| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03756/И |
| Дугаар | 210/МА2026/00087 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00087
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08840 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 08 сарын 27-ны өдрийн З-5/8 дугаар орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 08 сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхоны 5 дугаар блокийн 1 дүгээр орц, 4 давхар, *******, Е загварын, 2 өрөө, 54.06 м.кв орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ тус гэрээний 3.2-т зааснаар орон сууцны үнэ болох 189,175,000 төгрөгийг 100 хувь бартерын нөхцөлөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд бартерт “*******” ХХК-тай байгуулсан материал нийлүүлэх гэрээ-нд заасан бараа материалын үнэ төлбөрт тооцуулан авахаар болсон. Манай компани гэрээнд заасан бараа материалыг нийлүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэж дуусгавар болсон.
1.2.Түүнчлэн “*******” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгээр материал нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт орон сууц авахаар болсон тохиролцоог “*******” ХХК хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч “*******” ХХК нь дээрх орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлэхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөөр байна.
1.3.Иймд Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, 5 дугаар блок, 1 дүгээр орц, 4 давхар, *******, Е загвар, 2 өрөө, 54.06 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
1.4.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанийн зүгээс хэн нэгнийг хууран мэхэлсэн, бусдыг хууран мэхлэх зорилготой худлаа ярьж, гэрээ байгуулсан зүйл байхгүй.
1.5.Бараа материал нийлүүлж, төлбөрт нь орон сууцыг хүлээн авахаар гэрээний үүргээ шаардаж байгаа. Нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээгээ өөр гуравдагч этгээдэд хуурагдаад, хүчээр гэрээ байгуулсан агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан захиалгын гэрээг харахаар хоёулаа хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх удирдлагууд гарын үсэг зурж, тамга тэмдгээ дарж баталгаажуулсан гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1.Нэхэмжлэлд дурдсанчлан “*******” ХХК-ийн эзэмшилд байгаа орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэхээр 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулсан талаар маргахгүй.
2.2.“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 02/5, 03/5 дугаартай 2 гэрээ хийсэн. Ойролцоогоор 3,400,000,000 төгрөгийн гэрээ бөгөөд төлбөрийн нөхцөл бэлэн болон бартерын нөхцөлийг тусгасан. “*******” ХХК-д төлөх бэлэн мөнгийг бүгдийг төлчихсөн байгаа.
2.3.Нэхэмжлэгч нь “*******” ХХК-д бараа материал нийлүүлсэн гэх боловч нэгт бэлэн мөнгө болон бараа материал нийлүүлсэн, мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. “*******” ХХК нь манайхаас санхүүжилт авсан атлаа ажилдаа ирэхээ болиод огт хүнгүй болсон. Манайх “*******” ХХК-иас мөнгө аваагүй, бараа материал ч аваагүй, тийм баримт ч байхгүй. Төлбөр хийгдсэн байх ёстой, төлбөр төлөгдсөний дараа өмчлөлд шилжих талаар гэрээний хэд хэдэн заалтад дурдсан байгаа. Гэрээ байгуулж, гарын үсэг зурах болсон шалтгааны талаар тайлбарлаж хэллээ. Ийм учраас манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
2.4.“*******” ХХК-ийн захирал нь манай “*******” ХХК-ийн тухайн үеийн захирал болох захирлыг хуурч, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахад хүргэсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, 5 дугаар блок, 1 дүгээр орц, 4 давхар, *******, Е загвар, 2 өрөө, 54,05 м.кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр “*******” ХХК-ийг тогтоож, “*******” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлтийн газарт даалгаж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “*******” ХХК-д холбогдох 2024 оны 08 сарын 27-ны өдрийн З-5/8 дугаар “Орон сууц захиалгын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 1,082,600.8 /1,012,400.8+70,200/ төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 1,104,000 төгрөгөөс 1,103,825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн дутуу төлсөн 21,224.2 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод, хариуцагчийн илүү төлсөн 175 төгрөгийг татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгож, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,103,825 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.“*******" ХХК болон “*******" ХХК-ийн хооронд 2024 оны 08 сарын 27-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээнд заасан орон сууцны үнэ 189,175,000 байдаг. Мөн “*******" ХХК нь “" ХХК-тай барилгын материал нийлүүлэх гэрээг 2024 оны 08 сарын 20-ны өдөр байгуулсан ба уг гэрээний үнийн дүн 378,350,000 төгрөг бөгөөд график ёсоор энэ хоёр компаниуд үнэ бүхий материалыг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийлүүлэх хугацаатай байсан.
