Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 106

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                                  Г.Цолмонгэрэл

  Нарийн бичгийн дарга                 Б.Түвшинтуул нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2-д зааснаар М.Энэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931002100118 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймаг Орхон суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 4 дүгээр хэсэг 31 тоотод оршин суудаг, “Сэлэнгэ Есөн-Эрдэнэ” ХХК-нд жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Боржгон овогт Мягмарын Энэрэл /РД:МЙ89082814/

        

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч М.Энэрэл нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим өөрийн гэртээ эхнэр Б.Чамин-Эрдэний толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.Энэрэл нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн орчим өөрийн гэртээ эхнэр Б.Чамин-Эрдэнийн толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч М.Энэрэл гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх  дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүгдэгч М.Энэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Болсон явдалд маш их харамсаж байна. ....” гэх мэдүүлэг,

 Хохирогч Б.Чамин-Эрдэнийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...  М.Энэрэл бид хоёр 2012 онд гэр бүл болж эхнэр нөхрүүд болсон юм. Бид гэр бүл болоод 2012 онд анхны хүү Э.Чинзоригийгоо төрүүлсэн. Дараа нь 2014 онд охин Э.Эгшиглэнг төрүүлсэн хамгийн сүүлд 2017 онд бага хүү Э.Энхзоригийг төрүүлсэн юм. Одоо бид ам бүл тавуулаа Сүхбаатар сумын 5 дугаар багт оршин суудаг юм. Манай нөхөр М.Энэрэл Сэлэнгэ аймгийн Зам ангид жолооч ажил хийдэг юм. Тэгээд цагаан сарын дараа ажлаар хөдөө яваад 2019 оны 06 дугаар сарын 02, 03-ны үеэр ирсэн юм. Тэгээд өчигдөр буюу 06 дугаар сарын 07-ны орой унтах гээд байж байхад М.Энэрэлийн ажлын газрын Баяр-Эрдэнэ ах эхнэр Цуурайгийн хамт манай гэрт ирсэн юм. Тэгээд З.Баяр-Эрдэнэ, М.Энэрэл хоёр гэрээс гараад 0,5 литрийн “Хараа” нэртэй архи авч ирсэн юм. Тэгээд тэр архиа М.Энэрэл, З.Баяр-Эрдэнэ, Цуурай нар хувааж ууж дуусаад М.Энэрэл гэрт байсан 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архийг гаргаж дахиж тэд нар ууж дуусгаад М.Энэрэл “дахиж архи авч ирж ууна” гэхээр нь би “...одоо болно архиар яах гээд байгаа юм...” гэж дургүйцсэн чинь М.Энэрэл ...хүн амьтан ирчихсэн байхад юу яриад байгаа юм... гэж уурлаад дахиж гарч 0,5 литрийн “Соёрхол” нэртэй архи авч ирж тэд нар мөн хувааж ууцгааж байгаад 01 цагийн орчим З.Баяр-Эрдэнэ, Цуурай нар явсан юм. Тэднийг явсны дараа М.Энэрэл согтуурхаад л намайг дуудаад ийшээ суу гэж ширээний хажууд сандал дээр суулгаад ...би энэ гэр орныг чинь 10 жил тэжээж явна, би өөрийнхөө идэх уухаасаа харамлаж гэр оронд чинь хамаг мөнгөө зарцуулж байна, чи муу юу олж ирж байгаа юм янхан, банзал гэх мэтээр хэлээд ширээ шаагаад, ширээний хулдаасыг хуу татаж хаяад эхэлсэн. Тэгэхээр нь би дэргэд нь утсаа аваад цагдаад дуудлага өгөөд ярьж байхад миний үснээс зулгааж хойш нь татаж унагаж чирж байгаад болиод цаашаа явж байснаа буцаж ирээд дахиад миний үснээс дахиж зулгаасан. Тэр үед хүүхдүүд маань айж уйлцгаасан. Тэгэхээр нь би хүүхдүүдээ аргадаад бага хүүгээ тэврээд газар сууж байсан чинь гартаа барьж явсан гар утсаараа миний толгойн орой хэсэг рүү 2, 3 удаа цохиод авсан. Тэгээд л би хүүхдээ тэврээд босох гэсэн чинь миний толгойноос цус гарсан юм, тэр үед М.Энэрэл мөн л намайг элдвээр хэлээд гал тогооны өрөө рүү ороход нь би хүүхдүүдээ дагуулаад гэрээс гарч засмал зам дагаад төв рүү чиглээд гүйсэн. Тэгэхэд М.Энэрэл араас гарч ирээд бид нарын араас мөн хөөгөөд гүйсэн тэгж байгаад буцаад хашаа руугаа явчихаар нь машинаа асааж гарч ирэх нь гэж бодоод би хүүхдүүдээ дагуулаад гудам руу орж ээж рүү утасдаж “М.Энэрэл намайг зодоод миний толгойг хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд гудамжиндаа хүлээгээд байж байхад манай аав эж хоёр ирсэн араас нь цагдаа нар ирж би цагдаа нарт гэрээ зааж өгч М.Энэрэлийг өгч явуулсан юм. Би аав, ээжийн хамт эмнэлэг орж үзүүлэхэд миний толгойн зулай хэсэгт зүсэгдэж язарсан байна гээд 6, 7 оёдол тавьж, хуйхандаа цус хуралттай байна хөдөлгөөнгүй хэвтрийн дэглэм сахиарай гэж хэлсэн юм. Тэгээд л аав ээжийн хамт аавындаа ирцгээсэн юм. Одоо аавындаа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг, / хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Ж.Бямбасүрэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....М.Энэрэл, Б.Чамин-Эрдэнэ нар 2012 онд гэр бүл болж анхны хүү нь төрсөн юм. Тэр цагаас хойш тэднийх 3 хүүхэдтэй болсон, ер нь бол дундаж давхаргын л айл байгаа юм. Нөхөр нь анх гэр бүл болохдоо энд тэнд барилгын ажил хийж явдаг хүн байсан. Тэгээд залуу хүн гэр орондоо тогтохгүй дандаа гадуур ажил хийж явах юм гэж манай нөхөр ярьж байгаад 2018 онд байхаа замын компанид жолоочоор ажилд оруулж өгсөн юм. Б.Чамин-Эрдэнийн хувьд нэгдсэн эмнэлэгт асрагчийн ажил хийдэг. Одоогоор амаржсаны амралтаа авчихсан байгаа юм. М.Энэрэлийн хувьд уг нь гадуур дотуур ажил хийгээд гэр орноо авч яваа хүн байгаа юм. Хоорондоо ч гайгүй харьцаатай байдаг, харин архи уучихаараа л жаахан агсам зантай болчихдог юм шиг байгаа юм, согтсон үедээ эхнэртээ агсам тавиад хэрүүл маргаан хийгээд байдаг юм шиг байгаа юм. 2014, 2015 оны үед шиг санагдаж байна М.Энэрэл архи уучихаад эхнэртээ агсам тавиад байна гэж нөхөр бид хоёрт хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэрт нь очиход М.Энэрэл согтуу агсраад байж байсан болохоор цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн. Тэгээд маргааш нь манай нөхөр “одоо хашраа байлгүй дээ, дахиж битгий агсам тавиарай” гэж хэлээд М.Энэрэлийг эрүүлжүүлэхээс гаргаж авсан байсан. Харин Б.Чамин-Эрдэнийг зодож байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Б.Чамин-Эрдэнэ “М.Энэрэлд зодууллаа” гэж хэлж байгаагүй, “архи уугаад агсам тавилаа” гэж 2018 онд ганц хоёр удаа хэлж байсан өөр нэг их юм ярьж байгаагүй. Гэтэл сая буюу 2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнө М.Энэрэл гэртээ архи ууж байгаад Б.Чамин-Эрдэнийг зодоход нь Б.Чамин-Эрдэнэ гэрээсээ гарч зугтаад над руу утасдаж энэ тухайгаа хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр яваад очиход Б.Чамин-Эрдэнэ 3 хүүхдээ дагуулчихсан бүгдээрээ нүцгэн шалдан гудамжинд байж байсан бид хоёрыг очиход цагдаа нар ч гэсэн зэрэг ирсэн. Тэгээд М.Энэрэлийг цагдаа нар авч яваад, нөхөр бид хоёр Б.Чамин-Эрдэнийг хүүхдүүдтэй нь авч яваад Б.Чамин-Эрдэнийг эмнэлэгт хүргэж үзүүлэхэд толгойн зулай хэсэгт нь хуйх нь язарсан байна гээд 6 оёдол тавьсан юм. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

Гэрч З.Бат-Эрдэний 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...М.Энэрэл, Б.Чамин-Эрдэнэ нар 2012 онд гэр бүл болж анхны хүү нь төрсөн юм тэр цагаас хойш тэднийх 3 хүүхэдтэй болсон, ер нь бол дундаж амьдралтай айл байгаа юм. Нөхөр нь анх гэр бүл болохдоо энд тэнд барилгын ажил хийж явдаг хүн байсан. Тэгээд залуу хүн гэр орондоо тогтохгүй дандаа гадуур ажил хийж явах юм бодоод би замын компаний хүмүүстэй ярьж хөөрч байгаад 2018 оны эхээр “Сэлэнгэ есөн эрдэнэ” гэдэг замын компанид жолоочоор ажилд оруулж өгсөн юм, Б.Чамин-Эрдэнийн хувьд нэгдсэн эмнэлэгт асрагчийн ажил хийдэг одоогоор амаржсаны амралтаа авчихсан гэртээ байгаа юм. М.Энэрэлийн хувьд хар багаасаа өнчин өрөөсөн өссөн даруулгатай хүн байгаа юм, уг нь гадуур дотуур ажил хийгээд гэр орноо авч яваа хүн байгаа юм, хоорондоо ч гайгүй харьцаатай байдаг, харин архи уучихаараа л жаахан агсам зантай болчихдог юм шиг байгаа юм. Согтсон үедээ эхнэртээ агсам тавиад хэрүүл маргаан хийгээд байдаг юм шиг байгаа юм. Миний хувьд М.Энэрэл гэр бүлээсээ гадуур бас нэг хүнтэй явалдаад сэтгэл санаа нь хоёрдчихоод байгаа юм болов уу гэсэн хардалт төрөөд байгаа юм.

2015 оны үед шиг санагдаж байна М.Энэрэл архи уучихаад эхнэртээ агсам тавиад байна гэж Б.Чамин-Эрдэнэ эхнэр лүү утасдаж хэлсэн тэгээд эхнэр бид хоёр гэрт нь очиход М.Энэрэл согтуу агсраад байж байсан болохоор цагдаад дуудлага өгч эрүүлжүүлсэн. Тэгээд маргааш нь би “одоо хашраа байлгүйдээ, дахиж битгий агсам тавиарай” гэж хэлээд М.Энэрэлийг эрүүлжүүлэхээс гаргаж авсан. Харин Б.Чамин-Эрдэнийг зодож байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Б.Чамин-Эрдэнэ “М.Энэрэлд зодууллаа” гэж хэлж байгаагүй, “архи уугаад агсам тавилаа” гэж 2018 онд ганц хоёр удаа хэлж байсан өөр нэг их юм ярьж байгаагүй. М.Энэрэл харин сүүлийн үед эхнэртэйгээ хэг ёг хийсэн нэг л дээрэнгүй харьцаатай болсон байсан. Гэтэл сая буюу 2019 оны 06 дугаар сарын 08-ны шөнө М.Энэрэл гэртээ архи ууж байгаад Б.Чамин-Эрдэнийг зодоход нь Б.Чамин-Эрдэнэ гэрээсээ гарч зугтаад эхнэр лүү утасдаж энэ тухайгаа хэлсэн тэгээд эхнэр бид хоёр яваад очиход Б.Чамин-Эрдэнэ 3 хүүхдээ дагуулчихсан бүгдээрээ нүцгэн шалдан гудамжинд байж байсан бид хоёрыг очиход цагдаа нар ч гэсэн зэрэг ирсэн тэгээд М.Энэрэлийг цагдаа нар авч яваад, эхнэр бид хоёр Б.Чамин- Эрдэнийг хүүхдүүдтэй нь авч яваад Б.Чамин-Эрдэнийг эмнэлэгт хүргэж үзүүлэхэд толгойн зулай хэсэгт нь хуйх нь язарсан байна гээд 6 оёдол тавьсан юм. ....” гэх мэдүүлэг / хх-ийн 13 дугаар хуудас/

