Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1111

 

 

 

 

 

 

 

  

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 181/ШШ2016/01111         Улаанбаатар хот        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /РД:2076675/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, Монголын залуучуудын холбооны байрны 301 тоотод байрлах, “Жаст групп” ХХК /РД:5085659/-д холбогдох,

 

УБТЗ ХНН-ээс “Жаст групп” ХХК-д өгсөн 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй вексель, вексель арилжааны SV2013/01, SV2013/02 хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Тус нийгэмлэг нь 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 ам.долларын  380,000 ам.долларын хүүтэй вексель үйлдэж “Жаст групп” ХХК-д өгсөн бөгөөд Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “...төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас өмнө гүйцэтгэж болно” гэж заасны дагуу векселийн төлбөрийг 2013 оны 5 дугаар сарын 22-ний өдөр 2,000,000 ам.доллар, 2013 оны 5 дугаар сарын 28-ний өдөр 2,000,000 ам.долларыг тус тус төлж барагдуулсан болно.

Мөн дээрх төлбөрийг бүрэн төлсөн болохыг баталгаажуулж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6-д “эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, зохион байгуулах, удирдах” гэж заасны дагуу 2013 оны 7 дугаар сарын 31-нд “Жаст групп” ХХК-тай тооцоо нийлэх акт үйлдсэн байдаг бөгөөд уг актаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 4,121,562 ам.долларын авлагатай гарсан байдаг.

Мөн уг векселийг Хадгаламж банканд 2013 оны 2 дугаар сарын 18-ний өдөр шилжүүлэх бичилт хийсэн байдаг бөгөөд шилжүүлэх бичилт хийхдээ Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” бол түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж хуульчилсан байдаг. Мөн Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “вексель шилжүүлэгчийн нэр, хаяг” мөн зүйлийн 2-т “вексель шилжүүлэгчийн харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар” мөн зүйлийн 5-д “вексель шинээр эзэмшигчийн нэр, хаяг, түүний харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар” гэсэн мэдээлэл огт бичилгүй шилжүүлсэн байна.

Энэ хууль Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэсэн заалтын дагуу илүү нарийвчлан зохицуулсан хууль юм. Мөн Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-т “Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэснээр мөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус вексель болох нь хууль зүйн хувьд бүрэн нотлогдоно.

Мөн Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “вексель эзэмшигч нь төлбөр гүйцэтгэх хугацааны дотор векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах тохиолдолд бусдад шилжүүлж болно” гээд энэ зүйлийн 1-д “төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөн хөрөнгө шаардлагатай бол” 2-т “вексель эзэмшигч нь өөрийн зээлдүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгчид өртэй бол” гэж заагаад мөн зүйлийн 2-т энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд векселийг мөнгөний захаар дамжуулан бусдад эсхүл банканд худалдаж болно” гэж заасан, мөн зүйлийн 4-т “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд вексель арилжааны хэлцлээр SV2013/01 хэлцэл нь вексель эзэмших эрхийг 70 хоног гэж тогтоожээ. Гэтэл 4,000,000 aм.долларын 380,000 ам долларын хүүтэй вексель нь 285 хоног гэж бичсэн хугацаатай бөгөөд дээрх хэлцлээр өөрчилж вексель эзэмших эрхийг бусдад хэсэгчлэн шилжүүлж Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм.

Мөн дээрх нөхцөл байдал нь юуг хэлж байна гэхээр Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “вексель эзэмшигч нь төлбөр гүйцэтгэх хугацааны дотор векселийг харилцан тохиролцсоны үндсэн дээр дараах тохиолдолд бусдад шилжүүлж болно” гээд энэ зүйлийн 1-д “төлбөр гүйцэтгэх хугацаанаас өмнө мөнгөн хөрөнгө шаардлагатай бол" 2-т “вексель эзэмшигч нь өөрийн зээлдүүлэгч буюу бэлтгэн нийлүүлэгчид өртэй бол” гэж заагаад мөн зүйлийн 2-т “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд векселийг мөнгөний захаар дамжуулан бусдад, эсхүл банканд худалдаж болно” гэж мөн зүйлийн 4-т “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэж өөрчилсөн байна. Энэ нь Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т заасан вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглосон заалтыг зөрчиж вексель арилжааны SV2013/01 хэлцэл хийж эзэмших эрхийг 70 хоног гэж тогтоосноор хүчин төгөлдөр бус болсныг нотолж байгаа болно.

Мөн дахин вексель арилжааны SV2013/02 гэсэн хэлцэл байгуулж, 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй вексель нь 215 хоног гэж тогтоож дахин Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм.

Мөн дээрх нөхцөл байдал нь юуг хэлж байна гэхээр Иргэний хуулийн 113 дугаар зүйлийн 113.4-т “Нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг баримтална”, мөн хуулийн 113.7-д “Зөвшөөрлийн үнэт цаасыг шилжүүлж байгаа этгээд түүний хүчин төгөлдөр байдал болон эрх шилжүүлэхийг хариуцна” гэсэн заалтыг биелүүлээгүйгээс түүний үр дагаврыг “Жаст групп” ХХК хариуцах юм.

Мөн нэгэнт 474 дүгээр зүйлийн 474.4-т “Үнэт цаас эзэмшигчид мөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч тухайн үнэт цаасыг өмчлөх эрхтэй” гэж заасан болно. Өөрөөр хэлбэл Векселийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “...төлбөр хариуцагч төлбөрийг хугацаанаас өмнө гүйцэтгэж болно” гэж заасан тул энэ вексель Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт ирэх ёстой боловч өнөөдрийг хүртэл ирээгүй байна.

Мөн худалдах гэдэг нь өмчлөх эрхийг шилжих тухай ойлголт бөгөөд тухайн вексель нь Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Жаст групп” ХХК-д, дараа нь SV2013/01 хэлцлээр “Жаст групп” ХХК-аас “Хадгаламж банк” ХХК-д, дараа нь “Хадгаламж банк” ХХК-аас “Жаст групп” ХХК-д, дараа нь SV2013/02 хэлцлээр “Жаст групп” ХХК-аас “Хадгаламж банк” ХХК-д, дараа нь “Хадгаламж банк” ХХК-аас Эрх хүлээн авагчид, Эрх хүлээн авагчаас Төрийн банканд шилжсэн болж байна.

Энэ нь Векселийг төлбөр тооцоонд хэрэглэх журмын 21-д ‘Вексель эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ векселийн маягтын ар талд дамжуулах бичилтийг хийнэ. Дамжуулах бичилтийг Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн нэгд заасан бүрдүүлбэрийн дагуу бичнэ. Нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно” гэсэн заалтыг зөрчиж дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу, гурваас дээшгүй удаа гэсэн байхад түүнийг тав дахь этгээд авч өнөөдөр нэхэмжлэл гаргасан байгаа болно.

Мөн SV2013/02 дугаартай вексель арилжааны хэлцэлд “SV2013/01 тоот хэлцлээр неттингрээ шилжүүлнэ” гэж бичсэн байгаа бөгөөд энэ нь хэн хэндээ авлага өглөгөө харилцан тооцож зөвхөн энэ хоёр талын хооронд шилжинэ гэсэн бичвэр бичсэн байна. Энэ нь энэ хэлцлийн хоёр талыг “Хадгаламж банк” ХХК болон “Жаст групп” ХХК-ийн хооронд л шилжинэ гэсэн утга бөгөөд гуравдагч этгээд хамаарахгүй гэсэн бичвэр юм. Энэ бичвэрийг үнэн зөв болохыг нотлох баримт нь 2014 оны 3 дугаар сарын 25-ний өдөр үйлдсэн “Депозит дансны харилцагчийн монгол хуулга” 102100003736 дансны хуулгаар “Жаст групп” ХХК-тай хийсэн SV2013/01 тоот арилжааны хэлцлийн дагуу 4,000,000 ам.доллар” мөн “Жаст групп” ХХК-тай хийсэн SV2013/02 тоот арилжааны хэлцлийн дагуу 4,000,000 ам.доллар” авлагатай гэсэн байгаа дансны хуулгаар нотлогдоно.

Иймд Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу” бол түүнийг хүчин төгөлдөр бус гэж тооцно, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “вексель эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэхийг хориглоно”, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” мөн хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-т “Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэсэн заалтуудыг үндэслэн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс “Жаст групп” ХХК-д өгсөн 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй вексель, Вексель арилжааны SV2013/01, SV2013/02 хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцлээр тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“Жаст групп” ХХК нь векселийг Хадгаламж банкинд 2013 оны 2 дугаар сарын 18 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлэх бичилт хийснийг Иргэний болон Векселийн тухай хуулийг зөрчсөн, хууль бус гэж тайлбарладаг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үндэслэлийг хүлээн зөвшөөрдөг.

Мөн “нэг векселийн төлөгдөх хугацааны дотор гурваас дээшгүй удаа бусдад шилжүүлж болно” гэсэн заалтыг зөрчиж дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу, гурваас дээшгүй удаа гэсэн байхад одоогийн байдлаар тав дахь этгээдэд очсон байгаа гэдэгтэй санал нэг байна.

Энэ 2 вексель 2-уулаа мөнгөжөөд Улаанбаатар төмөр замд төлбөр нь төлөгдсөн. Одоо бидний дунд 121,000 ам.долларын төлбөр тооцоо л байгаа тул векселийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох шаардлагыг хүлээн зөвшөөрнө. “Хадгаламж банк” ХХК нь векселийг цааш нь “Төрийн банк” ХХК-д шилжүүлсэн нь мөн журам зөрчсөн. Манайх векселийн хоногийг багасгаж хэсэгчлэн шилжүүлсэн буруутай үйлдэл хийснээ зөвшөөрч байгаа боловч яг одоо нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлэх байр суурьтай байна гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч “Жаст групп” ХХК-д холбогдуулан “УБТЗ” ХНН-ээс “Жаст групп” ХХК-д өгсөн 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй вексель, вексель арилжааны SV2013/01, SV2013/02 хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон дараах үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Төлбөр хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр төлбөр хүлээн авагч “Жаст групп” ХХК-д 4,000,000 ам.долларын үндсэн төлбөртэй, 380,000 ам.долларын хүүтэй “Энгийн вексель”-ийг 285 хоногийн хугацаатай бичиж өгсөн байна.

 

Төлбөр хүлээн авагч “Жаст групп” ХХК нь Хадгаламж банктай 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр SV2013/01 дугаартай “Вексель арилжааны хэлцэл”-ийг байгуулж, худалдан авах банкны вексель эзэмших хугацааг 70 хоног байхаар тогтоож, мөн өдрөө вексель дамжуулах бичилт хийхдээ вексель шинээр эзэмшигчийн хаяг, дансны дугаар зэрэг бичилтийг хийгээгүй шилжүүлжээ.

 

Мөн төлбөр хүлээн авагч “Жаст групп” ХХК нь Хадгаламж банктай 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр SV2013/02 дугаартай “Вексель арилжааны хэлцэл”-ийг байгуулж, худалдан авах банкны вексель эзэмших хугацааг 215 хоног байхаар тогтоож, векселийг шилжүүлсэн боловч энэ тухай дамжуулах бичилт хийгээгүй шилжүүлсэн байна.

 

Вексель арилжааны SV2013/01, SV2013/02 тоот хэлцлүүдээр векселийг худалдаж авсан “Хадгаламж банк” ХХК нь векселийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Төрийн банк” ХХК-д шилжүүлж, энэ тухай дамжуулах бичилт хийхдээ шинээр вексель эзэмшигчийн хаягийг бичээгүй шилжүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь вексель эзэмшигч векселийг хэсэгчилж шилжүүлсэн, дамжуулах бичилтийн бүрдүүлбэрийн бичилт дутуу хийсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр энгийн вексель болон SV2013/01, SV2013/02 тоот вексель арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг шаардсан бол хариуцагч нь векселийг шилжүүлэхдээ хэсэгчилж шилжүүлсэн, дамжуулах бичилтийн бүрдүүлбэр дутуу хийсэн болохоо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хариуцагч маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтыг нотлох хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар “Жаст групп” ХХК нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 285 хоногийн хугацаатай олгосон энгийн векселийг 2 хэсэг болгон вексель арилжааны SV2013/01, SV2013/02 хэлцлүүдээр “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлсэн нь Векселийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4-т “Вексель эзэмших эрхийг хэсэгчлэн бусдад шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг, ийнхүү шилжүүлэхдээ 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн дамжуулах бичилтэд вексель шинээр эзэмшигчийн хаяг, түүний харилцах данс байгаа банкны дансны дугаар зэргийг бичих бүрдүүлбэрийг хангаагүй, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр дамжуулах бичилт огт хийгээгүй нь Векселийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “вексель шинээр эзэмшигчийн нэр, хаяг, түүний харилцах данс байгаа банкны нэр, дансны дугаар”, мөн зүйлийн 3-т “дамжуулах бичилт хийснээр вексель эзэмшигчийн эрх уг векселийг шинээр эзэмшигчид шилжинэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.4-т “Бүрдүүлбэр, гарын үсэг буруу үнэт цаасыг хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн ...17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрийн бичилт дутуу векселийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заасны дагуу УБТЗ ХНН-ээс “Жаст групп” ХХК-д өгсөн 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй энгийн вексель болон SV2013/01, SV2013/02 хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд “Төрийн банк” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй тул шүүх санаачлагаараа түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй байсан бөгөөд хүчин төгөлдөр бус байхаар хуульд заасан хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй энгийн вексель, вексель арилжааны SV2013/01, SV2013/02 хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх тогтоох нь “Төрийн банк” ХХК-ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй ба эдгээр хэлцлийн улмаас хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 467 дугаар зүйлийн 467.4, Векселийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Жаст групп” ХХК-д бичиж өгсөн 4,000,000 ам.долларын 380,000 ам.долларын хүүтэй векселийг, “Жаст групп” ХХК болон “Хадгаламж банк” ХХК-ийн хооронд хийгдсэн 2013 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн SV2013/01, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн SV2013/02 тоот вексель арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,512,009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,512,009 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА