| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0294/И |
| Дугаар | 286 |
| Огноо | 2016-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй
Ойдовын Цэцэгтуяа, Норжмаагийн Батбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Замын-Үүд дэх салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ойдовын Цэцэгтуяа, Норжмаагийн Батбаяр нар нь 2015 оны 03 сарын 10-ны өдөр ЗГ22/59 дугаартай “Зээлийн гэрээ”-г Төрийн банкны Замын-Үүд салбартай байгуулан банкнаас 11,050,000 /арван нэгэн сая тавин мянган/ төгрөгийг сарын 1,6 хувийн /жилийн 19,2 хувийн /-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг авсан. О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нар нь ЗГ/22/59 дугаартай Зээлийн гэрээний 3.2.3, 3.2.8, 5.1.1, 5.2.2 дах заалтыг зөрчиж, 2016 оны 06-р сараас хойш зээлээ хуваарийн дагуу төлөхгүй байгаа ба холбоо барих боломжгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
О.Цэцэгтуяагийн төрсөн дүү О.Саруулцэцэг /PД:ГИ82041307/ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суудаг ба Замын-Үүд Замын 4-р анги 11-р хэсэгт замчинаар ажилладаг. Утас:99595583. /Банкны ажилтан О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нарын талаар, хаана байгааг нь асуухаар Улаанбаатарт байгаа яг хаана байгаа хаягыг нь мэдэхгүй гэсэн тайлбар өгдөг/ гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нар нь 2016 оны 03 сарын 10-ны өдөр 11,050,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй авсан. Зээлийг 2016 оны 07 сараас хойш төлөөгүй байгаа юм. Зээл авах үедээ Нартын хошуу зөрлөгт ажиллаж амьдарч байгаад ажлаасаа халагдсан байсан. Одоо оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хавтаст хэргийн материалаас:
-Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөн баримт
-П.Болормаа, Б.Оюунцэцэг нарт шүүхэд байгууллагын төлөөлөх эрх олгосон 2016 оны 08 сарын 18-ны өдрийн 01/8460 тоот итгэмжлэл
-Норжмоогийн Батбаяр, Ойдовын Цэцэгтуяа нарын иргэний үнэмлэхний хуулбар
-Норжмоогийн Батбаяр, Ойдовын Цэцэгтуяа нарын цээж зураг
-Барьцаат зээлийн гэрээний хуулбар
-Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар
-Төрийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг шинжлэн судлав
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд буюу Н.Батбаяр, О.Цэцэгтуяа нар нь нэхэмжлэгч Төрийн банкны Замын-Үүд салбартай 2015 оны 03-р сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 11,050,000 /арван нэгэн сая тавин мянган/ төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн /жилийн 19,2 хувийн /-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан байх ба тэрээр Төрийн банкны Замын-Үүд салбарт хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлөлтөө 2016 оны 07 сараас хойш төлөөгүй хугацаа хэтрүүлсэн, утас нь холбогдохгүй, зээл авах үеийнхээ хаяг дээр оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд өгсөн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэргээр тогтоогдож байна.
Иймд О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх тул хуульд заасан журмын дагуу түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Өндрийнхөн овогт Ойдовын Цэцэгтуяа /РД: ГИ74090204/, Мукси овогт Норжмоогийн Батбаяр/ РД: ИИ68090531/ нар нь, зээл авах үедээ Замын Үүд сумын 3 дугаар баг, 1069-р точект оршин суух хаягтай байсныг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Төрийн банкны Замын Үүд салбарын хүсэлтээр Өндрийнхөн овогт Ойдовын Цэцэгтуяа /РД: ГИ74090204/, Мукси овогт Норжмоогийн Батбаяр/ РД: ИИ68090531/ нар эрэн сурвалжилсугай.
2. О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нарыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3. О.Цэцэгтуяа, Н.Батбаяр нарыг хаягийг тогтоомогц хүсэлт гаргагч Төрийн банкны Замын Үүд салбарт нэн даруй мэдэгдсүгэй.
4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД