| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/06584/И |
| Дугаар | 210/МА2026/00179 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2026/00179
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15827 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11,734,950 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11,734,950 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04528 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00258 дугаар магадлалаар *******г *******йн гоцлол дуучны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 21,990,030 төгрөг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.Хариуцагч байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******г *******йн гоцлол дуучин албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.
5.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс хариуцагч байгууллага ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 117 хоногийн хугацаанд ажилтны эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр байсан тул энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажилтан нь хариуцагч байгууллагаас Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
6.Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/04528 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00258 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******гийн 1 өдрийн цалин хөлсийг 98,610 төгрөгөөр тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцжээ.
Харин анхан шатны шүүх ...ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор-ыг шүүхийн шийдвэрт цалин гэж буруу тодорхойлсныг залруулан дүгнэнэ.
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байгаа тохиолдолд цалин шаардах эрхтэй, харин ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.
6.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 117 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 11,537,370 төгрөгийг хариуцагч *******ос гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 197,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байх тул шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7.Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн.
8.Мөн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8.1.*******гийн нэхэмжлэлд шүүх 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/29818 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.
8.2.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагчийн төлөөлөгчид *******д 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарлажээ.
8.3.Шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 197/ШЗ2025/67266 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулжээ.
8.4.Шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 197/ШЗ2025/71967 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ ойлгон хэрэгжүүлэх эрхийг олгож шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хойшлуулсан.
8.5.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/74710 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгахгүй. Учир нь зохигч шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 3 сарын хугацаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжит хугацаа байжээ. Иймд хариуцагч талын энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
9.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/15827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Улсын филармониос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199,548 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.АЗБАЯР