| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0100/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 98
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Т.Нансалмаа
Хохирогч Т.Анужин
Нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүд холбогдох эрүүгийн 1931001430086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Сэлэнгэ аймаг, Ерөө сум 1 дүгээр баг 1-10 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2005 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар, 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүү, РД:/УУ-83121611/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч О.Баатархүү нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг 63 тоотод оршин суух иргэн Д.Дархижавын гэрт Т.Анужинтай харилцан маргалдаж улмаар Т.Анужингийн нүүр толгойн хэсэгт модоор цохиж биед нь эрүү ясны хугарал, зүүн эрүү, буйланд шарх, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Баатархүү нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг 63 тоотод оршин суух иргэн Д.Дархижавын гэрт Т.Анужинтай харилцан маргалдаж улмаар Т.Анужингийн нүүр толгойн хэсэгт модоор цохиж биед нь эрүү ясны хугарал, зүүн эрүү, буйланд шарх, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч О.Баатархүү гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч О.Баатархүүгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны орой гадаа гарахад Т.Анужин манай гэрийн гадуур явж байсан. Бид хоёр мэнд мэдэлцээд өнгөрсөн. Гэртээ ороод байж байхад Т.Анужин манайд нэг шил архи барьж орж ирснийг уугаад Т.Анужин ах ганц юм авч өгөх юм байгаа биз дээ гэхээр нь нэг шил архи аваад Дариа эгчийн гэрт очиж уусан. Тэгээд бид хоёр маргалдаж намайг зодолдъё гээд байхаар нь би хэрэггүй гэж хэлсэн. Тэгтэл намайг барьж аваад унагаад цохиод байхаар нь би түүний барьж байсан модыг авч 2 удаа цохьсон. Ингээд цагдаад баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг хоёр хувааж төлөх саналтай байна....” гэх мэдүүлэг
Хохирогч Т.Анужингийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр би явж байгаад О.Баатархүүтэй хамт архи уусан. Төрсөн өдөр чинь болж байгаа юм чинь архи авч өгье гээд өөрөө дэлгүүрээс архи авч Дариа эгчийн очиж уусан. Бид мод барьж О.Баатархүүг цохиогүй, харин О.Баатархүү мод барьж намайг нилээн хэдэн удаа цохьсон. О.Баатархүү худлаа мэдүүлэг өгч байна. Оношлогоо, эмчилгээ, мэс засал хийлгэсэн зардал 1.559.435 төгрөгөө нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг
Хохирогч Т.Анужингийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гомдолтой байна. Энэ хүнээс болж ажил төрөлдөө ч явж чадахгүй байна. Өөрийн мэс засалд орсон зардлын баримт гарахаар нь авч өгнө, бусад шатахуун тос, эм тарианы мөнгөний баримтуудаа ч гаргаж өгнө. Би Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хэвтэн эмчлүүлж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрүүний мэс засалд орсон юм. Одоогоор шүдэндээ бэхэлгээ хийсэн байна. Хоол унд идэхдээ гуурсаар шингэн хоол идэж байгаа, хэд хоногоос очиж, оёдол бэхэлгээгээ авхуулна. Эрүүний хугарал нь зөрүүтэй байсныг эмчлүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/
Хохирогч Т.Анужингийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 22 цагийн үед би хүнтэй уулзах гээд гэрээсээ гараад “Ашид” кафе руу явах замд манай сумын иргэн О.Баатархүү гэрийнхээ хашаан дотроос дуудаж “2-лаа ойрхон яваад ирье, чи хүнтэйгээ уулзаад манай гэр лүү ороод ирээрэй” гэхээр нь би “Ашид” кафе орж хүнтэйгээ уулзаад 0.5 мл- ийн “Соёрхол” нэртэй архи авсан юм. Тэгээд архиа авч О.Баатархүүгийн гэр лүү ороход О.Баатархүү нь гэртээ 1 шил 0.5 мл-ийн архи задалсан байдалтай ууж байсан юм. Би авсан архиа О.Баатархүүтэй хувааж уусан юм. Тэгээд О.Баатархүү нь дахиад нэг шил 0.5мл-ийн “Хараа” нэртэй архи авсан юм. Тэгээд архиа аваад 1 дүгээр багийн иргэн Дариа эгчийн гэрч очсон юм. Тэгээд тухайн айлд архиа уугаад сууж байгаад О.Баатархүү нь 2-лаа гар барилдъя, гээд намайг 2 удаа дийлсэн юм, намайг “архи уу” гэхээр нь “би одоо боллоо, уухгүй” гэж хэлээд сууж байхад миний аавыг “Гөлчгий Төрөө” гээд өдөж хэрүүл маргаан үүсгээд байсан. Тэгэхээр нь тухай Дариа гэх айлд О.Баатархүүг тонгорч унагаад 1 удаа гараараа цээж хэсэг рүү нь цохьсон юм. Тэгээд би эргээд сандал дээр сууж байтал намайг миний өмсөж байсан хүрэн улаан өнгийн хоолойтой ноосон цамцны захнаас татаж боосон юм. Тухайн үед би хэсэг ухаан балартсан байсан. Тэгээд хэсэг ухаан алдаад босоод ирэхэд тухайн айлд хүн байхгүй байсан юм. Тэгээд Дариа гэх айлын гэрээс гарахад миний араас толгой хэсэг рүү хүн цохьсон юм. Тэгээд би толгойгоо бариад суухад О.Баатархүү нь нэг зүйлээр намайг толгой болон мөр хэсэг рүү цохиод байсан юм. Яг хэдэн удаа цохьсон талаар би мэдэхгүй байна. Би босоод ирэхэд О.Баатархүү нь яваад өгсөн. Тэгээд тухайн шөнө эрүүл мэндийн төвд очиж үзүүлсэн. О.Баатархүү нь намайг прүүс модоор цохьсон. О.Баатархүү нь намайг хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би О.Баатархүүг тонгорч унагаад цээж хэсэг рүү нь гараараа нэг удаа цохьсон. Энэ шалтгаанаас болж О.Баатархүү нь намайг цохьсон. О.Баатархүү бид 2-н хооронд өш хонзон өр авлаганы асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/
Гэрч Д.Дархижавын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ерөө сумын 1 дүгээр багт гэртээ байж байхад 23 цагийн үед О.Баатархүү нь, манай сумын иргэн Т.Анужин гэх залуутай цуг 0.5мл-ийн “Хараа” нэртэй архи барьж орж ирсэн юм. Тэгээд тухайн архинаас нь би уугаагүй. Т.Анужин, О.Баатархүү 2 архиа хувааж уусан. Тэгээд Т.Анужин нь О.Баатархүүтэй гар барилдаж байгаад хэрүүл маргаан үүсгэж Т.Анужин нь эхлээд О.Баатархүүг тонгорч унагаж байсан юм. Тухайн үед О.Баатархүү нь Т.Анужинг “...Гөлчгий Төрөөгийн хүү...” энэ тэр гээд хэлж байсан. Тэгээд О.Баатархүү нь Т.Анужингийн цамцнаас заамдаж, боож байсан. Тэгэхээр нь би салгаж чадахгүй учраас айсандаа цагдаагийн байгууллага руу дуудлага өгөхөөр явсан. Т.Анужин, О.Баатархүү нар нь архи уусан байдалтай орж ирсэн. О.Баатархүү нь Т.Анужинтай цуг гар барилдаж байгаад Т.Анужин “...чи яахаараа намайг дийлдэг юм бэ?” гэж хэлэхэд нь “...чи муу Гөлчгий Төрөөгийн хүү ...” гэж хэлээд хоорондоо муудалцсан асуудал болсон. Энэ асуудлаас болж О.Баатархүү нь Т.Анужингийн эрх чөлөөнд халдсан. О.Баатархүү өөрийн ээж Олонсүрэн гэх хүнтэй цуг амьдардаг юм. Би О.Баатархүүтэй ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Манай сумын иргэн гэдгээр нь мэднэ. О.Баатархүү нь урьд Засаг даргын тамгын газарт малын эмч хийж байсан юм. Уул нь О.Баатархүү нь байнга архи уугаад явж байж харагдаад байдаггүй, хааяа уухаараа тавьтаргүй зантай болчихдог залуу юм шиг байна лээ. Өөр надад О.Баатархүүгийн талаар мэдэх зүйл байхгүй. Манай гэрээр орж гараад л явж байдаг юм. Тухайн үед О.Баатархүүгийн Т.Анужинг цохьсон гэх мод нь манай хашаанд байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/
Гэрч Б.Батбаатарын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.Баатархүү нь хүмүүстэй хар бор ажил хийгээд явж байдаг. Харин олсон хэдэн төгрөгөө архи дарсанд зориулчаад байдаг. Зан байдлын хувьд О.Баатархүү нь нийгмийн ажилд идэвх муутай, архи уухаараа зан ааш нь эвдэрчих гээд байдаг хүн юм шиг санагддаг. Архи уухгүй үедээ хүнтэй мэндтэй явдаг, хувиараа хар ажил хийгээд амьдралаа залгуулаад явдаг залуу юм. О.Баатархүү нь архитай холбоотой зөрчилд орчих гээд байдаг. Тэрнээс ажилсаг сайн залуу байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №108 дугаартай:
“1.Т.Анужингийн биед эрүү ясны хугарал, зүүн эрүү, буйланд шарх, нуруу зүүн мөрөнд зулгаралт, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 41 дүгээр тал/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/
Хохирлын баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-34 дүгээр тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай /хх-ийн 50 дугаар тал/
О.Баатархүүгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр тал/
Захиргааны хариуцлага, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82 дугаар тал/
Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 85-93 дугаар тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 94-95 дугаар тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Баатархүү нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг 63 тоотод оршин суух иргэн Д.Дархижавын гэрт Т.Анужинтай харилцан маргалдаж улмаар Т.Анужингийн нүүр толгойн хэсэгт модоор цохиж биед нь эрүү ясны хугарал, зүүн эрүү, буйланд шарх, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч О.Баатархүүгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч О.Баатархүүгийн гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Анужингийн биед эрүү ясны хугарал, зүүн эрүү, буйланд шарх, нуруу зүүн мөрөнд зулгаралт, толгойн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1:2-д зааснаар хохирол, хор уршигт тооцов.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Т.Анужин 1.559.435 төгрөг нэхэмжилснээс хохирол төлбөр төлөгдөөгүй байгаа бөгөөд түүний хавтаст хэрэгт нотлох баримт болгон ирүүлсэн баримтуудад тулгуурлан шүүгдэгч О.Баатарүүгээс 1.559.435 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Хохирогч энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээ хүрээнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.Баатархүүд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийгэмд тустай нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, ялтан О.Баатархүүд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Баатархүүгээс 1.559.435 төгрөг гаргуулан хохирогч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг “Тавин ганга” гудамж 11-107 тоотод оршин суух Монгол овогт Төрмандахын Анужинд /МЕ92042314/ олгосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Захчин овогт Олонсүрэнгийн Баатархүүд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2-д зааснаар ялтан О.Баатархүүд оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан О.Баатархүүг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 08 цагийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
7.Ялтан О.Баатархүүд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн брусс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9.Ялтан О.Баатархүүд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