Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01082

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02014 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

188,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* миний бие нь 2024 оны 10 сард уртын нүүрс тээвэрт явах зорилгоор хүнд оврын автомашин худалдаж авахаар зарын сайтаас хайсан. Ингээд ******* гэх хүний зарын дагуу ******* УБХ улсын дугаартай хүнд оврын автомашиныг худалдаж авахаар тохиролцсон.

1.2. Тухайн автомашин нь ******* аймгийн ******* сумын ******* хилийн боомтод байсан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нь тухайн үед Улаанбаатар хотод байсан ба очиж үзэх боломжгүй байсан тул хариуцагчид итгэн тус автомашиныг 2024 оны 10 сарын 08-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулж, толгой болон чиргүүлийг нийт 190,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон.

1.3. Дээрх гэрээний дагуу толгой болон чиргүүлийн төлбөрт нийт 143,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн 45,000,000 төгрөгт тооцож 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* руу шилжүүлснээр нийт 188,500,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Гэрээнд үнийн дүнг өөрөөр бичсэн бөгөөд татвар, бусад төлбөрөөс шалтгаалж үнийн дүнд ийм өөрчлөлт орсон.

1.4. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сум дахь ******* хилийн боомтод очиж машинаа үзэхэд урдаасаа мөргөлдсөн байсан.

1.5. Нэхэмжлэгч нь тус автомашиныг худалдаж авснаас хойш ажилд явуулаагүй бөгөөд өөрийн биеэр очиж үзэн тээврийн ажилд явуулах гэж байсан боловч доголдолтой, явах боломжгүй байсан тул шууд зогсоон ажилд явуулаагүй.

1.6. Тус доголдлыг нэхэмжлэгч мэдмэгцээ 1 сарын дотор уг машиныг буцаан *******д өгч, ******* аймгийн Цагдаагийн газар болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Залилах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт тус тус гомдлоо гаргасан боловч одоог болтол шийдэж өгөөгүй, хойшлуулж, удаашруулсан байдалтай байсан. Иймд миний шилжүүлсэн 188,500,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нь 2024 оны 10 сард ******* УБХ улсын дугаартай машинаа зарахаар зар тавьсан. Зарын дагуу ******* нь залгаж ... машиныг үзье гэхэд нь машин ******* аймгийн *******анд байгаа гэхэд тэрээр тэнд байдаг найзыгаа явуулж үзүүлье гэж ярьсан.

2.2. Үүний дараа нэхэмжлэгчийн найз нь боломжийн машин байна өөрөө ирж үз гэсний дагуу өөрөө *******анд ирж үзээд би авъя, чи зараа устгачих гэсэн тул зараа устгасан. ******* 145,000,000 төгрөг банкаар шилжүүлсэн.

2.3. Нэхэмжлэгч нь өөрөө үзэж харж авчхаад одоо болохоор машинаа буцаана гэж шүүхэд гомдол гаргаж өгсөн байна. Би ямар нэгэн дарамт үзүүлж, шахаж шаардсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******оос 188,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож,

нэхэмжлэгч *******оос 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай, ******* УБХ улсын дугаартай /Shaanxi shachman, SX4255/, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл, 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* АА улсын дугаартай, ******* арлын дугаартай, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,107,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 1,107,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нь бүрэн дунд боловсролтой хүнд даацын машины жолооч бөгөөд хуулийн мэдлэг огт байхгүй хүн юм. Анхан шатны шүүхээс эрх, үүрэгтэй нь ойлгомжтой бүрэн танилцуулаагүй гарын үсэг зуруулснаас өөрөө машин бариад хөдөө гадаа явчихдаг оролцох боломжгүй тул төлөөлөгч оролцуулж болно гэсэн туслахын үгийг төлөөлөгчөө оруулаад тайлбар тавиулчихад нэг их асуудалгүй хэрэг юм байна гэж ойлгон мөн л хууль мэдэхгүй эгчийгээ төлөөлөгчөөр ажиллагаанд оруулснаас үүдэн анхан шатны шүүхэд өөрт байгаа, нэхэмжлэлийг няцаах үндэслэл бүхий нотлох баримтуудаа огт гаргаж өгөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарч, эрх нь зөрчигдсөн байна.

4.2. Хэдийгээр оролцогч өөрөө нотлох баримтаа гаргах, цуглуулах үүрэгтэй ч, өмгөөлөгч аваагүй хууль мэдэхгүй иргэн, нөгөө талаа залилаагүй, нөгөө тал машиныг мэргэжлийн хүнээр үзүүлж харуулж аваад таалагдлаа гэдгээ илэрхийлсэн (утсанд нь нэхэмжлэгчтэй харилцсан чат, дуу бичлэг байсан), шүүгчийн туслах ингэж хэлсэн тул асуудалгүй юм байна гэсэн ойлголттой хайхрамжгүй хандсан нь түүнд өөрт байгаа, шүүхэд гаргаж өгөөгүй нь хэргийг бүхэлд нь шийдэж, бодит үйл баримтыг тогтоох зарчим алдагдсаныг нотлох тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

4.3. Уг автомашин нь *******ын нэр дээр бүртгэлтэй биш бөгөөд ачаа тээвэр эрхлэх эрхтэй БНХАУ-ын компанийн нэр дээр байдаг атал эрх нь хөндөгдөж болох гуравдагч этгээдийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус байна.

