| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2016/04834/И |
| Дугаар | 181/ШШ2016/00453 |
| Огноо | 2016-08-05 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00453
2016 оны 08 сарын 05 өдөр Дугаар 181/ШШ2016/00453 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Солонго, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж-27, Жигүүр гранд оффис центр 5-11 тоот Эрдгео ХХК /РД:2104989/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Моннис цамхаг 8 дугаар давхар, 802 тоот Рүнге Пинкок Минарко ХХК-д холбогдох
ажил хэргийн нэр хүндийг сэргээж худал мэдээлэлд няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 42.381.820,50 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Дашхорол, хариуцагчийн төлөөлөгч Г.Балжинням, иргэдийн төлөөлөгч А.Пүрэвжаргал, нарийн бичгийн дарга Г.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Эрдгео ХХК нь 2014 оны 04 сарын 29-ны өдөр Эрчим хүчний яам, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс зарласан Багануурын ордод гүйцэтгэх нэмэлт хайгуулын ажлын тендерт оролцон шалгарсан.
Уг ажлыг 2014 оны 09-р сарын 22-оос 2015 оны 06-р сарын 03-ны хооронд хийж, ажлын даалгаварт тусгагдсан ажлуудыг холбогдох хууль, журамд нийцүүлэн гүйцэтгэж Багануурын хүрэн нүүрсний ордод 2014 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан-г зохиож Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс Баялагийн Мэргэжилийн Зөвлөлд хэлэлцүүлэн Багануурын орд газрын нүүрсний нөөцийг 2015 оны 01-р сарын 10-ны байдлаар тооцон Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн.
Мөн ажлын даалгаварт тодорхой тусгагдсан Багануурын ордын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөн өргөн хэрэглэдэг ашигт малтмалын нөөцийн МОКС (Австрали улсын) стандартаар тооцох ажлыг тендерт Эрдгео ХХК-тай хамтран нэг консерциум хэлбэрээр оролцсон АНУ-ын Норвест компани гүйцэтгэн тайлангаа цахим хэлбэрээр болон хэвлэсэн байдлаар ирүүлэн захиалагчид хүлээлгэн өгсөн.
Олон улсын эрх бүхий, итгэмжлэгдсэн мэргэжилтнүүдийн ЮКС стандартаар гүйцэтгэсэн нөөцийн тайланг Монгол улсын аливаа байгууллага шүүн хэлэлцэх, мөн уг нөөцийг Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд авдаг хууль, эрх зүйн тогтолцоо одоохондоо манай улсад байхгүй байгаа.
Манай компаний гүйцэтгэсэн Багануурын хүрэн нүүрсний ордын нэмэлт хайгуулын ажил нь ажлын хэмжээ, хамрагдах цар хүрээ, өртөг зардлын хувьд улсын хөрөнгөөр сүүлийн 30-аад жилд хийгдэж байгаагүй том хэмжээний ажил болсон. Бидний хийж гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайлан гэхэд 1489 хуудас, тайлбар бичиг болон хүсэлт 221 ширхэг, янз бүрийн геологийн зураг график нийт 7 боть, 4 хавтас зургаас бүрдэж байгаа юм. Манай компани энэ ажлыг даалгаварын дагуу тендерийн хугацаанд багтаан маш амжилттай гүйцэтгэсэн гэж үзэж байна.
2015 оны 04-р сарын 15-ны өдөр Монгол улсын Уул Уурхайн Яамны сайдын 75 тоот тушаалаар батлагдсан Уул Уурхайн Яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын даргын бүрэлдэхүүнтэй хөндлөнгийн шинжээчийн мэргэшсэн баг нөөцийн тайланг нягтлан шалгаад нөөцийн тайланг ...үлгэр дуурайлал болох ажил болсон байна гэж дүгнэсэн байдаг.
Мөн 2015 оны 06-р сарын 03-ны өдөр манай компаний гүйцэтгэсэн Багануурын ордын нэмэлт хайгуулын ажлын үр дүнг Уул Уурхайн Яамны Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлаар хэлэлцэн хүлээн авч нөөцийг Ашигт малтмалын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гарсан.
Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн 2015 оны 08-р сарын 18-нд Ашигт малтмалын газрын даргын Нөөц бүртгэх тухай 4/90, 4/91 тоот тушаалуудаар Багануурын ордын нүүрсний нөөцийг Ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг геологийн албанд зөвшөөрсөн шийдвэр гаргасанаар уг ажлыг бүрэн хүлээлцсэн болно
Гэтэл манай тайланг ашиглан Багануурын ордын Текник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа Австрали улсын хөрөнгө оруулалтгай Рүнге Пинкок Минарко ХХК Эрдгео ХХК-ний ажил хэргийн нэр хүндийг гутаасан доорхи мэдээллийг тодорхой зорилготойгоор удаа дараа тарааж байна.
Анх 2015 оын 06-р сарын 19-нд Рүнге Пинкок Минарко ХХК-ний боловсруулсан Багануурын нэмэлт хайгуулын ажлын хэсэгт орсон ЭХЯамны мэргэжилтэн, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн ахлагч, төслийн зохицуулагч, Багануурын уурхайн үйлдвэр технологийн хэлтсийн дарга болон ажил гүйцэтгэгч Эрдгео ХХК-ний захирал геологичдод хүргүүлсэн байсан.
Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалт гэсэн 13 хуудас материалуудтай манай компаний мэргэжилтнүүд нарийвчилан танилцаад Эрчим Хүчний Яам дээр болсон уулзалтын үед Рүнге Пинкок Минарко ХХК-д хандан дараах тайлбарыг амаар гаргаж анхааруулж байсан.
Эрдгео ХХК болон РПМ-ийн хооронд ямар ч гэрээ байхгүй байгаа тул аль аль нь хэн нэгнийхээ өмнө хүлээсэн үүрэг байхгүй. Харин бид нэг захиалагчийн ажлыг гүйцэтгэж байгаа. Иймээс бидэнтэй шууд харьцах нь тохиромжгүй харин шаардлага гарсан үед захиалагчаараа дамжуулан материал авч бай, бид зөвхөн албажсан материал өгч авалцах ёстой гэсэн тайлбарыг өгч байсан.
Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн ямар нэг бичиг баримтад ашигт малтмалын нөөцийг баталгаажуулах болон батлах тухай ойлголт байхгүй зөвхөн эрх бүхий төрийн байгууллага нөөцийг бүртгэж авдаг.
Багануурын орд газарт бидний тооцоолсон нүүрсний нөөц эрх бүхий төрийн байгууллага болох Уул Уурхайн Яамнаас томилогдсон хөндлөнгийн шинжээч нараар шүүлгэн Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцсэн, танай компани үнэхээр алдаа илрүүлсэн бол эхлээд шинжээч нар болон Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлд албан ёсоор хандах хэрэгтэй. Бид өөрсдөө хийсэн зүйлдээ итгэлтэй байна. Гэхдээ дахин хянаж үзнэ гэдгээ ч хэлж байсан.
РПМ ХХК-ийн тараасан материалд Багануурын ордын нөөцийн хэмжээг маш их зөрүүтэй буюу 6-73% алдаатай бодсон мэтээр бусдад ойлгогдохоор харуулан зориуд улаан өнгөөр тодотгон тараасан байна.
Хариуцагч РПМ ХХК-нь их хэмжээний тооцооны зөрүү илрүүлсэн бол шууд холбогдох байгууллагууд болон тайлан зохиогчдод хандах байсан юм. Хэрэв та бүхэн тооцоогоо буруу хийсэн бол бидний ажил хэргийн нэр хүндийг ноцтойгоор гутаасан хууль бус үйлдэл болно гэдгийг ч хэлж байсан.
Монгол улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа ямар ч ордын ТЭЗҮ-ийг Монгол улсын эрх бүхий байгууллага бүртгэн авсан ашигт малтмапын нөөц дээр үндэслэн боловсруулдаг тул Норвест компаний ЮКС стандартаар тооцоолсон нөөц дээр ТЭЗҮ хийх боломжгүй зөвхөн Эрдгео ХХК-ний боловсруулан Эрдэс Баялагийн Мэргэжлийн Зөвлөлөөр хэлэлцэн хүлээн авсан нөөцөд үндэслэх ёстой.
Минекс программд суурилсан ордын модель Эрдгео ХХК-ний уламжлалт аргаар боловсруулсан материалтай бүхэлдээ яв цав таарах боломжгүй. Техникийн шалтгаанаас үүдэлтэй бага зэргийн зөрүү заавал гарах ёстой. Иймээс нөөцийн тоо хэмжээ ч бага зэргийн зөрүүтэй байдаг.
Ийм бодит байдалд нотлогдохгүй мэдээлэл тарааж бидний ажил хэргийн нэр хүндийг гутаахгүй байхыг анхааруулж энэ үйлдлээ дахин давтвал шүүхэд нэхэмжлэл гаргаж Эрдгео ХХК-д учруулсан гэм хорыг арилгуулах болно гэдгийг сануулсан.
Гэвч Ранге Пинкок Минарко ХХК ТЭЗҮ-ийн боловсруулах ажлын гэрээг хугацааны хоцрогдлоо Эрдгео ХХК буруу тооцоолсон нөөцөө өөрсдөө дахин засаж хугацаа алдсанаас болсон мэтээр Эрчим Хүчний Яам, Багануурын уурхай, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжийн ажилтнуудад тайлбарласаар байгаа бөгөөд манай компаний ажил хэргийн нэр хүндийг гутаасан энэ мэдээ ам дамжин цааш тархсаар байна.
Мөн 2015 оны 06-р сарын 19-нд хэвлэн тараасан материалаа бодитой зүйл байсан гэсэн мэдээллийг ЭХЯам, Багануурын уурхайн захиргаа, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжид одоо ч хүргэсээр байгаа.
Ранге Пинкок Минарко ХХК-ний боловсруулан тараасан Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалт материал бүхэлдээ Эрдгео ХХК-ний ажиллагсдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ, тоо, баримтуудаар дүүрэн байгаа нь дараах байдлаар нотлогдож байна.
1.Танилцуулга хэсгээс харахад Эрдгео ХХК-ний боловсруулсан нөөцийн тайланд шинжээч хийх, нөөцийг батлах эрх бүхий субъект нь РПМ мөн мэтээр бусдад ойлгуулахыг оролдсон оролдлого гэж үзэхээр байна.
Ашигт малтмалын ордын нөөцийг бүртгэн авах нөөцийн тайланд шинжээч хийх асуудлыг Монгол улсын Уул Уурхайн Яамны сайдын 2014 оны 05-р сарын 02-ны өдрийн 91-р тушаалаар батлагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрэм-ээр зохицуулсан байдаг. Уг дүрмийн 3.9; 3.10; 3.13; 3.14; 3.15 болон 6; 7-р бүлэгт шинжээчийн эрх зүйн зохицуулалтыг нарийн тодорхой зааж өгсөн байдаг.
2. Ашигласан мэдээлэл хэсэгт РПМ нь нөөцийн нэгдсэн тооцоог 05-р сарын 04-ний байдлаар, Нөөцийн блок хил заагийг 05-р сарын 11-ний байдлаар ашигласан болох нь харагдаж байна. Энэ үед уг материал Эрдэс Баялгийн Мэргэжлийн Зөвлөлд хэлэлцэгдэн албажаагүй, тэр ч байтугай албан ёсны шинжээчдийн дүгнэлт гарах болоогүй байсан үе. Шинжээчийн нэгдсэн дүгнэлт 05-р сарын 25-нд гарсан. Эрдэс Баялгийн Мэргэжилийн Зөвлөлийн хурлаар 06-р сарын 03-нд хэлэлцсэн. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, тушаал 08-р сарын 18-нд гарсан. Иймд ашигласан мэдээлэл нь ажлын эцсийн үр дүн байгаагүй болох нь нотлогдож байна.
3.Эрдгео ХХК нөөцийн тооцооны үр дүн. Шинжээчдийн албан ёсны зөвлөмжийн дагуу засвар хийсэн тул 2 хүснэгтэд байгаа нөөцийн тоо, хэмжээ бүгд бодит байдалтай нийцэхгүй байгаа. Учир нь РПМ-ийн тараасан материал шинжээчийн нэгдсэн дүгнэлт гарахаас өмнө боловсруулагдсан байгаа юм.
4.РПМ харьцуулалт, баталгаажуулалт. РПМ нь Норвест модель дээр нөөцийн блокыг буулгах гэж оролдох бус иж бүрэн гүйцэтгэлтэйгээр буулгах ёстой байсан. Нэгэнт иж бүрэн гүйцэтгэл хийгдээгүй тул гаргасан үр дүн үнэнд нийцээгүй.
5.Нарийвчилсан баталгаажуулалтын үр дүнг доорхи 2 хүснэгтээр үзүүлсэн. РПМ-ийн баталгаажуулсан гээд байгаа нүүрсний нөөцийн тоо хэмжээ бүхэлдээ огт худлаа. Эрдгео ХХК-ний тооцоолсон нөөцийн хэмжээ эцсийн байдлаар баталгаажаагүй байх үеийнхээр буюу ажлын явцынхаар авсан тул зөрүүтэй. Хүснэгтийн зөрүү гэсэн баганын тоог зориудаар улаан өнгөөр тодруулсан байгаа бөгөөд энд нэг ч үнэн тоо байхгүй байгаа юм.
Эрдгео ХХК Багануурын ордын нөөцийн тооцоог Минекс программ ашиглан дахин хийж 2015 оны 08-р сарын 21-нд цахим хэлбэрээр РПМ-д хүргүүлэн нийт нөөцийн зөрүү өчүүхэн байгаа буюу 0,7% байгааг албан бичгээр мэдэгдсэн.
6.Геологийн зүсэлт харьцуулалт гарчиг доор Эрдгео ХХК-ний боловсруулсан хөндлөн шугам 20 болон Минекс модель хөндлөн зүсэлт-2, Уурхай-1 гэсэн хоёр зүсэлтийг зэрэгцүүлэн тавиад " Эрдгео ХХК-ний нүүрсний давхаргын тайлалд, холболт нь Норвест модель дээр хийгдсэн нүүрсний давхрага түүний үеүүдтэй харьцуулахад ялгаатай болох нь харагдаж байна" гэсэн тайлбар хийсэн байна.
Харин РПМ ХХК-нь тараасан материалдаа харьцуулахад ялгаатай байна гэж тайлбарлаад хавсаргасан дэвсгэр зураг дээрээ зөвхөн нэг зүсэлтийг нь зурж харуулсан нь хүмүүсийг төөрөгдүүлж Эрдгео ХХК-ний зохиосон зураг, график ийм буруу зүйл болсон байна гэдэг ойлголт бусдад, ялангуяа тендер дүгнэх эрх бүхий удирдлагуудад зориудаар тараасан нь бусдын ажил хэргийн нэр хүндийг гутаасан, санаатай үйлдэл болох нь нотлогдож байна.
Рүнге Пинкок Минарко ХХК-ний энэ үйлдэл нь Монгол улсын хууль тогтоомжуудыг үл тоон, өрсөлдөгч компанийхаа ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор худал мэдээлэл зориудаар тараасан хууль зөрчсөн үйлдэл болох нь дээрхи баримтуудаар бүрэн нотлогдож байна.
Ранге Пинкок Минарко ХХК-ний тараасан дээрхи материал манай компаний эрхэлдэг гол бизнесийн чиглэл болох нүүрсний ордын хайгуулын бүхий л төрлийн ажлуудыг иж бүрнээр нь эсвэл хэсэгчилсэн байдлаар голлон захиалж тендер зарлан компаниудыг шалгаруулж ажил олгодог Эрчим Хүчний Яам, тэдний харъяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нүүрсний уурхай эзэмшдэг компаниудын тендерийн материал хүлээн авч дүгнэдэг албан тушаалтнууд, мөн голлох санхүүжилтыг хийж байгаа Дэлхийн банкны Монголыг хариуцсан албан тушаалтнуудад, Багануур төслийг хариуцан хэрэгжүүлж байгаа төлөөллүүдээр нь дамжин шууд хүрсэн.
Эрдгео ХХК-ний талаар Рүнге Пинкок Минарко ХХК- ний тараасан дээрх муу мэдээллүүдийг тэдгээр хөрөнгө оруулагчид, лиценз эзэмшигчид өөрсдийн шугамаар олж мэдэцгээсэн нь эргэлзээгүй.
Монгол улсын Иргэний хуулийн 27-р зүйлийн 27.6-д Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хуульд заасан журмын дагуу хамгаалахаар заасан.
Иймд Монгол улсын Иргэний хуулийн 21.2; 21.9; 497.1; 511-р зүйлд заасаныг тус тус үндэслэн хариуцагч РПМ ХХК-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээж тараасан худал мэдээлэлд няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 42.381.820,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.
Гэм хорын хохирлыг нэхэмжлэхдээ Эрдгео ХХК-ний нийт ажиллагсад Багануурын нэмэлт хайгуулын ажилд ажиллаж байх хугацаанд олгосон нийт цалингийн 10 өдрийн цалинтай тэнцүү хэмжээний төгрөг гэж тооцож гаргасан.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай Рүнге Пинкок Минарко ХХК (РПМ гэх) нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжын дагуу үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.
Эрдгео ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
РПМ ХХК- нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй компани юм. РПМ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш тус орны хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Эрдгео ХХК-ийн бидний эсрэг гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Манай РПМ нь 2014 оны 09-р сарын 25-ны өдөр Монгол улсын хуулийн этгээд болох Балчулуу ХХК-тай хамтран Монгол Улсын Засгийн газар болон Дэлхийн банкны хамтран байгуулсан Уул Уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгж(МИНИС гэх)-тэй Багануурын ХК-ын уурхайн ТЭЗҮ-н эхлэн шатанд уурхайн төлөвлөлттэй холбоотой хийгддэг геологийн нөөцийн тооцооны баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор Зөвлөх үйлчилгээ-ний гэрээг байгуулсан .
Дээрхи МИНИС-тэй байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу хүлээсэн үүргийнхээ дагуу бид 2015 оны 06-р сарын 19-ний өдөр АDV-ММ-00128 дугаартай Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалтын дүгнэлтийг танилцуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байдаг. Уг дүгнэлтийг гаргахад бид нэхэмжлэгч Эрдгео ХХК болон Норвест компаниудаас хүлээн авсан манай компанид ирүүлсэн материалууд дээр үндэслэн олон улсын болон Монгол Улсын холбогдох дүрэм журам, стандартын дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ тухай өөрсдийн дүгнэлтэндээ мөн дурьдсан байдаг.
Бидний хувьд Зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ Эрдгео ХХК болон Норвест компаниудаас ирүүлсэн материалуудыг үндэслэн өөрсдийн гаргасан дүгнэлтэндээ тусгасан.
Бидний зүгээс Эрдгео ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааны нэр хүндэд халдаж, гутаан доромжлох ямар нэгэн санаатай болон санамсаргүй үйлдэл болон эс үйлдэхүйг гаргаагүй гэдгээ үүгээр дахин мэдэгдэж байна.
Бид Зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Норвест болон Эрдгео ХХК-ийн ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн дүгнэлт гаргахаар ажиллаж эхэлсэн боловч нэхэмжлэгчийн 2015 оны 06-р сарын 03-нд Багануур ХК-д Эрдэс баялагийн мэргэжлийн өргөтгөсөн хурлаар орж нөөцийг нь хамгаалан ирүүлсэн хайгуулын ажлын тайланг үзэхэд Норвест болон Эрдгео ХХК-ийн ирүүлсэн нөөцийн зөрүү 22%-ийн зөрүүтэй байсан учир бид дүгнэлт гаргах боломжгүй болсон байдаг. Энэ тухай бид төслийн нэгж болон Норвест болон Эрдгео ХХК-нд мэдэгдсэн байдаг бөгөөд Эрдгео ХХК-ийн зүгээс өөрсдийн алдааг засварлахаа илэрхийлж улмаар 2015 оны 08-р сарын 21-ний өдөр манай компанид засварласан мэдээллийг ирүүлсэн байдаг. Тайлан, нөөцийн тооцоололын зөрүүтэй байдал нь Норвест компанитай шууд холбоотой Үүнээс үзэхэд Эрдгео ХХК нь нөөцийн зөрүүтэй тайлан гаргасан нь нотлогдож байгаа гэж үзэж байна.
РПМ нь 2014.09.25-нд Багануурын нүүрсний уурхайг өргөтгөхтэй холбоотой ажил гүйцэтгэх гэрээг МИНИС-тэй байгуулсан байдаг. Харин РПМ болон ЭРДГЕО нарын хооронд ямар нэгэн гэрээгээр хүлээсэн эрх үүргийн харилцаа байхгүй болно.
РПМ-ийн гэрээний дагуу үзүүлж байгаа үйлчилгээ нь нийлүүлж байгаа мэдээллийн чанар болон үнэн зөв эсэхтэй бүхэлдээ салшгүй хамааралтай байдаг.
РПМ гэрээний дагуу нөөцийн тооцоо бэлтгэх үүрэгтэй. РПМ нь Монголын улсын тайлангийн стандартын дагуу нөгөө нь ЖОРК-ийн стандартын дагуу тооцоо хийхээр болсон.
РПМ нь мөн Эрдгео-г 577 сая тонн олборлож болох бүтээгдэхүүн нүүрс-ийн тооцооллыг гаргаж өгсөн гэж ойлгож байгаа, энэ нь ч мөн адил батлагдсан байсан. Норвест нь Эрдгео-гийн үүсгэсэн мэдээллийн сан дээр үндэслэн Мтех геологийн загвар бий болгосон, гэхдээ өөр өөр геологийн тайлбар болон давхарга нэр томъёог тусгасан.
Нүүрсний нөөцийг дүрслэн үзүүлдэг энэхүү геологийн загвар нь РПМ-д 2015 оны 4-р сард нийлүүлэгдсэн. РПМ нь нүүрсний нөөцийн тооцоог дуусгах болон Багануурын уурхайг өргөжүүлэх техник эдийн засгийн судалгааг хийхээр гэрээ байгуулсан.
Нүүрсний нөөцийг бий болгохийн тулд РПМ нь нүүрсний нөөцийн Мтех геологийн загварт практик уул уурхайг өөрчлөх хүчин зүйлсүүдийг ашиглах шаардлагатай болсон. Энэ үйл явдлын эхний алхам болгож РПМ-ийн тодорхой гэж зөвшөөрсөн Эрдгео-гийн нөөцийн тооцоололын эсрэг Норвестийн тшех геологийн загварыг ашиглан тооцолсон тооцоо болон Эрдгео-гоос гаргасан нөөцийн олон өнцөгийг харьцуулан баталгаажуулах үйл явцыг хийхэд өгөгдлийн хоёр багц хоороондоо нийлэмжгүй байсан.
Энэ нийлэмжгүй байдлыг засч залруулахаас нааш РПМ нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан.Үндсэн давхрага болон нөөцийн ангилал дээр үндэслэсэн нүүрсний хэмжээний нарийвчилсан мэдэгдлийн гол зорилго нь Багануурын дараагийн уурхайн төлөвлөлтөнд РПМ-ийн ашигладаг Мтех загвар нь батлагдсан нөөцийг үнэн зөв тохиромжтой түвшинд харуулж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд байсан.
РПМ нь нөөцийн тооцооны үр дүнгийн хэд хэдэн хураангүй хүснэгт болон нүүрсний нөөцийн тооцооны тайланг 2015 оны 5-р сарын 4-ний үед хүлээж авсан.
РПМ нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ Эрдгео ХХК-ийн эсрэг, нэр төрд нь халдах зорилготой үйл ажиллагаа явуулаагүй,нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан нэр төрд халдсан, Эрдгео ХХК-д хохирол учруулсан үйл ажиллагаа явуулаагүй болно.
Бидний зүгээс тус компанийн нэр хүндэд халдах зорилгоор ямар нэгэн мэдээллийг олон нийтэд тараагаагүй болно.
Иймд Эрдгео ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Эрдгео ХХК нь хариуцагч Рүнге Пинкок Минарко ХХК-д холбогдуулан ажил хэргийн нэр хүндийг сэргээж тараасан худал мэдээлэлд няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 42.381.820,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч РПМ ХХК нь Эрдгео ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйл ажиллагаа хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Эрдгео ХХК нь Эрчим хүчний яам, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн нэгжээс зарласан Багануурын ордод гүйцэтгэх нэмэлт хайгуулын ажлын тендерт оролцон шалгарч 2014 оны 09-р сарын 22-оос 2015 оны 06-р сарын 03-нд Багануурын ордод гүйцэтгэх нэмэлт хайгуулын ажлыг гүйцэтгэж Багануурын хүрэн нүүрсний ордод 2014 онд гүйцэтгэсэн нэмэлт хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулжээ./хх-ийн 32-60-р хуудас/
Рүнге Пинкок Минарко ХХК нь 2014 оны 09-р сарын 25-ны өдөр Балчулуу ХХК-тай хамтран Багануур ХК-ийн уурхайн ТЭЗҮ-н анхан шатанд уурхайн төлөвлөлттэй холбоотой хийгддэг геологийн нөөцийн тооцооны баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэх зорилгоор 2015 оны 06-р сарын 19-ний өдөр АОУ-ММ-00128 дугаартай Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалтын дүгнэлтийг гаргахдаа Эрдгео ХХК-ийн боловсруулсан дээрх тайланг харьцуулсан байна. /хх-ийн 21-31-р хуудас/
Хариуцагч Рүнге Пинкок Минарко ХХК-нь АОУ-ММ-00128 дугаартай дүгнэлтийг Эрчим Хүчний Яам, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нүүрсний уурхай эзэмшдэг компаниудын тендерийн материал хүлээн авч дүгнэдэг албан тушаалтнууд, голлох санхүүжилтыг хийдэг Дэлхийн банкны Монголыг хариуцсан албан тушаалтнууд, Багануур төслийг хариуцан хэрэгжүүлж байгаа төлөөллүүдэд тараасан нь Эрдгео ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, гэм хорын хохирол учирсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.
Рүнге Пинкок Минарко ХХК зөвлөх үйлчилгээний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж АОУ-ММ-00128 дугаартай Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалт-ыг гаргахдаа Эрдгео ХХК болон Норвест комданиудаас ирүүлсэн дүгнэлттэй харьцуулж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад тараасан нь нэхэмжлэгч компаний ажил хэргийн нэр хүндийг гутааж, гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компаний бизнесийн нэр хүнд болон тендерт оролцох эрх ашигт нөлөөлсөн, бодит хохирол учирсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Эрдгео ХХК нь ажиллагсдын 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сард авч байсан цалин, дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тайланг үндэслэн компанид учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж байх боловч хариуцагч РПН ХХК АОУ-ММ-00128 дугаартай Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалтыг гаргасан явдал нь Эрдгео ХХК-ийн ажиллагсдын цалинтай тэнцэхүйц гэм хорын хохирлыг нэхэмжлэгчид учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд Багануурын нөөцийн тооцооны харьцуулалт, баталгаажуулалт, шинжээчдийн багийн нэгдсэн дүгнэлт, шинжээчид хайгуулын ажлын талбайд ажилласан товч танилцуулга, 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн СТР-04/15-01, СТР-04/15-02 дугаар бүхий Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтүүд, Эрдгео ХХК-ийн ажиллагсдын 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 4 дүгээр сард авч байсан цалин, дээрх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тайлан зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч Эрдгео ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд гутаагдаж, гэм хорын хохирол учирсан болохыг нотлохгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасны дагуу нэхэмжлэгч Эрдгео ХХК-ийн ажил хэргийн нэр хүнд хэрхэн унаж гэм хор учирсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд Эрдгео ХХК-ийн нэхэмжлэлтэй, Рүнге Пинкок Минарко ХХК-д холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээж тараасан худал мэдээлэлд няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 42.381.820,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хавтаст хэргийн 70-71 талд авагдсан баримт нь /гадаад хэл дээр/ хуулийн шаардлага хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Рүнге Пинкок Минарко ХХК-д холбогдуулан гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан худал мэдээлэлд няцаалт хийлгэх, гэм хорын хохиролд 42.381.820,5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Эрдгео ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440059 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Д.СОЛОНГО
С.ЭНХБАЯР