| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0086/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.Э |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 89
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал
Нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Товуудоржийн Адъяадоржид холбогдох эрүүгийн 1802005680065 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 25-нд Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум Баянхангай 6 дугаар баг 145 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Товуудоржийн Адъяадорж РД:/МЗ73112517/
Шүүгдэгч Т.Адъяадорж нь Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг “Могойн даваа” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.Адъяадорж нь Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг “Могойн даваа” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.Адъяадорж нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Т.Адъяадоржийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Зүүнхараагаас залуучууд дуудаж авчраад Мягмарсүрэн захирлын мод бэлтгэх зөвшөөрлийн бичгийг авч мод бэлтгэхээр явсан. Явах замдаа яг зөвшөөрөлтэй газар очилгүй замаасаа өөр газраас 3 машин мод бэлтгээд явж байх замдаа цагдаад баригдсан. Гэм буруугаа хүлээж байна....” гэх мэдүүлэг
Гэрч Т.Адъяахүүгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Т.Адъяадорж бид хоёр нэг эхээс төрсөн бөгөөд төрсөн ах дүү хоёр болно. Надад мэдүүлэг өгөхөд ямар ч хүндрэл байхгүй тул мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй болно. Би 2004 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд амьдардаг Ганболд гэх хүнээс худалдан авч байсан ногоон бор өнгийн ЗИЛ-131 маркийн ачааны авто машин байдаг. Улсын дугаар нь 47-97-СБА серийн дугаартай болно. Мандал сум дотор нааш цаашаа мод ачиж хувиараа ажил хийдэг байсан. Хааяа айл хунар нүүлгэж өгдөг юм. Би өөрийнхөө 47-97 СБА серийн улсын дугаартай бор ногоон енгййн ЗИЛ-131 маркийн авто машинаа нутгийн дүү Дэлгэрзаяа овогт Эрдэнэчулуунд 2018 оны 07 дугаар сард зарсан байгаа ба уг авто машины төлбөрийг өгөөгүй зээлээр авсан тул миний нэр дээр эзэмшигчээрээ байгаа. Төлбөрөө төлсөны дараа албан ёсоор тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ шилжүүлэн өгнө гэж бодож байгаа. Одоогийн байдлаар миний өөрийн хөдлөх эд хөрөнгө юм. Би өөрөө ачааны машиныг мөнгөний хэрэгцээ болоод зарчихаад Сүхбаатар аймагт хувираа том оврын машин механизмын сельесер хийхээр явчихсан байсан болохоор уг асуудлыг мэдэхгүй байна. Би сая дөнгөж он гараад гэртээ ирээд ах Т.Адъяадоржоос хагас дутуу зүйлийг сонсоход манай нутгийн дүү нар болох Бат-Эрдэнэ, Эрдэнэчулуун нарын хамтаар мод ачаад явж байхдаа цагдаад баригдсан гэж хэлсэн ба өнөөдөр цагдаа дээр ирээд нарийн учрыг ойлголоо. Миний машин хаана байгаа эсэхийг мэдэхгүй байж байгаад сүүлд нь ахын ачсан машинтай мод болон Бат- Эрдэнэ, Эрдэнзчулуун нарын машинууд Шарын гол сумын цагдаагийн хашаанд хурагдаад байж байгаа гэж хэлж байсан. Би Эрдэнэчулуунд 8,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд 1,000,000 төгрөг л авсан өөр менгө төгрөг аваагүй зээлээр мөнгөө төлнө гэсэн. Нэг компаний модыг бэлтгэж байсан гэж хагас хугас сонссон ба нарийн ширийн зүйл асуугаагүй болно.
Миний ах 1973 онь 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Айлын 4 дэх хүүхэд болно. Дээрээ 3 эгчтэй, би айлын хамгийн бага хүү нь болно. Бүрэн дунд боловсролтой. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд тракторын курсд сураад жолооч мэргэжилтэй болсон. Гэр бүлтэй эхнэрийг Батчимэг гэдэг нэг хүүхэдтэй хүүг нь Тэмүүжин гэдэг. Архи дарс хэрэглэдэггүй, төлөв түвшин томоотой, хүнд их тусархаг зөөлөн зан харилцаатай болно. Одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум 6-р багийн 145 тоотод гэр бүлийн хамт оршин сууж байгаа. Дорноговь аймгийн Зүүнбаян суманд цэргийн алба хаасан. 2009 онд нэг удаа бүтэлгүйдэж ял шийтгэл авч байсан. Өөр зүйлээр бол манай ах ямар ч асуудал гаргаж байгаагүй тохьтой томоотой хүн болно. Эрдэнэчулуун миний машины төлбөрийг дутуу бараг өгөөгүй байгаа тул миний эзэмшлийн авто машин гэж ойлгож болно. Миний машинаар хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн талаар огт мэдээгүй сая хөдөөнөөс ирээд мэдсэн. Би 2018 оны 11 дүтээр сарын 29-ны едөр хөдеө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажил хийгээд явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/
Гэрч Ц.Бат-Эрдэнийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мандал суманд хувиараа мод бэлтгэж явдаг байсан ба Т.Адъяадорж ахтай мод бэлдэж байгаад танилцаж байсан болохоор намайг Т.Адъяадорж ах одоогоос 14 хоногийн өмнө утсаар ярьж дуудаад “шарын голд машинтайгаа хүрээд ир, мод бэлтгэх ажил байна” гэсэн. Ингээд би өөрийн 88-67 УБА улсын дугаартай зил-131 маркийн машинтайгаа ирсэн. Намайг “Шарын гол”-д ирэхэд Т.Адъяадорж ах тосч аваад “Цогт манхан” ХХК-ийн нэр дээр гоожин падаантай мод бэлтгэнэ гэж хэлсэн. Би ирээд 14 хонож байгаа ба түүнээс 4-5 удаа мод бэлдэхээр явсан, модоо Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг Могойн даваанаас бэлдэж байсан ба уг газраас бэлд гэж Т.Адъяадорж зааж өгсөн, өөрөө ч хамт явж бэлдэж байсан. Би “Цогт манхан” ХХК-ний нэр дээр бэлдэж байгаа. Өнөөдөр “Цогт манхан” ХХК-ийн нэрээр гоожин авсан, ингээд уулнаас мод бэлдэж яваад та нарт баригдсан. Мод бэлдэх зөвшөөрөл авсан болоод уулнаас мод бэлдэх гоожин падаан өгч байгаа байх. Мягмарсүрэн гэж хүн байдаг гэж сонссон. Би он сарыг нь сайн мэдэхгүй байна, 5 удаа явж байна, нийтдээ 50 метр куб мод бэлдсэн байх. Бэлдсэн модоо компаний хашаанд буулгадаг, цаашаа уг модыг яадаг талаар мэдэхгүй байна. Миний мэдэхээр 3 машин явж байгаа, 47-97 сба дугаартай Эрдэнэчулуун, улсын дугааргүй Т.Адъяадорж ахын машин ингээд миний машин 3 явдаг. 3 машинд нийтдээ 3 хүн грушигээр, хөрөө рам дээр 2 хүн ажиллаж байгаа. Грушигээр Баасандорж, Улаанаа буюу Нямсүрэн, Отгонбаатар нар хөрөө рам дээр ажиллаж байгаа хүнийг танихгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/
Гэрч Ц.Бат-Эрдэнийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...“Цогт манхан” ХХК-тай ямар холбоотой гэвэл Т.Адъяадорж ах “мод бэлтгэх зөвшөөрөлтэй компани байна ирж модонд явах уу” гэж санал болгохоор нь зөвшөерөөд өөрийн эзэмшлийн 88-67 УБА серийн дугаартай ЗИЛ 131 маркийн ачааны авто машинаараа мод ачихаар энэ компанид ирж ажилласан. Би Т.Адъяадорж ахыг таньдаг учраас модны ажлыг хийсэн. Т.Адъяадорж ахтай нэг газар амьдардаг. Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайд амьдардаг. Компанид би ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй, хамтран эзэмшдэггүй. Уг компани нь Дархан-Уул аимгийн Хонгор сумын нутаг дэвсгэр 2 дугаар багт /хуучнаар Шарын гол сум/ мод, модон материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байна лээ. Энэ компанийг хэдэн ажилчинтай ямар зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Модны зөвшөөрөл бичиг баримтыг үзээгүй. Нойтон нарс модыг огтлож бэлтгэж байсан. Мод бэлтгэх үед Т.Адъяадорж ах өөрөө цуг дагуулж авч яваад бэлтгэсэн. Мягмарсүрэнгийн царайг ганц хоёр удаа харж байсан болохоор уулзаж байгаагүй танихгүй. Мягмарсүрэн мод бэлтгэх газрыг зааж өгөөгүй. Мягмарсүрэн захирал мод бэлтгэх газрыг тусгайлан зааж өгөөгүй. Бид нарын бэлтгэсэн мод бол “Цогт манхан" ХХК-ний мод байсан. Мод бэлтгэх газрыг тусгайлан зааж өгсөн байдаг. Би бол машиныхаа өр ширийг даръя гээд хэдэн төгрөг олох зорилготой энэ компаний модыг бэлтгэсэн. Т.Адъяадорж ах хийх ажилгүй байж байхаар хэдэн төгрөгний ажил хий гээд дуудсан. Сая цагдаад баригддаг газраасаа өөрийнхөө машинаараа хоёр удаагийн явалтаар 20 метр куб мод ачиж буулгасан. Тэгэхдээ эхний нэг удаагийн ачсан модоо компаний хашаанд буулгасан. Дараагийн хоёр дахь ачсан модыг болохоор үйлдэл дээрээ цагдаад баригдсан. Би Т.Адьяадорж ахтай нэг машин модыг 100-120 мянган төгрөгөөр тээвэрлэж өгнө гэж тохиролцоод ажиллаж байсан. Мод бэлтгэсэн талбай нь зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй эсэхийг мэдэхгүй. Т.Адъяадорж ах л намайг дагуулж явсан. Дараа нь цагдаад баригдсан хойноо зөвшөөрөлгүй газар байсан юм байна гэж мэдсэн. Мягмарсүрэн захирал намайг зөвшөөрөлгүй газраас мод тээвэрлэж байсан эсэхийг мэдэхгүй. Ер нь бол нэг их үзэгдэж харагдаад байдаггүй. Би Т.Адъяадорж ахтай зөвхөн тээвэрлэж өгнө гэж тохирсон байсан. Тэгээд цагдаад баригддаг тэр газраас эхний удаа ойролцоогоор 10 метр куб мод ачиж тэр компанийнх нь хашаанд буулгасан. Дараагийн удаа бол тэр газар нь машин дээрээ мод ачихсан байхад баригдсан. Энэ компанид хоёр удаа явж өгсөн эхнийх дээрээ ачсан модыг нь компани дээр нь буулгаж өгсөн. Дараа нь цагдаад баригдсан. Би нэг төгрөг ч аваагүй байгаа болно. Би 2017 оны 10 сарын үеэр Улаанбаатар хотоос Баярцэнгэл гэх хүнээс 8 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод бэлнээр 3 сая төгрөгийг нь өгөөд үлдэгдэл 5 сая төгрөгийг нь зээлээр боломжоороо төлөхөөр тохиролцоод авсан. Одоо энэ машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Баярцэнгэл гэх хүний нэр дээр байгаа болно. Би энэ компаний зөвшөөрөлтэй мод бэлтгэх газар хаана ямар газар байсан эсэхииг мэдэхгүй. Ер нь бол Т.Адъяадорж ах удирдан зохион байгуулж мод бэлтгэсэн. Д.Эрдэнэчулуун бид хоёр машинаараа тээврлэсэн. Баасандорж Нямсүрэн хоёр болохоор ачигч хийж байсан Т.Адъяадорж ах модоо хөрөөдөж унагааж хөрөөгөө барьдаг. Ойролцоогоор 20 метрийн өндөртэй 40-60 диамертэй нойтон нарс мод бэлтгэж хөрөөдөж байсан. Т.Адъяадорж ах хөрөөдөж байсан. Би энэ компанид бол хоёрхон удаа явсан. Бусад гарзыг нь "Элбэг Шарын гол” ХХК-ны мод гээд "Өгөөмөр рашаан” гэх нэртэй газраас ачиж тээврлэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/
Гэрч Д.Эрдэнэчулууны 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мандал суманд гэртээ байхад 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Т.Адъяадорж ах утсаар ярьж дуудаад “Шарын голд машинтайгаа хүрээд ир, мод бэлтгэх ажил байна” гэсэн. Ингээд би тэр өдөртөө өөрийн 47-97 СБА улсын дугаартай зил-131 маркийн машинтайгаа ирсэн. Намайг шарын голд ирэхэд Т.Адъяадорж ах тосч аваад “Домогт шарын гол” ХХК-ийн хашаа руу оруулж машинаа тавьж маргааш өглөө нь шууд мод бэлдэхээр хөдөө буюу модоо Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Могойн даваанаас бэлдэнэ гэж Т.Адъяадорж ах зааж өгсөн, өөрөө ч хамт явж бэлтгэсэн юм. Би нэг л удаа явж байна. Би мэдэхгүй байна. Би одоогийн унаж байгаа машинаа Т.Адъяадорж ахаас худалдан авсан ба бага хэмжээний өртэй болохоор дуудах үед нь хүрч ирээд өрөө дарах санаатай ажиллаж байсан. Надад өдрийн цалин хөлсөө яг тэд эд гэж ярьж тохироогүй байсан ба “тэгж байгаад болно биз” гээд хэлэхээр нь “за за ажлаа хийж дуусаад мөнгөө авна” гэж ярьж тохирсон юм. Би нэг удаа мод ачиж ирсэн ба энэ удаагийн ачилтаар 23 ширхэг мод ачсан. Миний мэдэхээр миний машиныг оруулаад 3 машин явж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/
Гэрч Д.Эрдэнэчулууны 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...”Цогт манхан” ХХК-тай ямар холбоотой гэвэл Т.Адъяадорж ах дуудаад “хоёр, гурван хоног модонд яваад өгөөч ээ” гэж гуйсны дагуу модонд нь явж өгсөн. Түүнээс компанитай бол ямар ч холбоогүй. Т.Адъяадорж ахын гэр манай гэрийн урд байдаг ойрхон амьдардаг. Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 164 тоотод амьдрдаг. Компанид би ямар нэг хөрөнгө оруулалт хийгээгүй, хамтран эзэмшдэггүй. Би Шарын гол суманд ажил төрөл хийж байгаагүй болохоор энэ компанийг ямар үйл ажиллагаа явуулдаг эсэхийг ч мэдэхгүй. 3 метрийн урттай нийт 23 ширхэг мод ачсан. Мягмарсүрэн гэх хүнтэй уулзаагүй мод хаанаас бэлтгэх эсэхийг зааж өгөөгүй Адъяадорж ахыг дагаад явсан. Адъяадорж ахыг дагаж явж модоо ачсан. Тэгээд нэг удаа л мод ачих гэж яваад цагдаад баригдсан. Одоо тэр модон нь машин дээр байгаа. Модоо ачаад Т.Адъяадорж ахын араас явж байсан. Модоо Шарын гол сум оруулж буулгах гэж байсан. Би Т.Адъяадорж ах мөнгө төгрөг бол өгөөгүй байсан. Би урьд орой нь ирээд маргааш нь модонд явсан. Тэгээд “хэдэн төгрөг өгөх юм бэ” гэхэд Т.Адъяадорж ах “хоёулаа тэгэж байгаад болно” гэж хэлж байсан болохоор ажлаа дууссгаад болъё гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/
Гэрч Д.Баасандоржийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мандал суманд гэртээ байхад 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Адъяадорж ах утсаар ярьж дуудаад “шарын голд мод бэлтгэх ажил байна, ирж хийх үү, өдрийн 40.000 төгрөгний цалинтай” гэж хэлхээр нь зөвшөөрөөд ирсэн. Намайг Т.Адъяадорж ах “Шарын гол”-д ирэхэд тосч аваад “Домогт шарын гол” ХХК-ийн ажилчдын байранд оруулсан, модоо шарын голоос зүүн тийшээ буюу Т.Адъяадорж ахын хэлснээр Хонгор сумын нутаг “Могойн даваа”-наас бэлдэнэ гэж хэлж байсан ба өөрөө хамт яваад зааж өгч бэлдэж эхэлсэн юм. Би ирснээсээ хойш 5 өдөр явсан, нийтдээ нэг удаагийн явалтаар 1 машин мод бэлдэж ирдэг, нэг удаагийн ачилтаар 20 гаран ширхэг мод ачдаг. Би ажил хийх талаар гэрээ хийгээгүй, Т.Адъяадорж ахын хэлснээр өдрийн 1 машин 40.000 төгрөг гэж тохироод ажиллаж байна, ирээд хийсэн ажилдаа тохирсон цалингаа аваагүй байна, хийж дуусаад нэг мөсөн өгнө гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/
Гэрч Ч.Нямсүрэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “Шарын гол”-д ирээд 7 хонож байна, намайг Мандал суманд байхад Т.Адъяадорж утсаар дуудаж “ирээд хэд хоног ажил хийх үү, өдрийн 40.000 төгрөгний цалинтай ажил” гэхээр нь замын унаагаар ирсэн. Ингээд Т.Адъяадоржтой уулзаад хөдөө ууланд мод ачигч хийх ажилд орсон. Т.Адъяадорж ах өглөө босоод ажилдаа явна гээд дагуулаад явдаг. Би ”Цогт манхан” ХХК-ийн нэр дээр мод бэлтгэх ажил хийж байгаа. Мод бэлтгэх зөвшөөрөл авсан байх. Би мэдэхгүй, би ажил эхэлснээс хойш цалингаа аваагүй байна, буух үедээ бөөнөөр нь авна гэж хэлсэн байгаа. Би ирээд 7 хонож байгаа түүнээс 5 удаа хөдөө ууланд мод бэлдсэн, нэг бэлдэхдээ нэг машин бод бэлдэж ирдэг. Миний мэдэхээр өнөөдөр 3 машин явсан, өчигдөр 47-97 СБА дугаартай Д.Эрдэнэчулуун гэж жолооч ирсэн юм, улсын дугааргүй Т.Адъяадорж ахын машин, 88-67 СБА улсын дугаартай машин гээд 3 машинд нийтдээ Баасандорж, Отгонбаатар бид 3 ачигчаар явдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/
Гэрч Ж.Отгонбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мандал суманд гэртээ байхад 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.Адъяадорж ах утсаар ярьж дуудаад “Шарын гол”-д мод бэлтгэх ажил байна, ирж хийх үү, өдрийн 40.000 төгрөгний цалинтай” гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрөөд шууд ирсэн. Намайг “Шарын гол”-д ирэхэд Т.Адъяадорж ах тосч аваад “Домогт шарын гол” ХХК-ийн ажилчдын байранд оруулсан, модоо Дархан-уул аймгийн Хонгор сумын нутаг “Могойн даваа”-наас бэлдэнэ гэж Т.Адъяадорж ах зааж өгсөн, би өмнө нь тэр газрыг мэдэхгүй болохоор заалгуулж хамт явсан, өөрөө ч хамт явж бэлтгэсэн юм. Би 5 өдөр явсан, нийтдээ нэг удаагийн явалтаар 1 машин бод бэлдэж ирдэг, нэг удаагийн ачилтаар 20 гаран ширхэг мод ачдаг. Миний мэдэхээр миний машиныг оруулаад 3 машин дээр гурван туслах, хөрөө рам дээр 2 хүн гээд 9-10 хүн ажиллаж байгаа, ажил хийх гэрээ хийгээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/
Гэрч Ц.Мягмарсүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай "Цогт манхан” компани 2009 оны 12 дугаар сарын 16-ний өдөр үүсгэн байгууллагадсан. Мод боловсруулах, хамгаалах, нөхөн сэргээх чиглэлэзр үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Компаний үйл ажиллагааг би өөрөө хариуцан ажиллуулдаг. Энэ компанийг үүссэгэн байгуулаад гишүүн дээр өөрийнхөө нэрийг оруулаагүй учраас Болорцэцэг, Энхжаргал гэх нэртэй хоёр хүнд алдчихсан байж байгаад шүүхээр 3 жил гаран хөөцөлдөж энэ жилээс өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Одоогоор албан ёсны ажилчин гээд байх хүмүүс байхгүй. Ерөнхийдөө компанийг ажиллуулаагүй байж байгаад энэ жилээс үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өөрийн албан ёсны техник хэрэгсэл гэвэл хөрөө рам, байгаа өөрөө өмч хөрөнгө гэж одоогийн байдлаар байхгүй. Манай компани Дархан Уул аймгийн сум дундын ойн ангийн дарга С.Ганзориггой 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 1 хүртэл ойгоос арчилгааны огтлолт хийх гэрээг байгуулсан. Энэ газар Дархан Уул аймгийн Хонгор сумын Бугатын даваа гэх газарт арчилгааны огтлолт хийх талбайг тусгаарлуулсан. Ойн цэвэрлэгээг ойн арчилгаа цэвэрлэгээг болон арчилгааны огтлолт хийх ажлыг Т.Адъяадорж гэх хүнтэй аман гэрээ хийж мод бэлтгэх ажилд оруулсан. Т.Адъяадорж “чиний гоожин бэлтгэх зөвшөөрлийг үхүүлж байхаар чиний зөвшөөрлийн бичгээр ном журмын дагуу мод бэлтгье” гэж хэлээд арчилгааны огтлолын мод бэлтгэсэн байгаа. Бид хоёр албаны ёсны гэрээг хоорондоо бол хийгээгүй. Т.Адъяадорж өөрөө “би мод бэлтгэж хийчихье” гэхээр нь компанийхаа зөвшөөрлийг өгсөн. Би ямар машинаар гоожингоо ачиж тээвэрлэсэн ба хэдэн удаа арчилгааны мод бэлтгэсэн эсэхийг мэдэхгүй. Тус компани тусгаарласан талбайгаасаа 75 куб метр арчилгааны мод хийх зөвшөөрөлтэй байсан. Т.Адъяадоржийг хэдэн удаа арчилгааны мод бэлтгэсэн эсэхийг мэдэхгүй. Би Т.Адъяадоржид арчилгааны мод бэлтгэх талбайгаагаа зааж өгсөн. Т.Адъяадорж бид хоёр хамт 2018 оны 09 дүгээр сард явж очиж үзээд арчилгааны мод бэлтгэх тусгаарласан талбайгаа зааж өгсөн. Энэ талаар мэдэхгүй хаана мод бэлтгэж байсныг мэдээгүй хараагүй. Цагдаад баригдсаны дараа Т.Адъяадорж над руу яриад хэлсэн. Бэлтгэсэн модноос хувь авна гэж яриагүй. Би Т.Адъяадоржтой өөртөө нь ярьсан өөр хүмүүстэй бол яриагүй. Машины тоог бол Т.Адъяадорж бид хоёр яриагүй. Ганц машинаар тусгаарласан талбайгаас мод бэлтгэж байгаа юм байх гэж ойлгосон. Т.Адъяадоржийг хичнээн машин мод ямар машинаар бэлтгэсэн эсэхийг бол мэдэхгүй. Т.Адъяадорж бид хоёр нэг нутгийн хүмүүс бөгөөд багаасаа найзлаж нөхөрлөсөн. Тэр цагдаад хураагдсан 3 ширхэг 3ил-131 маркийн авто машинууд болон цахилгаан хөрөө нь Т.Адъяадоржийн өөрийх нь хөрөнгө байх. Манай компаний хөрөнгө бол биш. Хяналт тавих хүмүүс бол байгаль хамгаалагч, манай компани шүүхээр явж байгаад саяхан эргүүлж компаниа авсан. Тэгээд одоохондоо бол ажилчин гээд байх хүмүүс байхгүй. Би ганцаараа ажиллуулж байгаа. Ер нь бүх мод бэлтгэж байгаа талбайнуудаар Байгаль орчны байцаагч Д.Наранхүү, ойн ангийн инженир Л.Өлзийхишиг нар хяналт тавиж ажилладаг бөгөөд байгаль хамгаалагч Д.Наранхүү нь гоожингийн эрхийн бичгийг бичиж өгдөг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/
Гэрч Д.Наранхүүгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Би хариуцсан нутаг дэвсгэртээ байгалийн /ан, ой, ус, газар, ургамал, агаар, хөрс/ баялгийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах, түүний нөөц ашиглах эрхийн бичгийг хуульд заасны дагуу олгох, төлбөрийг хурааж авах, өөрчлөлтийн ажиглалт хийж, мэдээг мэдээллийн санд тусгуулах, учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, идэвхтэн байгаль хамгаалагчийн ажил үүргийн хувиартай. "Цогт манхан” компани нь намайг ажилд ороход "Цогт манхан” гэх нэртэй мод бэлтгэх мэргэжлийн байгууллагын эрхтэй. Ойн нөхөрлөлтэй байсан. Тэгээд сумын ИТХ-аас гарсан 24 дугаартай тогтоолын дагуу ойд арчилгаа цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний мод бэлтгэх ажил хийж байгаа компаи. Тус компани Дархан Уул аймгийн сум дундын ойн ангийн дарга С.Ганзоригтой 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ойгоос арчилгааны огтлол хийх гэрээг байгуулсан. Уг компаний талбай тусгаарласан газар нь бол Бугатын давааг даваад “Цогт уул” гэдэг нэртэй Хонгор сумын 2 дугаар багт харьяаллагдах 61 дүгээр хэсэглэл, 21 ялгарал дээр талбай тусгаарлалт хийж ойн арчилгааны мод бэлтгэх зөвшөөрөлтэй. Ойн арчилгаа болон цэвэрлэгээний ажлыг мод бэлтгэх мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл бэлтгэх естой байдаг. Гэрээний дагуу 75 куб метр мод бэлтгэх ёстой. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/
Гэрч Г.Баярцэнгэлийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Анх 2014 онд Батлан хамгаалах яаманд уг загварын актанд орж байгаа авто машиныг хувьдаа авъя гэж өргөдөл гаргаж өгж байсан. Тэгээд 2015 онд дээрх авто машин актанд гарсан гэж ЗХЖШ-ын инженер техникийн хэлтэст мэргэжилтэн байсан хошууч Мянганбаяр хувьд гараад зарагдсан гэж хэлсэн. Тухайн үед яг ямар хүнд зарсан эсэхийг мэдэхгүй. Сэлэнгэ аймаг руу зарагдсан гэж Мянганбаяр надад хэлж байсан. Өөр бол энэ машины талаар мэдэх зүйл байхгүй. Дархан Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангид бол хамт алба хааж ажиллаж байсан найз нөхөд бол бий. Өөр бол ах дүү хамаатан садангийн хүмүүс байхгүй. Сэлэнгэ аймагт манай бэр Уранбилэгийн ах дүү хамаатан садангийн хүмүүс байдаг гэсэн. Тэгэхдээ би танихгүй уулзаж, учирч байгаагүй. Надад уг асуудлыг талаар огт мэдэх зүйл бол байхгүй. Энэ хүмүүсийг хэнийг ч танихгүй. Анх уг машиныг авахад би өөрийнхөө нэрээр өргөдөл өгч бичиг баримтууд бүрдүүлж өгч байсан. Тэгээд Мянганбаяр хошууч надаас “чи энэ машинаа авах юм уу” гэхээр нь “би ерөөсөө том машин авахаа болилоо” гэсэн юм. Яагаад гэвэл уг машиний хувьд гарах үнэ нь өндөр гарч байсан болохоор авч чадаагүй. Манай яамнаас хувьд гарахдаа 4 500,000 төгрөг орчим гарж байсан. Яг нарийн сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/
Гэрч Б.Мянганбаярын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Зэвсэгт хүчнээс үндсэн хөрөнгийн данснаас хасагдаж актанд гарсан авто машин болно. Тэгэхдээ уг ЗИЛ-131 маркийн 167322 арлын дугаартай авто машин нь 88-67-УБА гэх улсын дугаартай актлагдаагүй. Манайхаас гарахдаа авто техникийн хяналтын албанд хандаж ЦАБ гэсэн дугаартай номер нь хурагдаад авто тээврийн газарт албан бичгээр дугаар олгохыг хүссэн албан бичиг БХЯ-ны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газраас дугаар олгохыг хүсэн албан бичиг хийж өгсний дагуу улсын дугаар олгодог журамтай болно. Харин уг авто машин нь бол Г.Баярцэнгэлийн нэр дээр дугаар олгогдсон байна гэж үзэж болно. Г.Баярцэнгэл он удаан жил ажилласан тул журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж актанд гарч байгаа авто машиныг авсан. Энэ машины гарал үүсэл гэвэл Өмнөговь аймгийн цэргийн ангиас хугацаа норм дууссны улмаас актлагдсан авто машин байсан. 2015 онд уг авто машины актлагдаад 1,800,000 гөгрөгөөр үнэлэгдэж гарсныг би өөрөө мөнгийг Г.Баярцэнгэлээс өмнөөс төлөөд Г.Баярцэнгэлийн нэр дээр худалдан авсан авто машин тухайн үед техникийн шаардлага мотор цохисон дугуйнууд ашиглах боломжгүй болчихсон тээврийн хэрэгсэл байсныг аваад тэр чигээр нь цааш нь 3,000,000 төгрөг зарчихсан болно. Яагаад би авсан гэвэл Г.Баярцэнгэл нь актанд орсон авто машины үндсэн мөнгийг төлж чадахгүй юм байна гээд авахаа больсоныг миний зүгээс БХЯ-ны Зэвсэгт Хүчний хөгжилийн санд мөнгийг нь тушааж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/
Хохирогч Э.Эрдэнэ-Очирын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....Энэ компани албан ёсоор зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй. Тухайн Дархан Уул аймгийн Хонгор сумаасаа зөвшөөрөл авсан байх. Компаниуд зөвшөөрлийн дагуу мод бэлтгэх явцад байгал хамгаалагч, мэргэжлийн хяналтын байцаагч, БОАЖГ, Ойн ангийн дарга болон инженерүүд нь хамтарч хяналт тавьж ажилладаг. Тэгээд мод бэлтгээд дууссаны дараа дээрх хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч технологийн горим болон мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэсэн эсэхийг шалгаж ажлын хэсгийн дүгнэлт гаргаж тайлбайг хүлээж авдаг. Энэ жилийн тухайд бол хүлээж аваагүй байгаа болно. Уг компани арчилгаа болон хэрэглээний мод бэлтгэх зөшөөрлийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар модны хэмжээ батлагдан сумын засаг даргатай мод бэлтгэх гэрээ байгуулан мод бэлтгэсэн байх. Энэ компаний талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн компани хаанаас хэнээс ямар зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн асуудал мэдэхгүй байна. Хохирлын үнэлгээтэй танилцсан асууж тодоруулах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ухаа Шүрт ХХК-ний үнэлгээний тайланд:
| № | Үйлдвэрлэсэн ба Импортлосон он | Үнэ | Зарын дугаар | Эх сурвалж |
| 1 | 1998/2014 | 8 | 785199 | Унаа.мн |
| 2 | 1989/2014 | 6 | 2521800 | Үнэгүй.мн |
| 3 | 1990/2010 | 5 | 2530225 | Үнэгүй.мн |
| 4 | 2007/2014 | 7 | - | Эстиматор.мн |
88-67 УБАдугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэлгээг дээрх сайтууд болон программаас судалж үзэхэд дундажаар 6.500.000 төгрөг байна. Үүнээс эвдрэл гэмтэл болон элэгдэл хорогдлыг 15 хувиар тооцож 5.525.000 төгрөг гэж үнэллээ. ...гэх дүгнэлт /хх-ийн 79-86 дугаар тал/
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ухаа Шүрт ХХК-ний үнэлгээний тайланд:
1983 онд үйлдвэрлэгдсэн 1999 онд Монголд импортлосон 47-97 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн бодит үнэ цэнийг 5.700.000 төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-ийн 88-95 дугаар тал/
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ухаа Шүрт ХХК-ний үнэлгээний тайланд:
1988 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монголд импортлосон 98-16 СЭА тээврийн хэрэгслийн бодит үнэ цэнийг 10.400.000 төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-ийн 99-106 дугаар тал/
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Ухаа Шүрт ХХК-ний үнэлгээний тайланд:
Хятад цахилгаан хөрөөний бодит үнэ цэнийг 88.000 төгрөгөөр тогтоов. гэх дүгнэлт /хх-ийн 108-114 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-20 дугаар тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл 21-22 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66 дугаар тал/
Мод бэлтгэх гэрээ /хх-ийн 125-126 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 204-205 дугаар тал/
Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 206-208 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Адъяадорж нь Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг “Могойн даваа” гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Т.Адъяадоржийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.Адъяадоржийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 7.352701 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснар хохирол хор уршигт тооцов.
Шүүгдэгч Т.Адъяадоржийн зүгээс шүүх хуралдааны шатанд дээрх экологи эдийн засгийн хохирлоос 2.000.000 төгрөг төлснийг хасч 5.352701 төгрөгийг шүүгдэгч Т.Адъяадоржоос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Адъяадорж нь урд энэ төрлийн хэрэгт шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон торгуулийн ял шийтгэлийн хэмжээ хүрээнд доош татаж оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Адъяадоржийн цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Адъяадорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд ачигч машин, цахилгаан хөрөө зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар шүүгдэгч Т.Адъяадоржийн гэмт үйлдэлдээ ашигласан 88-67 УБА улсын дугаартай 5,525,000 төгрөгийн үнэ бүхий Зил131 машиныг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаан хуарангийн 3-49 тоотод оршин суух Гонгорын Баярцэнгэлд, 47-97 СБА улсын дугаартай 5,700,00 төгрөгийн үнэ бүхий Зил131 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багт оршин суух Товуудоржийн Адъяахүүд, 98-61СЭА улсын дугаартай 10,400,000 төгрөгийн үнэ бүхий Зил131 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спирт бал бурам ХХК-ийн 12-5 тоотод оршин суух Сугарын Гантөмөрт буцаан олгож, Т.Адъяадоржоос 21,625,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах, мөн энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн 88,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн хэсгийн хашаанд дээрх 3 машинд ачаатай байгаа 74 ширхэг нарс модыг худалдан борлуулж улсын орлогод тус тус оруулах нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн дээрх техник хэрэгсэл нь шүүгдэгч Т.Адъяадоржийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь гэмт хэргийг шалгах явцад нотлогдсон байх тул дээрх хуулийн зүйл заалтад заасны дагуу түүний үнэлгээг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Товуудоржийн Адъяадоржийг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Товуудоржийн Адъяадоржид 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Адъяадоржид оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 03 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Адъяадорж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Т.Адъяадорж нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ялтан Т.Адъяадоржоос 5.353.701 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 88-67 УБА улсын дугаартай 5,525,000 төгрөгийн үнэ бүхий Зил131 машиныг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Улаан хуарангийн 3-49 тоотод оршин суух Гонгорын Баярцэнгэлд /ЦЗ75031217/ Утас-96678871, 47-97 СБА улсын дугаартай 5,700,00 төгрөгийн үнэ бүхий Зил131 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар багт оршин суух Товуудоржийн Адъяахүүд /МЗ76022931/ Утас 99247279, 98-61СЭА улсын дугаартай 10,400,000 төгрөгийн үнэ бүхий Зил131 маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Спирт бал бурам ХХК-ийн 12-5 тоотод оршин суух Сугарын Гантөмөрт /МЗ70052114/, Утас 96653043/ буцаан олгож ялтан Т.Адъяадоржоос 21,625,000 төгрөг гаргуулан улсын орлогод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 88.000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөө, мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Цагдаагийн хэсгийн хашаанд дээрх 3 машинд ачаатай байгаа 74 ширхэг нарсан модыг тус тус худалдан борлуулж улсын орлогод тус тус оруулсугай.
8.Ялтан Т.Адъяадоржид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