| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2026/01385/И |
| Дугаар | 210/МА2026/01080 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01080
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/04034 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, алдангийн төлбөрт 18,608,040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 сард ******* ХХК-тай гэрээ байгуулж, орон сууц захиалж, 50,292,000 төгрөгийг бэлэн төлсөн.
1.2. Тухайн үед ******* нь гадаадад эмчилгээ хийлгэж байсан тул төрсөн дүүгийнхээ нэр дээр гэрээ хийсэн бөгөөд дараа нь 2023 оны 08 сарын 04-ний гэрээг шинэчлэн нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлж байгуулсан.
1.3. Орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд орон хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй байгаа. Иймд, Гэрээний 2.2-т зааснаар 2023 оны 12 сарын 31-ний өдрөөс эхлэн 740 хоногоор тооцсон алдангийн төлбөрт 18,608,040 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Хариуцагч ******* ХХК нь иргэн н.*******тэй 501 тоотын орон сууцны захиалгын гэрээ байгуулсан ба 2023 оны 07 сарын 04-ний өдөр тус орон сууцны захиалгын гэрээг *******тай байгуулсан.
2.2. Иргэн н.*******тэй байгуулсан гэрээгээр тухайн орон сууц нь 2022 онд ашиглалтад оруулахаар байсан боловч Ковид-19 цар тахал гарснаар хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл байдлын улмаас барилгын ажилд ноцтой саад учирч, барилгын материалын зардал өссөн.
2.3. Тиймээс Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээг шинэ нөхцөлд нийцүүлэн өөрчилж, харилцан тохиролцох саналыг компанийн зүгээс гаргаж захиалагчид мэдэгдсэн.
2.4. Түүнчлэн дуусаагүй барилгын өнөөгийн бодит өртөг нь 6,685,496,586 төгрөг, захиалагч нараас төвлөрүүлсэн өртөг нь 4,197,906,000 төгрөг болохыг хөрөнгийн үнэлгээний компани тогтоосон тул хариуцагч компани гэрээний үнэд өөрчлөлт оруулсан саналыг гаргасан.
2.5. Маргаан бүхий орон сууц нь ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй, бие даасан объект болж бүртгэгдээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Алдангийн шаардлагын тухайд гэрээний 7.3-т зааснаар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл хүнд нөхцөл байдал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол үүргээс чөлөөлөгдөхөөр заасан тул алдангийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 сарын 04-ний өдөр ******* ХХК-тай ******* тоот хаягт байрлах 50,8 м.кв талбай бүхий 2 өрөө Орон сууц захиалгаар бариулах П1-Д-02/26-82 дугаартай гэрээг байгуулж, 50,292,000 төлбөрийг 100 хувь бүрэн төлсөн боловч гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр тохирсон 2023 оны 4 дүгээр улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулаагүй.
4.2. Улмаар 2025 оны 12 сарын 18-ны өдрийн мэдэгдлээр гэрээний ажлын өртөг, төлбөрийн нөхцөлтэй холбоотой зүйл заалтуудад өөрчлөлт оруулж, барилгын ажлын үнийг нэмэгдүүлсэн нөхцөлөөр гэрээг шинэчлэн байгуулах шаардлагыг ирүүлсэн. Захиалагчийн зүгээс үнийг үндэслэлгүй нэмэхийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохоо мэдэгдэж гүйцэтгэгчтэй уулзахад орон сууцны 1 м.кв талбайн үнийг 2,500,000 төгрөг буюу нийт 127,000,000 төгрөгөөр тооцож, зөрүү 76,798,000 төгрөгийг нэмэгдүүлж төлөх нөхцөлөөр гэрээ байгуулахгүй бол гэрээг цуцална гэж мэдэгдсэн.
4.3. Иймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ******* ХХК-тай 2023 оны 07 сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу ******* тоот хаягт байрлах 50.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан 50,292,000 төгрөгөөр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д даалгах гэж тодорхойлж шүүхэд хандсан.
4.4. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т эрхийг хүлээн зөвшөөрөх-д заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг хүсэж, нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд бий болсон тодорхой бус байдлыг арилгах зорилгоор орон сууцыг гэрээнд заасан үнээр өмчлөх эрхтэй болохыг хүлээн зөвшөөрүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан.
4.5. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан гэж буруу тайлбарлан дүгнэж, талуудын хооронд өмчийн хэлцэл байгуулагдаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох, үндэслэлийг нотлох эрхтэй байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр өөрчилж өмчийн хэлцлийн хүрээнд шаардлага гаргасан гэж дүгнэсэн нь хууль бус байна.
