| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 318/2026/00147/И |
| Дугаар | 224/МА2026/00015 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 224/МА2026/00015
ажлаБ.Н-ын нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2026/00300 дугаар шийдвэртэй,
Б.Н-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, “Тус тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18,239,320 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н нь “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18,239,320 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж;
- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн баримт ариутгагчаар ажилд орсон. Ажилд орсон үеэсээ үүрэгт ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэж байсан. Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар Архивын хэлтсийн бүтэц батлагдсан ба тухайн бүтцээр баримт ариутгагчийн ажлын байрны орон тоо хасагдсан. Улмаар дээрх үндэслэлээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэсэн. Миний бага хүү 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 3 нас хүрээгүй байхад миний хөдөлмөрлөх эрхэд халдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан зөрчсөн гэж үзэж байна” гэх агуулгаар тайлбарлажээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, татгалзлын үндэслэлээ “...Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 37 дугаар тогтоолоор Архивын тасаг нь ЗДТГ-ын бүтцээс хасагдаж, уг тогтоолын 4.26 дахь хэсэгт Архивын хэлтэс болж Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бие даасан агентлаг болсон. Аймгийн ЗДТГ болон Архивын хэлтсийн албан хаагчдын ажлын байрны зохион байгуулалт, чиг үүргийн шинжилгээ хийж, аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/232 дугаар захирамжаар Засаг даргын тамгын газрын бүтцийг баталсан. Мөн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжаар Архивын хэлтсийг байгуулж, Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дугаар захирамжаар архивын хэлтсийн бүтцийг баталсан. Б.Н-ын ажиллаж байсан баримт ариутгагчийн орон тоо 2024 оны 10 дугаар сард шинээр бий болсон ч чиг үүргийн хувьд орон тоо нь бүтцээс хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг өгч ажилласан. Б.Н-ыг 3 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй учраас 7 дугаар сарын 09-ний өдөр Архивын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.М-аас Увс аймгийн Статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах санал тавиад Б.Н өөрөө очиж уулзаад татгалзсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, сайдын тушаал болон холбогдох Төсвийн тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, тухайн шийдвэрийг гаргасан тул хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иймд Б.Н-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарласан байна.
3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2026/00300 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, Б.Н-ыг урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байранд томилохыг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан 2025 оны 8 дугаар сараас 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацааны цалинд 16,108,000.99 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 308,690 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай 37 дугаар тогтоол гарч, тогтоолын 4.26 дахь хэсэгт Архивын тасаг нь ЗДТГ-ын бүтцээс хасагдаж, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний бие даасан агентлаг болсон бөгөөд уг тогтоолын дагуу 2025 оны 5 дугаар сарын 14-ний А/245 дугаар захирамжаар Архивын хэлтсийг байгуулсан.
Аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.5, 14.2.12-т заасан чиг үүргээ хэрэгжүүлж, архивын хэлтсээс ирүүлсэн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг ажлын чиг үүргийн дагуу 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дугаар захирамж гарган архивын хэлтсийн бүтцийг баталсан бөгөөд Б.Н-ын ажиллаж байсан архивын хэлтсийн баримт ариутгагчийн орон тоо бүтцээс хасагдсан тул Тамгын газрын даргын дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй юм.
Б.Н-ын ажиллаж байсан архивын хэлтсийн баримт ариутгагчийн орон тоо нь бүтцээс хасагдсан боловч түүний 3 нас хүрээгүй хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан үзэж, архивын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.М-аас Увс аймгийн статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах санал тавьж ажлын байраар хангах хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч Б.Н өөрөө татгалзсан.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2026/00300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгч Б.Н “...Би үндсэн орон тооны ажлын байранд ажиллаж байсан ба тухайн санал болгосон ажлын байр нь гэрээгээр ажилладаг байнгын ажлын байр биш тул саналыг хүлээж аваагүй. Тус статистикийн газрын даргатай уулзахад ардаа татлаа түлхээгүй, хөдөө сумаар явах хүн байвал зүгээр, чи нялх хүүхэдтэй учир сайн бодож байж хариугаа өгөөрэй, гэрээт ажил шүү гэж хэлсэн учир татгалзсан.
