| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 191/2026/01818/И |
| Дугаар | 210/МА2026/01081 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01081
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/03020 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******нд холбогдох,
*******ын захирагчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн Б/107 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь анх *******ны *******-рын хөрөнгө оруулалтын хэлтэст Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр 2025 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн *******ын захирагчийн Б/34 тоот захирамжаар туршилтын 3 сарын хугацаагаар ажиллаж эхэлсэн.
1.2. Ажиллах хугацаандаа холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зөрчил, дутагдалгүй ажиллаж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хэвийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байсан болно.
1.3. Гэтэл Хариуцагчаас 2025 оны 11 сарын 20-ны өдрийн Б/107 дугаартай тушаалын 1 дэх заалтаар ажилтны өөрийн хүсэлтээр гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Монгол улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж иргэн миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул ийнхүү эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаа болно.
1.4. Учир нь, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл нь бодит байдал нийцээгүй бөгөөд хариуцагчаас гаргасан шийдвэр нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д ажилтан өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөхөөр заасан байдаг.
1.5. Уг заалтын хүрээнд ажилтан ажлаас гарах өргөдлөө өгөхдөө сайн дурын үндсэн дээр, аливаа дарамт шахалт, зүй бус нөлөөлөлгүйгээр өөрөө шийдвэрээ бие даан гаргасан байх хуулийн шаардлагатай байдаг. Гэтэл ажилтан би ажлаас гарах өргөдлийг сайн дурын үндсэн дээр өгөөгүй; ажилтан надад холбогдох удирдлагуудаас удаа дараа дарамт, шахалт үзүүлж, өргөдлөө өг гэх байдлаар дарамталсан.
1.6. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа ачаалалтай ажиллаж буй талаар болон хугацаагүй хөдөлмөрийн гэрээ, ажилд авах тухай тушаал гаргахгүй процессын зөрчил удаа дараа илэрч байгаа талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсээр байсан. Гэвч удаа дараа үл тоомсорлож ажилтанд дарамт шахалт үзүүлж байсан тул 2025 оны 10 сарын 08-ны өдөр өөрийн ажиллаж буй нөхцөл, хууль тогтоомжид заасан зохицуулалтыг зөрчиж, процессын зөрчил гаргаж байгаа талаар өргөдөл гаргаж хүний нөөцийн мэргэжилтэн болон Харьяалах газрын удирдлагадаа тус бүр бичгээр 1 хувийг гарын үсгээрээ баталгаажуулан шийдвэрлүүлэхээр өгсөн.
1.7. Гэтэл уг өргөдлийг хуульд заасан журмаар шийдвэрлэлгүй орхисон бөгөөд 2025 оны 11 сарын 11-ний өдөр зохион байгуулсан өргөдөл хэлэлцэх хурал нь миний өргөдлийг шийдвэрлэх бус нэхэмжлэгчийг буруутгах, зөрчил гаргасан мэтээр ойлгуулах, дарамт шахалтыг улам нэмэгдүүлэх шинжтэй болсон. Үүний дараа ч ажлын байран дээр удаа дараагийн дарамт үргэлжилж, миний хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
1.8. Нэхэмжлэгч нь эрхээ хамгаалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу дагуу шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэн 2025 оны 12 сарын 10-ны өдөр *******ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан ба 2026 оны 01 сарын 06-ны өдрийн 01 дугаартай *******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрээр дараагийн шатны арга хэмжээ авах эрхтэй тухай хариу ирүүлсэн. Иймд, *******ын захирагчийн Б/107 дугаартай тушаал нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, Нэхэмжлэгчийн чөлөөт хүсэл зоригийг зөрчиж, дарамт шахалтаар өргөдөл бичүүлсэн тул хууль бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь *******ын Захирагчийн 2025 оны 04 сарын 01-ний өдрийн Б/34 захирамжаар туршилтын 3 сарын хугацаатайгаар *******-рын Хөрөнгө оруулалтын хэлтэст Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдон 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2025 оны 07 сарын 07-ны өдрийн Б/67 дугаар захирамжаар тухайн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон.
2.2. Нэхэмжлэлд дурдсанчлан ******* нь 2025 оны 11 сарын 19-ний өдөр Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг үндэслэн *******ын захирагчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн Б/107 дугаар захирамжаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон.
