Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар

 

 

    2025          12            26                                         210/МА2026/00029                   

                                                                           

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны   тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/06077 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 77,350,000 төгрөг, хохиролд 33,647,250 төгрөг, нийт 110,997,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,тайлбарын агуулга:

            1.1.Нэхэмжлэгч нь 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 01-ний өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 03 дугаар сард нийт 80,000,000 төгрөгийг *******д анх зээлдүүлж, сарын 3.5 хувийн хүү тооцохоор аман тохиролцоо хийсэн.

            1.2.Хариуцагч нь зээлийг хугацаандаа төлөхгүй хугацаа хожимдуулсан учир 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн дүнг төлж барагдуулах тухай хэлцлийг байгуулаад, нийт өрийн мөнгөн дүн 118,000,000 төгрөгийг 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс сар бүр 2,000,000 төгрөгөөс доошгүй үнийн дүнгээр 2021 оны 03 дугаар сар хүртэл төлж, барагдуулахаар тохиролцсон.

            1.3.Гэвч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу 38,040,000 төгрөгийг хүлээж авсан. Иймд зээлийн гэрээний үүрэгт 77,350,000 төгрөг, хохиролд 33,647,250 төгрөг, нийт 110,997,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

            2.1.Нэхэмжлэгчээс 2012 онд 30,000,000 төгрөг, 2014 онд 50,000,000 төгрөгийг зээлсэн. 50,000,000 төгрөг авснаасаа хойш 2020 оныг хүртэлх хугацаанд нийт 96,205,000 төгрөгийг төлсөн. 2016 оны 02 дугаар сараас 2021 оныг хүртэлх хугацаанд 43,650,000 төгрөгийг өгсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.

            2.2.Олох байсан орлого шаардсан шаардлагын хувьд 2014 онд аваад үлдсэн төлбөрийг хувааж төлөөд 2016 оны байдлаар 80,000,000 төгрөгийг бүхэлд нь төлөөд дуусгасан байсан учир үүнээс хойш учирсан хүү, төлбөр хохирлын асуудал яригдахгүй гэжээ.

 

            3.Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

            3.1.Нэхэмжлэгчээс зээл авч ашигласан зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 95,023,777 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 18,583,473 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 969,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 633,068 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

            5.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            5.1.Анхан шатны шүүхээс ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн боловч уг зээлийн гэрээний эргэн төлөлт, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн төлбөр барагдуулах хэлцэл хийсний дараа зээлдэгчийн хувьд үндсэн болон хүүгийн төлбөрт нийт хэдэн төгрөг төлөх үүрэг үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүй орхигдуулсан. ******* нь *******ээс 2014 онд өмнө зээлсэн 30,000,000 төгрөг дээр нэмж 50,000,000 төгрөг зээлж, нийт 80,000,000 төгрөгийг, нэг сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн ба зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 80,000,000 төгрөг, түүний хүүд 67,200,000 төгрөг, нийт 147,200,000 төгрөгийн үүрэг үүссэн.

            Маргаан бүхий зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 96,205,000 төгрөгийг буцаан төлсөн байх ба уг төлбөрөөс 54,905,000 төгрөгийг 2016 оны 02 дугаар 25-нд зээлийн төлбөр барагдуулах хэлцэл хийхээс өмнө, 41,300,000 төгрөгийг уг хэлцлийг хийсний дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн.

            Гэтэл шүүхээс "... Нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны вес хойших хугацаанд хариуцагч *******ын төлсөн төлбөрийг 118,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх хэсгийг шаардах эрхтэй" гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

            Маргаан бүхий зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 25-нд зээлийн төлбөр барагдуулах хэлцэл хийхээс өмнө зээлийн гэрээний үүрэгт нийт 147,200,000 төгрөгийг төлөхөөс эргэн төлөлтөд 54,905,000 төгрөгийг төлсөн, үүнээс 92,295,000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад анхан шатны шүүхээс "...нэхэмжлэгч нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш хугацаанд хариуцагч *******ын төлсөн төлбөрийг 118,000,000 төгрөгөөс хасаж, үлдэх хэсгийг шаардах эрхтэй" гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

            5.2.Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 2 дахь хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хохирол гэдэгт аливаа этгээдийн үнэт зүйлс нь түүний хүсэл зоригийн эсрэг устсан, дордсон, муудсан явдлыг ойлгож болно. Харин тухайн этгээд сайн дураараа Энэхүү хорогдлыг бий болгосон бол үүнийг зардал гэнэ. Аливаа зардал нь бусдын үргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой нөхцөлд хууль тогтоогч үүнийг хохиролд тооцон Иргэний хуулиар нөхөн төлүүлэхээр заасан байна, хохирлыг тогтооход тухайн үеийн эд хөрөнгө, эрхийн байдлыг уг хохирол бий болоогүй бол ямар байх байсан тэр байдалтай харьцуулах аргыг хэлдэг.

            Иргэний эрх зүйд, гэрээний аль нэг тал нь тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол түүнийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт нийцэх байдлаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу үүргээ зөрчсөн гэж үздэг. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч ийнхүү хугацаа хожимдсоноос үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учруулсан бол уг зөрчлийг шалган тогтооход дан ганц Иргэний хуулийн 219 зүйлээс гадна, тусгайлан Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зохицуулсан.

            Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 222.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь хэрэв үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгчтэй урьдчилан хүүг тохирсон бол уг олох ёстой байсан хохирлыг төлөхөөр зохицуулсан.

            Талуудын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр үйлдсэн баримтад хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх талаар тусгасан зүйл байхгүй байдаг. Анхан шатны шүүхээс талуудын хооронд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа төлөөгүй бол учирсан хохиролд олох ёстой байсан орлогод тооцох тохирсон хүүгийн талаар ямарваа нэгэн хэлцэл байхгүй байхад өөрийн үзэмжээр жилийн 13 хувийн хүүгээр тооцож, 22,716,627 төгрөгийг хохирлыг гаргаж ирсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, холбогдох бусад баримтаар маргаан бүхий зээлийн гэрээг дуусгавар болсон үйл баримт тогтоогдоогүй байхад, анхан шатны шүүхээс уг зээлийн гэрээг дуусгавар болсон мэтээр дүгнэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хохиролд 22,716,627 төгрөгийг гаргуулах шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт "гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасан байх ба уг хуулийн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсан байх явдал юм.

            Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчилж өгнө үү гэжээ.

 

            6.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            6.1.Нэхэмжлэгч 2012 оноос 2014 оны хооронд 3,5 хувийн хүүтэй нийт 80,000,000 төгрөгийг хариуцагчид зээлсэн. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр талууд уг зээлийн гэрээг дүгнэх явцад өмнөх төлбөрүүдийг тооцож, үлдсэн 50,000,000 гаруй төгрөгийг үндсэн зээлээс болон хүүгээс тооцоолж авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч *******д үлдсэн мөнгийг цувуулан төлөөд өгчих гэх хүсэлт тавьж, ******* уг зөвшөөрлийг 2016 оны 05 сард гарын үсэг зурахдаа баталгаажуулсан. Тухайн үед төлөлт хийх төлөвлөгөөний дагуу ******* удахгүй 40,000,000 төгрөг төлж, үлдсэн хэсгийг цувуулан төлнө гэсэн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэхэд 118,000,000 төгрөгийн нийт төлбөрөөс зөвхөн 41,300,000 төгрөгийг л төлсөн.

            Үлдсэн төлбөрийг өгөөгүй учраас *******ийн амьдралын нөхцөл байдал нь дордсон буюу орон сууц болон автомашинаа зарж, биеийн болон эд хөрөнгийн хувьд хохирсон. Уг хугацаанд зөвхөн тооцооллын асуудалд маргаан үүссэн бөгөөд өгсөн бол өгсөн, авсан бол авсан гэх бодит баримтаар баталгаажсан. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буюу хамгийн сүүлд хийсэн төлөлтөөс хойш үлдсэн мөнгийг хариуцагч өгөөгүй. Хэрэв тухайн мөнгө нэхэмжлэгчид бэлэн байсан бол банканд хадгалуулж ашиг олох боломжтой байсан. Гэвч өнөөдрийг хүртэл үлдсэн мөнгийг өгөөгүй. Талуудын хооронд тооцооллын асуудалд маргаан үүсээгүй. Өгсөн бол өгсөн, авсан бол авсан, хариуцагчийн зүгээс өгсөн нийтдээ 90,000,000 гаруй төгрөгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Цаг хугацааны явцад 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс өмнөх төлөлтүүд болон үлдсэн 118,000,000 төгрөгөөс төлөх ёстой хэсгийг тооцон, хохирлыг гаргаж авах зарчмыг баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

              1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,350,000 төгрөг, хохиролд 33,647,250 төгрөг, нийт 110,997,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч ******* зарим хэсгийг эс зөвшөөрч тус тус маргажээ.

 

            3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай харилцан тохиролцсоны дагуу 80,000,000 төгрөгийг түүнд зээлдүүлэхээр шилжүүлсэн. Уг үйл баримтын талаар зохигч маргаагүй.

            Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон байна.

            Мөн хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж дүгнэн *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна зохигч үүнд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.

           

            4.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зээлийн хүүг тохиролцохдоо талууд гэрээг бичгээр үйлдээгүй бол зээлдүүлэгч нь хүү шаардах эрхгүй болох боловч зээлдэгч нь зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн бол төлсөн төлбөрөө үндсэн зээлд тооцох буюу буцаан шаардах эрхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлийн хүүг сарын 3,5 хувиар тооцож төлөхөөр тохиролцож, тохиролцсон ёсоор хариуцагч зээлийн хүүгээс тодорхой хэмжээнд төлж байсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан *******ийн эзэмшлийн, “Худалдаа хөгжлийн банк” ХК дахь ******* тоот дансанд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,400,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,800,000 төгрөг төлсөн дансны хуулгаар тогтоогдсон.  

            Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хувийн журмаар өгч авалцсан зээлийг төлж барагдуулах тухай” гэх баримт үйлдэж, 2014 оны 03 дугаар сард ******* миний бие *******д 80,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба энэ хугацаанд төлөөгүй хүүг тооцож нийт 118,000,000 төгрөг болсныг энэ өдрөөс эхэлж хүүг албан ёсоор зогсоож, 2017 оны 4 сарын дотор багтаан төлж дуусгахаар тохиролцож байна” гэснээс дүгнэвэл хариуцагч *******ыг зээлийн гэрээгээр 3,5 хувийн хүү төлөхөөр тохиролцсоны дагуу зээлийн хүү төлж байсан, дээрх тохиролцоог хийх үед зээлийн хүүгийн өмнө хийсэн төлбөр тооцоог дүгнэж, зээл 80,000,000 төгрөг, зээлийн хүүд 38,000,000 төгрөг төлөгдөөгүй байсан болохыг зөвшөөрч, баталгаажуулсан байна.

            Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид дээрх тохиролцоог хийснээс хойш буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 41,300,000 төгрөгийг төлсөн нь “Худалдаа хөгжлийн банк” ХК, “Голомт банк” ХК, “Хаан банк” ХК-ийн дансны хуулгаар тогтоогдсон учир 118,000,000 төгрөгөөс 41,300,000 төгрөгийг хасаж, үлдэх 76,700,000 төгрөгийг шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.

            Хариуцагч нь “...2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр талууд хэлцэл хийх үед зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 118,000,000 төгрөг гэж тохиролцсон хэдий ч тухайн үед 92,295,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан” гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

            5.Харин анхан шатны шүүх Монголбанкны зарласан зээлийн хүүгийн дундаж хүүгийн жинлэх хэмжээгээр тооцож 22,716,527 төгрөгийг хохирол гэж тодорхойлж хариуцагч *******аас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь

             Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирлын зохицуулалт бол хохирол бодитой байх агуулгатай бөгөөд нэхэмжлэгч нь хэргийн баримтаар хэрхэн, ямар үндэслэлээр 33,647,250 төгрөгийн хүүг тогтоосон нь тодорхойгүй байх тул түүнд учирсан бодит хохиролд тооцох үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Иймд хариуцагч *******аас 76,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,297,250 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.

 

            6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

                      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны   тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШШ2025/06077 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 76,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34,297,250 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “663,068” гэснийг “541,450” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 633,069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.БАЯСГАЛАН

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                                                                           Б.АЗБАЯР