээ гэх залуугийн хажуу талынх нь Амараа гэх залуу надад хандаж “Уухгүй бол амсаад өг” гэж хэлтэл Б.Хонгорзул эгч намайг өмөөрөөд “Амссаар амссаар архичин болдог юм. Наадах чинь архи уух насанд хүрээгүй” гэж хэлж уурлаад Амараа гэх залуутай хэрүүл маргаан хийж байхдаа түүнийг нэг удаа алгадсан юм. Тэгсэн тэр Амараа гэж залуугийн эхнэр нь гэх эмэгтэй нөхрөө өмөөрөөд Б.Хонгорзул эгч рүү уурлаад тэр хоёр хэрэлдсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо барьцалдаад авахаар би салгасан чинь Амараа гэх залуугийн эхнэр нь ширээн дээрээс хөнгөн цагаан төмрөн шанага аваад Б.Хонгорзул эгч рүү шидтэл уг шанага нь Б.Хонгорзул эгчийн шанаа руу цохисон. Тэгээд хартал түүний зүүн духных нь хажуу хэсэгт язраад цус гарсан. Тэгсэн тэр эмэгтэй Б.Хонгорзул эгч рүү гүйж ирээд үсдээд доош дараад тавихгүй байхаар нь би тавиулах гэтэл түүний нөхөр нь миний хажуунаас татаж чангаагаад саад болоод байсан. Тэгсэн гаднаас надтай хамт явж байсан манай найз Сүхбат орж ирээд салгахад туслаад Б.Хонгорзул эгчийг аваад гадагш гарсан. Гарч байхад тэр эмэгтэй араас архины шил зэрэг зүйл шидээд байх шиг байсан Гэхдээ тус архины шил нь бид нарыг оноогүй. Гадна гарсаны дараа Б.Хонгорзул эгч уурлаж, орилж, хашгичаад хэсэг хугацаа болох зуур Амараа гэх залуу эгчийг явуулахгүй гэж татаж чангаагаад байсан. Тэнд нилээн байж байгаад Б.Хонгорзул эгчийг аваад нэгдсэн эмнэлэг орж, шархыг эмчлүүлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
Гэрч А.Амарсайханы 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 07 цагийн үед босч хүүхдээ сургуульд нь явуулчихаад байж байсан чинь А.Цэрэнжаа утсаар ярьж “манай гэрт хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгээд би яваад очтол А.Цэрэнжаа архи уусан байдалтай нэг шил орос архи задалчихсан сууж байсан. Тэгээд юу болсон талаар А.Цэрэнжаагаас асуухад “Дархан-уул аймгаас манай найз Б.Хонгозул, Батчимэг нар ирж бид 3 хамт архи ууж хонолоо” гэхээр нь хойд өрөө рүү нь орж хартал Б.Хонгорзул унтаж байсан. Ингээд би А.Цэрэнжаатай нөгөөд задалсан архийг нь хувааж уусан. Тэгээд байж байтал Б.Хонгорзул босож ирээд хажууд сууж байхаар нь би ууж байсан архинаас нэг хийж өгсөн. Бид 3 байсан архиа дуустал нь уугаад сууж байтал манай хөрш айлын Шинээ гэдэг залуу А.Цэрэнжаагийн гэрт орж ирээд А.Цэрэнжаагаас “түлшний мөнгө байна уу зээлээч” гэж яриад хэсэг суусан. Тэгээд би хэсэг А.Цэрэнжаагийн гэрт унтаж байгаад сэрэхэд манай эхнэр Т.Мөнгөндөлгөөн, Ундараа нар ирчихсэн байж байсан. Тэгээд Б.Хонгорзул Шинээ картаа өгч “архи аваад ирээч” гээд явуулсан. Удалгүй авчирсан 0,75 литрийн архийг тэнд байсан хүмүүс бүгдээрээ уусан. Би архинаас 2 хундага уугаад дахин согтож ухаан балартаж байгаад сэртэл Б.Хонгорзул миний хажууд суусан, А.Цэрэнжаагийн хүүхдийг тэвэрч аваад загнаж уйлуулаад байхаар нь А.Цэрэнжаа хүүхдээ өмөөрч авах гэхэд А.Цэрэнжааг алгадаад авахаар нь би “наад хүүхдийг чинь төрсөн аав, ээж нь хүмүүжүүлнэ биз, чамд ямар хамаатай юм бэ” гэхэд над руу дайраад “муу сайн оркууд” гэж миний толгой хацар луу гараараа алгадаад байсан. Тухайн үед би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Нэг сэргэхэд Т.Мөнгөндөлгөөн, Б.Хонгорзул нар хэрэлдэж, маргалдсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/
Гэрч А.Цэрэнжаагийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би болсон явдлыг сайн санахгүй байна. Намайг 2019 оны 02 дугаар сарын 24-ний 23 цагийн үед гэртээ байж байхад гаднаас найзууд болох Б.Хонгорзул, Батчимэг нар ирсэн. Тэгээд бид 3 Б.Хонгорзул, Батчимэг нартай ярьж сууж байгаад тэр хоёр авч ирсэн 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архиг хувааж уугаад сууж байснаа л санаж байна. Би уусан архиндаа согтож намайг согтсон үеэс хойш үйл явдлыг огт санахгүй байна. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 25 ны өглөө 07 цагийн үед сэрж Б.Хонгорзулыг дуудаад сэрэхгүй болохоор нь найз Т.