| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2016/01218/и |
| Дугаар | 1072 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 1072
2016 оны 10 сарын 26 өдөр Дугаар 181/ШШ2016/01072 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 133 байр, 3-42 тоотод оршин суух, Зуут овогт Очирбатын Эрдэнэ-Очир /РД:ЗН81061012/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 26 байр, 46 тоотод оршин суух, Хунт тайж овогт Пэрэнлэйн Лхагва-Очир /РД:ТД81092318/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 56,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, хариуцагч П.Лхагва-Очир, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
П.Лхагва-Очир нь 2012 оны 8 дугаар сараас эхлэн Ханын материалд барилга барьж байгаа гэж итгүүлэн надаас мөнгө зээлж авсан. Зээлийг цувуулж авсан бөгөөд 1 ч удаа зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Би дансаар нийт 18,500,000 төгрөг, бэлнээр нийт 38,500,000 төгрөг шилжүүлж өгсөн. Зээлийг хүүгүй авахаар ярьсан бөгөөд 1 жилийн хугацаанд ажил гайгүй болохоор буцааж өгнө гэж тохирсон боловч явсаар өдийг хүрсэн ч 1 төгрөг ч буцааж өгөөгүй.
Иймд шилжүүлсэн 56,910,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би О.Эрдэнэ-Очирын “Сүүмийнх Бүрд” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд компанийн ерөнхий менежерээр сарын үндсэн цалин 800,000 төгрөг авахаар тохирч 2011 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд түүнээс мөнгө авахдаа хөдөлмөрийн гэрээний дагуу цалин хөлсөө л авсан.
Би түүнээс дансаар 15,000,000 авснаа зөвшөөрнө. Бэлнээр өгсөн гэх бусад мөнгө нь надад ажлын хөлс, хөдөлмөрийн хөлс гэж өгч байснаас биш би зээл аваагүй. Бид найз нөхөд гэдэг утгаараа цалингаа түүний дансаар, заримдаа бэлнээр авдаг байсан. Би цалингийн цэсэн дээр гарын үсэг зурж үзээгүй.
Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир нь хариуцагч П.Лхагва-Очироос зээлийн гэрээний үүрэгт 56,910,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан О.Эрдэнэ-Очирын Хаан банкны 5011256240 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар О.Эрдэнэ-Очир нь 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 11 удаагийн гүйлгээгээр П.Лхагва-Очирын 5007332546 тоот дансанд 14,990,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтад маргаагүй байна.
Нэхэмжлэгч энэ 14,990,000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрөхдөө хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлс гэх үндэслэлээр татгалзсан.
Нэхэмжлэгчээс 2012 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зээл гэж тэмдэглэсэн байдал болон хэрэгт зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах гэрээ авагдаагүй зэргээс үзвэл шүүх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Харин О.Эрдэнэ-Очирын хувь эзэмшдэг компанид хариуцагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан эсэх маргаан нь хувь хүмүүсийн хоорондох энэ маргаанд хамааралгүй тул шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзсэн болно.
Мөнгө буюу эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасанд үндэслэн зохигчдын хооронд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.
Хуульд зээлийн гэрээг заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлага тавигдаагүй тул шүүх зохигчдын хооронд амаар байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь нийт 56,910,000 төгрөгийн зээлийг хариуцагчид шилжүүлсэн гэж тайлбарлах боловч хэрэгт авагдсан баримтаар 14,990,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон, харин үлдэх 41,920,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэнийг нотлох баримтгүй, ийм үйл баримт нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч П.Лхагва-Очироос 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан “...О.Эрдэнэ-Очироос 50,000,000 төгрөг авч байсан тухай” гэх гар бичмэл бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүйн зэрэгцээ зээлийг шилжүүлэн авсныг нотлох мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан нотлох баримт болж чадахгүй байна.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбартай холбоотой нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байхад нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очир энэ үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй, 41,920,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлож чадахгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон 14,990,000 төгрөгийн зээлийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
Хариуцагч нь 2012 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгийг дансаар буцаан шилжүүлснээс өөр төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, буцааж төлөх хугацаа тогтоогоогүй энэ зээлийг нэхэмжлэгч буцаан шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргаснаас хойш Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д заасан хугацаа өнгөрсөн тул хариуцагч одоо 13,990,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч П.Лхагва-Очироос 13,990,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Эрдэнэ-Очирт олгож, түүний нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан П.Лхагва-Очироос 13,990,000 төгрөгийг гаргуулж О.Эрдэнэ-Очирт олгож, О.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА