Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00064

 

 

 

 

 

    2026          01            05                                         210/МА2026/00064                    

                                                                           

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/07469 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 62,643,326.78 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний улмаас учирсан хохирол 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

            1.1.*******тай 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр ******* аймгийн ******* сум, шалган нэвтрүүлэх заставын өргөтгөл, хилийн отряд шинээр байгуулах барилга угсралтын ажлын Уурын зуухны дулаан механик, Гадна дулаан 1 ээлж, Гадна цэвэр, бохир ус, Сувгийн хучилтын хавтан хийх ажлыг гүйцэтгэх, уг ажлын хөлсөнд 120,208,622.6 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон.

             1.2.Талууд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр талууд ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт үйлдэж, актаар гүйцэтгэлээр ажлыг тооцоход 96,029,374.10 төгрөг, үүнээс урьдчилгаа 36,000,000 төгрөг олгосон. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 4,801,468.7 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 55,227,905.39 төгрөгийг гэрээт компанийн дансанд шилжүүлж, гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн.

            1.3.Дээрх 55,227,905.39 төгрөгийг Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 3.7 дугаар зүйлд заасны дагуу талууд акт үйлдсэн өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлөх байсан боловч 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг нь шилжүүлсэн.

            1.4.Гэрээний 5.1-д захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрөөс 0,5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид олгохоор, 5.3-т заасан гүйцэтгэлийн баталгааны хугацаа 1 жил өнгөрсөн бол 5 хувийг буцаан төлөхөөр тус тус тохиролцсон.

            1.5.Иймд гэрээний үлдэгдэл төлбөр 30,227,905.39 төгрөг, гүйцэтгэлийн баталгаа 4,801,468.7 төгрөг, алданги 27,613,952.69 төгрөг, нийт 62,643,326.78 гаргуулж өгнө үү гэжээ.

            1.6.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Захиалагч нь ажил гүйцэтгэх явцад хяналт тавьж, гэрээний зүйл буюу үр дүнг захиалагчийн мэргэжлийн хүмүүс нь шалгаж, актаар хүлээн авсан, дараа нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр товч болон дэлгэрэнгүй зураг хөрөгтэй актаар хүлээн авсан. Үүнээс хойш гүйцэтгэгч “*******” ХХК-д ажлын үр дүнгийн доголдлын талаар ямар ч шаардлага тавьж байгаагүй болно.

            Иймд хариуцагч *******йн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

            2.1.Талуудын хооронд байгуулагдсан гэрээг дүгнээд, үлдэгдэл санхүүжилтийг олгоно гэж тохирсон байгаа боловч хүлээж авсан ажлын тоо хэмжээ, ажлын үр дүнд доголдол гарсан. Энэ доголдлыг хэрхэн засварлах асуудал үүссэн. Тухайн үед актад дутуу хийсэн ажлуудыг оруулах талаар хэлж байсан ч  оруулаагүй.

            2.2.Гүйцэтгэлийн хувьд дутуу байна, гэрээ дүгнэсэн актад ч барилгын зураг өөрчлөгдсөн байна, энэ асуудлуудаа цэгцэлсний дараа үлдэгдэл яг хэдэн төгрөг байхыг тооцох талаар хэлсэн боловч тооцоо нийлээгүй.

            2.3.Гэрээгээр хийж гүйцэтгээгүй ажилд алданги төлөх боломжгүй.

            2.4.Ажлын гүйцэтгэл дутуу, цаг хугацааны хувьд манай ажилд хүндрэл учруулсан. Нэхэмжлэгчийн дутуу гүйцэтгэсэн дулаан механикийн ажил, зураг өөрчлөгдсөн ажлуудыг гэдэг хүнээр хийлгүүлж, төсөвлөгдөөгүй 27,777,777.77 төгрөгийн зардал гарч, хохирсон.