Мөн надад анхнаасаа ажлын байр санал болгоогүй, би өөрөө 3 нас хүрээгүй хүүхэдтэй, намайг шинээр үүссэн бичиг хэргийн орон тоонд авна уу гэх хүсэлтээ гаргасны дагуу тухайн ажлын байрыг санал болгосон. Бичиг хэргийн орон тоог төсөв байхгүй тул цомхотголд орж байгаа гэж хэлсэн мөртлөө намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа архивын хэлтэст гэрээт ажилтан байсан хүнийг 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бичиг хэргийн ажилтнаар авсан байсан. Одоо ч архивын хэлтэс нь аймгийн Засаг даргын Тамгын газрын төсөв санхүүгээс салаагүй байгаа” гэх агуулгатай тайлбар;
- нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл “...Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.
...Нэхэмжлэгч Б.Н-ыг ажлаас чөлөөлөгдөх үед түүний хүү Ж.Ү нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 2 нас 11 сар 13 хоногтой, 3 нас хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан өрхийн эмнэлгийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогддог.
Хэдийгээр ажил олгогч этгээдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан 6 үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрхийг хуулиар олгосон боловч тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан, хориглосон зохицуулалт байгаа.
Хуулийг зөрчсөн хөдөлмөрийн гэрээ гэж байж болохгүй. Бусад ажилтны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг үйлчилдэг болохыг үгүйсгэхгүй. 3 нас хүрээгүй хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн харилцааг энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д зааснаас бусад тохиолдолд дуусгавар болгохыг хориглож, ажил олгогчид үүрэг болгосон зохицуулалт юм. Үүнийг зөрчсөн учир үндэслэлгүй.
Мөн ижил ажлын байрыг санал болгосон талаар хэлдэг. Статистик гэдэг нь тоон мэдээ, судалгаа гаргадаг, мөн байнгын ажлын байр биш учир зөвшөөрөөгүй гэдгээ нэхэмжлэгч хэлдэг. Тухайн агентлагт бичиг хэргийн ажилтан гэх орон тоо байсаар байхад, тусдаа гарсан агентлаг буюу статистикт ажлын байр санал болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд ажил олгогчоос дүйцэхүйц ажлын байрыг санал болгож, хөдөлмөрийн харилцааг хуульд заасны дагуу буюу зөрчөөгүй, хөдөлмөрлөх эрхэд нь халдаагүй гэж дүгнэх үндэслэл болохгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгатай тайлбар;
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г “Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлийн хувьд Б.Н-ын ажиллаж байсан баримт ариутгагчийн ажлын байр нь орон тооны цомхотголд орж хасагдсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Уг чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байгаа боловч цаашид ажиллуулах орон тоо, цалингийн сан байхгүй тул хуулийн дагуу мэдэгдэл өгсөн. Төсвийн хэмнэлттэй холбоотойгоор сул орон тоог нөхөх эсэх нь тодорхойгүй байгаа тул Статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах саналыг албан бичгээр Б.Н-т хүргүүлсэн. Б.Н тухайн орон тоонд ажиллахаас татгалзсан. Түүнд санал болгосон гэрээт судлаачийн ажлын байр нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажилладаг, өмнөх ажиллаж байсан баримт ариутгагчийн цалин хөлстэй дүйцэхүйц цалинтай, мэргэжил, ур чадвар шаардаагүй байсан. Б.Н хөдөө сумдаар явдаг учраас татгалзсан гэж анхан шатны шүүх дээр тайлбарласан.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 9 дэх хэсэгт тухайн гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар тусгасан бөгөөд 9.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилсан. Хариуцагчийн зүгээс боломжит ажлын байрыг нэхэмжлэгчид санал болгож, хөдөлмөр эрхлэлтийг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэн, хугацаанд нь мэдэгдэл тайлбар өгсөн, өөрт олгогдсон чиг үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа.
