Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 429

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баярмаа хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ХХ настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл ХХ, Баянгол дүүргийн ХХ дугаар хорооны ХХ дүгээр байрны жижүүрийн байранд ажиллаж амьдардаг,  улсаас авсан шагналгүй, урьд нь

2005 оны 3 дугаар сарын 29-ний өдөр  Баянгол дүүргийн шүүхийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145-р  зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног  баривчлах ялаар,

2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 324 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн /РД: ЕС0000000/, А.Т холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

А.Т нь согтуурсан үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 66 дугаар байрны жижүүрийн өрөөнд иргэн Д.Э-ийг “чи хэдэн он бэ хэн бэ” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 17-ны 21 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо 66 дугаар байрны жижүүрээс гэрэл авах гэж ороод байж байтал гаднаас 71 дүгээр байрны жижүүрийн нөхөр орж ирээд ямар ч шалтгаангүйгээр ууж байгаа цайгаа миний нүүр рүү цацсан. Тэгээд намайг айлын орны толгой руу авч шидсэн. Миний толгой нүүр рүү цохиж хоёр хөлийг аваад мушгиж нуруу аймаар хүчтэй цохиж байгаад гараад явсан. Надыг ална шүү гээд дайраад байхаар нь тэдний нөхөр намайг салгаж аваад гэрт хүргэж өгсөн. Толгой нүүр хавдсан,  нуруу аймаар өвдөж байна. Гомдолтой байгаа. /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

Хохирогч дахин байцаалтаар “...намайг эхнэртэйгээ хамт цэвэрлэгээ хийсэн хүн байна чи хэдэн он бэ, хэн бэ чи гээд зодож эхэлсэн. Тухайн үед намайг толгой доошоо харж байгаад нэлээд хэдэн удаа гараараа цохиод дараа нь нуруу руу 2-3 удаа өшиглөөд байсан. Би өөдөөс нь огт эсэргүүцээгүй. Т 3-4 хоногийн дараа над дээр орж ирээд уучлалт гуйж эмчилгээний зардал гээд 300.000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Д мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо 66 дугаар жижүүрийн өрөөнд хамтран амьдрагч Л.Ц-ийн хамт байж байхад манай хажуу талын 67 дугаар байрны жижүүр Э орж ирээд цай уугаад сууж байхад гаднаас 71 дүгээр байрны жижүүрийн нөхөр Т согтуу орж ирээд утсаар эхнэр рүүгээ яриад байсан. Тэгээд цай ууж сууж байгаад Э-тэй юм ярьж байснаа Т дайраад аягатай бүлээн цайгаа Э-ийн нүүр рүү цацсан. Тэгээд цээж гар хөл рүү нь цохиод хөлийг нь мушгиад бөгс рүү нь өшиглөөд байсан. Тэгэхэд манай нөхөр бид хоёр айгаад ойртож чадаагүй. Тэгээд зурагтын хажууд очоод босгож суулгаад байсан. Тэгж байгаад Т-ийг манай нөхөр Ц авч гараад хүргэж өгчихөөд буцаж ирээд Э-ийг гэр рүү нь хүргэж өгсөн. Төмөрхуяг гаднаас нэлээд согтуу орж ирсэн. Тухайн үед Э зүгээр сууж байхад Т эрүүл өдөөд байсан. Урьд нь Э, Т-ийн эхнэртэй гадаа талбай цэвэрлэж байхдаа маргалдсан гэсэн. /хх-ийн 16/  гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3618 дугаартай дүгнэлтэнд: Д.Э-ийн биед тархи доргилт, бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр  А.Т мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 3 дугаар сарын 17-ны орой 17 цагийн үед өөрийн найз Баатараагийн төрсөн өдөр болж Баянбүрдэд Б-гийн гэрт найзынх нь хамт гурвуулаа 2 шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд би тухайн үед нэлээд муудаад гэр рүүгээ харилаа гээд явсанаа бүдэг санаж байгаа. Тэгээд гэртээ яаж ирснээ санахгүй байгаа. Нэг мэдсэн гэртээ харьчихсан өглөө сэрсэн. Тэгээд тэр өдөр гэртээ байхдаа 2 шил  пиво ууж байхад намайг цагдаа ирээд авч явсан. Би тухайн үед гэр рүүгээ явах замдаа ямар нэгэн асуудал огт гаргаагүй. Тэгээд гэртээ ирснээсээ хойш юу болсоноо санахгүй байгаа. Тэгээд маргааш нь Ц ах хэлэхдээ би гэртээ ирэхэд эхнэр байхгүй өрөө цоожтой байхаар нь Ц ахын орцны жижүүрийн өрөөнд орж эхнэр рүүгээ утсаар яриад сууж байгаа хажуу байрных нь жижүүр Э-тэй муудалцаад цохиж зодсон гэсэн. Би санахгүй, тасарсан байна лээ. Сүүлд Э эгчтэй таарахад хөл гарыг нь мушгиж, толгой руу нь цохиж зодсон гэсэн. Би огт санахгүй байгаа. Хохирогч Э-ийн эмчилгээний хохирол болох 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор А.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

А.Т нь согтуугаар 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 66 дугаар байрны жижүүрийн өрөөнд иргэн Д.Э-ийг “чи хэдэн он бэ хэн бэ гэх” шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Э-ийн“...гаднаас 71 дүгээр байрны жижүүрийн нөхөр орж ирээд ямар ч шалтгаангүйгээр ууж байгаа цайгаа миний нүүр рүү цацсан. Тэгээд намайг айлын орны толгой руу авч шидсэн. Миний толгой нүүр рүү цохиж хоёр хөлийг аваад мушгиж нуруу руу аймаар хүчтэй цохиж байгаад гараад явсан...” /хх-ийн 15/, гэрч С.Д-гийн“...Төмөрхуяг дайраад аягатай бүлээн цайгаа Э-ийн нүүр рүү цацсан. Тэгээд цээж гар хөл рүү нь цохиод хөлийг нь мушгиад бөгс рүү нь өшиглөөд байсан...”/хх-ийн 16/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, А.Тийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Э эгчтэй таарахад хөл гарыг нь мушгиж, толгой руу нь цохиж зодсон...” /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3618 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөн байцаалтанд А.Т өөрийгөө согтуу байсан үйлдлээ мэдээгүй гэж мэдүүлсэн байх боловч тэрээр согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

А.Т, Д.Э-ийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос А.Тт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч А.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас А.Тийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Э “300.000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч А.Тийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч А.Тийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч А.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

А.Тийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд дөрвөн зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч А.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Тт мэдэгдсүгэй.

 

  1. А.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, А.Тийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