            Иймд “*******” ХХК-иас хийж гүйцэтгээгүй ажил, гэрээний улмаас учирсан хохирол болох 27,777,777.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******ас 51,654,721 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,988,605.78 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352 дугаар зүйлийн 352.4, 353 дугаар зүйлийн 353.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-иас 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******йн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,167 төгрөг, хариуцагч *******йн сөрөг нэхэмжлэлд төлсөн 296,838.88 төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******ас 416,223.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            4.1.Талуудын хооронд хийгдсэн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГДА-АГГ26/22 "Гэрээ дүгнэсэн акт"-аар тухайн ажлын гүйцэтгэлийн талаар дүгнэж, үр дүнг фото зургаар баталгаажуулсан боловч дутуу хийгдсэн ажил буюу "... шаардлага гарсан үед болон засвар өөрчлөлт гарсан үед гүйцэтгэхээр тохирсон худгийн асуудал шийдэгдсэний дараа цэвэр усны нөөцийн савыг угсрах, хөрөнгө шийдэгдсэний дараа ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тавих ..." гэх зарим дутуу хийгдсэн ажлыг гүйцэтгэхээр гүйцэтгэгч тал илэрхийлсэн.

            4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид өөрсдийн шаардлага, татгалзлаа өөрсдөө нотлох үүргийн дагуу хариуцагч талаас "*******" ХХК-ийн дутуу орихсон ажлыг хийх зайлшгүй шаардлагаар иргэн тэй байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, санхүүгийн тооцооллууд, бусад баримтууд болон ийг шүүх хуралд гэрчээр оролцуулж, болсон үйл явдлын талаар маш тодорхой мэдүүлж, хариуцагчийн төлөөлөгч ******* нь тухайн ажилд хяналт тавьж байсан инженерийн хувьд ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар ч дэлгэрэнгүй тайлбарлаж, гүйцэтгэгч "*******" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагч *******ас дахин 27,777,777,77 төгрөгийн нэмэлт зардлыг гаргаж, дутуу ажлуудыг хийж гүйцэтгэсэн нөхцөл байдал байхад шүүх нь дээрх баримтуудыг хэрхэн үгүйсгэж, няцааж байгаагаа тодорхой дүгнээгүй. Иргэний хуулийн холбогдох заалтаас иш татсан төдийхнөөр дүгнэсэн нь шүүхийн шийдвэр "хууль ёсны, үндэслэл бүхий" байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

            Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь ханагж өгнө үү гэжээ.

 

            5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            5.1.Гэрээгээр ажил гүйцэтгэхээр тохиролцсон ба талууд акт үйлдсэн. Эрх бүхий этгээдүүд шалгаж хүлээж авсан ба 2 удаагийн сорилт туршилт хийсэн актууд байгаа. Эцсийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ерөнхий болон дэлгэрэнгүй гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

            Ерөнхий акт дээр гэрээний дагуу нийт гүйцэтгэх ажил нь 120,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байхаар тохирсон ба ажлын гүйцэтгэлээ 96,000,000 төгрөгөөр талууд тохиролцож, тус үнийн дүнгээс урьдчилгаа төлбөрийг хасаж, 55,000,000 төгрөгийг төлөх байдлаар акт үйлдсэн.

            5.2.Дэлгэрэнгүй акт дээр дурдсан 2 зүйлийг дутуу гүйцэтгэсэн гэж хариуцагч тал дурдсан. Энэ нь худгийн асуудал шийдэгдсэний дараа цэвэр усны нөөцийн савыг угсрах, хөрөнгө шийдэгдсэний дараа ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тавих буюу угсрах төхөөрөмжийг тавих асуудал юм. Энэ ажил нь тодорхой нөхцөл биелэгдсэний дараа хийгдэх ёстой. Гэтэл тухайн нөхцөл нь биелэгдээгүй бөгөөд нөхцөл биелэгдсэн тул төхөөрөмж угсарч өгнө үү гэх шаардлагыг утсаар болон бичгээр ямар ч байдлаар тавьж байгаагүй. Хариуцагч буюу захиалагчаас шалтгаалах нөхцөл биелэгдсэний дараа хөрөнгө санхүүжилт, тоног төхөөрөмж бэлэн болоогүй байгаа асуудлыг "*******" ХХК гүйцэтгэх боломжгүй.

