Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 605

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Аз Болд Трейд” ХХК-нд лифтны операторч ажил эрхэлдэг, ам бүл ХХ, Сонгино Хайрхан дүүргийн ХХ дүгээр хорооны ХХ дугаар гудамж ны ХХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, 

урьд нь 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн  427 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан, 

2015 оны 3  дугаар сарын 16-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 328 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /РД:УЛ00000000/, Дархчуул овогт А.М холбогдох эрүүгийн 1905018640500 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.М 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.М шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Б надтай хамт явж байгаад намайг хүнд зодуулахад алга болчихсон. Тэгсэн чинь намайг зодуулсны дараа  гэнэт Б гараад ирсэн. Тэгэхээр нь би уурлаад Бийг зодсон. Бийн хохиролд 130.000 төгрөг төлсөн. Би ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би хамт ажилладаг Д, Т нарын хамт хороололд байх нэгэн бааранд ороод 1 шил пиво уусан. Тэгээд баарнаас гарсан. Баарнаас гарахад Т харилаа гээд гараад явсан. Тэгээд Д бид хоёр хамт юм яриад зогсож байхад үл таних 3 залуу ирэхэд нь би Дөлөөгөөс салаад явсан. Тэгээд явж байсан Д хойноос ирээд чи яагаад намайг ялгаад байгаа юм бэ гээд над руу томроод  намайг барьж аваад хавсарч унагаагаад дараа нь нүүр рүү өшиглөөд нуруу руу бас өшиглөсөн...Би эмчилгээний 137.000 төгрөгийн зардлаа авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 11, 48/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Т мөрдөн байцаалтанд: Би ажлаасаа Б, М, Э нарын хамт гараад Ардын эрхийн орчим байрлах нэрийг нь мэдэхгүй нэг караокед ороод нэг цаг дуулаад хүний нэг нэг шил пиво уусан. Тэгээд уг караокеноос гараад Э гадуур ажилтай гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би А гэх найз руугаа яриад энд найзуудтайгаа сууж байна гэхэд А би ойрхон явж байна яваад очъё гэж хэлээд над дээр ирсэн. Тэгээд Б, М, А бид нар Сансар руу явж нэг бааранд орох гэж очоод болохгүй болохоор нь шууд модны 2-ын +25 гэх нэртэй бааранд орсон. Тэгээд уг бааранд 23 цаг өнгөрч байхад ороод 2 шил 0,75 граммын архи авч хувааж уусан. Тэгээд авсан архиа ууж дуусаад баарнаас гараад баарны гадаа зогсож байхдаа за одоо харьж амарцгаая гэж хэлэхэд М, Б нар харихгүй ээ бид хоёр буудалд очоод хононо гээд байхаар нь би лав харилаа гээд А гэх найзтайгаа хамт явсан. Тэр үед Б Мд хандан надад буудлын мөнгө байна хоёулаа зочид буудалд хоное гээд тэр хоёр үлдсэн. Тухайн үед Б мөнгөтэй байсан. Тэр 2 баарнаас дээшээ өгсөөд модны 2-ын автобусны ар талд байрлах нэгэн төмөр хашаатай зочид буудлын хаалгыг татаад үлдсэн. Тэгэхээр нь би Атай хамт такси бариад харих гээд явсан. Тэр үед цаг 4 цаг 20 минут болж байсан. /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Баянгол дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч Д.Баатарсүх мөрдөн байцаалтанд”...тухайн үед би цагдаагийн ахмад Сэржпүрэвийн хамт Тайшир-114 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед Тайшир-10-аас 05 цаг 10 минутанд Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Москва их дэлгүүрийн урд үл таних хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад”...Ачлал их дэлгүүрийн зүүн талд байрлах туслах зам дээр А.М нь найз Б гэх хүнийг зодож байсан. Тэгээд би очоод зодооныг салгахад зодуулсан гэх Б нь нилээн согтуу байсан тэгэхээр нь ар гэрээс нь хүн дуудсан. Тухайн үед Б нь нүүрнээс нь цус гарсан гар хөл нь шалбарсан байсан харин Мийн гар нь нилээн цус болчихсон дээгүүрээ цээж нүцгэн цээж гар нь цус болчихсон байсан. Тэгээд Мийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэн өгч Бийг ээж М-т нь хүлээлгэн өгсөн...М нь миний гар утас мөнгийг чи авсан гээд Б руу дайраад маргалдаад байсан. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4941 дугаартай дүгнэлтэнд: Ц.Бийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний дээд доод зовхи, эрүү, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хөмсөгний шарх, цээж, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 20/ гэжээ.

 

Сэжигтнээр А.М мөрдөн байцаалтанд: Би хамт ажилладаг Б, Түмэннасан болон Эрхбаяр нартай хамт ажлаасаа гараад Ардын эрхийн караокед ороод нэг цаг сууж хүн тус бүр нэг нэг шил пиво уусан. Тэндээ байж байгаад уг караокеноос гараад Э харих гээд явсан. Тэгсэн чинь Т-гийн найз гэх үл таних залуу ирээд бид нартай хамт явахаар болсон бид нар Сансар руу яваад Сансарын бааранд орох гэж байгаад болиод хороолол руу явахаар болсон. Тэгээд модны 2-т байдаг +25 бааранд ороод хүний нэг нэг шил пиво экс нэртэй 0,75 литрийн архи авч бид нар хувааж уусан. Тэгээд ширээ сольж суугаад дахиад нэг шил архи авч уусан. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна нэг сэрсэн чинь гадаа 3-4 залуу намайг зодож байх шиг байсан тэгээд нэг ухаан ороход цагдаагийн газар сэрсэн...тухайн үед миний цүнх, галакси эс 6 нэртэй гар утас, 2 ширхэг нокио гар утас бэлэн 50.000 төгрөг алдагдсан байсан...би Бийг зодоогүй харин Б намайг зодсон хүмүүсд надтай хамт зодуулчихаад намайг зодсон гэж мэдүүлээд байгааг гайхаж байна. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Мийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 54-60/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хАлагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч А.М нь 2019 оны 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бийн“...Дөлөө хойноос ирээд чи яагаад намайг ялгаад байгаа юм  гээд над руу томроод намайг барьж аваад хавсарч унагаагаад дараа нь нүүр рүү өшиглөөд нуруу руу бас өшиглөсөн ...” /хх-ийн 11/, гэрч Д.Баатарсүхийн“...Ачлал их дэлгүүрийн зүүн талд байрлах туслах зам дээр А.М нь найз Б гэх хүнийг зодож байсан...” /хх-ийн 15/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4941 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч А.М нь Ц.Бийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос А.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч А.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас А.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ц.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг үндэслэн А.Мийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.Мийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

А.Мийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. А.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