2.3. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар болон ажилтны санаачилгаар цуцлах боломжтой байхаар хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрхтэй байхаар заасан бөгөөд ажилтан нь ийнхүү цуцлах тухайгаа ажил олгогчид бичгээр илэрхийлсэн байна. Иймд ******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийнхээ хүрээнд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.
2.4. Ажилтны хүсэлтийг үндэслэн хариуцагч тал ажлаас чөлөөлөх тушаал шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд нар нь бие биедээ аливаа байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үзүүлэхийг хориглосон байдаг. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид аливаа дарамт үзүүлээгүй болно.
2.5. 2025 оны 10 сарын 09-ний өдрөөс 2025 оны 11 сарын 06-ны өдрийн хүртэл ээлжийн амралттай байсан бөгөөд 11 сарын 06-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч өргөдөл, гомдлыг нь шийдвэрлээгүй гэж шалтаглан ажилдаа ирээгүй. Тиймээс ердийн боломжит хугацаанд буюу 11 сарын 11-ний өдөр бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх уулзалт зохион байгуулан "Тус өргөдөлд дурдсан асуудал үндэслэлгүй" гэж шийдвэрлэсэн.
2.6. Ажил олгогчийн зүгээс дарамт шахалт үзүүлж, түүнийг хүч хэрэглэн ажлаас гарах өргөдлийг бичүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ийг *******ны Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,134,126 төгрөгийг хариуцагч *******наас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* болон хариуцагч *******ны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч *******нд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******наас улсын тэмдэгтийн хураамжид 228,620 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийн гаргасан дээрх хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүх даруй шийдвэрлэнэ, 123 дугаар зүйлийн 123.1-д ... бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах,... шүүгч захирамж гаргана гэж заасныг ноцтой зөрчиж, хүсэлтийг эрхийн акт (захирамж) гаргаж шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй гэж үзнэ.
4.2. Анхан шатны шүүх 2026 оны 03 сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, нэхэмжлэгч *******ийн 2025 оны 10 сарын 08-ны өдөр гаргасан өргөдөлд дурдсан асуудлыг тодруулан ажил олгогчоос 2025 оны 11 сарын 11-ний өдөр шийдвэрлэсэн тухай хурлын үйл ажиллагааг нотолсон ач холбогдолтой баримт болох 47 минут 47 секундийн бичлэгтэй Сиди-д үзлэг хийхээр тогтсон боловч үзлэгийг хуульд заасан журмаар явуулаагүй, тодруулбал, шүүх хуралдааны явц дунд хөндлөнгийн гэрчээр 2 хүн оруулж ирээд хуралдаан даргалагчаас 47 минут CD-д үзлэг хийнэ, цаг хугацааны хувьд болох уу гэж асуухад тэд цаг хугацаа урт, бид ажилтай гээд танхимаас гарсан, түүний дараа нь дахин 2 хүнийг хөндлөнгийн гэрчээр оролцуулсан бөгөөд бичлэг бүхий СD-г бүхэлд нь бүрэн үзэж судлаагүй, уг бичлэгээс зөвхөн сүүлийн өгүүлбэрийг ойролцоогоор 1 минут орчим хугацаанд сонссон.
4.3. Энэ тухай үзлэгийн тэмдэглэлд тусгахдаа: хэрэгт хариуцагч талаас хавсаргаж өгсөн 1ш цагаан өнгийн 47 минут 47 секундийн CD бичлэгт үзлэг хийхэд: Хэрэгт авагдсан хуулбар бичгийн баримтад *******ийн сүүлийн хэлсэн үг зөрүүтэй гэсний дагуу сүүлийн 1 минутын бичлэгийг үзэхэд зөрүүгүй байв гэжээ.
4.4. Нэхэмжлэгч ******* нь хүсэлтдээ зөвхөн сүүлийн үг зөрүүтэй гэж бичээгүй бүхэлд нь үзлэг хийлгэх хүсэлтэй байсан, хариуцагч тал ч гэсэн CD-д бүтэн үзлэг хийлгэх саналтай байсан боловч хариуцагч талаас хүсэлтийн талаар санал асууж, тодруулаагүй. Шүүх Хэрэгт авагдсан хуулбар бичгийн баримт ... гэж юуг, ямар баримтыг заасан нь ойлгомжгүй. Эдгээр асуудлыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй, үзлэг явуулсан үйл ажиллагааг тодорхой тусгаагүй байна.
4.5. Хөндлөнгийн гэрчүүд нь хуульд зааснаар үзлэгийн үйл ажиллагааны явц, агуулга, санал хэлэх, түүнчлэн үр дүнг баталж гарын үсэг зурах үүрэгтэй бөгөөд тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч гарын үсэг зуруулаагүй, 2026 оны 03 сарын 17-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авахдаа хэргийн материалтай танилцахад ч мөн хөндлөнгийн 2 гэрчийн үзлэгийн тэмдэглэлийн эрх үүрэг тайлбарласан болон төгсгөл хэсэгт хөндлөнгийн гэрчүүдээр гарын үсэг зуруулаагүй хэвээр байсан, зургийг утсаар бэхжүүлж авсан.
4.6. Иймд, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж тогтоох зорилгоор хийсэн үзлэгийн ажиллагаа нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн.
4.7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, ******* тус байгууллагын үйл ажиллагаа таалагдаагүй гэсэн шалтгаанаар өөрийн санаачилгаар сайн дураараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, ажил олгогчийн дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөлөл байгаагүй.
Өөрийнх нь бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд *******ын захирагч 2025 оны 11 сарын 20-ны өдрийн Б/107 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү захирамж нь хууль зөрчөөгүй, хэлбэр, агуулга, хууль зүйн үндэслэлийн хувьд хуульд бүрэн нийцсэн.
4.8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4 дэх заалт нь төрийн албаны жинхэнэ албан хаагч болох төрийн тусгай, төрийн захиргааны албан хаагч нарт хамаарна. *******ны ажилтнууд төрийн албаны албан хаагчийн ангилал зэрэглэлд хамаарахгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжоор үйл ажиллагаа нь зохицуулагддаг.
4.9. Нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх өргөдөл, нэхэмжлэл болон хүсэлтдээ, хариуцагчийн зохион байгуулсан 2025 оны 11 сарын 11-ний өдрийн өргөдөл шийдвэрлэх хурлын уур амьсгал, шийдвэрлэлт, дарамталсан гэх асуудлын талаар дурдсан байсан тул хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоохын тулд дээрх хурлын тэмдэглэл бүхий сиди-ний бичлэгт шүүхээс үзлэг хийж баталгаажуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн тул хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлээгүй, хууль ёсны нотлох баримтаар бодитой тогтоогоогүй.
4.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 26 хэсгийн 3 дахь догол мөрөнд: ... Уг хурлын тэмдэглэл бичлэгээс үзэхэд ажил олгогч нь ажилтны гаргасан өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхдээ түүний гаргасан алдаа зөрчил, сахилгын зөрчлийн талаар хэлэлцэж, улмаар ажилтан ажлаас халах тушаал гаргачхаарай гэснээр тухайн хурал дууссан болох нь тогтоогдсон ... гэж бодит байдалд огт нийцэхгүй дүгнэлт хийсэн. Тухайн хурлаар *******ийн зөвхөн алдаа зөрчил, сахилгын зөрчлийн талаар хэлэлцсэн мэт бодит байдлаас эсрэг, зөрүүтэй, хэт нэг талыг баримталсан дүгнэлт хийсэн.
4.11. Өөрөөр хэлбэл, тус хурлаар ойролцоогоор 99 хувьд нь нэхэмжлэгчийн ажлын ачаалал болон хүний нөөцийн талаар хэлэлцсэн, 1 хувьд нь сахилга ёс зүйн асуудал хэлэлцсэн байхад анхан шатны шүүх нь хурлын тэмдэглэлтэй танилцаагүй, 47 минутын бичлэгт үзлэгийг бүрэн хийгээгүй атлаа дээрх байдлаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан 2025 оны 11 сарын 11-ний өдрийн хурлын үйл явц, уур амьсгал зөвхөн түүнийг буруутгах, удирдлагуудын зүгээс ямар нэгэн дарамт шахалт, зүй бус нөлөөлөл үзүүлсэн зүйл байхгүй. Уг хурлаар ажилтан *******ээс өргөдөлд дурдсан асуудлынх нь талаар асууж тодруулж, түүний тайлбарыг хангалттай сонсож эрхийг хангасан, тэрээр хүний нөөц, ажлын ачаалалтай холбоотой асуудлын талаар ярьсан бөгөөд түүний хийсэн ажлын тайлан мэдээлэл, баримтад үндэслэн шийдвэрээ гаргасан.
4.13. Тухайлбал, ажлын ачааллыг нь тогтоох зорилгоор цагийн бүртгэлийн цахим баримтыг нягтлахад нэг ч удаа ажил тарах цагаасаа 1 минут ч хоцорч гараагүй буюу илүү цагаар ажилласан байдал илрээгүй, харин өглөө ажилдаа ирэхдээ цагтаа ирээгүй хоцорсон байдал 50 гаруй удаа бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна 3-аас дээш хоног ажил тасалсан болох нь ч илэрч, баримтаар тогтоогдсон. Эдгээр нөхцөл байдал буюу талуудын маргаж буй асуудлын талаар анхан шатны шүүх дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.14. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.3-т заасан ажилтныг зодох, цохих зэргээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, үйлдэхээр заналхийлэх, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах, ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд нар нь бие биедээ аливаа байдлаар дарамт үзүүлэх, хүчирхийлэл үзүүлэхийг хориглосон байдаг. Гэвч дээрх хуульд заасан ажилтанд ажил олгогчийн зүгээс аливаа дарамт шахалт, хүчирхийлэл үзүүлсэн үйлдэл байхгүй.
4.15. Шүүхээс хөдөлмөрийн гэрээг талууд сайн дурын үндсэн дээр байгуулдаг, гэрээний талууд нь эрх тэгш оролцдог хэмээн эхний хэсэгт дүгнэсэн атлаа ажил олгогч нь тушаал шийдвэр гаргахдаа илүү үүрэг хүлээж оролцоно гэж агуулгын хувьд хоорондоо уялдаагүй дүгнэлт гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т ажил олгогчийн үүргийг хуульчилсан. Эдгээр үүрэгт шийдвэрт дурдсан шиг ажил олгогч нь шийдвэр гаргахдаа илүү үүрэг хүлээж оролцохоор заагаагүй байна. Иймд энэхүү шүүхийн шийдвэрийн гол үндэслэх хэсэг болсон дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.
4.16. Ажил олгогчийн зүгээс ажилтны ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөлдөө дурдсан 3 шалтгаанд: ажлын ачааллыг жигд хуваарилах шаардлагатай байгаа талаар 2025 оны 10 сарын 08-ны өдрийн өргөдлийн асуудлаар 11 сарын 11-ний өдрийн уулзалтын уур амьсгал, шийдвэрлэлт, зарчмын бус соёл, хүний нөөцийн үл ойлгогдох процесс гэсэн ойлгомжгүй асуудлыг дурдсан бөгөөд эдгээр нөхцөл байдлыг хууль ёсны буюу хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар нотлоогүй, хэрэгт ийм баримтууд авагдаагүй.
4.17. Нэхэмжлэгчийн санал хүсэлтийг ажил олгогчоос 2025 оны 11 сарын 11-ний өдрийн хурлаар тодруулан шалгаж, хэлэлцэн шийдвэрлэсэн, түүний ажлын ачаалал хэвийн, ажил хавсран гүйцэтгэсэн гэж үзэж Хөдөлмөрийн дотоод журмын 6.14-т заасан нэмэгдэл олгох хууль үндэслэлгүй, ажилтан ажил тасалсан зөрчил илэрч нотлогдсон тул сахилгын хариуцлага тооцох, өргөдөлд дурдсан бусад асуудал нь өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй.
4.18. *******ийн 2025 оны 10 сарын 08-ны гаргасан өргөдлийг 2025 оны 11 сарын 11-ний өдрийн хурлаар шийдвэрлэсэн бөгөөд түүний дараа 2025 оны 11 сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөхийг хүссэн байгаагаас үзэхэд хөндлөнгийн дарамт шахалт, зүй бус нөлөөлөл байхгүй үед өөрийн хүсэл зоригоо сайн дураараа илэрхийлж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэж үзэж байна.
4.19. Иймээс анхан шатны шүүх хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримтыг шийдвэрийнхээ үндэслэл болгож, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэт хууль ёсны нотлох баримтад тулгуурлан тогтоогоогүй, ажилтны ажлаас чөлөөлөгдөх өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хүсэлт гаргасныг ажил олгогчийн зүй бус нөлөөлөл, дарамт шахалтын улмаас шалтгаалсан мэт хийсвэрээр хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийж шийдвэрлэсэн тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбар нь дүрс бичлэгт үзлэг хийлгүүлэх байсан. Нэхэмжлэгч талаас хурлын тэмдэглэл нь зөрүүтэй байсан учраас бид нар сиди бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасан.
5.2. Шүүх хуралдаан явагдах үед бид хурлын тэмдэглэлийг нягталж байгаад шүүгчид сүүлийн 1 минут буюу хариуцагч талын дарга нарын гарын үсэг зурсан хурлын тэмдэглэл нь сүүлд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн хурлын тэмдэглэлтэй зөрүүтэй байсан учраас бичлэгт үзлэг хийгдсэн. Сүүлийн минут нь За ингээд больё ажлаас гарах өргөдлөө өгье гэсэн байдлаар нэхэмжлэгч талын хурлын тэмдэглэлийн хамгийн арын сүүлийн хэсгийг дуусгасан байсан.
5.3. Нэхэмжлэгч талаас хурлын тэмдэглэлд өргөдлөө өөрөө өгнө гэж хэлээгүй учраас бичлэгийн сүүлийн хэсэгт үзлэг хийлгэхээр хүсэлт гаргасан. Шүүгч дүрс бичлэгийн сүүлийн 1 минутад үзлэг хийлгэх эсэхийг хариуцагч талаас лавлаж асуусан. Хоёр гэрчээр орж ирсэн хүмүүс дараагийн хурал давхацсан тул 47 минутын бичлэгийг үзэх боломжгүй гээд гарсан үнэн. 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 10 цаг 08 минутаас эхлээд, 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 16 цаг 20 минутад хийж дуусав буюу 1 цаг 12 минут үзлэг хийсэн мэтээр илт худал тусгасан гэж тайлбарладаг.
5.4. Гэтэл бид 2 цаг гаруй шүүх хуралдаан үргэлжлээд талууд ус уух шаардлагатай байсан учраас үзлэг эхэлсэн мөн хоёр тал ярилцаад шүүгчийн асуусан асуултад хариулаад сүүлийн 1 минутад үзлэг хийлгэх хүсэлтэд хариуцагч тал татгалзахгүй гэсэн тайлбар хэлсэн.
5.5. *******ын захирагчийн Б107 дугаар тоот ажлаас чөлөөлсөн захирамж хууль зөрчөөгүй гэж хариуцагч талаас тайлбарласан боловч нэхэмжлэгч талаас 2025 оны 04 сараас эхлэн ажилд орохдоо тодорхойгүй байдлаар ажиллаж байсан. Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн бодлогын газрын дарга *******аас өргөдлөө өг гэж амаар болон бичгээр хэргийн материалд хавсаргаж өгсөн.
5.6. 2025 оны 11 сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийг хариуцагч талаас бичгийн байдлаар гаргаж өгсөн ба ******* даргын хэлсэн тэмдэглэлийн 1, 2 дугаар хуудас, ******* даргын хэлсэн 3 дугаар хуудас, *******ийн хэлж байсан хурлын бичлэг мөн хурлын тэмдэглэлийн 5 дугаар хуудсанд дарамт шахалт үзүүлсэн шинжтэй үг үйлдлээр илэрхийлсэн баримтууд байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд дарамт хүчирхийллийг үгээр, биеэр, үйлдлээр илэрхийлнэ гэж заасан. Сэтгэл зүйн болон бие махбодын дарамт байхаас гадна үгээр үйлдлээр илэрхийлсэн дарамт зүй бус нөлөөлөл байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******нд холбогдуулан хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... ажилтны гаргасан хүсэлтийг үндэслэн чөлөөлсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. ******* нь 2025 оны 04 сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг үндэслэн хариуцагч байгууллагын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд томилсон байна.
4. *******ын Захирагчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн Б/107 дугаартай *******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх заалтаар ... *******ийг өөрийнх нь гаргасан хүсэлтээр Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн ажил, албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэг, *******ын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн *******ийг ажлаас чөлөөлжээ.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах талаар зохицуулж, 79.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй гэж заасан.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажилтны өргөдлийг ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр илэрхийлсэн бичгийн хүсэлт гаргасныг дээрх хуулийн агуулга, үзэл баримтлалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрх гэж үзнэ.
5.2. Нэхэмжлэгч нь ... ажлаас чөлөөлөх хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж гаргаагүй, ажил олгогчийн дарамт, шахалтаас шалтгаалж гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.
Нэхэмжлэгч ******* нь 2025 оны 11 сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг хариуцагч байгууллагад гаргасан ба уг хүсэлтэд шалтгаан: 1. Тогтсон зарчмын бус соёл (баримт болон шинжилгээнд суурилаагүй, шинэ хуучин ажилтан гэх хуваагдал үүсгэх сонирхол, мэргэжлийн бус хүнээр нэгжийг харьяалуулах) 2. Ажлын ачааллыг жигд хуваарилах шаардлагатай байгаа талаар 2025 оны 10 сарын 08-ны өдрийн өргөдөлд өгсөн 11 сарын 11-ний өдрийн уулзалтын уур амьсгал, шийдвэрлэлт (хэт нэг талыг барих, удирдлага нь санаатай санаандгүй мушгилт, гажсан мэдээлэл өгөх) 3. Удаа дараагийн хүний нөөцтэй холбогдох үл ойлгогдох процесс гэж дурджээ.
Анхан шатны шүүх ... ажилтан нь ийнхүү ажлаас чөлөөлөгдөх өргөдөлдөө ажил олгогчоос шалтгаалсан 3 шалтгааныг тухайлан дурдсанаас үзэхэд тэрээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр хүсэлтээ илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна ажил олгогч нь тухайн 3 шалтгаан нөхцөлийн талаар эрх хэмжээнийхээ хүрээнд тодруулж, шалгах үүргээ хэрэгжүүлэлгүй зөвхөн ажилтан өөрөө санаачилсан гэж үзэн хөдөлмөрийг гэрээг цуцлах тушаал гаргасан нь учир дутагдалтай байна. гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.
Хэргийн баримтаар ******* нь ажлаас чөлөөлөх өргөдөл гаргахад ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт, шахалт шаардлага, зүй бусаар нөлөөлсөн байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс ажилтанд аливаа шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл үзүүлж хөндлөнгөөс нөлөөлсөн байх тохиолдолд ажилтны өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бие даасан эрхийг зөрчсөн гэж үзнэ.
5.3. Ажилтан ажлаас чөлөөлөгдөх үндэслэлийг тогтсон зарчмын бус соёл, ажлын ачааллыг жигд хуваарилах шаардлагатай байгаа талаар 2025 оны 10 сарын 08-ны өдрийн өргөдөлд өгсөн 11 сарын 11-ний өдрийн уулзалтын уур амьсгал, шийдвэрлэлт, удаа дараагийн хүний нөөцтэй холбогдох үл ойлгогдох процесс гэж тодорхойлсныг ажил олгогчийн дарамт, зүйл бус нөлөөллөөс шалтгаалан өргөдөл гаргасан гэж үзэхгүй.
Тодруулбал, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн үндэслэлийг хэрхэн тодорхойлох нь ажилтны эрх учир түүнийг хязгаарлах, загварчлах боломжгүй юм. Ийнхүү нэхэмжлэгч нь ажил олгогч байгууллагын соёл, зан харилцаа, үзэл бодол таарахгүй байгаа гэх зэрэг шалтгаанаар өөрийн санаачилгаар ажлаас гарах өргөдлийг гаргасныг дарамт шахалт, зүй бус нөлөөлөлд автсан гэх үндэслэлд хамааруулахгүй.
5.4. Нэхэмжлэгчийн өргөдлийг хэлэлцсэн 2025 оны 10 сарын 08-ны өдрийн 11 сарын 11-ний өдрийн уулзалтын тэмдэглэлээр ... *******ийг ажлаас чөлөөлөх болон түүнд дарамж шахалт үзүүлсэн шинжтэй асуудлыг хэлэлцээгүй.
Ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөдөлмөрийн дотоод журам, бусад эрхийн актыг үндэслэн явагдах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч /ажилтан/ -ийн хүсэл зориг, шаардлагад байнга нийцэж, түүнд үндэслэхгүй. Харин нэхэмжлэгч нь байгууллагын ажилтан болохын хувьд ажил олгогчийн хуульд нийцсэн дүрэм журам, эерэг соёл, зүй ёсны шаардлагад өөрийн зан үйлийг нийцүүлэх үүрэгтэй, өөрийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар санал, шаардлага гаргах эрхтэй бөгөөд тийнхүү тохиролцоогүйгээс ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь ажил олгогч байгууллагыг шууд буруутгах үндэслэл болохгүй.
6. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/03020 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******нд холбогдуулан гаргасан *******ын захирагчийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн Б/107 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,821 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
С.ЭНХБАЯР