            5.3.Доголдолтой ажил гүйцэтгэсэнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Актаар хүлээн авсан ажлаа дахин өөрчлүүлж, гэрээ байгуулж акт үйлдсэн байдаг ба үүнийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнтэй холбоотой чухал баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд бид бодитоор хийгдсэн эсэхэд нь итгэхгүй байгаа. Хариуцагч тал 27,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг тохирсон гэх боловч нэг төгрөг төлсөн баримт хэрэгт гаргаж өгөөгүй.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 62,643,326.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний улмаас учирсан хохирол 27,777,777.77 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

            3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

            3.1.“*******” ХХК болон *******йн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь ******* аймаг, ******* сум, шалган нэвтрүүлэх заставын өргөтгөл, хилийн отряд шинээр байгуулах барилга угсралтын ажлын уурын зуухны дулаан механик, гадна дулаан 1 ээлж, гадна цэвэр, бохир ус, сувгийн хучилтын хавтан хийх ажлыг гүйцэтгэн, 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх, ******* нь ажлын хөлсөд нийт 120,208,622.6 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон.

            3.1.1.******* нь гэрээт ажлын урьдчилгаанд 36,000,000 төгрөг, дулаан механик /уурын зуухны барилга/ ажилд 19,833,567 төгрөгийг төсвийн гүйцэтгэлээр дүнг тооцож олгохоор, гадна дулаан 1 ээлжийн ажилд 75,736,999 төгрөг төсвийн гүйцэтгэлээр дүнг тооцож олгохоор, гадна цэвэр бохир усны ажилд 7,000,000 төгрөг төсвийн гүйцэтгэлээр дүнг тооцож олгохоор, сувгийн хучилтын хавтангийн ажилд 6,710,000 төгрөг материалын зардлыг 20 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон.

            3.2.Дээрх гэрээний дагуу хариуцагч байгууллагаас 36,000,000 төгрөгийг урьдчилгаанд, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 61,000,000 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй.

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            4.Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх талаар талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг анхан шатны шүүх зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Үүнд:

            4.1.Гэрээний талууд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ГДА-АГГ26/22 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар гүйцэтгэгч “*******” ХХК нь гэрээний биелэлтийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, гүйцэтгэгчтэй 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан №АГГ-26/22 дугаартай гэрээгээр Хилийн анги шинээр байгуулах ангийн уурын зуух, гадна дулаан, цэвэр, бохир усны шугамын ажлын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хийгдэж дууссан тул гэрээт ажлыг дүгнэхэд дулаан механикийн ажил 100 хувь, гадна дулааны 1 ээлж 72,5 хувь, гадна цэвэр бохир усны ажил 83.4 хувь, сувгийн хавтан хучилтын ажил 100 хувь тус тус хийгдсэн. Гүйцэтгэлээр ажлыг тооцоход 96,029,374.10 төгрөг үүнээс урьдчилгаа 36,000,000 төгрөг олгосон. Гүйцэтгэлийн баталгаа 5 хувь 4,801,468.7 төгрөгийг хасаж, үлдэгдэл төлбөр 55,227,905.39 төгрөгийг гэрээт компанийн дансанд шилжүүлж, гэрээт дуусгавар болгож шийдвэрлэсэн гэжээ.

            4.2.Дээрх гэрээ дүгнэсэн актын хавсралтаар Дулааны механик /уурын зуухын барилга/ 19,833,567 төгрөг, ажлын гүйцэтгэлээр тооцов, гадна дулаан 1 ээлж 54,918,600 төгрөг, ажлын гүйцэтгэлээр дүнг тооцов, гадна цэвэр, бохир ус 5,837,264 төгрөг, ажлын гүйцэтгэлээр дүнг тооцов, сувгийн хучилтын хавтан 6,710,000 төгрөгийг материалын зардлыг 20 хувиар тооцов, нийт дүн 87,299,431 төгрөг, НӨАТ 10 хувь буюу 8,729,94310 төгрөг, нийт  96,029,374.10 төгрөг гэж тодорхойлж, гэрээний дүнг батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэлээр олгохоор,

            “туслан гүйцэтгэгч “*******” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд шаардлага гарсан үед болон засвар өөрчлөлт гарсан үед хийж гүйцэтгэхээр тохирсон. Худгийн асуудал шийдэгдсэний дараа цэвэр усны нөөцийн савыг угсрах, хөрөнгө шийдэгдсэний дараа ус цэвэршүүлэх төхөөрөмжийг тавьж өгнө. Ажлын гүйцэтгэлийн обьём хэмжээг шалгаж гүйцэтгэл бичсэн цалингийн нэгтгэлийг хавсаргав. Гэрээний гүйцэтгэлийн 96,029,374.10 төгрөг болно. Уг обьект ашиглалтанд орж улсын комисс хүлээж авснаас хойш баталгаат хугацаа 1 жил гүйцэтгэлийн баталгаа болох үнийн дүнгийн 5 хувь /4,801,468 төгрөг/-ийн авч үлдсэн санхүүжилтийг хийх нь зүйтэй гэж үзлээ” гээд гэрээний 2.7-д зааснаар хариуцагч *******йн захирагчийн орлогч С.Нэргүйбаатар, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* нар гарын үсэг зурж баталгаажуулснаар ажлыг бүрэн дууссанд тооцжээ.

            4.3.Түүнчлэн, гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн актаар ажлыг хүлээлцэж, гадна дулаан ГЦУ системийн угсралтыг чанарын сайн дүнтэй болсон гэж,

            Халаалтын тогоо, түүний тоног төхөөрөмжүүдийг угсарсан сорилтоор шалгасан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн актаар усан халаалтын тогоо, ялтсан бойлер холболт нь сайн дүнтэй болсон гэж гүйцэтгэгчийн инженер *******, зохиогчийн хяналт гүйцэтгэгч , захиалагчийг төлөөлж , даамал ******* нар хүлээлцэж, гарын үсэг зурж баталгаажуулж байжээ.

            4.4.Анхан шатны шүүх дээрх актуудыг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг биет байдлын доголдолгүй хийж хүлээлгэж өгсөн, хариуцагч нь ажлыг хүлээж авч нийт 96,029,374.10 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байх тул үлдэгдэл ажлын хөлс 30,227,905.39 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүйгээс гадна Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

            Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хийж гүйцэтгэх ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй, дутуу хийснээс ажлыг хүлээлцээгүй, гэрээг сунгаж биет байдлын доголдолтой байсан ажлыг 2023 оны 02 дугаар улиралд хийхээр тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой дутуу бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй боловч хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргаж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагч талын “дутуу хийж гүйцэтгэсэн ажлуудын зөрчлийг арилгуулахаар удаа дараа шаардсан” гэх тайлбар, татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Мөн нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар гуравдагч этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил нь нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн ажлын доголдлыг арилгасан гэх байдал тогтоогдоогүй тул хохиролд 27,777,777.77 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Энэ талаарх хариуцагч талын гомдол хангагдахгүй.

           

            5.Гэрээний 5.1-д “захиалагч нь төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нөхцөлд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрөөс 0,5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид олгоно” гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

            Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг дээрх хуульд зааснаар шаардах эрхтэй.

            5.1.Хариуцагч нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тогтоосон хугацаа болох 110 өдрөөр тооцож, алдангийг 16,625,347.20 төгрөгөөр тодорхойлсныг буруутгахгүй.

            Мөн гэрээний 2.3-т зааснаар гүйцэтгэлийн чанар, аюулгүй байдлын баталгаа гаргах 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул гүйцэтгэсэн ажлын хөлс 96,029,374.10 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааны 5 хувь болох 4,801,468.7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

 

6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/07469 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Хилийн цэрэг 0119 ангиас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 713,063/296,839+416,224/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                          Б.АЗБАЯР