| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/05211/И |
| Дугаар | 210/МА2026/01083 |
| Огноо | 2026-05-13 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/01083
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/03299 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
70,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 09 сард Япон улсаас машин оруулж ирдэг ******* гэх хүнтэй холбогдож, 55,000,000 орчим төгрөг шилжүүлж 2 машин авахаар захиалсан. 2024 оны 11 сард захиалсан 2 машин Замын-Үүдийн гааль дээр буусан очоод аваарай гэсэн.
1.2. Тухайн үед ******* нь очиж авах боломжгүй байсан тул өөрийн найз болох Замын-Үүд суманд амьдардаг *******аар дамжуулан 2024 оны 11 сарын 04-ний өдөр Toyoto Pruis Alpha маркийн ******* арлын дугаартай,******* гаалийн мэдүүлгийн дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн суудлын автомашин, мөн Toyoto Pruis Alpha маркийн ******* арлын дугаартай, ******* гаалийн мэдүүлгийн дугаартай, 2020 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн суудлын автомашиныг гаалийн төлбөрт 5,897,689 төгрөгийг шилжүүлэн, *******ын нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийлгэн хүлээн авсан.
1.3. Уг 2 автомашиныг Улаанбаатар хотод өөрөө худалдан борлуулж чадахгүй байсан тул *******аас борлуулж өгөх хүн байна уу гэхэд ******* гэдэг хүнийг танилцуулж өгсний дагуу *******аас *******д автомашин худалдах эрх олгосон итгэмжлэл өгч, 2 машинаа заруулахаар өгсөн.
1.4. Гэтэл хариуцагч нь 2 автомашины нэгийг нь 41,000,000 төгрөг, нөгөөг нь 39,000,000 төгрөгөөр худалдсан байх нийт автомашины үнэ болох 70,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. 2024 оны 07 сард Япон улсаас *******ад автомашин захиалж, нийт 111,200,000 төгрөгийг төлсөн ба 2024 оны 11 сарын 16-ны өдөр захиалсны дагуу Toyoto Pruis Alpha маркийн ******* арлын дугаартай,******* гаалийн мэдүүлгийн дугаартай, 2016 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн суудлын автомашин, мөн Toyoto Pruis Alpha маркийн ******* арлын дугаартай, ******* гаалийн мэдүүлгийн дугаартай, 2020 онд үйлдвэрлэсэн, хар саарал өнгийн суудлын автомашин болох нийт 2 ширхэг суудлын автомашиныг Япон улсаас худалдаж аван, замын болон гаалийн бүрдүүлэлтийн зардлыг бүгдийг урьдчилан бүрэн төлж, хүлээн авсан.
2.2. Автомашиныг хүлээн авах үед маш их эвдрэлтэй, хөгжимгүй машин байсан тул авсан өдрөө шууд Вьетнам засварын газар аваачиж нийт 950,000 төгрөгөөр засуулж, шинэ хөгжим, шинэ өвлийн дугуй тавиулахад 1,940,000 төгрөг, нийт 2,890,000 төгрөгийг зарцуулсан.
2.3. ******* гэдэг хүнийг танихгүй. Гаалийн бүрдүүлэлтийн маягт ******* гэдэг хүний нэр байсан тул түүнээс итгэмжлэл авч автомашинаа худалдан борлуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******д холбогдох 70,000,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх уг маргааныг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа гэж буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд даалгаврын гэрээ байгуулагдаагүй, мөн худалдах, худалдан авах гэрээний шууд харилцаа үүсээгүй болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдах, худалдан авах болон борлуулах асуудлаар *******тай харилцаж, түүний саналын дагуу автомашиныг хариуцагч Амгаланд итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлсэн болно. Гэвч нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд даалгаврын гэрээ байгуулах талаар харилцан тохиролцсон, гэрээний шинж бүхий харилцаа үүссэн нь нотлогдохгүй бөгөөд хариуцагч ч мөн адил нэхэмжлэгчтэй машин зарж өгнө гэсэн гэрээ, тохиролцоо байгуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн
4.3. Хариуцагч нь итгэмжлэлээр олгогдсон эрхийг ашиглан автомашиныг захиран зарцуулж, түүнээс олсон мөнгөн хөрөнгийг өөртөө авч үлдсэн нь итгэмжлэлийн зорилгод нийцээгүй бөгөөд Иргэний хуулийн 492 болон 493 дугаар зүйлд заасан үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөлийг бүрдүүлж байгаа тул уг хөрөнгийг буцаан олгох үүрэгтэй. Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглээгүй, харин 399 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн ноцтой зөрчил болно.
4.4. Шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж хуульчилсан. Гэтэл энэ хэргийн цор ганц нотлох баримт болох маргаан бүхий 2 автомашиныг нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон 2024 оны 12 сарын 14-ний өдрийн 2944, 2945 дугаартай итгэмжлэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, энэ итгэмжлэлийг үндэслэлгүйгээр үнэлээгүй. Харин эсрэгээр эргэлзээтэй гэрчийн мэдүүлэг, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хальсан асуудлаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо. Тодруулбал шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т ...нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын тайлбар, дансны хуулга зэргээр талууд хэн аль нь *******аар дамжуулан Япон улсаас хуучин автомашин худалдан авахаар мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдов гэж улмаар *******гийн *******аас худалдан авсан автомашиныг үгүйсгэн, эсрэгээр *******г *******аас тухайн машиныг худалдан авсан болох нь тогтоогдлоо гэж хэргээс хальж дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илтэд дордууллаа.
4.5. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид итгэмжлэлээр худалдахаар шилжүүлсэн автомашины худалдсан төлбөр буюу үр шимийг нэхэмжилж байгаа болно. Гэтэл шүүх зохигчдын *******тай үүсгэсэн харилцаанд голлон дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
4.6. Энэ нэхэмжлэлээр *******, ******* нарын хоорондын эрх зүйн харилцааг тогтоох боломжгүй. Хариуцагч нь хариу тайлбартаа маргаан бүхий 2 автомашины төлбөр, гааль, тээврийн зардалд нийт 111,200,000 төгрөгийг ******* руу шилжүүлсэн гэж тайлбарласан. Гэвч хэрэгт гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд гүйлгээний утгад Harrier гэх мэт өөр автомашины нэр дурдагдсан, зарим гүйлгээ нь ******* бус өөр этгээд рүү шилжсэн, харин ******* руу Prius 41 гэх утгаар 15,000,000 төгрөг шилжүүлсэн баримт л авагдсан нь уг төлбөрүүд маргаан бүхий автомашины үнэ мөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
4.7. Мөн шүүх хуралдаанд хариуцагч нийт 111,200,000 төгрөгөөр 9 ширхэг гаальтай автомашин худалдан авсан гэх агуулгатай тайлбар гаргасан нь өмнөх тайлбартайгаа зөрчилдөж, тухайн төлбөрт ямар автомашинууд хамаарч байгаа, ямар автомашин хүлээн авсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Түүнчлэн хариуцагч нь дээрх шилжүүлэгтэй холбоотойгоор *******ад холбогдуулан эрүүгийн журмаар шалгуулж байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарласан. Иймд *******, ******* нарын хооронд үүссэн мөнгө шилжүүлгийн баримт нь маргаан бүхий автомашины өмчлөл болон төлбөрийг нотлох эргэлзээгүй баримт биш байхад шүүх уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу юм.
4.8. Гэрчээр асуугдсан ******* болон хариуцагч нь түүнийг ******* гэх хүний ажилтан гэж тодорхойлж, тайлбарладаг боловч энэ талаар ямар ч баримт хэрэгт авагдаагүй, үнэхээр *******ын ажилтан мөн эсэх, яг ямар чиг үүрэг хэрэгжүүлдэг байсан нь нотлогдохгүй, эргэлзээтэй байхад шүүхээс гэрчийг *******ын ажилтан гэж үзэж түүний өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн гол үндэслэл болгон нэхэмжлэгчийн гаргасан бичмэл нотлох баримттай тайлбарыг үгүйсгэж байгаа нь илт үндэслэлгүй шийдвэр болсон.
4.9. Шүүхийн шийдвэр нь нотлох баримтад суурилж гарах учиртай гэтэл шүүх нотлох баримтгүй этгээдийн мэдүүлгийг бичмэл нотлох баримтаас давуу үнэлсэн нь илт алдаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс гэрч *******ийг *******ын ажилтан гэж огт тайлбарлаагүй бөгөөд эсрэгээр хариуцагч *******гийн ажилтан гэж ойлгож маргаан бүхий 2 автомашинаа түүнд хүлээлгэн өгсөн байдаг.
4.10. Мөн шүүхээс гэрч *******ийг асуухдаа тулгасан, хөтөлсөн асуултууд асуусан бөгөөд ******* гэх хүн өөрөө яагаад ирж гэрч болохгүй байгаа, яагаад ******* энд гэрч болох ёстой талаар огт тодруулж асуугаагүй, өөрөөр хэлбэл энэ хэргийн үйл баримтыг нотлох боломжгүй, ямар ч баримтгүйгээр *******ийг гэрчээр асуух хариуцагчийн хүсэлтийг хангаж, түүнээс тулгасан, хөтөлсөн асуулт асуусан, шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн алдаа болсон. Зүй нь үнэхээр зохигч нарын *******тай үүсгэсэн эрх зүйн харилцааг үндэслэн энэ хэргийг шийдвэрлэх юм бол ******* өөрөө гэрч болж энэ хэрэгт орж ирэх учиртай.
4.11. Шүүх гаалийн бүрдүүлэлтийг нэхэмжлэгч ******* хийж, гаалийн мөнгийг нэхэмжлэгч *******гийн дансаар шилжүүлсэн нь нотлогдож байна гэж зөв дүгнэсэн атлаа, шүүх шийдвэрээ гаргахдаа энэ бичмэл нотлох баримтыг ямар ч нотлох баримтгүй гэрчийн мэдүүлгээр няцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Логикоор бодоход ч хэзээ ч уулзаж, холбогдож үзээгүй, ямар ч хамааралгүй хүний машиныг өмнөөс нь гаалийн бүрдүүлэлт хийгээд, гаалийн татвар төлбөрийг нь төлөхгүй нь ойлгомжтой.
4.12. Анхан шатны шүүх маргааны эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хуулийг буруу хэрэглэсэн, мөн нотлох баримтыг иж бүрэн, бодитой үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл Давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнэсэн. Нэхэмжлэгч талын гаргасан гомдол нь нэхэмжлэлийн агуулгаас өөр утгатай байна.
5.2. Гомдолд дурдагдаж байгаа үйл баримт анхан шатны шүүхийн шийдвэрээр үнэлэгдээд дүгнэгдээд гарсан учраас надад үгүйсгэж хэлэх зүйл байхгүй байна. Хариуцагчийн захиалсан 5 тонны автомашин нь 9 ширхэг байсан эсэх нь тодорхойгүй байна.
5.3. Ямар ч тодорхойгүй үйл баримтад тулгуурлан тайлбарлаж байгаа нь гомдлыг үндэслэлтэй гаргаагүй болохыг илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн үндэслэлийг ... Япон улсаас ******* гэж хүнд машин захиж, оруулж ирсэн 2 автомашинаа хариуцагч *******д заруулахаар өгсөн боловч мөнгийг нь өгөөгүй, хоёр машины нэгийг 41,000,000 төгрөгөөр, нөгөөг нь 39,000,000 төгрөгөөр зарахаар зар оруулсан байсан. Хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул машиныг худалдан борлуулсан 70,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлийг ... 2024 оны 07 сард Япон улсаас ******* гэдэг хүнд машин захиж нийт 111,200,000 төгрөгийг төлсөн. 2024 оны 07 сараас хойш *******аас энэ 2 машинаас гадна 9 машин захиж аваад зарсан. Өөрийн захисан машинаа *******ын ажилтан *******өөс хүлээн авсан тул 70,000,000 төгрөгийг төлөхгүй гэж тус тус тайлбарласан.
Талуудын хэн аль нь Япон улсаас автомашиныг *******аар дамжуулан худалдан авсан талаар тайлбарлаж, мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргасан байхад анхан шатны шүүх *******аас гэрчийн мэдүүлэг авах талаар чиглүүлэх шаардлагатай байжээ.
Анхан шатны шүүх гэрч *******ийн мэдүүлэг нь дангаар зохигчдын хэн алинд автомашин илгээсэн *******ын хүсэл зоригийг эргэлзээгүй нотлохгүй байхад уг мэдүүлгийг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/03299 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,009 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
С.ЭНХБАЯР