| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 192/2025/09354/И |
| Дугаар | 210/МА2026/01236 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01236
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01153 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******-тай Авто зогсоол барих гэрээ байгуулж, *******, *******, ******* хотхон, ******* дугаар байрны ******* давхарт байрлах, автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарч, хууль ёсны өмчлөгч болсон. Тухайн үед *******д дахин автозогсоол олдвол зогсоолыг зарж магадгүй гэж хэлсэн. ******* нь 30,000,000 төгрөгөөр автозогсоол худалдан авах хүсэлтэй байгаа, мөнгө хуримтлуулж чадахгүй байх тул миний дансанд хадгалж байя гэж миний дансанд бага багаар мөнгө хадгалуулж байсан ба цаад санаа нь 30,000,000 төгрөг хүргэж миний зогсоолыг авах төлөвлөгөөтэй байсан. Хожим би 30,000,000 төгрөгөөр зарах боломжгүйгээ илэрхийлж дансанд хадгалуулсан мөнгө болох 28,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
******* нь өвлийн хүйтэнд нэг зогсоолоо ашиглуулахыг гуйсны дагуу зөвшөөрч, аль чөлөөтэй байгаа автозогсоолд машинаа байршуулж байсан.
1.2 Гэвч ******* автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01980 дугаар шийдвэрээр дээрх автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00880 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ингэхдээ дээрх шүүхийн магадлалд нэхэмжлэгч ******* нь автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг автозогсоолын үнэд хариуцагчид төлсөн байдал баримтаар нотлогдоогүй болохыг тодорхойлсон.
1.3 Тухайн автозогсоолын өнөөгийн зах зээлийн ханш нь 45,000,000 төгрөг байх бөгөөд ******* нь огт мөнгө төлөлгүйгээр миний автозогсоолыг авсан.
Иймд *******аас автозогсоолын төлбөрт 45,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Талуудын хооронд амаар байгуулсан гэрээний үнийн нь 45,000,000 төгрөг бус харин 28,000,000 төгрөг болох нь өмчлөлийн талаарх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалд ...зогсоолын үнийн дүнг 28,000,000 төгрөгийн хэмжээгээр тогтоосон гэж дүгнэсэн байгаагаас харагдана. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Иймд шүүхээс тогтоосон хэмжээгээр буюу 28,000,000 төгрөгийн хэмжээгээр зогсоолын төлбөрийг төлнө. Харин үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 28,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 297,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т Дээрх дурдсан анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар ....хариуцагчийн буцаан шилжүүлсэн 28,000,000 төгрөгийн хэмжээгээр гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй... талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байх тул гэрээний гол нөхцөл болох үнийг 28,000,000 төгрөгөөр тогтоогдсон гэж үзнэ гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй.
Шүүх үндэслэх хэсэгтээ 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/MA2025/00880 дугаар магадлалын хэсгийг үндэслэлээ болгосон. Магадлалын нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөгч мөн болохыг тогтоолгох агуулга бүхий шаардах эрхийн хүрээнд маргаан өрнөсөн бөгөөд тухайн маргаанд ямар нэгэн байдлаар автозогсоолын үнийг тодорхойлох хуульд заасан ажиллагаа огт хийгдээгүй. Мөн тухайн маргааны тогтоох хэсэгт маргаан бүхий автозогсоолын үнийг тодорхойлж тогтоосон агуулга огт байхгүй. Иймд анхан шатны шүүх 28,000,000 төгрөгөөр гэрээний үнийн дүнг тодорхойлсон гэж ташаа дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг талууд хэлэлцэн тохирсон байх юм. Нэхэмжлэгч нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчим дээр үндэслэж автозогсоолын үнийг өнөөгийн зах зээлийн ханшаар 45,000,000 төгрөгөөр тодорхойлсон гэсэн тайлбар үндэслэлгүй, гэрч гийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй байна. гэж дүгнэсэн.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн дүүрэн, бодитой үнэлж, эргэлзээг арилгах үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчин Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг талууд хэлэлцэн тохирсон байх юм хэмээн ямар ч үндэслэл бүхий нотлох баримтгүйгээр дүгнэсэн.
Гэрч нь *******д маргаан бүхий автозогсоолыг 35,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн гэрч маргаан бүхий автозогсоолыг 35,000,000 төгрөгөөр *******д зарсан тухайгаа мэдүүлсэн байдаг бөгөөд нэхэмжлэлийн зүйлийн үнийг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Гэтэл гэрчийн мэдүүлж буй мэдээлэл нь нэхэмжлэлд шууд хамааралтай, тухайн автозогсоолын анхны үнэ юм. Иймд шүүхийн гийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус юм.
4.3 Талууд гэрээний үнийн дүнг тохиролцоогүй байсан гэдэгт маргадаггүй. Учир нь талууд үнийн талаар гэрээ байгуулагдаагүй байх үеэс л маргаж ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан эрхийн хүрээнд, гэрээний чөлөөт байдлын зарчим ба зах зээлийн үнийн өсөлтөд тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын үнийг тодорхойлсон. Тус шийдвэр нь хууль болоод зах зээл, эдийн засгийн ямар ч тооцоололгүй иргэдийн гэрээний чөлөөт байдлыг хязгаарласан шийдвэр болсон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Хариуцагчийн зүгээс 28,000,000 төгрөгийг *******гийн дансанд хоёр удаа хийсэн боловч ******* буцаагаад шилжүүлдэг. Шүүхийн шийдвэр гарсны дараа дахин 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахин шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 28,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
4. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/01980 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *******ыг *******, *******, /17100/, *******/2 байр, В1 давхар, хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг /хх 17-19/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00880 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх 20-23/
4.1 Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ШХТ2025/00862 дугаар тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 23/
5. Дээрх магадлалд ...Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл хариуцагч нь маргаан бүхий автозогсоолыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь худалдан авсан автозогсоолын үнэд 21,000,000 төгрөг болон суудлын автомашиныг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь тухайн автозогсоолыг шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байсан, хариуцагчаас 28,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь автозогсоолыг 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг автозогсоолын үнэд хариуцагчид төлсөн байдлаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн буцаан шилжүүлсэн 28,000,000 төгрөгийн хэмжээгээр гэрээний үнийг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв. гэж дүгнэсэн байна. /хх 5 ар/
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын байгуулсан автозогсоол худалдах, худалдан авах гэрээний үнийг 28,000,000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлсон байх тул уг үйл баримтыг дахин нотлохгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...автозогсоолын үнийг тодорхойлох хуульд заасан ажиллагаа огт хийгдээгүй. Мөн тухайн маргааны тогтоох хэсэгт маргаан бүхий автозогсоолын үнийг тодорхойлж тогтоосон агуулга бүхий шийдвэр огт байхгүй. гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Автозогсоолын үнэ 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид буцаан шилжүүлсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул автозогсоолын үнэ 28,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Өөрөөр хэлбэл, талууд автозогсоолыг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ...2022 оноос ярьж эхлээд 2024 оны 01 сард 4 зогсоолыг 1 зогсоолыг 35,000,000 төгрөгөөр зарсан ба төлбөрийг бэлнээр, дансаар янз янз авсан гэж мэдүүлсэн. /хх 80 ар/ Нэхэмжлэгч нь автозогсоолыг 35,000,000 төгрөгөөр худалдан авсан нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үнийг 45,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэл болохгүй.
7.1 Түүнчлэн, гэрчийн мэдүүлэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх гийн мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/01153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
М.БАЯСГАЛАН