Хоёрдугаарт Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч байгаа. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг тусгасан бөгөөд 16.5.9-т заасны дагуу Увс аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар батлагдсан бүтцийг үндэслэн 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн 13 албан хаагчийг чөлөөлсөн тушаал гаргаж, ажлын байр хасагдсан 2 албан хаагчид хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн.
Гуравдугаарт Б.Н*ын ажиллаж байсан баримт ариутгагчийн орон тоо урьд нь Архивын тасагт байгаагүй бөгөөд баримт ариутгагчийн орон тоо бий болгохдоо Увс аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/592 дугаар захирамжаар өмнөх бүтцийн үйлчилгээний албан хаагчдын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулахдаа үндэслэлгүйгээр нэмсэн гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүргийн дагуу дэд төвийг байгуулахаар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байгуулсан.
...Тухайн архивын тасаг нь Тамгын газраас тусдаа бие даасан агентлаг болсон. Тамгын газрын хууль эрх зүйн тасгийн харьяанд байсан архивын тасгийн бүтцийн дагуу албан тушаалтныг чөлөөлж, шилжүүлээд, орон тоо нь хасагдсан 2 хүнд мэдэгдлийг нь өгөөд ажлаас чөлөөлсөн. Дараагийн бий болсон хөдөлмөрийн харилцаа нь нярав, бичиг хэргийг хавсран гүйцэтгүүлсэн байсан. Тиймээс тухайн хөдөлмөрийн харилцаа нь манай Засаг даргын Тамгын газарт хамааралгүй зүйл” гэх агуулгатай тайлбар;
- хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э “...Надад гаргах тайлбар байхгүй” гэх тайлбар тус тус гаргасан байна.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2026/00300 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан, тус Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18,239,320 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай шаардлага гаргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “...Б.Н-ын эрхэлж байсан архивын тасгийн баримт ариутгагчийн орон тоо архивын хэлтсийн орон тоо бүтцээс хасагдсан тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид өөр ажлын байр буюу статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллахыг санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул хуульд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, Б.Н-ыг урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байранд томилохыг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт 16,108,009 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгч Б.Н-ын “урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байранд томилохыг даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
5.1. Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга У.Г нь 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалаар тус Тамгын газрын Архивын тасгийн баримт ариутгагчаар ажиллаж байсан Б.Н-ыг бүтцийн өөрчлөлтөөр буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
5.2. Б.Н нь ажил олгогчийн Б/94 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд уг хороо 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар маргааныг хэлэлцэж, талууд тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосноор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.7, 154.8 дахь хэсэгт заасантай нийцжээ.
5.3. Хариуцагч буюу ажил олгогч нь байгууллагын орон тоо, бүтцэд өөрчлөлт орж, баримт ариутгагчийн ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасныг зөрчсөн гэж дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн аравдугаар бүлэг /135-146 дугаар зүйл/-т хүн амын зарим бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т “Энэ хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заажээ.
Нэхэмжлэгч Б.Н нь 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүү Ж.Ү-ийг төрүүлсэн, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх үед түүний хүүхэд 2 нас 10 сартай байсан нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт /хх-ийн 43-44-р тал/ зэрэг баримтаар нотлогдсон байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан “ажлын байр хасагдсан” үндэслэлээр Б.Н-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд ажил олгогчийн энэхүү шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан хориглолтыг зөрчсөн, тодруулбал, 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалсан, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн хуулийн тусгайлсан зохицуулалтыг зөрчсөн байна. Ажлын байр хасагдсан гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасан “аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан” гэх үндэслэлд хамаарахгүй болно.
