Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/01158

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/04332 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ад холбогдох,

 

Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 40,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******- нь ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай газар, мөн тус газар дээрх улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 40.5 м.кв талбайтай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч билээ. Тухайн үед уг хашаа байшинг 25,000,000 төгрөгөөр худалдан авч байсан.

1.2. Дээрх хашаа байшинд нөхөр, гурван хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг байсан бөгөөд нөхөр ******* 2015 оны 09 сарын 08-ны өдөр нас барсан.

1.3. Энэ газар болон байшиндаа 2023 оны 04 capыг хүртэл амьдарч байгаад Солонгос улс руу ажил хийхээр явж, 2025 оны 02 сард буцаж ирэхэд талийгаач нөхрийн дүү ******* нүүн орж амьдарч байсан. Өөрийн хашаа байшинд хүүхдүүдийн хамт амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлж, хашаа байшинг чөлөөлж өгөхийг шаардсан боловч ******* нь манай ахын хөрөнгө бол бид нарын хөрөнгө, төрсөн ахынхаа гэрт байгаа, энэ хөрөнгө чамд хамаагүй гээд чөлөөлж өгөхгүй өдий хүрсэн. Одоо хүүхдүүдийн хамт төрсөн ахынхаа гэрт амьдарч байна.

1.4. Иймд ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Г-******* дугаартай 700 м.кв хэмжээтэй газар, мөн тус хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-******* дугаартай 40.5 м.кв талбайтай хувийн сууцыг *******-ы *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Миний төрсөн эгч *******-ы Уянга нь *******-гийн 3 хүүхдийн эцэг болох талийгаач *******-ы *******-т 28,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд энэ мөнгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан. Одоогоор зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй болно. Зээлийн гэрээний харилцаа үүссэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өдий хүрсэн.

2.2. Нэхэмжлэгч *******-г БНСУ явсан хойно *******, *******, ******* нарыг талийгаач *******ын ээж ******* асран хамгаалж, харгалзан дэмжиж, сургуульд суралцуулж, хүүгийн минь мах цусны тасархай хэмээн хайр, халамж, эд зүйл, хувцас хунар зэрэг юугаар ч дутаахгүйгээр өсгөн хүмүүжүүлж байсан.

2.3. Бид хэн нэгний амьдарч байсан гэр оронд хууль бусаар нэвтрэн орж тэнд үргэлжлүүлэн амьдрах ёс зүйгүй хүмүүс биш бөгөөд ийм зүйл болоогүй. Үнэн хэрэгтээ *******-гээс хашаа байшинг худалдаж авахад нэг ч төгрөг гаргаагүй байтал хашаа байшин түүний өмчлөлд шилжсэн.

2.4. Үүнээс үзэхэд тэрээр ямар ч хөрөнгө гаргаагүй байхад түүний өмчлөлд хашаа байшин шилжиж очсоноор үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-, *******, *******, ******* нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, 40,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг, улсын орлогоос 142,550 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгөөс үлдэх 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг иш татан хэрэглэж болохоор хуульчилсан. Гэтэл анхан шүүх хэргийг шийдвэрлэхдээ Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуульд хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй хэмээн хуульчилж үүнд тулгуурлан Иргэний хуулиар иргэний өмчийн асуудлыг нарийвчлан зохицуулсан.

4.2. Үндсэн хуулийн дээрх заалтаас үзэхэд *******- нь маргаан бүхий газар, байшинг шударгаар олж аваагүй этгээд юм. Өөрөөр хэлбэл талийгаач ******* болон түүний эхнэр *******- нар 25,000,000 төгрөгөөр худалдан аваагүй бөгөөд тухайн эд хөрөнгийн шударга өмчлөгч биш юм. Шүүхээс тухайн газар, байшинг шударгаар олж авсан этгээд мөн эсэхэд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

4.3. ******* нь хууль эрх зүйн мэдлэггүй этгээд бөгөөд анх нэхэмжлэлийг гардан аваад эхний шүүх хуралдаанд орж бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд шүүх хүсэлтийг ханган хуралдааныг хойшлуулсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой, гэрч асуулгах хүсэлтийг гаргахад хангахаас татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4. Учир нь хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогчид нотлох баримтаа цуглуулдаг хэдий ч шаардлагатай тохиолдолд шүүхээс туслалцаа авдаг. Гэрчийн этгээдүүдийг асуулгаж маргаан бүхий газар, байшингийн шударга өмчлөгч хэн болох, талийгаач ******* түүний эхнэр *******- нар үнэхээр 25,000,000 төгрөгөөр худалдан авсан эсэх асуудлыг тогтоох нь хэрэгт илүү ач холбогдолтой байсан.

