Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 1128

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 02 өдөр            Дугаар 181/ШШ2016/01128          Улаанбаатар хот

   

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүгч Т.Ганчимэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,                        

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Сити центр, 11 давхарт байрлах, “Тэнгэр даатгал” ХХК /РД:2648016/-ийн нэхэмжлэлтэй,            

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Овоот 4 гудамж, 12 тоотод оршин суух, Боржигон овогт Ганбаатарын Уранбилэг /РД:СЗ86040419/,

Хариуцагч: Төв аймгийн Зуунмод, 5 дугаар баг Нацагдоржийн 7-14 тоотод оршин суух, Боржигон овогт Лхамсүрэнгийн Алтансүх /РД:НР79030570/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Гэрэгэ Тауэр 12 давхарт байрлах, “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ /РД:8051866/ нарт холбогдох,         

 

Даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт  1,101,950 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 1,117,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.                         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, хариуцагч Г.Уранбилэг, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.             

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   

Манайх хариуцагч Л.Алтансүх болон Албан журмын даатгагчдын холбоонд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлага 1,117,950 төгрөгөө хариуцагч Г.Уранбилэгээс шаардаж байна.

Иргэн Л.Алтансүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутагт иргэн Г.Уранбилэгийн өмчлөлийн “Хьюндай верна” маркийн 28-17 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Тэнгэр даатгал” ХХК-ийн даатгуулагч болох иргэн Ж.Энхбаярын жолоодож явсан “Тоёота Приус” маркийн 75-11 УБА дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлаар Л.Алтансүх нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 “Жолооч нь ураа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” зээлтыг зөрчсөн гэж үзсэн.

Зам тээврийн ослын улмаас “Тоёота Приус” машинд 1,101,950 төгрөгийн хохирол учирсныг “Тэнгэр даатгал” ХХК-аас даатгуулагчид олгосон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлөх шаардах эрх нь даатгалын нөхөн төлбөр олгосноор “Тэнгэр даатгал” ХХК-д шууд шилжсэн байх тул даатгалын нөхөн төлбөр болох 1,101,950 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 1,117,950 төгрөгийг өмчлөгч Г.Уранбилэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Надад осол гарсан талаар мэдэгдээгүй. Би автомашинаа 2015 оын 7 дугаар сарын 01-ний өдөр Л.Баасандашд зарж бэлнээр 3,000,000 төгрөг авсан. Өмчлөх эрхээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлж өгсөн ба энэ үед осол гарсан талаар огт яриагүй. Бүтэн жилийн дараа надад нэхэмжлэл ирсэн. Би машинаа худалдчихсан байсан учир нэхэмжлэлийг хариуцахгүй гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Тэнгэр даатгал” ХХК нь хариуцагч Г.Уранбилэг, Л.Алтансүх, “Албан журмын даатгагчдын холбоо” ТББ нарт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн шаардах /шилжсэн/ эрхээс үүссэн үүрэгт 1,101,950 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 1,117,950 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд 1,117,950 төгрөгийг хариуцагч Г.Уранбилэгээс гаргуулахаар шаардаж байна.

 

Хариуцагч Г.Уранбилэг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Даландавхарын замд Г.Уранбилэгийн өмчлөлийн “Хьюндай Верна” маркийн 14-27 СЭҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Л.Алтансүх нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөнөөс Ч.Эрхэмсайханы жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 75-11 УБА улсын дугаартай автомашинтай шүргэлцсэн зам тээврийн осол гарчээ.

 

Энэхүү ослын улмаас “Тоёота Приус” маркийн 75-11 УБА улсын дугаартай автомашинд 1,101,950 төгрөгийн хохирол учирсан болох нь “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр, осол Л.Алтансүхийн буруугаас гарсан нь Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байна.

 

Ослын улмаас учирсан хохиролд “Тэнгэр Даатгал” ХХК нь Ж.Энхбаяртай 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 5130556538 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг үндэслэн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 1,101,950 төгрөгийг зөвшөөрөл бүхий жолооч Ч.Эрхэмсайханд нөхөн төлжээ.

 

Ийнхүү даатгагч “Тэнгэр даатгал” ХХК нь уг гэм хорын төлбөрийг даатгуулагчид нөхөн төлснөөр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д тус тус зааснаар буруутай этгээдээс нөхөн төлбөр шаардах эрх “Тэнгэр Даатгал” ХХК-д шилжсэн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасныг үндэслэн хариуцагч Г.Уранбилэгээс шаардаж байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

 

Хариуцагч Г.Уранбилэг нь осол гаргах үед “Хьюндай Верна” маркийн 14-27 СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөгч байсан нь АЯ0258974 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдсон тул “Тэнгэр Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлд хариуцагч болох үндэслэлтэй, хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

 

Тэрээр тухайн автомашиныг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Л.Баасандашд худалдсан, жолооч Л.Алтансүхийг танихгүй гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, тээврийн хэрэгслийн лавлагаагаар осол гарснаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Г.Уранбилэгээс Л.Баасандашид тээврийн хэрэгсэл шилжүүлсэн бүртгэл хийгдсэн байх тул шүүх хариуцагчийн баримтаар нотлогдохгүй тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж заасан тул “Тэнгэр Даатгал” ХХК-аас төлсөн нөхөн төлбөр 1,101,950 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангуулах үүднээс гарсан зардал 16,000 төгрөгийн хамт нийт 1,117,950 төгрөгийг Г.Уранбилэгээс гаргуулж “Тэнгэр даатгал” ХХК-д олгов.

 

Хариуцагч Г.Уранбилэг нь өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлоо буруутай этгээдээс шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг тус тус баримтлан Г.Уранбилэгээс 1,117,950 төгрөгийг гаргуулж “Тэнгэр даатгал” ХХК-д олгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,380.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 31,380.80 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.       

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА

 

 

                         ШҮҮГЧ                                                Т.ГАНЧИМЭГ

 

 

                                                                                      С.ЭНХБАЯР