Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01157

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/03138 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 3,105,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2024 оны 08 сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Кинг тауэр хотхоны 143 дугаар байр руу орохоор үүдний хаалган дээр өөрийн эзэмшлийн Toyota Harrier маркийн ******* УЕХ улсын дугаартай автомашинтай зогсох үйлдэл хийх үедээ миний урд байсан Toyota Lexus RX450 маркийн ******* УЕК улсын дугаартай автомашины жолооч ухрах үйлдэл хийхдээ миний автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан.

1.2. Нэхэмжлэгчийн машинд их хэмжээний хохирол учирсан ба ******* ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 2,910,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэвч ******* нь учруулсан хохирлоо өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

1.3. Иймд хариуцагчаас машинд учруулсан хохирол 2,910,000 төгрөг, уг ослын улмаас автомашины үнэлгээ хийлгэсний ажлын хөлсөнд төлсөн 195,000 төгрөг, нийт 3,105,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Toyota Lexus RX450 маркийн ******* УЕК улсын дугаартай автомашин нь хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь үнэн боловч тухайн өдөр хөдөө байсан тул машин жолоодож яваагүй. Хариуцагчийг цагдаагийн байгууллагаас дуудсан зүйл байхгүй. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 3,105,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,630 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 64,630 төгрөг, шинжээчийн зардал 165,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрийн эд хөрөнгөнд учруулсан хохирол, түүнийг төлүүлэхтэй холбоотойгоор буруутай этгээдээс төлүүлэхээр шаардсан байдаг. Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байхад зөрчлийн хэргийн шийтгэвэр болон ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ******* УЕК тээврийн хэрэгслийг жолоодож байсан ******* мөргөж гэмтэл учруулсан нь тогтоогдсон байдаг бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй байхад шүүх хариуцагчийн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа юм.

4.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан үндэслэлээр эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээд төлөх хуулийн зохицуулалттай байдаг бөгөөд шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж. хэрэглэж хариуцагчийг буруутай этгээдээр тооцож гэм хорыг арилгуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь бодит байдлыг хэт товч утгаар, буруу ойлгож шийдвэрлэсэн гэж үзэхээр байгаа юм.

4.3. Хэрэгт цугларсан баримтуудад нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эд хөрөнгөд засвар үйлчилгээ хийлгэсэн гэх үйл баримтыг тодруулсан нотлох баримтын шаардлага хангасан баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд зөвхөн зөрчлийн хэрэгт тусгагдсан үнэлгээний баримтыг үнэлж нэхэмжлэл гаргасан нь бодит хохирол бий болсон эсэх, түүнийг сэргээн засварласан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

4.4. Хэрэгт цугларсан баримтуудад зөрчлийн хэргийн талаарх баримтууд нотлох баримтын шаардлага хангагдаж бүрэлдээгүй бөгөөд тухайн баримтуудад шүүх дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байхад шүүхийн журмаар цуглуулж, бэхжүүлэлгүйгээр шийдвэр гаргасан нь процессын зөрчилтэй шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 3,105,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... би машин бариагүй ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1. ******* нь 2024 оны 07 сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Кинг тауэр хотхоны 143 дугаар байр руу орохоор үүдний хаалт дээр *******ийн эзэмшлийн Lexus RX450 маркийн ******* УЕК улсын дугаартай автомашиныг жолоодон ухрах үедээ осол гаргаж, нэхэмжлэгч *******ын Toyota Harrier маркийн ******* УЕХ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан;

3.2. ******* ХХК-ийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн Toyota Harrier маркийн ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2,910,000 төгрөгийн хохирол учирсан;/хх-6-10/

3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 сарын 16-ны өдрийн 102/ШТ2024/00500 дугаар шүүхийн тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилж, 2025 оны 01 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Toyota Harrier маркийн ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 975,500 төгрөгийн хохирол учирсан;

 

3.4. Шүүхийн 2025 оны 10 сарын 02-ны өдрийн 192/ШТ2025/00880 дугаар тогтоолоор ******* ХХК-ийг шинжээчээр томилж, 2025 оны 12 сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Toyota Harrier маркийн ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3,385,000 төгрөгийн хохирол учирсан гэж тус тус тогтоосон байна. /хх-56-58, 65-77, 105-106, 116-131/

 

4. Талууд *******гийн буруутай үйлдлийн улмаас *******ын эзэмшлийн Toyota Harrier маркийн ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан үйл баримтад маргаангүй.

 

4. Анхан шатны шүүх хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 3,105,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Осол гарах үед Lexus RX450 маркийн ******* УЕК улсын дугаартай автомашиныг ******* нь хариуцагчийн зөвшөөрлөөр эзэмшиж байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч *******ээс гэм хорын хохирол шаардах эрхтэй.

 

4.2. Тээврийн хэрэгслийн өмчлөгч осол гарахад тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй боловч тээврийн хэрэгслийг бусдад ашиглах боломж олгосон тул бусдад учирсан гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь гэм буруугүйгээр хариуцлага хүлээх зохицуулалт байдаг.

 

Тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* нь Lexus RX450 маркийн ******* УЕК улсын дугаартай автомашиныг *******д жолоодох боломжийг олгосон тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

 

4.3. Хэрэгт нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг тогтоосон үнэлгээ авагдсан ба анхан шатны шүүх ******* ХХК-ийн үнэлгээг үндэслэн маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцэхгүй.

 

******* ХХК-ийн үнэлгээ нь осол гарсны дараа буюу 2024 оны 07 сарын 26-ны өдөр нь автомашинд үзлэг үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцэж байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн автомашинд учруулсан гэм хорын хохирлын үнэлгээг тогтооход гарсан зардал 195,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан алдааг залруулж, тогтоох хэсгээс хасна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/03138 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 497 дугаар зүйлийн 497.1 .... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР