Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 101/2017/00246/и |
Дугаар | 001/ХТ2018/00246 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2018/00246
Ц.Бын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02520 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2217 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Э.Уод холбогдох
282.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Батжаргал, хариуцагчийн төлөөлөгч С.Цацралтуяа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Утой Хан-Уул дүүрэг, Могул таун 1В байрны 104 тоот хаягт байрлах 127 м.кв орон сууцыг ГГ2-05 тоот авто зогсоолын хамт 266 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон 2014-12-23-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ, №7734 тоот хэлцэл байгуулж, орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн. Э.У 2014-12- 23-ны өдрийн 7734 тоот хэлцлийн дагуу урьдчилгаа төлбөр болох 76 700 000 төгрөг шилжүүлэх, 2015оны 07 дугаар сарын дотор үлдэгдэл 190сая төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохирч, 2014-12-23-ны өдөр 43 700 000 төгрөг, 34 сая төгрөгт Соната-7 загварын авто машиныг тооцож өгсөн. Гэтэл Соната-7 загварын машин тохиролцсон үнэд хүрэхгүй, зарагдахгүй байсан тул хариуцагчид энэ талаар мэдэгдэхэд тэрээр 20 сая төгрөгөөр тооцон зарахыг зөвшөөрч 2015 оны 04 сард бусдад зарж борлуулсан. Э.У хэлцэл байгуулсны дараа орон сууцанд орж өнөөдрийг хүртэл буюу 26 сарын турш эзэмшиж, ашиглаж амьдарч байна. Орон сууц, гараашийн үлдэгдэл төлбөр 203 сая төгрөгөөс 2015-01-28-ны өдөр 4 сая төгрөг, 2015-03- 26-ны өдөр 2 сая төгрөг, 2015-04-21-ний өдөр 5 сая төгрөг, 2015-06-04-ний өдөр 4 сая төгрөг нийт 15 сая төгрөгийг шилжүүлж, өөр төлбөр төлөөгүй. Иймд үлдэгдэл төлбөр 188 000 00 төгрөг, 2014-12-23-ны өдрийн хэлцэл №7734-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 94сая төгрөг нийт 282сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбарт: Ц.Б нь “Могул Скай” ХХК-тай 2014-08-01-ний өдөр 1В/04 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Могул таун хотхоны 1В байрны 104 тоот орон сууц болон ГГ2-05 тоот авто зогсоолыг захиалсан байсан. Уг гэрээний дагуу Э.Утой 2014-12- 23-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж орон сууцыг, авто зогсоолын хамт нийт 266 700 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон юм. Ийнхүү гэрээ байгуулсан өдөр мөнгө хүлээлцсэн тухай №7734 дугаар хэлцлээр 76 700 000 төгрөгийг Ц.Бод бэлэн хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөөс 15 сая төгрөгийг тогтоосон хугацаанд шилжүүлж, 91 700 000 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 34.4% төлсөн. Э.У гэрээний үлдэгдэл төлбөрийг хэлцлээр харилцан тохирсны дагуу арилжааны аль нэг банкны зээлд хамрагдаж төлөхөөр байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүйн улмаас зээл авах боломжгүй болсон. Хэрэгт авагдсан маргаан бүхий Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Могул Таун” хотхоны барилгыг улсын комисст хүлээн авах тухай акт, улсын бүртгэлд бүхэлдээ эсхүл хэсэгчлэн бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон эсэх, барилгыг гүйцэтгэлийн хувь хэмжээгээр бусдад зээлийн барьцаанд бариулсан эсэх, барьцаанаас чөлөөлөгдсөн эсэх талаарх лавлагаа, бичгийн нотлох баримтуудаас харахад 2016 оны 08 дугаар сараас иргэдэд үл хөдлөх өмчийн гэрчилгээ хэсэгчлэн олгож эхэлсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх барилгыг бүхэлд нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн албан бичигтэй танилцсан. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд худалдагч Ц.Б нь 2014-12- 23-ны өдрийн №7734 тоот хэлцэлд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл cap бүрийн төлбөрөө төлөх ба үлдэгдэл төлбөрийг банкны зээлээр төлөхөөр тохиролцов” гэж заасны дагуу худалдан авагч Э.Уыг банкны зээлд хамрагдаж, үлдэгдэл төлбөр тооцоог төлөх боломж нөхцөлөөр хангаагүй нь ойлгомжтой байна. Э.У Ц.Боос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шаардаж байсан ба гэрчилгээ гарахгүй байснаас үнийн үлдэгдэл төлбөрөөс хасахаар тохирч бичгээр үйлдэгдсэн “Э.У миний бие Ц.Боос Могул таун хотхоны 97 дугаар байрны 104 тоот байрыг худалдан авсан бөгөөд үлдэгдэл 175сая төгрөгөөс гараашны үнэ болох 25сая төгрөгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хасч, 150сая төгрөгийн үлдэгдэлтэй болохыг харилцан тохиролцов” гэх баримтаас дүгнэх боломжтой болно. Ц.Б орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нийт 282сая төгрөгийг Э.Уоос гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй Ц.Б биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч Э.Уын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Э.Уын буруугаас гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа мэтээр нэхэмжлэлийг тайлбарлаж байгаа нь буруу тул шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02520 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Э.Уоос 225сая төгрөг гаргуулж Ц.Бод олгож, нэхэмжлэлээс 57 сая төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид Ц.Бын төлсөн 300.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 1 267 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Э.Уоос 1 282 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2217 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “225 000 000” гэснийг “150 000 000” гэж, “57 000 000” гэснийг “132 000 000” гэж, 2 дахь заалтын “1 282 950” гэснийг “907 950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдолдоо: Ц.Б 2014-07-31-ний өдөр Хан-Уул дүүрэг, “Могул таун” хотхоны 1В байрны 104 тоот хаягт байрлах 127 м.кв орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолыг “Эрх шилжүүлэх” гурвалсан гэрээний дагуу худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг Э.У 266.700.000 төгрөгөөр худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж Ц.Бтой 2014-12- 23-ны өдөр 7734 тоот мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл, “Могул скай” ХХК, нэхэмжлэгч Ц.Б нартай “Эрх шилжүүлэх” гурвалсан гэрээг байгуулж тухайн өдрөө орон сууц, зогсоолыг хүлээн авсан. 2014-12-23-ны өдөр 7734 тоот мөнгө хүлээлцсэн тухай хэлцлийн дагуу хариуцагч Э.У нь 2014-12- 23-ны өдөр 43.700.000 төгрөг, Соната-7 загварын авто машиныг 33 сая төгрөгт тооцож нийт 76.700.000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 06 дугаар сарын хооронд 15сая төгрөгийг нэхэмжлэгчид төлж үлдэгдэл 175сая төгрөгийг 2015 оны 07 дугаар сард багтаан төлж барагдуулахаар тохиролцсон. Ц.Б нь 7734 тоот хэлцлээр Э.Уод өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцан гаргах үүрэг хүлээгээгүй, гэрчилгээ гаргах эрх бүхий этгээд биш юм. Төлбөрийг бүрэн төлсөн орон сууц захиалагчийн эдлэх эрх, үүргээ “Эрх шилжүүлэх” гурвалсан гэрээний дагуу хариуцагчид шилжүүлэн өгснөөр орон сууц, зогсоол зэрэгтэй ямар нэгэн хамааралгүй болсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Э.У нь 2014-12-23-ны өдөр 7734 тоот хэлцлийг байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдох нь түр хугацаагаар хойшлогдож байгаа нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Иймээс гэрчилгээ гарах хүртэл сар бүр 3сая төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Ц.Б нь хариуцагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Э.У хүлээсэн үүрэгтээ үнэнч шударгаар хандаагүй, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлснээс гадна 7734 тоот хэлцлийн дагуу үүрэг гүйцэтгэхээс огт татгалзаагүй, татгалзсан талаараа шүүхэд огт хандаагүй.Гэтэл шүүх Иргэний хуулийн 209.1-р үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 758 дугаар албан бичиг \хх-66\, “Могул скай” ХХК-ийн 2017 оны 17/70 тайлбар \хх-104-105\, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын 2016 оны 1\1546 дугаар албан тоот болон түүний хавсралт \хх-116-117\ зэрэг нотлох баримтаар орон сууц 2016-08- 17-ны өдрөөс барьцаанаас чөлөөлөгдөж, гэрчилгээ олгох боломжтой болсон нь нотлогдсон. Э.У үүргээ гүйцэтгэх, биелүүлэх талаар огт санал санаачлаг гаргаагүй, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээр Иргэний хуулийн 232.6-д зааснаар алданги төлөх үүрэг үүссэн байхад давж заалдах шатны шүүх алданги шаардах эрхгүй гэж үзсэн нь буруу. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ц.Б нь 2017-03-24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, У.Улсболдоос 282.000.000 төгрөг шаардахдаа “...Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Могул таун 1В байрны 104 тоот орон сууцыг ГГ2-05 тоот авто зогсоолын хамт нийт 266 700 000 төгрөгөөр худалдаж, 78.700.000 төгрөгийг хүлээн авч, үлдэх 188 000 00 төгрөгийг аваагүй тул алданги 94.000.000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү...”гэсэн үндэслэл заажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 225.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх 57.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “...хариуцагч худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрт 150.000.000 төгрөг, алданги 75.000.000 төгрөг төлөх үүрэгтэй байна...” гэсэн дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, “...нэхэмжлэгч эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй...” гэж үзжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “... өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдох асуудал хойшлогдож буй шалтгааныг хариуцагч мэдэж байсан тул эд хөрөнгийг эрхийн зөрчилтэй гэж үзэхгүй...2016-08-17-ны өдрөөс орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгүүлэн авах боломж худалдан авагчид байсан нь тогтоогдсон ...” гэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Ц.Б Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, “Могул таун” хотхоны 1В байрны 104 тоотын 127 м.кв талбай бүхий орон сууц, ГГ2-05 тоот авто зогсоолыг захиалан бариулж төлбөрийг бүрэн төлсөн боловч 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хэлцлийн дагуу эдгээр эд хөрөнгийг Э.Уод нийт 266.700.000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон, орон сууцыг хариуцагч хүлээн авч амьдарч байгаа, Э.У худалдан авсан эд хөрөнгийнхөө үнийг төлөөгүйгээс маргаан үүссэн үйл баримт тогтоогджээ.