4.4. Худалдагч нь худалдан авагчид ямар ч доголдолгүй, шинэ бус, хуучин, гэхдээ зориулалтын дагуу ашиглах боломжтой, явж байсан автомашиныг худалдан авагчийн ах гэх авто засварын төвийн мэргэжлийн засварчнаар үзүүлж, шалгуулж өгсөн тул гэрээнд заасны дагуу доголдолгүй машин хүлээлгэж өгсөн гэж үзнэ.

4.5. Гэсэн атал худалдан авагч нь хэрэгт 2026 оны 01 сарын 09-ний өдрийн худалдан авах үеийн нөхцөл байдлыг тодорхойлсон эсэх, үнэн зөв эсэх, ямар шугамаар олж авсан нь тодорхойгүй хуурамч байж болох нотлох баримт бүрдүүлж хэргийг шийдүүлсэн нь бүхэлдээ хууль бус байна. Учир нь өмчлөх эрх шилжээгүй буюу тухайн Хятад компанийн нэр дээр явж байсан машины тухай худалдсанаас хойш, ийнхүү эрх шилжсэнийг нь мэдээгүй, тээвэр хариуцсан ажилтан нь ******* руу залгаж (худалдсанаас 2-3 сарын дараа) танай машин хаалт хашаа мөргөөд, осол аваар гаргалаа гэсэн ярианы бичлэг хариуцагчид өөрт нь байсан ба эрх, үүргээ мэдээгүй, ойлгоогүйгээсээ шүүхэд гаргаж өгөөгүй байна.

4.6. Мөн тухайн Хятад компани нь машин худалдсанаас хойш 1 cap орчмын дараа энэ машин 3,000,000 төгрөгийн нийт 46 удаагийн рейст явсан гэсэн тооцоог *******д мэдэгдсэн нь машин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлттэй зөрчилдөж байгаа юм. Хуучин автомашины хувьд шинэ машинтай адил огт доголдолгүй байх тухай ойлголт байхгүй бөгөөд тухайн үед мэргэжлийн хүнд үзүүлж дүгнэн авсан нь доголдлыг тодорхойлох баримт юм.

4.7. Худалдан авагчийн энэ үйлдэл нь тухайн бизнесийг хийх нь төвөгтэй байсан, машины ханш унасан ... гэх мэт өөр бусад санаа сэдэлтэй, доголдол гэдэг нэрээр халхавч хийн залилж буй үйлдэл гэж харагдаж байна. Учир нь цаашаа хэдэн рейс хийсэн нь мэдэгдэхгүй байгаа ч дээрх рейсийн тоогоор л худалдан авагч нь машиныхаа үнийн 60 хувийг хийчихсэн юм.

4.8. Иймд хариуцагч талд эрх, үүргийн баримтад шууд гарын үсэг зуруулсан нь хууль мэдэхгүй оролцогч эрхээ хангаж чадахгүй процессын ноцтой алдаа болсон, машин худалдсанаас хойш өөрсдөө аваарт оруулсан байж болзошгүй, хэдэн сарын дараах хэрхэн авсан нь тодорхойгүй дүгнэлтийг үндэслэн машин доголдолтой гэж дүгнэсэн нь, нэхэмжлэгч уг баримтыг хуурамчаар гарган өгсөн байж болзошгүй эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, нэхэмжлэгч талд хариуцагч *******той машин авах үедээ чаталсан чат, машин таалагдлаа, ахаараа үзүүлж харууллаа гэх ярианы бичлэг байсаар атал гаргаж өгөлгүй хуурамч баримт бүрдүүлж, шүүхийг буруу дүгнэлт хийхэд хүргэсэн байж болзошгүй нөхцөл, тухайн гэрээгээр өмчлөх эрх шилжээгүй, гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй байхад гуравдагч этгээдийг оролцуулж, тайлбар баримт аваагүй нь худалдсанаас хойших ажиллагааг нотлох боломжгүй болгосон зэрэг нь хэргийг бүхэлд нь шийдэх, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд харшилсан байх тул хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн гэх агуулгаар гомдол гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой эрх ямар байдлаар зөрчигдсөн гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

5.2. Хариуцагчийн ярьж байгаагаар 4 дүгээр ангийн боловсролтой эрх, үүргээ ойлгоогүй нотлох байсан баримтуудаа гаргаж өгөөгүй гэдэг нь өөрөө давж заалдах шатны шүүх процессын зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй. Эрх, үүрэг тайлбарласан баримтад хариуцагч гарын үсэг зураад хариу тайлбараа өгөөд явсан.

