Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0456

 

“УО” ХХК, “Б” ХХК,

“С” ХХК-иудын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, Н.Долгорсүрэн шүүгч, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “УО” ХХК, “Б” ХХК, “С” ХХК-иудын гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын зохицуулах газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 5, 2.1 дүгээр зүйлийн 1, 13.6 дугаар зүйлийн 5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.6-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0055534, 0055535, 0055536 дугаартай шийтгэлийн хуудсуудыг 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны  хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай  хуулийн  107  дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0055534, 0055535, 0055536 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болсонд тооцож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун давж заалдах гомдолдоо: “...“УО” ХХК, “Б” ХХК, “С” ХХК нарын гомдолтой Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд болон гомдол гаргагчаас тайлбарласан гомдлын шаардлагын үндэслэл тус бүрт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна. Үйл баримтын тухайд:

Гомдол гаргагч “УО” ХХК, “Б” ХХК, “С” ХХК нар нь газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг тарьж, экспортод гаргах үйл ажиллагааг явуулсаар ирсэн.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хууль нь 2011 онд батлагдсан ба Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК нь 2013 онд байгуулагдсан байдаг.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дээрх 3 компани нь Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5-д заасан зөрчил гаргасан тул, арга хэмжээ авч өгнө үү гэсэн 146 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн.

Үүний дагуу хариуцагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 005534, 005535, 005536 дугаартай шийтгэлийн хуудаснуудыг гаргасан.

Гомдол гаргагч компаниудаас эдгээр шийтгэлийн хуудаснуудыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй тухайд: Анхан шатны шүүхээс дээрх 3 шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ дараах байдлаар зөрчилтэй , буруу дүгнэлтүүдийг хийсэн байна .” гэжээ.

Шүүхийн шийдвэрт “...хуулийн этгээдэд эрх бүхий этгээдээс хуулийн хэрэгжилтийг хангахыг шаардах эрх үүсгэхээс бус биржийн арилжаа нэр төдий явагддаг гэсэн үндэслэлээр нэгэнт хүчин төгөлдөр болсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс татгалзах, улмаар шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын хуулийг бүхий л этгээдүүд дагаж мөрдөх ёстой учраас эдгээр хуулийн этгээдүүд хуулийг хэрэгжүүлэхээс татгалзах хүсэл зориг илэрхийлээгүй бөгөөд гагцхүү энэ хуулийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажил “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-иас эхлэлтэй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-иас биржийн арилжааг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй нөхцөлд уг хууль амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй юм.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах тухай хуулийг хэрэгжүүлэхээр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийг байгуулсан байтал тус байгууллага нь хуулийг бүрэн хэрэгжүүлж чадаагүйн хариуцлагыг тэдний хийхгүй байгаа ажлыг өмнөөс нь хийж хэрэгжүүлж байгаагийнхаа төлөө хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй.

Гэтэл шүүхээс энэ байдлыг зөвхөн гомдол гаргагч компаниудын буруу мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрт “...2018 оны 09 дүгээр сары 01-ний өдөр 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд ... тосны ургамал /рапс/-ыг “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аар арилжаалахгүйгээр экспортод гаргасан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн байна.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байгаа ба 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд тосны ургамал /рапс/-ын биржийн арилжааг зохион байгуулаагүй “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн буруутай үйлдлийн хариуцлагыг эдгээр компаниуд хариуцахгүй гэж маргаж байгаа болно.

Учир нь Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хөдөө ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж” гэж хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн арилжааг тогтсон журмын дагуу зориулалтын байранд эсхүл цахим сүлжээгээр болон энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан биржийн арилжааны төрөл хэлбэрээр зохион байгуулдаг компанийг” ойлгоно гэж зохицуулжээ.

Мөн хуулийн 3.1.2-т “биржээр арилжих хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд ” гэж биржээр арилжих барааны жагсаалтад орсон, гарал үүсэл, чанарын болон мал эмнэлэгийн лабораторын магадлан шинжилгээний гэрчилгээтэй, биржийн гэрээний стандартыг хангасан бараа, түүхий эдийг” хэлнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.6-д “энэ хуулийн 4.5-д заасан жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа биржээр арилжаалсан байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.1-д бирж нь “биржийн арилжааг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байна .

Мөн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааны ерөнхий журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Арилжааг биржийн гэрээний тодорхойлолтод заасан арилжааны хуваарийн дагуу бирж зохион байгуулна” гэж заасан.

Холбогдох хууль, журамд зааснаар “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь биржийн арилжааг зохион байгуулах ёстой байтал, уг хуулийг хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тосны ургамал /рапс/-ыг биржээр огт арилжиж байгаагүй, биржээр арилжих платформ, дэд бүтцийг ч бий болгоогүй, уг арилжааг зохион байгуулах ямар ч үйл ажиллагааг явуулаагүй байдаг. Бид энэ үндэслэлээр огт арилжаа явагддаггүй байхад гомдол гаргагч компаниудыг арилжаанд оролцоогүй байна гэдэг үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзэж, торгууль, нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байхад энэ талаар маргахгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс “гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч “Хуульд зааснаар тосны ургамлын биржийн арилжааг хийх эрх бүхий байгууллага нь “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК юм. Гэтэл биржээр арилжаалсан гэх бичиг өгөөд шимтгэл сөрөг нөлөөтэй учраас Монгол Улсад их хэмжээгээр тарьдаггүй. Бирж жилд арилжаалагдах боломжтой тосны ургамын хэмжээг нийтэд мэдээлж уучлалын үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй атлаа үндэслэлгүй хураамж авч байгаа нь шударга бус байна. Өмнө нь Хөдөө аж ахуйн биржээс арилжаа хийсэн болгож харагдуулахын тулд худалдан авагчийн данснаас мөнгийг Хөдөө аж ахуйн биржийн данс руу оруулаад хэсэг хугацааны дараа буцааж гаргадаг байсан бөгөөд үүнийгээ биржийн арилжаа гэж үзсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хянаж сайжруулах хэрэгтэй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн атлаа шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь агуулгын хувьд зөрчилтэй гэж үзэхээр байна.

Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй байна.

Маргасан үндэслэл тус бүрээр дүгнэлт өгөөгүй тухайд: Гомдол гаргагчаас хэд хэдэн үндэслэлийг зааж маргаж буй шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр байх ямарч боломжгүй талаар тайлбарлан мэтгэлцсэн.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчаас Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдээгүй экспортыг зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нөхөн төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг баримталсан нь үндэслэлгүй гэж маргасан.

Гэтэл эдгээр үндэслэлүүдэд огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны болоогүй гэдгийг илтгэж байна. Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн

1. Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй:

1.1. энэ хуульд хүнд 10-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн

3. Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.

Дээрх хуулийн зохицуулалтаар хуулийн этгээдэд 100.000-5.000.000 төгрөг хүртэл шийтгэл ногдуулах буюу гомдол гаргагч 3 компанид 3.000.000 төгрөгийн торгууль ногдуулсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байна.

Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул уг ажиллагааны үр дүн болж гарсан шийтгэлийн хуудас ч хүчингүй юм. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гомдол гаргагч 3 компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл гаалийн мэдээллийг хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Харин харамсалтай нь хариуцагч нь гаалийн горим болоод Хөдөө аж ахуйн биржээр бараа, түүхий эд арилжаалах тухай хуулийг ойлголгүйгээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хийгдсэн ре-экспортын үйл ажиллагааг ч зөрчил гэж үзэж шийтгэлийн хуудас ногдуулсан.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааг зохион байгуулах төрөлжсөн нэг бирж үйл ажиллагаа явуулна”, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж үзнэ”, 4.2-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно” гэж тус тус зааснаар гаалийн баталгаат бүсэд байршуулсан барааг буцаан гаргах /pe-экспорт/-д Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль үйлчлэхгүй юм.

Гомдол гаргагч 3 компанийн 2019 онд хийгдсэн экспорт нь гаалийн нутаг дэвсгэрийн гадна хийгдсэн тул Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Дээрх үндэслэлээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Гомдол гаргагч нар нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д заасныг зөрчиж “С” ХХК 1040 тн, “Б” ХХК 4751 тн, “УО” ХХК 325 тн рапсын үр Монгол улсын хилээр экспорт хийсэн болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн тодорхойлолт, Гаалийн ерөнхий газрын лавлагаа болон тус хуулийн этгээдүүдийн дансны хуулга, холбогдогч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0055534, 0055535, 0055536 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсуудаар “УО” ХХК, “Б” ХХК болон “С” ХХК-иудад Зөрчлийн тухай хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биржээр арилжаалах бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн гэж үзэж “УО” ХХК-д 3,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хохирлын 142,794,465.71 төгрөг, нийт 145,794,765.71 төгрөг, “Б” ХХК-д 3,000,000.00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирлын 87,223,576.01 төгрөг, нийт 90,223,576.01 төгрөг, “С” ХХК-д 3,000,000.00 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хохирлын 7,006,387.25 төгрөг, нийт 10,006,387.25 төгрөг, гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Уг шийтгэлийн хуудсуудыг эс зөвшөөрч гомдол гаргагч нараас “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь бодит байдалд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд заасан арилжааг явуулдаггүй, тосны ургамал рапсыг биржээр огт арилжаалж байгаагүй гэсэн үндэслэлээр маргасан байх бөгөөд харин ийнхүү рапсын үр Монгол Улсын хилээр экспорт хийсэн тухайд маргаагүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй”, 1.1 дэх хэсэгт “энэ хуульд хүнд 10-500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн”, 3 дахь хэсэгт “Зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох шийтгэлийн хэмжээг 10 дахин нэмж дүйцүүлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтооно.” гэж заасан ба мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтад орсон бараа, түүхий эдийг экспортлохдоо биржээр арилжсан байх шаардлагыг зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаас үзвэл гомдол гаргагч нарын гаргасан зөрчил тогтоогдсон бол олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тус бүр 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгууль оногдуулах бөгөөд энэхүү шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа зөрчил үйлдсэнээс хойш 6 сарын хугацаатай байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр уг зөрчлийн хэрэг нээн “УО” ХХК, “Б” ХХК болон “С” ХХК-иудын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гаргасан зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолно.” гэж зааснаар зөрчил үйлдсэнээс хойш 8 сар 29 хоногийн дараа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн эхлүүлсэн нь үндэслэлгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.2 болон 6.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ.

Нөгөөтэйгүүр 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд зөвхөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн биржийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасныг тогтоосон байтал 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоолд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримтаар мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд зөрчил гаргасан учир хамтатган шийтгэлийн хуудас оногдуулсан тухай дурджээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хэд хэдэн зөрчил үйлдсэн бол зөрчил бүрд хөөн хэлэлцэх хугацааг тус тусад нь тоолно.” гэж зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн зөрчил гаргасныг үргэлжилсэн байдлаар авч үзэх ойлголт байхгүй бөгөөд дээрх үйлдлүүдийг хамтатган шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлт хийж экспортод гаргасан тосны ургамал рапсын лавлагаанаас үзвэл “УО” ХХК, “Б” ХХК болон “С” ХХК-иудын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тосны ургамал рапсыг экспорт хийсэн гэх үйлдэл нь гаалийн бусад хяналтад байгаа барааг хилийн чанадад буцаан гарах горимын кодоор бүртгэгдсэн байхад тэдгээр үйлдлүүдээр зөрчил оногдуулсан нь дээрх хуулийн этгээдүүдэд хамаарахгүй зөрчил болсон байна.

Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно.” гэж зааснаар дээрх үйлдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна хийгдсэн үйлдэл буюу ре-экспорт гэж үзнэ.

Иймээс Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж зааснаар дээрх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд ре-экспорт үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлгүй бөгөөд зөрчлийн хэрэг нээх үндэслэл болсон 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үйлдлээс ялгамжтай байдлаар авч үзэх нь зүйтэй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөлүүдийг харгалзан үзэлгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж, хариуцагчийг гомдол гаргагч нарын 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болон 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд гаргасан зөрчлийг дахин тооцоолж шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан 3 сарын хугацаатайгаар маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1, 1.5 дугаар зүйлийн 1, 1.1, 3, 5, Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Б.Ц-ын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 0055534, 0055535, 0055536 дугаартай шийтгэлийн хуудсуудыг хүчингүй болгож, гомдол нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “УО” ХХК, “Б” ХХК, “С” ХХК-иудын тус бүр гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гомдол гаргагч нарт тус бүр 70200 төгрөгийг гаргуулан олгож, мөн давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                          Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА