| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 191/2025/11745/И |
| Дугаар | 210/МА2026/00871 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00871
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/02182 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Барааны мөнгө 27,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь Хархорин зах дээр хүнсний ногоо худалдаалдаг бөгөөд ******* нь БНХАУ-ын Шинжан-Уйгар хотод зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанаас бараа бүтээгдэхүүн авч өгнө гэж итгэл төрүүлэн 21,000,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* дугаарын дансаар шилжүүлэн авсан. Улмаар 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг нэмж авсан.
1.2. ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Шинжан-Уйгар хот руу дагуулан явсан боловч тухайн үзэсгэлэн худалдаанаас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авч өгөөгүй бөгөөд намайг хуурч, мэхэлж хохироосон болно. Монгол Улсад буцаж ирсний дараа барааны мөнгө болон бусад шилжүүлсэн мөнгө, мөн онгоцны тийзийн зардлыг буцаан шаардахад өнөө маргаашгүй өгнө гэж хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн.
1.3. Мөн тухайн үед *******д итгэж, барааны мөнгө болох 21,000,000 төгрөгийг ******* ломбардад өөрийн болон бэр дүү *******, төрсөн дүү ******* нарын үнэт эдлэлийг барьцаалж зээл авч өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хүү төлсөөр байна. Түүнчлэн өмгөөлөгчид 2,500,000 төгрөгийн хөлс төлж өмгөөллийн үйлчилгээ авсан. ******* нь намайг хуурч мэхэлж, өр тавиулан хохироосон гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газраас уг үйлдлийг эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэж, хэрэг бүртгэлт нээхээс татгалзсан тогтоол гарсан.
1.4. *******гаас 27,650,000 төгрөг нэхэмжилснээс Эрээн хот руу худалдаанд явъя гэж бараа бүтээгдэхүүний мөнгө 20,000,000 төгрөг дансаараа авсан. Мөн 9,500,000 төгрөг, 11,500,000 төгрөг шилжүүлсэн баримтыг хэрэгт өгсөн. Дээр нь онгоцны зардал 1,000,000 төгрөг, 800,000 төгрөгийг нэг удаа, 150,000 төгрөгийг нэг удаа авсан байсан, нийт 27,650,000 төгрөг, мөн өмгөөлөгчийн ажлын зардал 2,500,000 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ломбардын хүү 3,200,00 төгрөг, 8 сараас хойш ломбардын хүү нэмж нэхсэн. Өнөөдөр хүртэл ломбардаас эд зүйлээ авч чадаагүй. Хариуцагч хариу тайлбартаа бараа бүтээгдэхүүн өгсөн гэж дурдсан. Гэтэл тухайн бараа бүтээгдэхүүнийг өгөөгүй. Нэхэмжлэгч урд очоод ******* хийлгэсэн, абортын зардлыг бас хариуцагч төлсөн гэж тайлбарласан. Энэ зардлыг *******гээс нийт 7,000,000 төгрөг авч буцаж ирэх зардал, абортын мөнгө, хүүхдүүдийн гутал хувцас авсан. Хариуцагч Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжиж итгэл төрүүлж, надаас мөнгө авсан.
Бид анх гэрчээр дамжуулан танилцаж, Шинжан-Уйгар луу бараа бүтээгдэхүүн авч ашиг олох зорилгоор явсан. Хамтарч ажиллах зорилго, агуулга энд агуулагдаагүй байна. Хэрвээ хамтарч ажиллах байсан бол хамтран ажиллах гэрээ Иргэний хуульд заасны дагуу бичгээр байгуулагдах ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Би 2015 оноос эхлэн БНХАУ-ын Шинжан-Уйгар болон бусад хот, сум, хошуугаар үзэсгэлэн худалдаанд оролцож, Монгол Улсын ноос, ноолуур болон бусад бараа бүтээгдэхүүнийг дөрвөн улирлын турш борлуулж, амьжиргаагаа залгуулж ирсэн, одоогоор Шинжан-Уйгар хотод бараа бүтээгдэхүүн борлуулдаг. *******тэй бага ангийн найзаараа дамжуулан танилцсан бөгөөд танилцсанаас хойш тэрээр надад удаа дараа чамайг дагаж явж мөнгөө өсгөе, Монгол Улсаас ямар бараа авч явах вэ гэх мэт санал тавьж, мессежээр холбогдож байсан тул би түүнтэй уулзаж ярилцсан. Уулзалтын үеэр би хавар наймаа тийм сайн биш, намар илүү үр дүнтэй байдаг гэж хэлсэн боловч тэрээр зүгээрээ одоо хамт явъя гэж өөрөө хүсэлт гаргасны дагуу бид хамт явахаар тохиролцож, бараагаа хуваан авч, ашгаа хуваах байдлаар тохиролцсоны дагуу 2025 оны 03 дугаар сард БНХАУ-ын виз гарч, бид хамт явсан. Миний данс руу Хөх хот руу явахтай холбоотойгоор 9,500,000 төгрөг, мөн онгоцны болон нэмэлт бараа авах зардалд 11,500,000 төгрөг шилжүүлсэн. Бид 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 06 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хамт явж худалдаа эрхэлсэн.
2.2. Бид Монгол Улсаас ноолуур, Эрээн хотоос цүнх, өмд, Хөх хотоос цагаан идээ зэрэг бараа авч, мөн Шинжан-Уйгар хотод байсан үлдэгдэл бараагаа авч ашигласан бөгөөд зарим барааг тэнд үлдээж, үзэсгэлэн худалдаанд автобус, такси, нислэг зэрэг тээврийн хэрэгслээр нийт 8 удаа дамжин оролцсон. ******* бид хоёрын унаа, хоол, байрны зардал болон 7 хоногийн зардал нийлээд 1,000,000 төгрөг болсон бөгөөд лангууны түрээс зэрэг нийт зардал 12,000,000 төгрөг болсон. Гэвч бараа борлуулалт бага багаар хийгдэж байсан ч өндөр ашиг гараагүй. Үүнийг нэхэмжлэгч хамт явж байж нүдээрээ харсан атлаа намайг буруутгаж байгаад гайхаж байна. Үүнээс болж бидний дунд үл ойлголцол үүссэн бөгөөд би түүнийг анх удаа явж байгаа, хэцүү байж магадгүй гэж ойлгон өөртөө ихэнх ачааг үүрч, тэвчээртэй байхыг зөвлөж байсан. Гэвч тэрээр намайг сэтгэл зүй болон нэр хүндээр дарамталж, ажлын нөхцөл байдалд саад учруулсан.
2.3. Үүний улмаас би зуны 3 сар болон бусад хугацаанд үзэсгэлэн худалдаанд оролцож чадаагүй, орлогогүй хүнд нөхцөлд орсон. Би өгнө гэж хэлсээр байхад өмгөөлөгчөөр дамжуулан яриулж, хилийн хорио тавиулна гэх зэргээр дарамталсан тул цааш ажиллах боломжгүй болсон бөгөөд энэ маргаан шүүхийн шатанд хүрсэн.
Мөн урд байхдаа нэхэмжлэгчид эмнэлгийн үйлчилгээ 500 юань (250,000 төгрөг), *******хийлгэх зардал 1,769 юань (885,000 төгрөг), утасны дугаар сунгах 200 юань (100,000 төгрөг), хувцас худалдан авахад 1,222 юань (611,000 төгрөг), хүүхэд рүүгээ 200 юань (100,000 төгрөг), нөхрийн бие муудсан гэх шалтгаанаар нислэгийн тийз 2,950 юань (1,504,500 төгрөг), гэрийнхэнд бэлэг авахад 4,000 юань (2,000,000 төгрөг) тус тус авсан. Монгол Улсад ирсний дараа дансаар 800,000 төгрөг, 500,000 төгрөг авсан. Нийт 10,591 юань (5,401,410 төгрөг) болон 1,300,000 төгрөг буюу нийт 6,701,410 төгрөг болж байна. Нийт гарсан зардал болох 12,000,000 төгрөгийг хоёр хувааж нэг хүний зардлыг 6,000,000 төгрөг гэж тооцвол дээрх авсан 6,701,410 төгрөгтэй нийлээд 12,701,410 төгрөг болно. Миний дансанд орсон 21,000,000 төгрөгөөс 12,701,410 төгрөгийг хасахад 8,929,860 төгрөг үлдэж байгаа бөгөөд энэ үлдэгдэл дүнд ноолууран бүтээгдэхүүн болон бусад бараа үлдсэн. Үүнийг би цаашид өөрөө зарж борлуулах боломжтой гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан хариуцагч *******гаас 11,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 296,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 192,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ******* нь *******тай хамтран ажиллахаар тохиролцоогүй. Гэтэл анхан шатны шүүх хамтран ажиллахаар тохиролцсон гэж буруу ойлгон дүгнэж, энэ талаар нэхэмжлэгчээс болон гэрчээс хамтран ажиллахаар болсон эсэх талаар удаа дараа асууж байсанд гомдолтой байна.
4.2. Мөн хариуцагч нь ломбардын хүүд 2025 оны 04 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд 3,200,000 төгрөгийг шаардсан бөгөөд үүнээс хойших хугацааны хүүг өнөөдрийг хүртэл би өөрөө төлж, эд зүйлээ ломбардаас авч чадаагүй хохирч байна. Хэрэв ******* нь надад мөнгийг өсгөж өгнө, удахгүй 35,000,000 төгрөг болгож өгнө гэх мэтээр хуурч, амлалт өгч байгаагүй бол би хүүтэй мөнгө зээлж өрөнд орохгүй байх байсан.
4.3. Хариуцагч өөрийн тайлбартаа нэхэмжлэгчийг Хөх хотод цагаан идээ, цүнх худалдан авахаар явахад 9,500,000 төгрөг, мөн онгоцны болон нэмэлт зардалд 11,500,000 төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлсэн боловч хэргийн материалд нийт 12,000,000 төгрөгийн зардал гаргасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Мөн *******гээс авсан 7,000,000 төгрөгийг *******тай хамааралгүй гэж тайлбарласан атлаа энэ асуудлыг холбож асуулт асуусанд гомдолтой байна. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.
4.4. Хариуцагчийн тайлбарт дурдсан 12,000,000 төгрөгийн зардлыг баримтаар няцаасан байхад шүүгч баримтгүй таамаг дэвшүүлэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т зааснаар гарсан зардлыг хувь тэнцүүлэн хувааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Түүнчлэн, ******* ХХК-д 3,200,000 төгрөгийн ломбардын хүүг төлсөн талаар санхүүгийн баримт, зээлийн гэрээний эх хувь хэрэгт өгсөн байхад энэ нотлох баримтыг үнэлээгүй, хүү төлсөн гэдгийг нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу байна. Хэрэв анхан шатны шүүх ломбардын хүү 3,200,000 төгрөг болон өмгөөллийн хөлсийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан зардал гэж үзсэн бол хариуцагч *******д шилжүүлсэн 21,950,000 төгрөгийг мөн адил шийдвэрлэж, буцаан гаргуулах байсан. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, талуудыг хамтран ажиллаж ашиг орлого хуваахаар тохиролцсон гэж үндэслэлгүй дүгнэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй буюу ажлаа хийгээд БНХАУ-д үзэсгэлэн худалдаанд оролцож яваа бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө очиж амжихгүй болсон. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан барааны мөнгө 20,000,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 950,000 төгрөг, онгоцны тийзний үнэ 1,000,000 төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг, ломбардын хүү 3,200,000 төгрөг, нийт 27,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 9,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, нийт 21,950,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх12-15/
3.2. Талууд БНХАУ-д болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд тодорхой бараа бүтээгдэхүүн худалдах зорилгоор хамт явсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг уг үзэсгэлэн худалдаанд борлуулах бараа бүтээгдэхүүн худалдан авах зорилгоор хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад маргаагүй.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
Тодруулбал, хамтран ажиллах гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
5. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж, 477.2-т хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу талууд хамтран ажиллахаар тохиролцохдоо төлөх хураамжийн хэмжээг нарийвчлан тогтоогүй үед хураамжийг тэнцүү оруулсан гэж үзэж болох бөгөөд энэ тохиолдолд ямар хураамжийг хэрхэн тооцох талаар тодорхой тохиролцсон байх шаардлагатай.
5.1. Хариуцагч нь БНХАУ-д бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах замаар ашиг олох бизнес эрхэлсэн туршлагатай талаар тайлбарласан ба түүний энэхүү туршлагыг хамтын ажиллагааны хураамж гэж эргэлзээгүй тооцсон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, талууд хураамжийн талаар тодорхой тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.
5.2. Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан барааны нэр төрөл, тоо хэмжээ, тухайн бараа бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна уг бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан ашиг, алдагдлыг хэрхэн тооцох талаарх талуудын тохиролцоо тодорхойгүй байна.
6. Харин гэрч *******гийн ******* 13,000,000 төгрөг хэрэгтэй байна, чамд 10,000,000 төгрөг байна уу гэж асуухад байхгүй гэсэн. Ядаж, байгаагаа дөхүүлээд хий гэхэд 10,000,000 төгрөг хүрээгүй хийсэн. Би яг хэдийг хийснийг мэдэхгүй байна. ******* 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсад бууна, итгэхгүй бол онгоцноос намайг тосож аваад мөнгөө ав гээд баахан чат бичсэн. Яг маргааш гээд бүтэн 2 сар болсон. ... Бараа авах гээд байна, ирэх гэж байгаа охиноор мөнгөө хийлгүүлчих гэхээр нь шилжүүлсэн. ******* 10,000,000 төгрөг хүрэхгүй байна гэхээр нь байгаа мөнгийг явуулчих гэсэн. ...******* би чамд итгээд ийм мөнгө явуулчихлаа гэж хэлсэн. ******* 30,000,000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Би ломбардын бичгийг л харсан. гэх мэдүүлэг, /хх105, 107/
нэхэмжлэгчийн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Шинжан-Уйгар хот руу дагуулан явсан боловч тухайн үзэсгэлэн худалдаанаас ямар нэгэн бараа бүтээгдэхүүн худалдан авч өгөөгүй бөгөөд намайг хуурч, мэхэлж хохироосон болно. Монгол Улсад буцаж ирсний дараа барааны мөнгө болон бусад шилжүүлсэн мөнгө, мөн онгоцны тийзийн зардлыг буцаан шаардахад өнөө маргаашгүй өгнө гэж хугацаа хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн гэх тайлбар зэргээр нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг тодорхой хугацааны дараа буцаан төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.
6.1. Энэ үндэслэлээр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ бус, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.
6.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас 1,300,000 төгрөг буцаан авсан гэж тайлбарласан тул хариуцагчид шилжүүлсэн 21,950,000 төгрөгөөс хасаж, үлдэх 20,650,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
7. Харин нэхэмжлэгчийн БНХАУ-д байх хугацааны зочид буудал, замын зардал 6,000,000 төгрөг, нэхэмжлэгчид 1,600,000 төгрөгийг тус тус хариуцагч төлсөн гэж үзэж нэхэмжлэлээс 7,600,000 төгрөгийг хасаж тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийн зочид буудал, замын зардалд 6,000,000 төгрөг, эмнэлгийн зардал 2,269 юань, утасны дугаар сунгалтад 200 юань, хувцас худалдан авахад 1,222 юань, гэр бүлд нь бэлэг авахад 4,000 юань өгсөн болохыг баримтаар нотлоогүй.
Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх 7,600,000 төгрөгийг зээлийн төлбөрөөс хасаж тооцох үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангана.
8. Түүнчлэн, нэхэмжлэгч нь ломбардаас зээлсэн мөнгөө хариуцагчид шилжүүлсэн бөгөөд уг зээлийн хүү 3,200,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан зардал 2,500,000 төгрөг, онгоцны тийзний үнэ 1,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
8.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
8.2. Нэхэмжлэгчийн бусдаас зээл болон хууль зүйн туслалцаа авсан, БНХАУ-руу зорчсон үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй. Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул энэ талаарх гомдлыг хангахгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******гаас 20,650,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/02182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 20,650,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 192,550 гэснийг 261,200 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ч.БАТЧИМЭГ