Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2026/01279

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч О.Одгэрэл, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2026/02980 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

184,789,066.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг *******-ийн захирал *******тай байгуулсан. Тодруулбал, *******ын facebook хаягт тавигдсан үйл ажиллагаа нь жигдэрсэн бэлэн бизнес тохижилт худалдана гэсний дагуу түүнтэй холбогдсон.

Тэрээр энд байгаа бүх хөрөнгө, тохижилт бүгд ******* бид хоёрынх үйл ажиллагаа нь жигдэрсэн, согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх зөвшөөрөлтэй, авсан хүн маргаашаас шууд ашиг олоод эхэлнэ гэх мэтээр итгэл төрүүлж төөрөгдүүлсэн байдаг.

2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *******ий дансанд 130,000,000 төгрөгийг шилжүүлээд *******, эд хөрөнгө худалдах худалдан авах эрх шилжүүлэх гэрээний дагуу эд хөрөнгийг жагсаалтаар хүлээлцсэн.

Ажиллуулах болоход *******-д давхар түрээсэлсэн болох нь тогтоогдсон. ******* гэрээгээ үзүүлэн *******-ийг гарахыг шаардахад тохижилтын зарим хэсэг, хөшиг ширээ сандал зэрэг эд зүйлийг аваад нүүсэн. Энэ үед согтууруулах ундаа худалдаалах түүгээр үйлчлэх зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон. Мөн үйл ажиллагаа явуулж байгаа байр, үлдсэн бусад эд хөрөнгө ******* гэх хүний хөрөнгө болох нь тогтоогдсон.

Дээрх нөхцөл байдлаас шалтгаалж, гэрээнд заасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон учир гэрээг цуцалж, төлсөн 130,000,000 төгрөгийг *******, ******* нараас гаргуулахаар шаардаж байна.

Мөн 130,000,000 төгрөгийг төлөхийн тулд *******, *******-аас өндөр хүүтэй мөнгө зээлж авч давхар хохирсон.

Иймд хариуцагч нараас гэрээний үүрэгт шилжүүлсэн 130,000,000 төгрөг, хохирол 54,789,066.88 төгрөг, нийт 184,789,066.88 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч нар хувийн шалтгааны улмаас хоорондоо тохиролцоод 8 сая төгрөгийн ашигтай бэлэн бизнесийг *******-ийн 100 хувийн хувьцаа, түүнд ногдох эрх, мөн ******* нэрээр үйл ажиллагаа явуулах эрхийг болон энэ түрээсийн гэрээг шилжүүлэхээр 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ, эрхийг нийтэд нь 150,000,000 төгрөгөөр үнэлээд фейсбүүк дээр анх зар оруулсан. Фейсбүүкт оруулсан нийтэд илэрхий зар дээр согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлгүй, зөвшөөрөлтэй гэж зар оруулаагүй.

Зар оруулсны дагуу ******* холбогдсон. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах эрх шилжүүлэх гэрээг байгуулаад ******* үйл ажиллагаа явуулах эрх, уг компанийн 100 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг нийтэд нь 130,000,000 төгрөгөөр үнэлж худалдсан.

******* гэж Улаанбаатар хотод 2 салбартай шар айргийн хаус рестораныг хариуцагч нар ажиллуулдаг. Энэ нь *******-ийн түрээсийн гэрээг хийж ажиллуулдаг. Энэ компанийн ******* гэдэг нэрээр ресторан, паб чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг франчайз эрх гэж тодорхойлоод байгаа. Үүн дээр нэмээд эрх шилжүүлэх гэрээгээр яагаад энэ компанийг шилжүүлж аваад байгаа вэ гэхээр уг түрээсийн гэрээг *******-тай байгуулсан.

Түрээсийн гэрээгээр шилжүүлж байгаа болохоор компанитай нь бас хамт шилжүүлсэн. Уг гэрээний дагуу ******* хариуцагч гэж тодорхойлогдоно.

Нэхэмжлэгч гэрээгээ цуцлаад хохирол шаардаж байгаа юм уу, гэрээнээсээ татгалзаж байгаа юм уу, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцуулж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна.

2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээний дагуу ******* нь мөнгөө *******ий данс руу шилжүүлсэн. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу 2 хоногийн дараа 2 банк бус санхүүгийн байгууллагаас авсан мөнгөөр уг төлбөрийг төлсөн гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй тайлбар хэлж байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Би *******ийг түрээслээд ажиллуулж байх тухайн нөхцөл байдал дээр байнга очиж байсан бөгөөд огт ажиллуулж чадахгүй, түрээсээ төлдөггүй байсан. Түрээсэлж эхэлсэн цагаасаа л түрээс дандаа хоцролттой явсан. Ингэж явсаар нэг яваад орсон чинь өөр хүүхдүүд байж байсан. Та нар юун хүүхдүүд вэ гэхэд, бид нар 15 сая төгрөгөөр түрээсэлсэн гэсэн. Наадах чинь 15 сая битгий хэл 7 сая төгрөгийнхөө түрээсийг төлж чадахгүй байсан газрыг та нар яахаараа 15 сая төгрөгөөр түрээсэлдэг юм гэхэд, бид нар ёстой гоё ажиллуулна, ёстой ашигтай газар гэсэн гээд сууж байсан.

Улмаар түрээсээ төлөхгүй байж байгаад нэг өдөр утасдаад ах аа хүрээд ир түрээсийн чинь мөнгийг төлье гээд уулзсан чинь би нэг найздаа өгчихсөн, манай найз ажиллуулаад явна гэхээр нь түрээсийн мөнгөө төлөхгүй бол гэрээг цуцална гэж хэлсэн.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас гэрээний үүрэг шилжүүлсэн 130,000,000 төгрөг, хохирол 32,408,270 төгрөг нийт 162,408,270 гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,380,796 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,262 төгрөг, 332,579 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 969,991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчид согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй гэж огт хэлж байгаагүй. Харин "*******-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа тусгай зөвшөөрөл гарвал өөрсдөө үйл ажиллагаа явуулахад асуудалгүй гэж хэлж байсан бөгөөд үүнийг нотлохоор вайбэр чатад үзлэг хийлгэх, гэрчээр *******-ийн гүйцэтгэх захирал *******, ******* нарыг асуулгах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

Хариуцагч нарын хувьд өөрийн бэлэн бизнесээ нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь 2 сарын хугацаанд ашиг хүртсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар болон хариуцагчийн үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлтээр нотлогдох байсан.

5.2. Нэхэмжлэгч нь *******аас *******-ийн 100 хувийн хувьцаа, түүнд ногдох эрхийг шилжүүлэн авсан болохоос түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг дамжуулан түрээслээгүй бөгөөд *******тэй *******-иар түрээсийн гэрээ байгуулсан тул шүүхээс дамжуулан түрээсэлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нар гэрээний саналд заасны дагуу нэхэмжлэгчид *******-ийн 100 хувийн хувьцаа, түүнд ногдох эрх, ******* нэрээр үйл ажиллагаа явуулах эрх, Баянгол дүүрэг, 17-р хороо 4-р хороолол, Амарсанаа гудамж 476 байр, 1 давхрын 4 тоот, 121.93 м.кв талбай бүхий объектод байрлах ******* рестораны дотор тохижилт, тоног төхөөрөмж буюу өмч зэргийг бүхэлд нь нэхэмжлэгчид бүрэн шилжүүлсэн бөгөөд эрхийн доголдолгүй хөрөнгө байсан.

Анхан шатны шүүхээс шилжүүлсэн хөрөнгө эрхийн доголдолтой байсан гэж үзэж байгаа бол яг ямар хөрөнгийг яаж ашиглах боломжгүй байсан, уг эд хөрөнгийг ямар үндэслэлээр эрхийн доголдолтой гэж үзэж байгаа талаар дүгнэлт өгөх байсан.

5.3. Мөн нэхэмжлэгч нь 130,000,000 төгрөгийг *******ий дансанд шилжүүлсэн байтал ямар үндэслэлээр хариуцагч нараас хамтад нь гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд шүүхээс хариуцагч нараас хэнээс хэдэн төгрөг гаргуулахыг тусгаагүй байгаа нь үндэслэлгүй байна.

******* нь нэхэмжлэгчтэй *******-ийн гүйцэтгэх захирлын хувиар гэрээ байгуулсан байтал иргэн *******аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй, энэ талаар шүүхээс тайлбар хийгээгүй.

Нэхэмжлэгч нь 130,000,000 төгрөгийг *******ий дансанд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шилжүүлсэн. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр "*******" ББСБ ХХК-аас авсан 100,000,000 төгрөгийн хүүг хохиролд гаргуулахаар шийдвэрлэж байгаад шалтгаант холбоо тогтоогдоогүй байтал хохиролд 32,408,270 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хохирлын мөнгөн дүнг хэрхэн тооцсон нь тодорхойгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч нар маргаан бүхий объектыг гуравдагч этгээдэд давхар түрээслүүлсэн, түрээсийн гэрээ болон франчайз эрхтэй холбоотой нөхцөл байдлыг худалдан авагчаас нуун дарагдуулсан. Хэрэгт авагдсан гэрэл зурагт тухайн объектод согтууруулах ундааны сурталчилгаа, бүтээгдэхүүн байршуулсан байдал харагддаг бөгөөд энэ нь худалдан авагчид согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх боломжтой үйл ажиллагаа эрхэлж байгаа ойлголт өгсөн. Мөн *******тэй байгуулсан түрээсийн гэрээний 7.1-д объектыг бусдад дамжуулан түрээслүүлэхийг хориглосон байхад хариуцагч нар гуравдагч этгээдтэй түрээсийн харилцаа үүсгэсэн нь эрхийн доголдолтой холбоотой нөхцөл байдлыг нотолж байгаа.

6.2. ******* нь маргаан бүхий гэрээнд худалдагч талын хувиар оролцож, гэрээнд гарын үсэг зурсан тул *******ий хамт гэрээний үүргийн үр дагаврыг хариуцах ёстой. Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, харин хариуцагч тус бүрийн хариуцлагын хэмжээг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тодорхойлж өгнө үү.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгч талын байр суурийг дэмжиж оролцсон.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эд хөрөнгө худалдах, худалдах авах, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсан үндэслэлээр төлбөрт төлсөн 130,000,000 төгрөг, хохирол 54,789,066.88 төгрөг, нийт 184,789,066.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нь гэрээний зүйлийг ямар нэгэн доголдолгүйгээр шилжүүлэн өгсөн, гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх маргаанд хамаарах үйл баримт тогтоогдоогүй, энэ талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байна.

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчимд үндэслэгдэх бөгөөд талууд шаардлага, татгалзлын үндэслэл болсон үйл баримтыг нотлох үүрэгтэйгээс гадна өөрсдөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

Талууд гэрээ байгуулахдаа согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар ямар тохиролцоо хийсэн, гэрээ байгуулах үеийн харилцан мэдээлэл солилцсон нөхцөл байдал ямар байсан, *******-тай хамтран ажиллаж байсан эсэх, мөн хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэх зэрэг маргааны үйл баримтыг тогтоолгох зорилгоор хариуцагч талаас цахим чатад үзлэг хийлгэх, *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 26, 10 дугаар сарын 27, 12 дугаар сарын 08, 2026 оны 01 дүгээр сарын 19, 03 дугаар сарын 17-ны өдрийн захирамжуудаар дээрх хүсэлтүүдийг хангахгүй орхижээ.

Ийнхүү хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүйгээс шалтгаалан хариуцагч нарын тайлбарт дурдсан үйл баримтад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

Энд дурдсан нотлох баримт бүрдүүлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс мөн гаргасан боловч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар хангаагүй болохыг дурдвал зохино.

 

3.2. Түүнчлэн, талуудын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан гэрээгээр зөвхөн тодорхой эд хөрөнгө бус, ******* рестораны үйл ажиллагаа явуулах эрх, франчайз эрхийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Гэтэл уг франчайз эрхэд ямар нэр, барааны тэмдэг, ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа боодол, ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болон бусад эрхүүд хамаарч байсан, эдгээрээс алийг нь хариуцагч нар нэхэмжлэгчид шилжүүлсэн, шилжүүлсэн эрхүүдийг нэхэмжлэгч бодитоор хэрэгжүүлэх боломжтой байсан эсэх зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг анхан шатны шүүх бүрэн тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал нь Beer House нэрийн дор тодорхой аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд уг үйл ажиллагаатай холбоотой франчайз эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд уг франчайз эрхийн агуулга, хамрах хүрээ, түүнд багтах эрх, үйл ажиллагааг тогтоох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан франчайз эрхийг тодруулах зорилгоор гаргасан хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 24, 09 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжуудаар анхан шатны шүүх хангаагүй байна.

 

4. Дээрх зөрчлийг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 192/ШШ2026/02980 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 969,991 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

Т.БАДРАХ