Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 729

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би, В.С, Г.У нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайд барьсан гараашийн өргөтгөл болон гараашийг албадан буулгах захирамж гаргах хүсэлтийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, гараашийг албадан буулгах захирамж гаргаж, биелэлтийг хангахыг даалгах тухай” захиргааны хэргийг хянаад, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.С, Г.У нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Засаг дарга тайлбар өгөхдөө зөвшөөрөхгүй барьсан гараашийг буулгах арга хэмжээг шат дараалан авч байгаа” гэжээ. 

Мөн бид гарааш барьж байгаа этгээдийн хаяг, нэрийг олсон тул иргэний журмаар нэхэмжлэл гаргахаар шийдлээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасны дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлд хавсаргасан материалыг буцаан олгоно уу” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

В.С, Г.У нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд барьсан гараашийн өргөтгөл болон гарааш албадан буулгах захирамж гаргах хүсэлтийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болгохыг тогтоолгож, гараашийг албадан буулгах захирамж гаргаж, биелэлтийг хангахыг даалгах” нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргасан байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т“...Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй”, 66.2-т “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгч В.С, Г.У нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “...Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Сд, Г.У нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд нийтийн эзэмшлийн талбайд барьсан гараашийн өргөтгөл болон гарааш албадан буулгах захирамж гаргах хүсэлтийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болгохыг тогтоолгож, гараашийг албадан буулгах захирамж гаргаж, биелэлтийг хангахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн баримтыг буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ундралд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласугай. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР