Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 601

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд төрсөн,ХХ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  Увс аймгийн Улаангом сумын ХХ дугаар багт оршин суух хаягтай, одоо Баянгол дүүргийн ХХ дүгээр хороо, Горькийн ХХХХ тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, урьд нь 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Сум дундын шүүхийн 99 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39-р  зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Бийг 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Ц.Бд өмнөх өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас 6 сарын хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нь нэмж нэгтгэн бүгд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн /РД:ХХХХХХХХ/, Цагаагчууд овгийн Цэвээний Ц.Бд холбогдох эрүүгийн ХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ц.Б  2019 оны 3 дугаар сарын 29-нд Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 21-0916  тоотод оршин суух иргэн Т.Цыг бусадтай хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би өөрийн гэм буруугаа сайн дураараа зөвшөөрч байгаа. Би Т.Цтай 5 сарын хугацаанд хамтран амьдарсан. Би Т.Цыг өөр эрэгтэй хүнтэй хамт байж байхаар нь хардаад уруул хэсэгт нь цохисон гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Ц мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 28-ны орой гэртээ ганцаараа байхад шөнө 3 цагийн үед Ц.Бийн найзууд болох Т, Д нар Увс нэртэй 0,75 литрийн архи бариад манайд ирсэн. Би тэр хоёрт хандаж найз чинь байхгүй байна та нар яв гэхэд Т нь Ц.Б одоо ирж байгаа гэнээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрыг гэртээ оруулсан.  Бид гурав Ц.Бийг хүлээх зуураа архиа хувааж ууж эхэлсэн. 05 цагийн үед Д нь унтаад өгсөн. Т болохоор 6 цагийн үед ажилтай гээд гараад явсан. Би бас унтаж амрахаар хэвтсэн. Тэгтэл 8 цагийн үед Ц.Б гаднаас орж ирээд би чамд ингэж амьдаараа доромжлуулахгүй муу янхан гээд цээжин тус газар нэг цохиж, уруул руу нэг удаа хүчтэй цохисон. Үүнээс нь болоод миний үүдэн шүд хугарч, уруул язарсан. /хх-ийн 7/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4029 дугаартай дүгнэлтэнд: Т.Цын биед уруулд язарсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 35/ гэжээ.

 

Яллагдагчаар Ц.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 29-ний өглөө ажлаас буугаад гэртээ өглөө 08 цаг 30 минутын үед ирээд гэрийнхээ хаалгыг тогшсон боловч гэр дотор хүн байгаа боловч хаалгаа онгойлгохгүй байхаар нь би Ц.Б байнаа хаалгаа онгойлгооч хувцсаа авмаар гэж хэлээд гэрийн тотго сөхөөд хартал хамтран амьдрагч Т.Ц өөр нэг эрэгтэй хүнтэй хамт унтаж байсан. Намайг хаалга тогшоод байсан чинь Т.Цтай хамт унтаж байсан эрэгтэй хүн нөгөө ор руу гараад хэвтсэн Т.Ц хаалгаа онгойлгосон. Би гэрт ороод чи арай дэндүү доромжилж байгаа юм бишүү янхан минь гэж хэлээд тортой хувцасаа бариад гарах гэтэл Т.Ц миний гарнаас ирээд бариад авахаар нь би зүүн гарынхаа ар талаар Т.Цыг алгадтал Т.Цын уруулнаас цус гарсан. Би шууд гараад явсан намайг Саппоро дээр явж байтал Т.Ц араас утасдаад шүд хугарчихлаа гээд байхаар нь би буцаж очсон Т.Цын шүд нь зүгээр байсан дээд уруул нь язарсан байсан. Би Т.Цыг шүд чинь өвдөж байвал шүдний эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлээд машиндаа суулгаж яваад гэмтлийн эмнэлгийн ойролцоо буулгаад 10,000 төгрөг өгчихөөд явсан. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Ц.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 3 дугаар сарын 29-нд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 21-0916 тоотод оршин суух хамтран амьдрагч Т.Цыг бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Цын“...8 цагийн үед Ц.Б гаднаас орж ирээд би чамд ингэж амьдаараа доромжлуулахгүй муу янхан гээд цээжин тус газар нэг цохиж, уруул руу нэг удаа хүчтэй цохисон...” /хх-ийн 7/ гэх мэдүүлэг болон Б.Ц.Бийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би зүүн гарынхаа ар талаар Т.Цыг алгадтал Т.Цын уруулнаас цус гарсан...” /хх-ийн 47/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 4029 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Ц.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл Прокуророос Ц.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ц.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Бд мэдэгдсүгэй.

 

4. Ц.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