4.5. Мөн нэхэмжлэгчийн талын тайлбарт дурдагдсан шиг зохих зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэн тухайн байшинд амьдарч байгаа эсэхэд бас дүгнэлт хийх ёстой байсан. Дээрх асуудлыг тодруулснаар хуулийг нэг мөр хэрэглэх, хэргийн оролцогчид тэгш эрхтэйгээр оролцох зарчмын асуудал бодитоор хэрэгжих байсан.

4.6. Хариуцагч талаас өөрийн татгалзал, тайлбараа батлах, нотлох агуулга бүхий хүсэлтүүдийг бүхэлд нь хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд зөвхөн нэхэмжлэгч талын ашиг сонирхлын хүрээнд цугларсан нотлох баримтууд дээр мэтгэлцээн өрнөсөн ба шүүх тэдгээр баримтуудыг иш татан хэргийг хянан шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим хэрэгжих боломжгүй болох нөхцөлийг бүрдүүлсэн.

4.7. Өөрөөр хэлбэл гэрчүүдийг асуух, гуравдагч этгээд оролцуулах асуудал нь өөрөө тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Тодруулбал тухайн маргаан бүхий газар, байшингийн эхний өмчлөгч *******, хариуцагч *******ын эхнэр Намуунбайгаль зэргийг гэрчээр асуусан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан тайлбар үнэнд үндэслэгдээгүй болох нь тогтоогдох байсан.

4.8. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагчийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн байдлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн дурдсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлтүүдэд дурдсан этгээдүүдээс тодруулга аваагүй нь хариуцагчийн нотлох эрхийг хэрэгжүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа тул тус хэргийг анхан шатны тойргийн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал хууль хэрэглээний алдаа гаргасан гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо дурдсан. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

5.2. Маргаан бүхий эд хөрөнгө *******-гийн өмч мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Үүнтэй холбоотой баримтыг бидний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн буюу улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтуудыг ирүүлсэн. Тус баримтуудаар өмчлөх эрхтэй холбоотой маргаан байхгүй, нэхэмжлэгчийн өмч мөн болох нь тогтоогддог.

5.3. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. ******* нь маргаан бүхий эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Харин нэхэмжлэгчийг БНСУ-д байх хугацаанд түүний зөвшөөрөлгүйгээр амьдарч байсан нь тогтоогдсон.

5.4. Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж давж заалдах гомдолд дурдсан нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа харьцангуй удаан хугацаанд явагдсан бөгөөд хариуцагчийн хүсэлтээр удаа дараа шүүх хуралдаан хойшлогдож байсан. Шүүх хангалттай хугацаа олгосон.

5.5. Хариуцагчийн сүүлд гаргасан хүсэлт болон сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээж авах боломжгүй байсан буюу хариуцагч хүлээн авах үндэслэлгүй хүсэлт, сөрөг нэхэмжлэл гаргасан. Тус хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *******- нь хариуцагч *******ад холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэгдсэн, ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 40,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... тэрээр ямар ч хөрөнгө гаргаагүй байхад түүний өмчлөлд хашаа байшин шилжиж очсоноор үндэслэлгүй хөрөнгөжиж байна ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 40,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******-, *******, *******, ******* нар бүртгэгдсэн; /хх-45, 58/

 

3.2. Нэхэмжлэгчийн нөхөр ******* нь 2015 оны 09 сарын 08-ны өдөр нас барсан; /хх-10/

 

3.3. ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 40,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өвлөгчөөр бүртгэгдэж, 2018 оны 03 сарын 14-ний өдрийн 057 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон; /хх-70/

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж, улмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууцыг чөлөөлүүлэхээр шаардахад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх, эзэмшил хууль гэрээнд үндэслээгүй байх, уг хууль бус эзэмшил бодитой байх зэрэг хууль зүйн шалгуурыг хангасан байх шаардлагатай.

 

4.2. ******* тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 40,5 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******-, *******, *******, ******* нар бүртгэгдсэн байна.

 

4.3. Хариуцагч нь Миний төрсөн эгч *******-ы Уянга нь *******-гийн 3 хүүхдийн эцэг болох талийгаач *******-ы *******-т 28,000,000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд энэ мөнгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан ... *******-гээс хашаа байшинг худалдаж авахад нэг ч төгрөг гаргаагүй ... гэсэн тайлбар, татгалзлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

 

4.4. Хариуцагчийн эзэмшил нь хууль болон гэрээнд үндэслээгүй, мөн уул үл хөдлөх эд хөрөнгөд бодитоор оршин сууж байгаа үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх 2025 оны 11 сарын 14-ний өдөр Иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нь 2025 оны 12 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авч, 2025 оны 12 сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбарыг гаргажээ.

 

Хариуцагч талаас 2026 оны 01 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлт, 2026 оны 03 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч талаас 2026 оны 03 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татан оролцуулах хүсэлт, мөн гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг тус тус гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/04332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

 

С.ЭНХБАЯР