“*******” ХХК нь "" ХХК-тай ажил гүйцэтгэх 2 гэрээг тус бүр 2024 оны 05 сарын 02-нд №02/5 болон №03/5 дугаар бүхий 3,360,000,000 төгрөгийн үнийн дүнтэй угсралтын гэрээ байгуулсан ба угсралт хийсэн ажлын хөлсөнд "*******" ХХК баримтаар “" ХХК-д хийх ёстой ажлын гүйцэтгэлд 1,118,000,000 төгрөг төлсөн. /Ажлын гүйцэтгэл 26%-ийн гүйцэтгэлтэй байсан/
Гэтэл шүүх гэрээний үр дүн, бодиттой байх нөхцөл байдлыг үнэлээгүй. Өөрөөр хэлбэл 378,000,000 төгрөгийн үнэ бүхий материалыг 7 хоногт нийлүүлэх боломжит хугацаа байгаа эсэх, энэхүү үнэ бүхий материал нь “*******” ХХК-ийн захиалсан барилгад оролцуулахаар “*******” ХХК болон "" ХХК-иуд материал нийлүүлэх гэрээндээ тохиролцсон байдаг боловч 2024 оны 08 сараас хойш хугацаанд “" ХХК ямар ч ажил гүйцэтгээгүй, хүн хүчний дутагдал, санхүүгийн чадвараас нь болж гэрээг цуцалсан.
"" ХХК-д материал нийлүүлсэн бол түүний үнэ төлбөр, барааны падан баримт байхгүй талаар шүүх хуралдаанд "*******" ХХК-ийн зүгээс дурдсан боловч шүүх бараа материалыг “" ХХК-д төлсөн буюу нийлүүлсэн гэж дүгнэсэн.
Бид талуудыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих санаа агуулсан гэж үзэж байна. Гэрээ байгуулаагүй гэж талууд маргаагүй ч орон сууцны үнийг төлөх тухай заалт байгаа, "" ХХК-ийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн албан бичгээр захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн гэж дүгнэсэн гэвч цаг хугацааны хувьд "*******" ХХК, “Мөнх Булган Тамир" ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулаагүй байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Дурдагдсан 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг “*******” ХХК нэхэмжлэгч “*******” ХХК-д тухайн орон сууц захиалгын гэрээний шаардах эрхийг шилжүүлж буй албан бичиг байдаг. Өөрөөр хэлбэл, “*******” ХХК-ийн хамааралгүйгээр орон сууцыг захиран зарцуулах эрхтэй талаар албан бичгээр мэдэгдэж, уг албан бичигт үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохигч нарын хооронд орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. “*******” ХХК-ийн хувьд “*******” ХХК-тай холбоотой бүхий л төлбөр, тооцоог хийж дуусгасан нь тогтоогдсон.
Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 08 сарын 27-ны өдрийн З-5/8 дугаар орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны үйл баримтыг зөв тодорхойлсон боловч шаардах эрх шилжсэн талаарх хуулийн зохицуулалтыг оновчтой дүгнээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.
4.1.“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 02/5, 03/5 тоот ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “*******” ХХК нь Хан-Уул дүүрэг, *******ны нутаг дэвсгэрт баригдах 17 давхар барилгын газар шороо болон барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, “*******” ХХК нь газар шорооны ажлын хөлсөд 119,020,000 төгрөг, барилга угсралтын ажлын хөлсөд 3,242,932,792 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ төлбөр төлөх нөхцөлийг дараах байдлаар тохиролцжээ.
4.1.1.Газар шорооны ажлын хөлсний нийт үнийн дүнгийн 60,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үнийн дүнгийн үлдэгдэл 2 дугаар ээлжийн төслөөс 1 м.кв-ийн үнийг 3,500,000 төгрөгөөр тооцож 59,020,000 төгрөгийн үнийн дүнд тэнцэхүйц хэмжээтэй талбайг бартерт оруулахаар,
4.1.2.Барилга угсралтын ажлын хөлс 3,242,932,792 төгрөгийн 40 хувь буюу 1,297,173,117 төгрөгийг бэлнээр, үнийн дүнгийн үлдэгдэл 60 хувийг 2 дугаар ээлжийн төслөөс 1 м.кв-ийн үнийг 3,500,000 төгрөгөөр тооцож, 555,931 м.кв талбайг гүйцэтгэгч талд шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.
4.2.“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь Хан-Ууд дүүрэг, *******ны нутаг дэвсгэрт баригдах 30,8*14,6м-2ш метрийн харьцаатай 17 давхар барилгын “барилгын туслах материал” нийлүүлэх, “*******” ХХК нь материалын нийт дүн 378,350,000 төгрөгийн 50 хувийг бэлнээр, 50 хувийг бартераар буюу маргаан бүхий Мандал хотхон, 5 дугаар блок, 1 дүгээр орц, 4 давхар, ******* орон сууцыг /1м.кв-ийн үнэ 3,500,000 төгрөг/-өөр тооцож 54,05 м.кв талбайтай буюу 189,175,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.
4.3.“*******” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “орон сууцны гэрээ шилжүүлэх тухай” 11/3 дугаар албан бичгээр “*******” ХХК нь “*******” ХХК-ийн Мандал резиденс 2 хотхоны 5 болон 6 дугаар блокийн угсралтын ажлын төлбөрт хүлээн авч буй 555,931 м.кв талбайгаас 54,05 м.кв талбайг “*******” ХХК-д, ...орон сууцны захиалгын гэрээг шилжүүлэн өгч байгааг энэхүү албан тоотоор баталж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ерөнхий захиалагчаас захиалгын гэрээг шилжүүлүүлнэ. “*******” ХХК нь энэхүү гэрээг үндэслэн тус орон сууцыг “*******” ХХК-д хамааралгүйгээр захиран зарцуулах эрхтэй болно” гэсэн мэдэгдлийг “******* ХХК-д хүргүүлжээ.
4.4.Улмаар “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагчийн гүйцэтгэгчээс хүлээж авах орон сууц нь Mandal Residence хотхоны 2 дугаар ээлжийн, 5 дугаар блок, 4 давхар, Е загварын, 54,05 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц байх ба 1 м.кв талбайн үнэ 3,500,000 төгрөг, нийт үнэ 189,175,000 төгрөг, төлбөрийг 100% бартераар /******* ХХК/ байхаар тусгажээ.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг хариуцагч “*******” ХХК-иас шаардах эрх “*******” ХХК-д шилжсэн гэж дүгнэх бөгөөд талуудын хооронд худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.
5.Нэхэмжлэгч “*******” ХХК нь барилгын материал нийлүүлэх гэрээний үүргээ “*******” ХХК-ийн өмнө бүрэн биелүүлсэн, харин хариуцагч “*******” ХХК нь гэрээний 4.1-т заасан орон сууцыг 2025 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж өгөх үүргээ биелүүлээгүйгээс гадна татгалзлын үндэслэлээ “*******” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй гэсэн нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шаардах эрхийг үгүйсгэхгүй юм.
Иймд анхан шатны шүүх “*******” ХХК-ийг Хан-Уул дүүрэг, *******, ******* хотхон, 5 дугаар блок, 1 дүгээр орц, 4 давхар, *******, Е загвар, 2 өрөө, 54,05 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, “*******” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6.Хариуцагч нь “*******” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрээний оролцогч бус “*******” ХХК-д хууран мэхлэгдсэн үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээг хожим хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7.Хариуцагч “*******” ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа тусдаа шийдвэрлүүлэхэд энэ магадлал саад болохгүйг дурдаж байна.
8.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 192/ШШ2025/08840 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,104,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Б.АЗБАЯР