4.7. Гүйцэтгэгчийн зүгээс орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй атлаа захиалагчид үнийг дээрх байдлаар нэмэгдүүлэн гэрээг шинэчлэн байгуулахгүй бол гэрээг цуцална гэх хууль бус шаардлага тавьсны улмаас нэхэмжлэгчийн Иргэний хуулиар хамгаалагдсан хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул шүүхийн шийдвэрт ******* ХХК-тай 2023 оны 07 сарын 04-ний өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу ******* тоот хаягт байрлах 50.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан 50,292,000 төгрөгөөр өмчлөх эрхтэй болохыг тогтоож, орон сууц ашиглалтад орсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг ******* ХХК-д даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах, алдангид 18,608,040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Ковид-19 цар тахал гарснаар хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл байдлын улмаас барилгын ажилд ноцтой саад учирч, барилгын материалын зардал өссөн ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь ******* ХХК-тай 2023 оны 07 сарын 04-ний өдөр П1-Д-02/26-82 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* тоот хаягт байрлах 50.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 50,292,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. /хх 5-9/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж буруу дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээний агуулгаас үзвэл шинээр баригдаж буй ******* тоот хаягт байрлах 50.8 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 50,292,000 төгрөгөөр худалдах-худалдаж авахаар харилцан тохиролцжээ.
4.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бол худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус тодорхойлжээ.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх бөгөөд түүний шинж чанар, тоо хэмжээ, ажлын хөлсийг талууд харилцан тохиролцсон байхыг шаардахаас гадна гэрээний гол шинж нь ажлын үйл явц байдаг бол худалдах-худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгө, оюуны үнэт зүйлс, эд хөрөнгийн эрх байх ба эд хөрөнгө нь бодитой байхаас гадна ирээдүйд бий болох, худалдан авагчийн өмчлөлд шилжиж болох эд хөрөнгө байдаг.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4 дэх хэсэгт төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж зохицуулсан.
Барилгын ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгч нь захиалагчийн эрх зүйн байдалтай оролцож, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1, 351.2 дахь хэсэгт заасан захиалагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцох боломжгүй тул ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж үгүйсгэгдэж байна.
4.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... Орон сууцыг 2023 оны 4-р улиралд орон хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй ... гэж, хариуцагчийн татгалзлаа ... Ковид-19 цар тахал гарснаар хөл хорио тогтоосон зэрэг нөхцөл байдлын улмаас барилгын ажилд ноцтой саад учирч, барилгын материалын зардал өссөн ... гэж тус тус тайлбарлажээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй боловч Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн ... бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй талаар зохицуулсан байна.
Хариуцагч байгууллагад 2023 оны 09 сарын 07-ны өдрийн 02/391 тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор Шинэ Корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба удаа дараагийн тогтоолоор уг хугацааг 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоол гарах хүртэл хугацаанд сунгаж байсан хугацаанд хамаарч байна.
Дээрх нөхцөл байдлаас үндэслэн ******* ХХК-ийн захиалгаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2026 оны 02 сарын 16-ны өдрийн 26, 27 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланд үнийн өсөлт үүссэн болохыг тооцоолж гаргажээ.
Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.2, 220.3 дахь хэсэгт зааснаар талууд нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд тухайн нөхцөл байдал өөрчлөгдсөний дагуу гэрээг өөрчлөх, нийцүүлэх үүрэгтэй ба мөн зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
Хариуцагч нь нэхэмжлэгчид тухайн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад гэрээний үнийн дүнг өөрчлөгдсөн талаар 2025 оны 12 сарын 18-ны өдрийн 005/288 тоот мэдэгдэл, 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 006/011 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн байх боловч гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан талаар нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй тул талуудын хооронд гэрээний харилцаа үргэлжилж байгаа гэж үзэх үндэслэлтэй.
Нэгэнт гэрээний харилцаа үргэлжилж байгаа, түүнчлэн талууд гагцхүү мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой тохиролцоогүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч талын гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэг зөрчсөн тал нь гэрээний хариуцлага буюу алданги төлөх үүрэгтэй.
Талууд гэрээний үнийн талаар тохиролцоонд хүрээгүй тул гэрээний аль нэг талыг гэрээний үүргийн зөрчил гаргасан буруутай гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй учир нэхэмжлэгч талын алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Нэхэмжлэгч нь ... Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д зааснаар эрхийг хүлээн зөвшөөрүүлэх ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэж давж заалдах гомдолд дурджээ.
Хэдийгээр үүргийн хэлцлээр хөрөнгө бодитоор бий болж, өмчлөлд шилжүүлсэн тохиолдолд өмчийн хэлцэл байгуулагдсан гэж үзэх ба талуудын үүргийн хэлцлийн үнийн талаар тохиролцоонд хүрээгүй учир эрхийг хүлээн зөвшөөрүүлэх иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг хэрэглэх боломжгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 17-ны өдрийн 191/ШШ2026/04034 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 343 дугаар зүйлийн 343.1 ... гэснийг ... 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
С.ЭНХБАЯР