5.3. Нотлох баримт байсан бол гаргаж өгөх цуглуулах, бүрдүүлэх эрх, үүрэгтэй байсан мөн процессын зөрчил гараагүй учраас шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болохгүй. Үнийн дүн болон Бенз маркийн автомашиныг бартерт оролцуулсан талаар талууд маргадаггүй.

5.4. Эд хөрөнгийн доголдлыг тухайн худалдагч худалдан авагч буюу хараад мэдэх боломжтой тохиолдолд хүлээгээд авсан бол шаардах эрхээ алддаг. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан гэж заасан байдаг нь энэ нөхцөл байдалд хэрэгжихгүй.

5.5. Тухайн тээврийн хэрэгслийг шууд хараад мэдэх боломжгүй гаднаасаа бүрэн бүтэн толгойг дээш нь салгаад задаргаа хийх явцад аваарт орсон тээврийн хэрэгсэл мөн голдоо ганцхан зүйл дээр тогтоод байна гэдгийг Хятад улсад задаргаа хийлгэсний дараа нэхэмжлэгч мэдсэн байдаг.

5.6. Гомдлын шаардлага гаргах хугацаандаа буюу хуульд заасан 6 сарын хугацаанд 2024 оны 12 сард ******* аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж байсан баримт нь хавтаст хэргийн 34 дүгээр талд авагдсан. Ямар нэгэн доголдолгүй автомашин авсан бол Цагдаагийн газарт гомдол гаргахгүй байсан.

5.7. Нотлох баримт байгаа боловч гаргаж өгөөгүй гэж ярьж байна. Хариуцагч өөрөө эрх үүргээ хэрэгжүүлж, эрх ашгаа хамгаалаагүйгээс шалтгаалан хэрэгт авагдаагүй нотлох баримтыг шүүх дээр зааж дурдаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл ярьж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж 2024 оны 10 сарын 08-ны өдөр 2634, 2635 тоот Худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ 188,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2024 оны 10 сарын 08-ны өдөр 2634, 2635 тоот Худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай, ******* УБХ улсын дугаартай /Shaanxi shachman, SX4255/, зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр, 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* АА улсын дугаартай, ******* арлын дугаартай, чиргүүлийн зориулалттай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр *******од худалдахаар харилцан тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

5.1. Нэхэмжлэгч ******* нь 2634, 2635 тоот Худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ний төлбөрт 143,500,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, 2011 онд үйлдвэрлэгдсэн ******* УНС улсын дугаартай Mercedes benz, S350 маркийн тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгт тооцож ******* руу шилжүүлж, нийт 188,500,000 төгрөг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

 

5.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... хариуцагч нь надад осолд орсон, хэвийн ашиглах боломжгүй тээврийн хэрэгсэл, чиргүүлийг худалдсан, ... тус тээврийн хэрэгслээр холын тээвэрт явж болохгүй, ... жолоочийн амь насанд аюултай талаар техникийн дүгнэлт гарсан ба цагдаагийн байгууллагад шалгуулж байсан тул тээврийн хэрэгслийг буцааж, үнэд төлсөн 188,500,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг ... тээврийн хэрэгсэл нь шинэ ямар нэгэн осолд орж байгаагүй, мөн нэхэмжлэгч тал өөрсдөө шалгаад аваад явсан, ... уг тээврийн хэрэгслийг ашиглан одоо болтол тээвэр хийж байгаа тул зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2026 оны 01 сарын 09-ний өдрийн №1142174799 тоот Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудсанд ... тулгуур багана үнэлгээ:0, шал үнэлгээ:0, түгжээ үнэлгээ:0 гэж тусгагдсаныг үнэлж, тээврийн хэрэгслийг доголдолтой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Тодруулбал, Талуудын хооронд байгуулсан 2024 оны 10 сарын 08-ны өдөр 2634, 2635 тоот Худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ний зүйлд 2026 оны 01 сарын 09-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтээр доголдлыг эргэлзээгүй нотлох боломжгүй тул нэхэмжлэгч нь доголдолтой үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

5.4. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдан авах үедээ доголдлыг илрүүлэх, мэдэх боломжтой байсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах үндэслэлд хамаарч байна.

Тодруулж хэлэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдан авахдаа Авто тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгт оруулах болон хувийн үзлэг оношилгоонд хамруулах боломжтой байхад шууд хүлээн авч, зориулалтын дагуу ашигласан нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар худалдан авагч шаардах эрхээ алджээ.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай, ******* УБХ улсын дугаартай /Shaanxi shachman, SX4255/ зүтгүүрийн зориулалттай тээврийн хэрэгсэл болон 2021 онд үйлдвэрлэгдсэн, ******* АА улсын дугаартай, ******* арлын дугаартай чиргүүлийг ашиглаж, нүүрс тогтвортой тээвэрлэж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэв, уул тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан бол нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж, ашиг олох боломжгүй нөхцөл үүсэх тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

6. Дээрх үндэслэлээр анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тогтоох нь

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/02014 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******д холбогдох 2024 оны 10 сарын 08-ны өдөр 2634, 2635 тоот Худалдах-худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэ 188,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,107,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

С.ЭНХБАЯР