  Насанд хүрээгүй гэрч Э.Чинзоригийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Аав архи уусан үедээ ээжтэй хэрүүл хийгээд байдаг юм зодож байгаагүй, хааяа л нэг чанга чанга дуугараад зодох гээд байгаа юм шиг аашилдаг, харин сая 06 дугаар сарын 07-ны орой аавын ажлын ах эгч хоёр манай гэрт ирж аавтай архи уусан. Тэгээд тэр хүмүүсийг явсны дараа аав согтчихоод ээжид агсам тавьж ээжийг зодсон. Тэгээд ээж газар суугаад бага дүүгийн хувцасыг өмсүүлэх гээд байж байхад нь аав ээжийн үснээс зулгааж татаж байгаад гартаа барьж байсан гар утсаараа толгой руу нь цохичихсон юм. Тэгэхэд ээжийн тогойноос цус гарч, дүү бид нар их айсан тэгээд аавыг гал тогооны өрөө рүү ороход ээж “зугтаарай” гэж хэлээд ээж бага дүүг тэврээд, дунд дүү бид хоёр ээжийг дагаад нүцгэн гэрээс гарч гүйсэн. Тэгээд гудамжинд гараад ээж утсаараа цагдаад дуудлага өгөөд бас өвөө, эмээ нар луу утасдаж “М.Энэрэл намайг зодоод толгой хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд байж байхад аав бид нарыг хайгаад яваад байхад нь бид нар мухар гудамжинд орж нуугдаж байгаад цагдаа нарыг ирэхэд гарч ирсэн юм. .....” гэх мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч З.Баяр-Эрдэнийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “....2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би эхнэр Цуурайгийн хамт М.Энэрэлийнд очсон юм. Тэгэхдээ 0,5 литрийн “Хараа” нэртэй архи авч очсон юм. Тэгээд тэр архийг уучихаад М.Энэрэл дахиад гэртээ байсан 0,75 литрийн “Соёрхол” архи гаргаж ирээд тэрийг нь мөн хувааж уусан. Тэгээд тэр архиа ууж дуусаад М.Энэрэл бид хоёр гарч дэлгүүрээс дахиж 0,5 литрийн архи авч ирж уусан юм. Тэгээд архиа ууж дуусаад эхнэр бид хоёр М.Энэрэлийнхээс гараад гэр луүгээ харьсан юм. М.Энэрэлийн хувь хүний хувьд бол даруухан зантай үг дуу цөөнтэй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй, ажилд сайн хүн байгаа юм. Бидний ажил ихэнхдээ хөдөө гадаа явж зам засварын ажил хийж явдаг болохоор гэр орондоо зарцуулах цаг зав багатай байдаг юм. М.Энэрэлийн гэр бүлийн асуудлын талаар сайн мэдэхгүй болохоор ярих зүйл алга. ....” гэх мэдүүлэг / хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэсайханы 2019 оны 06 дугаар сарын 22-нд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...М.Энэрэл хувь хүний хувьд бол муу хүн биш, ажилч хичээнгүй хамт олон сайтай хүн байгаа юм, ажил нь хөдөө гадаа их явдаг болохоор гэртээ зарцуулах цаг зав муутай байдаг байх. Ааш зангийн хувьд гэвэл хүнтэй тэр болгон маргалдаад байдаггүй, аль болох асуудлыг эвээр шийдэхийг хичээдэг, үг дуу цөөнтэй даруухан зантай хүн байгаа юм. Энэ удаа эхнэрээ зодохдоо юунаас болсон эсэхийг нь би мэдэхгүй байна. Тухайн үед архи уусан байсан гэсэн согтуугаасаа болж л эхнэрээ зодсон байх.  ....” гэх мэдүүлэг / хх-ийн 18 дугаар хуудас/

8.Сэлэнгэ аймаг Шүүхийн албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  №151 тоот:

“1.Б.Чамин-Эрдэнийн биед толгойн хуйханд няцарсан шархтай, цус хуралтын зөөлөнд эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-08 дугаар тал/

            Яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хх-ийн 21-22 дугаар тал/

            Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 23-24 дүгээр тал/

            Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 28-29 дүгээр тал/

Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл  хх-ийн 30 дугаар тал/

Эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 35-36 дугаар тал/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

  Шүүгдэгч М.Энэрэлийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч М.Энэрэлийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Б.Чамин-Эрдэнийн биед толгойн хуйханд няцарсан шархтай, цус хуралтын зөөлөнд эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл  учирсан нь нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан хохиролд тооцов.

  Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Чамин-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

 

                    Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

             

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М.Энэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч Б.Чамин-Эрдэнэ хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгуулийн ялын хэмжээ хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Шүүгдэгч Б.Чамин-Эрдэнийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.  

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Энэрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулав.       

  Шүүгдэгч   энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржгон овогт Мягмарын Энэрэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Боржгон овогт Мягмарын Энэрэлд 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан М.Энэрэлд оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Энэрэл нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг  анхааруулсугай.  

5.Ялтан М.Энэрэл нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Ялтан М.Энэрэлд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Б.ЭРДЭНЭХИШИГ