| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 106/2016/0264/э |
| Дугаар | 506 |
| Огноо | 2017-07-04 |
| Зүйл хэсэг | 192.1., |
| Улсын яллагч | Д.Дашмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 506
А.Хүрэлтулга, М.Ширчин нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Дашмаа,
ялтан А.Хүрэлтулгын өмгөөлөгч Б.Батбаяр,
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан А.Хүрэлтулгын өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор А.Хүрэлтулга, М.Ширчин нарт холбогдох 201701000050 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Барга овогт Алтанхуягийн Хүрэлтулга, 1997 оны 3 дугаар сарын 6-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 30 дугаар гудамжны 295 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 29 дүгээр гудамжны 327 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД: УИ97030639;
Хар бүргэд овогт Мөнхзаяагийн Ширчин, 1996 оны 12 дугаар сарын 2-нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, товчооны 2 дугаар гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 9-9 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, РД: УШ96120211;
А.Хүрэлтулга нь М.Ширчинтэй бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал, гялгар уутны хамт 16.4 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн задгайд өөрийн эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан,
М.Ширчин нь А.Хүрэлтулгатай бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамал, гялгар уутны хамт 16.4 граммыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн задгайд А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: А.Хүрэлтулга, М.Ширчин нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Барга овогт Алтанхуягийн Хүрэлтулга, Хар бүргэд овогт Мөнхзаяагийн Ширчин нарыг мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарыг тус бүр 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарт оногдуулсан 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлж, А.Хүрэлтулга, М.Ширчин нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын А.Хүрэлтулгын эзэмшлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн тагтай дотроо шингэн зүйлтэй, хажуу талд нь нүхэлж 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж соруул мэт болгож хийсэн Бонго гэх зүйл, 10.5х14 см харьцаатай дугтуйтай, хуйлж тогоо мэт болгосон дотор талдаа харлаж бохирлогдсон тугалган цаас, 10.5х14 см харьцаатай цагаан өнгийн дугтуйтай 13.6 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.Хүрэлтулга, М.Ширчин нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга
хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын
19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Ялтан А.Хүрэлтулгын өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 200 дугаар шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт ...хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд ...мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх ургамлыг ...А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь тогтоогдсон гэх дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Учир нь хавтас хэрэгт авагдсан бүхий л нотлох баримт, яллах дүгнэлтэд бичигдсэн болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаас үзэхэд А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрхэн олж авсан талаар хоёр шүүгдэгчийн мэдүүлгүүдээс өөрөөр тогтоогдсон нотлох баримт хавтас хэрэгт байхгүй. Шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээж, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг Төрөө гэх этгээд өөрсдөд нь өгсөн болохыг мэдүүлдэг. Тухайлбал шүүгдэгч А.Хүрэлтулгын мэдүүлэгт “...Ширчингийн найз Ану гэх охиныг хүлээгээд зогсож байхад дэлгүүрээс зүс таних Төрөө гэж залуу гарч ирээд Ширчин бид хоёртой мэндэлсэн... Төрөө удалгүй найз нь ажилтай болчихлоо гээд явахдаа Ширчинд гялгар ууттай юм өгөөд явсан...” гэжээ. Мөн М.Ширчингийн мэдүүлэгт “...Ануг хүлээгээд зогсож байхад зүс таних Төрөө гэх залуу хажуу талын хүнсний дэлгүүрээс гарч ирээд зогсож байснаа А.Хүрэлтулга бид хоёрыг таниад хүрээд ирсэн... Төрөөтэй мэнд мэдээд ойр зуурын юм яриад зогсож байхад надад гялгар ууттай нунтаг ногоон өнгийн ургамал өгөөд явсан” гэжээ. Улмаар шүүгдэгч нарын мэдүүлгээр тэд тэр даруй тухайн ургамал мэт зүйлийг хэрэглэж үзэхээр болж интернэтээс хэрхэн хэрэглэдэг тухай хайж судлаад машин дотроо хэрэглээд сууж байхад нь цагдаагийн албан хаагч нар саатуулсан гэжээ. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар ч ийм үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар тухайн ургамлыг олж авсан даруй хэрэглэж байгаад цагдаагийн албан хаагч нарт саатуулагдсан байдаг.
Дээрх байдлаас дүгнэхэд М.Ширчин, А.Хүрэлтулга нар нь А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа юм. Шүүгдэгч нар тэрхүү мансууруулах бодисыг олж авсан талаар маргаагүй боловч, 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгсэлд тухайн бодисоо хадгалсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэснийг анхан шатны шүүх зөрчиж шүүгдэгч нарын тухайн бодисоо хэрэглэж байгаад цагдаад баривчлагдах үедээ унаж явсан тээврийн хэрэгсэлдээ тухайн бодисыг хадгалсан хэмээн буруутгасан байна.
2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг ашигласан байх тул тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.
Нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нар тээврийн хэрэгсэлд тухайн бодисуудыг хадгалах идэвхтэй үйлдэл огт гаргаагүй байна. Шүүгдэгч нар хэрвээ гэртээ тухайн зүйлийг хэрэглэсэн бол орон гэр, байр сууцыг улсын орлого болгохгүй билээ. Шүүхийн шийдвэрийн албан ёсны сайтаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар гарсан шийтгэх тогтоолуудыг уншиж үзэхэд тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэж байсан газрыг, тээврийн хэрэгсэл, байр орон сууц, бусад аливаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг улсын орлого болгохоор шийдвэрлээгүй байна. А.Хүрэлтулгын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуультай нийцэхгүй төдийгүй шударга, энэрэнгүй ёсны зарчимд харшилна гэж үзэж байна.
А.Хүрэлтулгын аав Алтанхуяг 2015 онд цус харвах өвчний улмаас байнгын асаргаанд орсон тул хүү А Хүрэлтулгад ажил амьдралаа залгуулдаг унаагаа шилжүүлсэн байдаг. А.Хүрэлтулгын ээж нь ажил эрхэлдэггүй нөхрөө асардаг бөгөөд А.Хүрэлтулга тухайн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж аж амьдралдаа тусалдаг байсан. А.Хүрэлтулга нь эцэг эхийн хамт амьдардаг бөгөөд ам бүл 3 билээ. Өөрөөр хэлбэл Гэр бүлийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу гэр бүлийн хамтын өмч, дундын өмчийн зүйлийг шууд улсын орлого болгосон нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хохироосон нь үндэслэлгүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаар тогтоолын 7 дахь хэсэгт “Мөн зүйл, хэсгийн гэмт хэрэг үйлдэхэд “хэрэглэсэн тээврийн болон бусад хэрэгсэл” гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүх төрлийн тээврийн хэрэгсэл, гэмт үйлдлээ хялбар болгох, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учирч болох саадыг арилгахын тулд ашигласан төрөл бүрийн тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай буюу түргэн хордуулах бодисууд, хориотой үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл, барилга байгууламж зэргийг хамааруулна” гэж тайлбарласан бөгөөд А.Хүрэлтулга, М.Ширчин нар тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор А.Хүрэлтулга эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг хэрэглэсэн гэх нотлох баримтгүй бөгөөд ийнхүү дүгнэх нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2 дахь хэсэгт “Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүй ба бусад шүүгдэгчийн талаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр бүх шүүгдэгчийн хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийг хянуулахдаа эд хөрөнгө хураан улсын орлого болгосон шийдвэр нь хуулийн болон бодит үндэслэлгүй болсон талаар дүгнэлт хийлгэх шаардлагатай байна. Иймээс Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Прокурор Д.Дашмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Хүрэлтулга, М.Ширчин нар нь дээрх бодисыг олж авахдаа, олж авсны дараа хэрэглэхдээ 52-29 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь А.Хүрэлтулгын эзэмшлийнх болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон. Ийм 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэж үзэж, хураан авч улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
А.Хүрэлтулга, М.Ширчинтэй нар нь бүлэглэн 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 16.4 грамм ургамал борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунд нарангийн задгайд А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаагийн дэслэгч Б.Дашнямын машинд мансуурсан байдалтай байсан М.Ширчин, А.Хүрэлтулга нарыг илрүүлсэн талаарх илтгэх хуудас /1-р хх-ийн 5 тал/,
“...автомашины жолоочийн эсрэг талын хаалгыг нээхэд зорчигчийн суудал дээр цэнхэр өнгийн өвлийн куртка, түүний урд тугалган цаасаар бэлдэж хэрэглэсэн юүлүүр хэлбэртэй хэрэгсэл байхыг “В” гэж дугаарлаж, суудлын доод саарал өнгийн шалавч дээр цэнхэр цагаан өнгийн гялгар уут, таггүй бөөрөн дээрээ 2 ширхэг цоорхойтой, дотроо шаргал өнгийн шингэн зүйл бүхий хуванцар сав, түүний нэг цооронхойд суурилуулсан гуурс мөн ногоон өнгийн хурц үнэртэй нунтаглан тарж байрласан өвсөрхөг зүйл байсныг “С” үсгээр дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн, эд мөрийн баримтаар хураан авав...” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 6-10 тал/,
“...А.Хүрэлтулгаас 1 ширхэг тунгалаг ууттай ногоон өнгийн хурц үнэртэй нунтаглан тарж байрласан өвсөрхөг зүйл, 1 ширхэг тугалган цаасаар бэлдэж хэрэглэсэн юүлүүр хэлбэртэй хэрэгсэл, 1 ширхэг таггүй, бөөрөн дээрээ 2 ширхэг цоорхойтой, 1 цоорхойд нь гуурс суурилуулсан, дотроо шаргал өнгийн шингэн зүйл бүхий хуванцар сав зэргийг тус тус хураан авав...” гэсэн Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, хураагдсан эд зүйлийг бэхжүүлсэн авсан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-25 тал/,
Хэргийн газраас хураан авсан эд зүйлийг хүлээн авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 32-36 тал/,
Цагдаагийн Ерөнхий газрын мэдээллийн нэгдсэн системийн хайлт, лавлагаа хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 43 тал/,
А.Хүрэлтулга, М.Ширчин нарын гэмт хэрэг хэрхэн үйлдсэн талаарх мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 57-58 тал/,
“...бонго гэх зүйл, бохирлогдсон тугалган цаас, 13,6 грамм ногоон өнгийн ургамал зэрэгт үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргахаар тогтов...” гэх эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 98-99 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 2000 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь гялгар уутны хамт 7,2699 грамм, тугалган цаас нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон, ZN3838247 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт нь хар өнгийн зүйлээр бохирлогдсон, улаан өнгийн тагтай хуванцар савтай шингэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, ZN3838247 серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн дэвсгэрт, улаан өнгийн тагтай дотроо шингэн зүйлтэй хуванцар савтай шингэнд делта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 111-113 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 1999 дүгээр “...Шинжилгээнд ирүүлсэн “М.Ширчин УШ96120211” гэж хаягласан, “А.Хүрэлтулга УИ97030639” гэж хаягласан шээснүүд нь шинжилгээнд тэнцэж байна. “М.Ширчин УШ96120211” гэж хаягласан тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метафетамин /methamphetamine/ илэрч байна. “А.Хүрэлтулга УИ97030639” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метафетамин /methamphetamine/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannibinol/ метафетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 119-120 тал/,
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын гүйцэтгэх газрын ажлын хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10/1-516 тоот албан бичиг /1-р хх-ийн 226-229 тал/,
А.Хүрэлтулга, М.Ширчин нарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх А.Хүрэлтулга, М.Ширчин нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилсэн байх ба тэдэнд биечлэн эдлэх баривчлах ялыг сонгон оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, А.Хүрэлтулга, М.Ширчин нарын хувийн байдал, гэм бурууд тохирчээ.
Монгол улсад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн, уг хуулиар “Баривчлах ял” гэсэн ялын төрөл хасагдсан, хуучин хуулийн баривчлах ялыг уг хуулийн ямар нэг төрлийн ялаар дүйцүүлэн солих тухай эрх зүйн зохицуулалт байхгүй тул 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарыг тус тус эдэлж байгаа баривчлах ялаас нь чөлөөлж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ...тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэсэн заалтыг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл гэдэгт “гэмт этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглан учрах хор аюул, хөнөөлийг нэмэгдүүлэх, хохирогчийн эсэргүүцлийг няцаах, учрах саадыг арилгах, гэмт үйлдлээ түргэтгэх, хөнгөвчлөх, олж авсан эд зүйлээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас зугтаах зорилгоор ашигласан байхыг” ойлгоно. Анхан шатны шүүх мансууруулах бодисыг олж авах, учрах хор аюулыг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх, олж авсан бодисоо зөөж тээвэрлэх, хэргийн газраас зугтаах зорилгод А.Хүрэлтулгын эзэмшлийн 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг А.Хүрэлтулга, М.Ширчин нар ашиглаагүй байхад уг тээврийн хэрэгслийг улсын орлого болгож Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг буруу хэрэглэжээ. Энэ талаар давж заалдах гомдол гаргасан А.Хүрэлтулгын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М.Ширчин, А.Хүрэлтулга нарыг баривчлах ялаас чөлөөлсөн нэмэлт заалт, тээврийн хэрэгслийг улсын орлого болгосон заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг тус тус оруулахаар шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсэгт “...2015 оны Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарт тус бүр оногдуулсан 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаас чөлөөлсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,
тогтоох хэсгийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар А.Хүрэлтулга, М.Ширчин нарт оногдуулсан 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй...” гэсэн 3 дахь заалт, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц 52-29 УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын А.Хүрэлтулгын эзэмшлийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлсүгэй...” гэсэн 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож,
тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. А.Хүрэлтулга, М.Ширчин нарыг тус бүр 46 /дөчин зургаа/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, А.Хүрэлтулга, М.Ширчин нарыг нэн даруй сулласугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
Д.ОЧМАНДАХ