5.4. Хууль тогтоогч Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны, тэр дундаа нийгмийн тодорхой бүлгийн асуудлыг тусгайлан зааж, тэрхүү бүлгийн нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрлөх эрхийг нь энгийн ажилтнаас ялгаатай буюу илүү давуу эрх олгох, хөнгөлөлт үзүүлэх зэрэг хэлбэрээр эдлүүлэхээр зохицуулсан.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-д зааснаар зарим бүлгийн ажилтанд үзүүлэх хамгаалалтын зарим арга хэмжээ, дэмжлэг зэргийг бусдаас илүү давуу байдал тогтоосон, ялгаварласан гэж үзэхгүй бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрхийн баталгааг илүү баталгаажуулж, хамгаалсан зохицуулалт гэж үзнэ.
Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн эрхийн харилцаанд оролцохдоо хуулийн дээрх агуулга, зарчмыг алдагдуулахгүй байх үүрэгтэй. Гэтэл хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга У.Г нь байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан гэх шалтгаар нэхэмжлэгч Б.Н-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасныг зөрчсөн байна.
Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй буюу хууль бус гэж үзнэ.
5.5. Нэхэмжлэгч Б.Н өөрийнх нь ажиллаж байсан ажлын байр байгууллагын бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр байхгүй болсон буюу хасагдсаныг хүлээн зөвшөөрч, тухайн ажлын байртай адил чанарын өөр ажлын байранд томилохыг ажил олгогчоос шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн ба анхан шатны шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажлын байртай дүйцэхүйц буюу адил чанарын өөр ажлын байранд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Н-ын ажилгүй байсан хугацааны олговрыг үндэслэлтэй тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.
6.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговорт 18,239,320 төгрөг гаргуулах тухай шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16,108,099 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг буюу 2,131,221 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Шүүхийн энэ шийдэлд хариуцагч гомдол гаргаагүй болно.
6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба нэхэмжлэгч Б.Н-ыг хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн гэх үндэслэлээр урьд эрхэлж байсан ажилтай дүйцэхүйц ажлын байранд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх тул тэрээр өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй болно.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Б.Н-ын ажиллаж байсан, тус Тамгын газрын архивын тасгийн баримт ариутгагчийн орон тоо нь бүтцээс хасагдсан боловч түүний 3 нас хүрээгүй хүүхэдтэй нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, архивын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.М-аас нэхэмжлэгчид өөр ажлын байр буюу Увс аймгийн статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
7.1. Хэрэгт авагдсан, Увс аймгийн Засаг даргын “Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай” 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/592, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/701, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/836 дугаар захирамжуудаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, нийтлэг үйлчилгээний албан тушаалын жагсаалтыг баталсан байх ба дээрх захирамжуудаар тус Тамгын газрын нийтлэг үйлчилгээний албан тушаалын жагсаалтад Архивын тасгийн “баримт ариутгагч”-ийн ажлын байрыг баталсан байна.
Нэхэмжлэгч Б.Н нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/84 дүгээр тушаалаар Архивын тасгийн “баримт ариутгагч”-ийн ажлын байранд томилогдож, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна.
7.2. Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар, “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллах агентлагуудыг нэрлэн заасан байх ба үүнд Архивын хэлтэс гэсэн шинэ бүтэц ажиллахаар баталжээ. Өмнөх бүтцээр, Архивын тасаг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст харьяалагдаж, Архивын тасгийн даргаас бусад ажлын байр, тухайлбал Архивын тасгийн баримт ариутгагчийн албан тушаал нь Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний албан тушаалд багтаж байсан байна.
Засгийн газрын дээрх тогтоолын дагуу Увс аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/245, 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/251 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Архивын хэлтсийг шинээр байгуулж, 17 орон тоотой үйл ажиллагаа явуулахаар бүтэц, орон тоог баталжээ.
Шинээр байгуулагдсан Архивын хэлтсийн бүтэц, орон тоонд өмнөх бүтцэд байсан баримт ариутгагчийн ажлын байр батлагдаагүй буюу тухайн ажлын байр хасагдсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.
7.3. Байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотой ажлын байр хасагдсан нь тус ажлын байранд ажиллаж байсан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хуульд заасан үндэслэлд хамаарах боловч зарим тохиолдолд, ажилтны эрх зүйн байдлаас шалтгаалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглосон зохицуулалтыг хуульчилсан байна.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т: “Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх/ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно”,
мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т: “Ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны ажлын байр хасагдсан, эсхүл орон тоо нь цөөрсөн бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ шинээр байгуулна” гэж тус тус заасан.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.1, 139.2-т зааснаар, ажилтан өөрөө хүсвэл түүнд хүүхдээ гурван нас хүртэл нь асрах чөлөө олгох, хүүхэд асрах чөлөө нь дууссан, дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргавал түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахыг тус тус ажил олгогчид үүрэг болгосон байна.
Гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хамгаалсан хуулийн дээрх зохицуулалтууд нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа болон ажилдаа эргэн орсон гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-т нэгэн адил хамаарна.
Нэхэмжлэгч Б.Н-ын хувьд, байгууллагын бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, ажлын байр нь хасагдах үед гурван нас хүрээгүй хүүхэдтэй байсан тул түүний хөдөлмөрлөх эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т зааснаар хамгаалагдах бөгөөд энэ тохиолдолд ажил олгогч ажилтныг өмнө ажиллаж байсан ажлын байртай нь адил чанарын өөр ажлын байранд ажиллуулах үүрэгтэй байна.
7.4. Увс аймгийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/245 захирамжаар байгуулагдсан, аймгийн Архивын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Ц.М-аас, ажилтан Б.Н-ыг Увс аймгийн Статистикийн хэлтэст судлаачийн орон тоонд ажиллах санал гаргасан талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч санал болгосон гэх ажлын байр нь нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан ажлын байртай дүйцэхүйц, адил чанарын албан тушаал байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байна.
Энэ талаар нэхэмжлэгч Б.Н нь шүүхэд “би байнгын ажлын байранд буюу архивын тасгийн баримт ариутгагчийн орон тоонд ажиллаж байсан. Надад санал болгосон статистикийн хэлтсийн судлаачийн орон тоо нь байнгын ажлын байр биш, түр хугацааны буюу гэрээний үндсэн дээр ажиллах ажлын байр байсан тул саналыг хүлээн аваагүй” гэж тайлбарласан байх ба тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.Н-ын ажиллаж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн баримт ариутгагчийн ажлын байр нь байнгын ажлын байр тул ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах зэргээр түүний хөдөлмөрлөх эрх хуульд заасан баталгаагаар хангагдаж байсан.
Ажил олгогч ажлын байр нь хасагдсан ажилтанд шинээр ажлын байр санал болгохдоо, тухайн ажилтны өмнө эрхэлж байсан ажилтай нь адилтгах буюу өмнө үүссэн байсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаанаас дордуулахгүй нөхцөлөөр, хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангахуйц ажлын байр санал болгох үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгчид санал болгосон гэх Увс аймгийн Статистикийн хэлтсийн судлаачийн ажлын байр нь сул орон тоо мөн эсэх, уг ажлын байранд ямар шаардлага тавигддаг, байнгын ажлын байр мөн эсэх, нэхэмжлэгч тухайн ажлын байрны шаардлагыг хангах эсэх нь тус тус тодорхойгүй байна. Тодруулбал, хариуцагч нь санал болгосон гэх ажлын байраа, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан баримт ариутгагчийн ажлын байртай адил чанарын ажлын байр гэдгээ нотлох баримтаар нотлоогүй.
Түүнчлэн, Увс аймгийн Статистикийн хэлтэс нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байх ба нэхэмжлэгчийг тус хэлтсийн судлаачийн орон тоонд ажиллуулахыг тухайн байгууллагын удирдлага зөвшөөрсөн эсэх талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд “Б.Н-ыг судлаачийн орон тоонд томилуулахаар удирдлагын түвшинд тохиролцсон” гэж тайлбарласан боловч хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид өмнө эрхэлж байсан ажлын байртай адил чанарын ажлын байр санал болгосон гэж үзэх үндэслэлгүй болно.
8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
9. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,690 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 318/ШШ2026/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