Мөнгөндөлгөөн, түүний нөхөр А.Амарсайхан руу утсаар залгаж “манай гэрт хүрээд ирээч” гэж дуудаж удалгүй А.Амарсайхан ирж бид хоёр тухайн үед манай гэрт байсан орос нэртэй 0,75 литрийн архинаас ууж эхлээд сууж байхад Б.Хонгорзул сэрж бид хоёртой хамт сууж байсан санагдаж байна. Тэгээд би бас уусан архиндаа согтож ухаан алдарсан, намайг согтсоноос хойш үйл явдлыг санахгүй байна. Тэгээд миний уусан архи гарч сэргэж ухаан ороход би гэрийнхээ гадаа Б.Хонгорзул “манай гэр лүү орно” гээд А.Амарсайхан Б.Хонгорзулыг гэр лүү оруулахгүй гээд манай үүдний амбаарын хаалгыг дараад сууж байсан. Тэр үед Б.Хонгорзулын толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд Т.Мөнгөндөлгөөнийг “гараад ир” гээд орилж хашгираад байсан. Тэгээд Б.Хонгорзулыг авах гэж ирсэн бололтой дүү болох миний мэдэхээс Г.Туулсайхан, Сээгий эрэгтэй дүү нар нь боль гэж Б.Хонгорзулыг хорьж байгаад машиндаа суулгаад тэндээс аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч Э.Ундармаагийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн 13 цагийн үед Т.Мөнгөндөлгөөний хамт хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд, хамт найз А.Цэрэнжаагийн гэрт нь очтол А.Цэрэнжаагийн найз нь Б.Хонгорзул гэх эмэгтэй, Т.Мөнгөндөлгөөний нөхөр А.Амарсайхан, түүний найз Б.Шинэбаяр гэх залуучууд архи уусан байдалтай нилээн согтуу байталтай байсан санагдаж байна. Тэгээд би А.Цэрэнжаагийн найз гэх Б.Хонгорзул гэрийнх нь үүдний амбаарт А.Цэрэнжаагийн хамт сууж байхаар нь Б.Хонгорзулд хандаж “танай найз А.Цэрэнжаагийн охин 8-н настай Энхжин миний халааснаас гар утас зөвшөөрөлгүй авч байсан, найздаа ойлгуулж хэлээрэй” гэж хэлтэл хажууд нь нилээд согтуу сууж байсан А.Цэрэнжааг хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд яадаг юм бэ, гээд гараараа 2 удаа нүүр лүү нь алгадасан. Тэгээд би А.Цэрэнжаагийн гэрээс ганцаараа гараад явсан, Ингээд оройн 21 цагийн үед байсан санагдаж байна. Найз Т.Мөнгөндөлгөөн над руу утсаар залгаж “найз нь А.Цэрэнжаагийн гэрт Б.Хонгорзулыг цохисон, тэгээд эмнэлэг явсан, удахгүй цагдаа ирэх байх, А.Цэрэнжаагийн гэрт хурдан хүрээд ирээч” гэж дуудсан. Тэгээд удалгүй би А.Цэрэнжаагийн гэрт нь очтол А.Амарсайхан, Б.Шинэбаяр, Т.Мөнгөндөлгөөн нар бас архи уугаад сууж байсан. Тэгээд намайг очоод удаагүй, гаднаас дуудлагын 2 цагдаа А.Цэрэнжаагийн гэрт орж ирээд “Б.Хонгорзул гэдэг хүн Цагдаагийн байгууллагад хүнд цохиулсан гэж дуудлага өгсөн, Б.Хонгорзулыг цохисон хүн нь аль нь вэ” гэж бид нараас асуутал Т.Мөнгөндөлгөөн “би байна” гэж хэлээд тэгээд дуудлагаар ирсэн 2 цагдаатай хамт А.Цэрэнжаагийн гэрээс гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/
Гэрч Б.Шинэбаярын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн 13 цагийн үед найз А.Цэрэнжаагийнд машиндаа хийх түлшний 10 мянган төгрөг гуйж зээлэх гээд гэрт нь ортол А.Цэрэнжаа, А.Амарсайхан, Б.Хонгорзул нар ширээ тойроод суучихсан, би одоо нэрийг санахгүй байна, тал шилтэй архи уугаад сууж байсан. Тэгээд ууж байсан архи нь дуусч Б.Хонгорзул надад Хаан банкны карт өгч дахин дэлгүүр лүү архинд явуулсан юм. Тэгээд би “Сутай” дэлгүүрээс 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авч А.Цэрэнжаагийн гэрт очтол А.Амарсайханы эхнэр Т.Мөнгөндөлгөөн, Э.Ундармаа нар ирсэн байсан. Тэгээд тэнд байсан А.Цэрэнжаа, А.Амарсайхан, Б.Хонгорзул, Т.Мөнгөндөлгөөн, Э.Ундармаа бид 6 хувааж уусан юм. Тэгээд архи уугаад сууж байхад А.Цэрэнжаагийн 1 ой гарантай хүүхэд нь хөл нүцгэн явж байхаар нь би тэвэрч аваад хойд өрөөнд нь оруулж гутлыг нь өмсгөөд сууж байтал урд гал тогооны өрөөнд Б.Хонгорзул А.Цэрэнжааг алгадаж, А.Амарсайхан А.Цэрэнжааг өмөөрч Б.Хонгорзулд хэдэн үг хэлж байсан. Тэгсэн Б.Хонгорзул А.Амарсайханыг мөн алгадасан, тэгээд Б.Хонгорзул, Т.Мөнгөндөлгөөн нар хоорондоо маргалдаж тэнд байсан хүмүүс ам амандаа орилж хашгираад эхэлсэн. Тэгээд би Т.Мөнгөндөлгөөнийг барьж авч харин Б.Хонгорзулыг яг хэн нь гаргасныг би санахгүй байна, А.Цэрэнжаагиийн гэрт Т.Мөнгөндөлгөөнтэй хамт үлдэж тэнд байсан А.Амарсайхан, Б.Хонгорзул, А.Цэрэнжаа, Э.Ундармаа нар гэрээс гарсан. Тэгээд Б.Хонгорзул А.Цэрэнжаагийн гадаа гэр лүү нь орж Т.Мөнгөндөлгөөнтэй “хэрүүл зодоон хийнэ” гээд орилж хашгиран, А.Амарсайхан гэр лүү нь оруулахгүй гээд гадаа хаалгыг нь дараад сууж байгаа нь гэрийнх нь цонхоор надад харагдсан. Удаагүй Б.Хонгорзулын дүү нь гэх залуу машинтай ирж гадаа байсан А.Цэрэнжаа, А.Амарсайхан, Б.Хонгорзул, түүний дүү гэх запуу нар орж ирсэн. Ингээд А.Цэрэнжаагийн гал тогооны өрөөнд Б.Хонгорзул, Т.Мөнгөндөлгөөн нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад, А.Амарсайхан бид хоёр хойд өрөөнд нь ууж байгаад үлдсэн байсан архи хувааж уусан юм. Тэгээд тэд хоорондоо хэрэлдэж байгаад Б.Хонгорзулын дүү нь гэх залуу А.Цэрэнжаагийн гэрээс Б.Хонгорзулыг аваад гарсан. Тэгээд би хэсэг сууж байгаад А.Цэрэнжаагийн гэрээс гарч гэр лүүгээ явсан. Т.Мөнгөндөлгөөн Б.Хонгорзул руу “чи яахаараа миний нөхрийг алгаддаг юм” гээд Хонгорзултай хэрэлдээд эхэлсэн, тэрнээс би зодож цохисон явдлыг хараагүй. Тэдний хоорондох маргаан их хурдан болоод өнгөрсөн. Дараа нь Б.Хонгорзул А.Цэрэнжаагийн гэр лүү орох гээд гадаа орилж байгаад орж гадаа байсан хүмүүс бүгд орж ирсэн. Т.Мөнгөндөлгөөн, Б.Хонгорзул нар хоорондоо эвлэрэх гэж байгаад дахин маргалдаад л байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/
Сэлэнгэ аймаг Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:
“1.Б.Хонгорзулын биед зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхи, шуунд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шанаа, баруун сарвуу 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28 дугаар тал/
Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 04 дүгээр тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 27 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 29-30,48-49 дүгээр тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 32-33 дугаар тал/
Яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 36 дугаар тал/
Эрүүгийн хариуцлага, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-38 дугаар тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 56 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөн нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 5 дугаар баг 3 дугаар хэсэг 049 тоотод иргэн Б.Хонгорзулыг “манай нөхөрт гар хүрлээ” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь төмөр шанагаар нэг удаа цохиж биед нь зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөний гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Хонгорзулын зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд зовхи, шуунд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар шанаа, баруун сарвуу 3-р хуруунд зөөлөн эдийн няцрал тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Хонгорзул шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөнөөс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирол төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Мөнгөндөлгөөн эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Мөнгөндөлгөөн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай, хөнгөн цагаан материалтай шанагыг устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Төмөртогтохын Мөнгөндөлгөөнийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Төмөртогтохын Мөнгөндөлгөөнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Мөнгөндөлгөөнд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Мөнгөндөлгөөн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээг буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Т.Мөнгөндөлгөөн нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн бариултай, хөнгөн цагаан материалтай 1 ширхэг шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Т.Мөнгөндөлгөөнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