Талууд ГГ2-05 тоот авто зогсоолыг худалдах-худалдан авахаас татгалзаж, улмаар төлбөрөөс авто зогсоолын үнэ 25.000.000 төгрөг хасахаар тохиролцсон нь нотлогдсон гэж шүүх үзсэнийг, мөн “...авто зогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх гэрээ хийхэд хариуцагч татгалзаагүй...” талаар шийдвэрт дурдсаныг буруутгах үндэслэлгүй байна.
ГГ2-05 тоот авто зогсоолыг буцаахаар зохигчид харилцан тохиролцож, төлбөрөөс 25.000.000 төгрөг хассан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр шүүх зөвхөн “Могул таун” хотхоны 1В байрны 104 тоот орон сууцны төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн, энэ талаар зохигчдын хэн аль гомдол гаргаагүй тул энэ хэмжээнд буюу орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний харилцаатай холбоотой маргааны талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.
2. Ц.Б Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, “Могул таун” хотхоны 1В байрны 104 тоотыг худалдахаар хариуцагчтай тохиролцсоны дагуу орон сууцыг Э.У хүлээн авсан байх тул зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч орон сууцны үнээс 150.000.000 төгрөг төлөх үлдэгдэлтэй /хх 13/ нь нотлогдсон, шүүх уг мөнгийг Э.Уоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
3. Маргааны зүйл болсон орон сууцыг хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өөрийн өмчлөлд бүртгүүлж авах боломжтой байсан нь тогтоогдсон, талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон байхад давж заалдах шатны шүүх “..хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй...” гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй тул энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгоно.
Анхан шатны шүүх анзтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч алдангийн хэмжээг 0.5 %-иар тооцсон нь дутагдалтай болжээ.
Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгож 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” /хх 32/ болон “хэлцэл 7734” /хх 5/ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээрт төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй бол хоног тутам алданги төлөхөөр талууд тохиролцсон, Э.У гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу тохирсон хугацаандаа орон сууцны үнийг төлөөгүй нь тогтоогдож байгаа тул Ц.Б алданги шаардах эрхтэй юм.
Харин 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ний 3.2.3-т алдангийн хэмжээг 0.1 хувь гэж, “хэлцэл 7734”-д 0.5 хувь гэж тохиролцсон хэдийч нэхэмжлэгч нь аль баримтаар алдангийн хэмжээг тодорхойлсноо шүүхэд тайлбарлаагүй байна.
Иймд хариуцагчаас гаргуулах алдангийг хоног тутам 0.1%-иар 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс Ц.Б шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл хугацаагаар тооцож, нийт 27.000.000 төгрөг алдангид гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-г зөрчихгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр, Э.Уоос орон сууцны үлдэгдэл төлбөр 150.000.000 төгрөг, алданги 27.000.000 төгрөг нийт 177.000.000 төгрөг гаргуулах өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2217 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/02520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...225.000.000 төгрөг...” гэснийг “...177.000.000 төгрөг...” гэж., “...57.000.000 төгрөг...” гэснийг “...105.000.000 төгрөг...” гэж., 2 дахь заалтын “...1.282.950 төгрөг...” гэснийг “...1.042.950...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 270.000 төгрөгийг захирамжаар Ц.Бод буцааж олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