Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 137-1 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхбатын Бадрах /РД:ЧГ86111638/-ийн нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга  Б.Алтансүх, нэхэмжлэгч М.Бадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Бадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хань Б.Болормаа бид хоёр 2011 онд гэр бүл болж 2011 оноос 2016 он хүртэл амьдарч байсан. Хань минь хүнд өвчний улмаас нас нөгцсөн тул хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Бадрах нь Б.Болормаатай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Бадрах нь Б.Болормаатай 2011 оноос эхлэн хамтын амьдралыг зохиож тодорхой шалтгааны улмаас хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдарч, энэ хугацаандаа хүү Бархүүг төрүүлж өсгөсөн ба хамтдаа амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Б.Бархүүгийн төрсний гэрчилгээний хуулбар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмчийн тодорхойлолт, гэрч Э.Алтанзаяа, П.Чулуунцэцэг нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, Балчиндоржийн Болормаагийн нас барсаны бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Мөнхбатын Бадрах Балчиндоржийн Болормаа нарыг 2011 оноос 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч М.Бадрахыг Б.Болормаатай 2011 оноос 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Л.БАТЖАРГАЛ