Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 144

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 Улсын яллагч                              Т.Энхтулга

                Шүүгдэгчийн өмгөөлөгч            Р.Баярхүү

 Нарийн бичгийн дарга              Ө.Энх-Амар нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Нарантуяагийн Энх-Очирт холбогдох 1931000000111 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр багийн задгайд оршин суух хаягтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, Шүүгдэгч дараах байдлаар ял шийтгэгдэж байсан:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь.хэсэгт зааснаар 2 жил, 3 сарын хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 4 сарын хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тоггоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Чонос овогт Нарантуяагийн Энх-Очир, РД:МЮ8У011190

 

Холбогдсон хэргийн талаар:

 

            Шүүгдэгч Н.Энх-Очир нь согтуурсан үедээ 2019 оны 06 дугаар сарын 11-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан 4 дүгээр багийн 4-155 тоотод оршин суух Х.Жанчивын гэрт хууль бусаар нэвтрэн орж хонины мах, хөнжлийн даавуу зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Энх-Очир нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багийн 4-155 тоотод оршин суух Х.Жанчивийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хонины мах, хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийг хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Н.Энх-Очир нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

 

1.Шүүгдэгч Н.Энх-Очирын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хажуу айлын хашаа руу согтуугаар орж  мах болон дэвсгэр даавуу авсан. Арын айлын Сувд-Эрдэнэ гэх охинтой цуг чанаж идсэн. Тэгээд унтаад өглөө нь хажуу айлын хүнд “танайд хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Хашаан дээрээ зарна гээд дугаараа биччихсэн байсан тул тэр дугаар луу нь залгаж хэлсэн юм. Удалгүй нэг ах эгч 2 ирж цагдаа дуудсан. Цагдаа нар хурууны шинжилгээ хийж намайг орсон байна гэж барьсан. Өөр ярих зүйл байхгүй. Хохирлоо нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг.

2.Хохирогч Х.Жанчивын шүүх хуралдааны шатанд өгсөн “.. Эднийхтэй манай хүргэнийх хөршүүд байгаа юм. Аймл хүний амь нэг, Саахалт хүний санаа нэг байх байтал гэрт нь орж хулгай хийсэнд гомдож байна. Дахин хулгай хийхгүй гэх баталгаа байна уу? Манай хүүгийнх яая гэсэн айл биш амжиргаагаа залгуулах гэж ажил хийж яваа хүмүүс, Хохиролд 85.000 төгрөг хүлээн авсан. Хохирлыг төлж барагдуулсанд тооцъё. Залуу хүн ажил хөдөлмөр эрхэлж амьдрах хэрэгтэй, маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг

Хохирогч Х.Жанчивийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Би Сүхбаатар сумын 4 дүгээр баг 4 дүгээр хэсэг 155 тоотод оршин суух хаягтай. Бас нэг хашаа байшин урд гудамны 122 тоотод гэж байдаг. Нэг ёсондоо манайх гэдэг айл 2 хашаа байшинтай гэсэн үг. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 12-ны өглөө урд талын 122 тоот байшиндаа байж байгаад, хойд талын гэррүүгээ очиход гаднах цоож нь онгойсон байсан. Гаднах цоожийг онгойлгоод харсан чинь хаалганы цүүг суга татаад орсон байсан. Гэртээ орсон чинь нээх алга болсон зүйл мэдэгдэхгүй болохоор нь жижиг хөргөгчөө онгойлгож харсан чинь хонины цул мах алга болсон мөн 2 хүний хөнжлийн даавуу алга болсон. Ингээд цагдаагийн газар мэдэгдэж дуудлага өгсөн байгаа. Дээрх хаяг дээр би манай нөхөр, охин, хүүхдүүд байдаг. Мөн уг тоотоос урд гудамжинд бас нэг хашаа байшин байдаг юм. Манай охин, хүргэн нар бас тусдаа байдаг юм. Манай хүргэн Улаанбаатар хотод барилгын ажил хийж байгаа. 155 тоот гэртээ би амьдардаг бөгөөд. Гадаа халуун, оройдоо унтахад халууцаад хэцүү байдаг болохоор нь би урд талын гудамжинд байдаг хашаа байшиндаа очсон юм. Уг хашаа байшин нь сэрүүхэн амар байдаг юм. Хулгай орсон байшин байнга хүнтэй байдаг. Харин хулгай орохын өмнөх өдөр нь би урд талын гудамжинд байдаг байшин руугаа явчихсан байсан. Тэр үед л хулгай орсон байна. Өглөө хулгай орсон талаар гэртээ ирэхэд мэдсэн. Хулгай орсон байшинд нээх тавилга эд зүйл гээд байх зүйл байхгүй. Харахад бол сүртэй зүйл алдагдаагүй боловч, хөргөгчинд байсан хонины цул мах 5 кг орчим, мөн 2 хүний хөнжлийн даавуу алга болсон байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/

Гэрч Д.Гансувдын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “... Н.Энх-Очир ер нь бол архи уудаг. Сэлэнгэ аймгаас гадагш явсан эсэхийг мэдэхгүй байна. Н.Энх-Очиртой уулзаад бид 2 мах идсэн. Ойр зуурын л юм ярьсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Гэрч Бямба-Өлзийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:: “...Би Н.Энх-Очирыг 7 жилийн өмнөөс таньдаг болсон. Би Н.Энх-Очиртой найзуудын холбоотой байдаг. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр манай гэрт хуруу буюу Н.Энх-Очир, Д.Гансувд, Уууганбаатар, Отгоо, Өнөрөө нар Боргио нэртэй том пиво 7 юмуу 8-ыг, нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи уусан. Би архинаас бараг уугаагүй би гэртээ орж гаран байсан манай гэрт тэд нар 13 цагийн үед ирсэн. Би дүүгийндээ өдөр 12 цагийн орчимд очоод буцаад гэртээ иртэл хуруу буюу Н.Энх-Очир, Д.Гансувд Уууганбаатар, Отгоо, Өнөрөө нар манай гэрт ороод архи, пиво ууж байсан манай гэрт хаалга цоожгүй ба тэд нарыг “яв” гэж хэлж чадаагүй. Хуруу буюу Н.Энх-Очир 23 цаг өнгөрөөгөөд Өнөрөөг таксинд суулгаж өгөөд буцаад удалгүй орж ирээд Хуруу, Сувдаа, Ууганаа, хоёрыг дагуулаад гараад явсан. Отгоо манайд үлдээд хэсэг сууж байгаад архиа аваад нөгөө хэдийг явсны дараа 20-30 минутын дараа манайхаас гараад явсан. Ингээд би амарсан. Би тэд нарын архи, пивоноос уугаагүй. Өглөө 06 цагийн үед намайг гэртээ унтаж байхад хуруу буюу Н.Энх-Очир орж ирээд хэсэг байж байгаад, урагшаа яваад ирье, гээд гараад явсан. Буцаад Н.Энх-Очир 08 цагийн үед орж ирээд, манайх руу явья, гээд намайг дагуулаад явсан. Надтай хамт явахдаа хуруу буюу Н.Энх-Очир “манай хажуу талын айлын хаалгыг эвдээд хаячихсан байна. Мөн манай гэрт хүн орсон юм шиг хөргөгчний доторхыг салгаад тавьсан” гэж хэлээд хоёулаа хамтдаа хаалгыг нь эвдсэн айл руу очиж харъя гээд тухайн айлын хашааны үүднээс байшингийн хаалгыг хараад хашаан дээр байсан утас руу хуруу залгаж хэлсэн. Тэгээд бид 2 хуруугийн гэрт ороод байж байтал нөгөө хаалгыг нь эвдсэн айл руу эмгэн, өвгөн хоёр орж байсан. Тухайн айл руу хуруу бид хоёр очоод хуруу “би хажуу талын айлын хүн нь байна. Гэрийн эзэн рүү би ярьсан” гэж хэлээд амбаарын хаалгаар нь хамтдаа ороход шар өнгийн даалинтай хөөрөг хэвтэж байсан. Байшингийн цаад хаалгыг бас эвдсэн байдалтай харагдаж байсан. Эмгэн, өвгөн хоёр байшин руу орсон харин хуруу бид хоёр хуруугийн байшин руу буцсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

Шинжээчийн 2019 оны  06 дугаар сарын 13ны өдрийн №ТХҮ/118-075 дугаартай:

Үнэлгээний ажлын тухай мэдээлэл

Нэр төрөл

Хэмжих нэгж

Тоо

Нэгжийн үнэ, төгрөгөөр

Нийт үнэ төгрөгөөр

тайлбар

1

Цул мах /хонь/

КГ

5

8,500

42,500

Ясгүй цул мах

2

Ор хөнжилийн даавуу /2 хүнийх/

Ш

1

45,000

45,000

 

 

Нийт дүн

 

 

 

87.500

 

Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн 2019 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 87.500 /наян долоон мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоов. ....” гэх дүгнэлтэнд / хх-ийн 32-р хуудас/ 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 4-5, 9, дугаар хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 6-8, 10-11, дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 35, 36 дугаар хуудас/

Н.Энх-Очирын яллагдагчаар өгсөн мэдүүлэг / хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 44-49 дүгээр хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 50 дүгээр хуудас/

Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

Н.Энх-Очирын ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар, суллагдсан тухай лавлагаа хх-ийн 53-98 дугаар хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 99, 100 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Энх-Очир нь хохирогчийн 87.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлүүдийг хулгайлан авч бусдад хохирол, хор уршиг учруулсан нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан бусдын орон байранд нэвтрэх хүндрүүлэх үндэслэл тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Энх-Очирын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

 

 

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Н.Энх-Очирын гэмт үйлдлийн улмаас бусдад 87.500 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Х.Жанчивийн эд зүйлсийг хулгайлсан эд зүйлсийн үнэ 85.000 төгрөгийг төлж барагдуулсан тул 2.500 төгрөгийг нэхэмжлэхгүй хохирол төлөгдсөнд тооцъё гэсэн мэдүүлэг өгсөнд үндэслэн шүүгдэгч Н.Энх-Очирыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.  

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг  нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас санал болгож буй хорих ялын хэмжээ хүрээнд 02 жилийн хорих ял оногдуулж түүнийг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Н.Энх-Очир нь урд энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч шүүхээс өмнөх ял шийтгэлээ биеэр бүрэн эдэлсэн байдлыг харгалзан энэхүү үйлдэлд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. 

          Шүүгдэгч Н.Энх-очирын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доош татаж ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

          Учир нь: Шүүгдэгч Н.Энх-Очир нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхийн шатанд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доош татах боломжгүй гэж дүгнэсэн болно.      

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Энх-Очир нь энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 02 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтов.

        Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Чонос овогт Нарантуяагийн Энх-Очирыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Чонос овогт Нарантуяагийн Энх-Очирт   02  жилийн хорих ял шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Н.Энх-Очирт оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Н.Энх-Очир энэ гэмт хэргийн улмаас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 02 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ гэмт хэргийн улмаас ялтан бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Ялтан Н.Энх-Очирт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11. 9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                             Б.ЭРДЭНЭХИШИГ