| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/04466/И |
| Дугаар | 210/МА2026/00086 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00086
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07697 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь өөрийн эзэмшлийн, Бүгд Найрамдах Солонгос улсаас импортолж оруулж ирсэн хьюнда маркийн ачааны тээврийн хэрэгслийг 67,000,000 төгрөгөөр “*******” ХХК-д худалдан борлуулахаар харилцан тохиролцож, ээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.
1.2.Ингэхдээ төлбөрийг гэрээнд заасны дагуу эцэслэн төлж барагдуулахаар буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон.
1.3.Тээврийн хэрэгслийг “*******” ХХК-ийн захирал *******т хүлээлгэн өгснөөр гэрээний харилцаа тухайн үед дуусгавар болсон ч үнийг төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн.
1.4.Гэрээний 3.6-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж заасан бөгөөд 510 хоног хэтэрсэн нь үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 67,000,000 төгрөгийн 50 хувь болох 33,500,000 төгрөгийг алдангид тооцоод, нийт 100,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.*******ийг би танихгүй, нэг л удаа харж байсан. ******* гэдэг хүнтэй л энэ гэрээг хамгийн анх хийсэн. *******той хийснийх нь дараа нэр шилжүүлэх болоход энэ машин *******ийн нэр дээр байсан. Ийм учраас тухайн үед 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр *******той гэрээ байгуулаад, дараа нь *******ийг ******* өөрөө дуудаж гарын үсэг зуруулсан.
2.2.******* өнөөдрийг хүртэл тээврийн хэрэгслийн үнийг шаардаж утсаар ч ярьж байгаагүй, зурвас ч бичиж байгаагүй. Манай оффис, миний утас, компаний 2021 оноос хойш өөрчлөгдөөгүй, хэвээр байгаа.
2.3.******* нь өөрөө *******ийн нэр дээр гаалийн нэхэмжлэл хийлгээд оруулж ирсэн. ******* надаас мөнгөө одоо хүртэл нэхэж байгаа, одоо ч холбоотой байгаа, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас гэрээний үүрэг нийт 100 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 660,450 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 660,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Хэргийн бодит нөхцөл байдлын хувьд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь *******ийн хамтаар *******той уулзаж, автомашин худалдан авахаар тохиролцож, автомашины үнэ, төлбөр төлөх хугацаа зэргийг тохиролцдог. Ингээд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлээр техник худалдах, худалдах авах гэрээг байгуулсан. Гэтэл ******* нь автомашиныг *******ийн нэр дээр оруулж ирснээс шалтгаалж (******* өөрөө машин захиалгыг хийж төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг) *******той 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлээр техник худалдах, худалдан явах гэрээг хийсэн.
Хэргийн бодит нөхцөл байдлаас харвал "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь автомашин, түүний үнэ, төлбөр төлөх хугацааны талаар *******той биш, *******той тохиролцож гэрээ байгуулсан. Энэ нь *******, ******* нарын цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр нотлогддог.
“” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь *******той 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлээр техник худалдах, худалдах авах гэрээний зорилгыг биелүүлэх (автомашиныг шилжүүлэх), гэрээг хэрэгжүүлэх зорилгоор *******той гэрээ байгуулсан. Тиймээс ч "" ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь *******ын дүү гэх *******эд автомашины мөнгийг бүрэн шилжүүлж өгсөн боловч ******* нь *******ээс 20,000,000 төгрөгийг авсан. Гэтэл ******* нь уг мөнгөн хөрөнгийг автомашины төлбөрт тооцохгүй байх зорилгоор ******* нь "" ХХК-д автомашин худалдсан мэтээр тайлбарлаж, анхан шатны нэхэмжлэгчийн хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Мөн "" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, ******* нарын байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлээр техник худалдах, худалдах авах гэрээ өнөөдөр ч хуулийн хүчин төгөлдөр (энэ гэрээнээс талууд татгалзаагүй, цуцлаагүй, хүчингүй болгоогүй) байна. Нэхэмжлэгч ******* нь уг нотлох баримтуудыг ижил төрлийн нотолгооны хэрэгслээр няцаагаагүй.
Гэтэл анхан шатны шүүх нь хэргийн оролцогч өөрийн тайлбар, татгалзлаа нотолж байгаа нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдалд бодьтой дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна.
4.2.Алдангийн хэмжээг бүрэн тодорхойлж заагаагүй тул алданги шаардах эрхгүй. Нэхэмжлэгч *******, гэрч ******* нар нь үгсэн хуйвалдаж "" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, *******той 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн зээлээр техник худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үнэн, зөвөөр хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн бодит байдлыг дурдвал, *******ид Солонгос Улсаас импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгсэл байсан. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******т тухайн тээврийн хэрэгслийн хэрэгцээ шаардлага байсан. Иймд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах харилцаа яригдана. Тухайн үед н.Бямбацогтоор дамжуулж тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах хүсэлтийг тавьж байсан. Маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь ******* байсан бөгөөд түүнтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээг “*******” ХХК-ийн захирал ******* байгуулсан. ******* нь гэрээнд заасан үүргийн дагуу тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй буюу зохих ёсоор гэрээний үүргийг гүйцэтгээгүй.
5.2.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тайлбартаа нэхэмжлэгч нь нэхэмжлэх эрхтэй субъект биш, ******* болон “*******” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ, тухайн тээврийн хэрэгсэл нь *******ийнх биш гэсэн 3 үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Хариуцагч нь тухайн 3 үндэслэлтэй холбоотойгоор шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд хэрэгт цугласан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэж тайлбарладаг боловч тогтоогдоогүй.
5.3.Хариуцагч нь *******ээр дамжуулж *******ид гэрээний зүйлийн үнийг төлсөн үйл баримт байхгүй. Хариуцагч тухайн үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэг зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 100,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч *******тай хэлцэл хийгээгүй, *******той тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах байгуулж, төлбөрийг нь төлсөн гэж маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
3.1.******* болон “Төгс баялаг алтай” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр зээлээр /тээврийн хэрэгсэл/ худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байх байх бөгөөд, уг гэрээгээр худалдагч ******* нь арлын дугаартай, “Хьюндай D6АВ” маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авагч “Төгс баялаг алтай” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь тээврийн хэрэгслийн үнэ 67,000,000 төгрөгийг 3 хувааж буюу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөгийг тус тус *******ийн эзэмшлийн, “Хаан банк” ХК-ийн тоот дансанд шилжүүлэхээр, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн өдөр ******* болон “Төгс баялаг талтай” ХХК-ийн хооронд дээрх гэрээний нөхцөлөөр “Зээлээр техник худалдах, худалдан авах гэрээ” бичгээр байгуулагдсан.
3.2.Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1042 дугаар тогтоолоор *******ын гаргасан гомдлыг “...залилах гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэх иргэд хоорондын маргаан байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй...” гэсэн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн.
3.3.Шүүхэд гэрч ******* нь “...Машин эзэмшигч нь би биш, тухайн үед ******* гэдэг хүн орон нутаг руу явж таараад намайг өөрийнхөө өмнөөс гэрээ байгуулчих гэж хэлсэн. Тэгээд нотариат дээр очиж гэрээ байгуулж байсан. ******* бол миний хамтран бизнес эрхлэгч, ...Миний өмчлөлийн машин биш учраас ******* өөрөө нэхэмжлэх эрхтэй, ...Цагдаагаас надад хариу өгөхгүй удаад байсан учраас би очиж уулзсан” гэж мэдүүлжээ.
3.4.Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт арлын дугаартай, “Хьюндай D6АВ” маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл *******ийн нэр дээр орж ирсэн талаар тэмдэглэгдсэн зэргийг харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч ******* болон хариуцагч “Төгс баялаг алтай” ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/-ний дагуу тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгдсэн байна.
4.Талууд байгуулсан гэрээгээ зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэсэн, төлбөрийг 3 хуваан дараа төлөхөөр гэрээгээр тохиролцсон байх боловч төлбөл зохих төлбөрийн хэмжээ өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл хүүгийн хэмжээг тохиролцоогүйгээс үзвэл Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулаагүй байна. Харин талуудын байгуулсан гэрээний зүйл, шинж, нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч нь үнийг дараа хуваан төлөхөөр тохиролцсон нь худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөв.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар талууд маргаагүй байх тул нэхэмжлэгчийг гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 67,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Харин хариуцагчийг гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Тодруулбал, хариуцагч нь тайлбар, татгалзлын үндэслэлээ “...*******той гэрээ байгуулсан бөгөөд тээврийн хэрэгслийн үнийг түүний дүү *******эд бүрэн шилжүүлсэн” гэж тайлбарлаж, татгалзлаа нотлох зорилгоор ийн эзэмшлийн, “Голомт банк” ХК-ийн дансны хуулгыг нотлох баримтаар өгсөн бөгөөд ийн эзэмшлийн, “Голомт банк” ХК дахь тоот данснаас *******ийн эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь тоот дансанд нийт 76,050,000 төгрөгийг “түр өгөв, өргөө ххк түр” гэх утга заан шилжүүлсэн байх ба дансны гүйлгээний утга тээврийн хэрэгслийн үнийг төлсөн гэх байдлыг илэрхийлээгүй байна.
Иймд хариуцагч нь гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэ 67,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээний зүйлийн үнийг шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч талын “талуудын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.Гэрээний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.” гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
Шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тэнцүүлэн, хариуцагчаас 33,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн.
Иймээс хариуцагч талын “...алдангийн хэмжээг бүрэн тодорхойлж заагаагүй тул алданги шаардах эрхгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/07697 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Төгс баялаг алтай” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 682,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.АЗБАЯР