Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/00065

 

 

 

    2026          01            05                                         210/МА2026/00065                    

                                                                           

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08726 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, “*******” ХХК-д тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

            1.1.*******э, би Япон улсаас хуучин автомашин Монгол Улсад импортолж борлуулах  үйл ажиллагаа явуулдаг. “*******” ХХК-ийн захирал нь бидэнд байсан “harrier” маркийн автомашиныг худалдаж авах санал гаргасны дагуу 2006 онд үйлдвэрлэгдсэн “harrier” автомашиныг 43,000,000 төгрөгөөр, 2008 онд үйлдвэрлэгдсэн “harrier” автомашиныг 48,000,000 төгрөгөөр, 2009 онд үйлдвэрлэгдсэн “harrier” автомашиныг 49,000,000 төгрөгөөр тус тус худалдахаар, тэрээр үнийг 7, 7 хоногийн зайтай 21 хоногийн дотор өгөхөөр тохиролцсон.

            1.2.Эхний 2 автомашины үнийг шилжүүлсний дараа “дахиад гаальтай тээврийн хэрэгсэл байна уу, хулдалдаж авна шүү” гэсэн санал тавьсан. Тэрнээс хойш биднээс нийт 866,500,000 төгрөг үнэ бүхий 16 ширхэг тээврийн хэрэгслийг худалдан авсан бөгөөд үүнээсээ 364,570,000 төгрөгийг төлсөн. 9 ширхэг тээврийн хэрэгслийн нийт 310,500,000 төгрөг бөгөөд ихэнх тээврийн хэрэгслийн мөнгө төлөөгүй учраас т дахин тээврийн хэрэгсэл худалдан борлуулах боломжгүй тухайгаа мэдэгдсэн.

            1.3.Гэтэл нь тээврийн хэрэгслүүдийн үлдэгдэл төлбөрт 2 өрөө орон сууц өгье, би “*******” ХХК-тай хамтран барилга барьж байгаа, тэр компаниас авлагатай учир та 2 “*******” ХХК-ийн захирал тай уулзаад гэрээ байгуулчих гэж хэлсний дагуу очиход гэх хүн ч т өглөгтэй, та 2-оос авсан тооцоог барилгадаа оруулсан, орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн гээд  Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, барилгын ийн 07 давхарт байрлах, 56,38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг авахаар 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 101 тоот гэрээг байгуулсан.

            1.4.Орон сууц ашиглалтад орж, орон сууцаа авах гэтэл “*******” ХХК-ийн захирал нь “та нарын нэр дээр гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй болсон бид хоёрын хооронд төлбөр тооцооны маргаан гарсан” гэх шалтаг хэлж дээрх орон сууцны өмчлөх эрхийг бидэнд шилжүүлж өгөөгүй.

            1.5.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа, гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзаагүй. Өнөөдрийг хүртэл “*******” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцны үнэ төлөгдөж байсан талаар “*******” ХХК-ийн өгсөн дансны хуулгаар нотлогдож байна.

            Түүнчлэн “*******” ХХК-иас өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт нэг ч төгрөг шаардаагүй. Орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчийн зүгээс 100 хувь төлсөн. тэй тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зуруулах бол орон сууцыг өгье гэдэг байдлаар ханддаг.

            Иймд Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, , , 7 давхар, од байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

 

            2.Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

            2.1.Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед “*******” ХХК-ийн барьж ашиглалтад оруулах Баянгол дүүрэгт байрлаг орон сууцны дотоод заслын үйл ажиллагааг гүйцэтгэж байсан. Тухайн ажлыг гүйцэтгэж байх үед “*******” ХХК-ийн захирал нь манай компанийн захирал руу холбогдоод “энэ хүнтэй гэрээ хийгээл өгчих, мөнгийг нь би дараа төлнө” гэж хүсэлт тавиад, үүний дагуу бид хамтарч ажиллаж байсан учраас орон сууц захиалгын гэрээ байгуулсан.

            2.2.“*******” ХХК-ийн захирал  *******ийг танихгүй, холбоо хамаарал байхгүй. Орон сууц захиалгын төлбөр тооцоог “*******” ХХК болон т шилжүүлээгүй, автомашиныг өгөөгүй.

            2.3.2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г үндэслэн орон сууцыг шаардахын тулд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэлд нотлох баримтаар хавсарган өгсөн 84 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ" нь талуудын хүсэл зориг, харилцан тохиролцооны үндсэн дээр байгуулагдаагүй, орон сууц захиалгаар барих гэрээ байгуулах хүсэл зориг бодитоор талуудад байгаагүй, эрх зүйн үр дагавар үүсэх үндэслэл байхгүй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан "дүр үзүүлж хийсэн" хүчин төгөлдөр бус хэлцэл үзэх үндэслэлтэй тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

            3.Хариуцагч “*******” ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

            3.1.Манай компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч ын *******ийг Баянгол дүүргийн 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй барилгын 101 блокийн 7 давхарт байрлах 56,38 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч “Эбо Даймонд” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,270 төгрөг, хариуцагч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 947,270 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас 947,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            5.Хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

            5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 7.1, 7.3-т дүгнэлтэд тусгаснаар *******э нь орон сууц захиалгаар барих гэрээний төлбөрийг "*******” ХХК-д төлж барагдуулаагүй талаараа шүүхэд гаргасан тайлбартаа удаа дараа илэрхийлсэн, хавтаст хэрэгт "*******" ХХК-д *******э орон сууц захиалгын гэрээний төлбөр төлсөн 1 ч баримт байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            5.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8.1, 18-д хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцээгүй.

            Хэрэг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тодорхой байх ёстойгоос гадна, нэхэмжлэгч хариуцагч нь өөрийн гаргасан тайлбарыг нотлох баримтыг бүрдүүлэн өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарт "*******" ХХК-иас *******эд шилжүүлсэн үнийн дүн хавтаст хэрэгт гаргаж өгсөн баримттай зөрдөг.

            5.3."*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргасан үндэслэл нь төлбөр төлөгдөөгүй, төлөгдөхгүй орон сууц захиалгын гэрээг төлбөр төлөгдсөн нөхцөлөөр гэрээ байгуулахдаа төлбөрийг хүлээн авахгүйгээр орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх хүсэл зориг гэрээ байгуулах үед байгаагүй, “*******" ХХК-ийн захирал удахгүй төлчихнө гэж итгүүлэн, хуурч мэхлэн төлбөр нь төлөгдөөгүй байрыг төлсөн гэж гэрээ байгуулан, тус орон сууцыг “*******” ХХК-иас гаргуулах гэж байна, үнэхээр *******э энэ байрны төлбөрт тооцож автомашин өгсөн эсэх нь эргэлзээтэй гэж тайлбарлан, дээрх байдлыг тодруулах баримт гаргуулахаар хүсэлт гаргасаар байхад хангахаас татгалзаж, хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтыг хавтаст хэрэгт цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн шүүх "*******" ХХК-ийн өмнөөс, тус компани ингэж үзээд, ингэжээ гэх байдлаар дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүй дүгнэлт болсон.

            5.4.“*******" ХХК болон “*******" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан гэрээгээр ажлын төлбөрийн 1,000,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр тус компанийн захирал ын дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Үүний дагуу “*******” ХХК-иас “ажлын төлбөр, барилгын ажил" зэрэг утгатайгаар манай компанид шилжүүлсэн карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрүүдийг шүүх “10.1 дэх хэсэгтээ "*******" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөртөө шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдож байна" гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлтээр "*******" ХХК нь "*******" ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцон шилжүүлсэн шилжүүлгийн баримтууд гэж зөв дүгнэсэн мөртлөө ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг *******этэй байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээний төлбөр рүү яагаад шилжүүлэн тооцож, орон сууцыг хүлээлгэн өгөх тухай шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан баримт дунд "*******” ХХК-д “*******" ХХК-ийн шилжүүлсэн мөнгөн дүн дунд *******ийн орон сууцны төлбөр болохыг илтгэсэн утгатай гүйлгээ, 84 дугаартай гэрээний үнэ 157,864,000 төгрөгийн үнийн дүнтэй гүйлгээ байхгүй болно.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16.2-т үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

           

            6.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

            6.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16.2-т найруулгын алдаа гаргасан. Гэвч анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах хүртэл хариуцагч “*******” ХХК-аас маргаан үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзаагүй, нэхэмжлэгчээс төлбөр нэхэмжлээгүй байдаг. Тус гэрээ нь хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй.

            6.2.Нэхэмжлэгчийн нийлүүлсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж олсон ашгийг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал , хариуцагч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар барилгад хөрөнгө оруулсан үйл баримт тогтоогдсон.

            6.3.Хөрөнгө оруулсан баримтыг “*******” ХХК-аас нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг баримтыг няцаагаагүй атлаа шүүхээс уг баримт няцаалт өгөх ёстой байсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй гэжээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

            7.Хариуцагч “*******” ХХК-ийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1.“*******” ХХК нь “*******” ХХК-ийг огт мөнгө төлөөгүй гэж тайлбарладаг. Бидний зүгээс “*******” ХХК-д шилжүүлэн өгсөн гүйлгээний баримтыг гарган өгсөн.

7.2.Нэхэмжлэгч *******ийн орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэх ёстой учир шаардах эрхийн хүрээндээ шаардаж буй нөхцөл байдал байдаг. Эдгээр нотлох баримтууд нь хавтаст хэрэгт нэгэнтээ авагдсан байдаг бөгөөд дахин гаргуулах шаардлагагүй нотлох баримтад холбогдуулан хүсэлт гаргасан байдаг. Карказны тухайд уг нөхцөл байдал зайлшгүй хэрэгт хамааралтай гэж үзсэн тохиолдолд холбогдох нотлох баримтыг гарган өгөх бүрэн боломжтой байсан. “*******” ХХК-ийн зүгээс шүүхэд гарган өгөх боломжтой нотлох баримтуудыг гарган өгсөн. Үүнийг хариуцагч “*******” ХХК эс хүлээн зөвшөөрч гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч *******э нь хариуцагч “*******” ХХК, “*******” ХХК-д тус тус холбогдуулан Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, , , 7 давхар, од байрлах 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг саадгүй гаргаж, өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “*******” ХХК зөвшөөрч, хариуцагч “*******” ХХК эс зөвшөөрч *******э болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

            3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Учир нь:

            3.1.Нэхэмжлэгч тал 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Баянгол дүүрэг, 22 дугаар хороонд баригдах үйлчилгээтэй барилгын ийн 7 дугаар давхарт байрлах 56.38 м.кв талбайтай, "" тоот, хоёр өрөө орон сууцыг улсын комисс байнгын ашиглалтад хүлээж авсан эсэх, дээрх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон эсэх болон дуусаагүй барилгын бүртгэл хийгдсэн эсэх талаарх лавлагаа, тодорхойлолт”-ыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/27063 дугаар захирамжаар хангаж, шийдвэрлэхдээ захирамжлах хэсэгт маргаан бүхий орон сууцны тоотын дугаарыг “*******” гэж дурдаж, баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэжээ.

            Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4/8345 дугаар албан бичигт “...шүүгчийн захирамжид дурдсан Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 101 дүгээр байрны хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна. Иймд Хот байгуулалт, хотын стандартын газраас уг байрны албан ёсны хаяг авсан эсэхийг тодруулан ирүүлнэ үү” гэжээ.

Маргааны зүйл болох тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд хэн бүртгэлтэй болохыг,  мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг бүрийн шинж тодорхой болгох нь хэрэгт хамааралтай байхад дээрх үйл баримтыг анхан шатны шүүх тодруулаагүй нь буруу байхаас гадна үүнийг тодруулснаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж бүрдэх учиртайг анхаараагүй байна.

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх, дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4.Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж буй тул хариуцагч талын гаргасан материаллаг эрх зүйн талаарх гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08726 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 947,270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН

 

                                  ШҮҮГЧИД                                       Н.ГЭРЭЛТУЯА

 

                                                                                          Б.АЗБАЯР