Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00190

 

У.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 138/ШШ2017/00760 дугаар шийдвэр,

     Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: У.А

          Хариуцагч: Д.Бд холбогдох

           Нийт 7.084.257 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Д.Бын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.А, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 63 байрны 1 давхрын, үйлчилгээний зориулалттай байрыг Д.Б 2016-03-18-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан, төлбөрийг сарын  500.000 төгрөгөөр тохирсон. Үйл ажиллагааны онцлогт тохируулж агааржуулалт хийж, хана туургыг нурааж байгаа болохоор дор хаяж 2 жил болон түүнээс цааш  тогтвортой үйл ажиллагаа явуулахаар тохиролцож, хана  нурааж өөрчлөхийг зөвшөөрсөн. Бадам  хоёр жилийн гэрээ хийгээд эхний гурван сард нь сардаа 500.000 төгрөг төлж түүнээс хойш бөөнд нь түрээсээ төлж байна гэж тохирсон боловч  хугацаандаа өгөхгүй,  хувааж төлж байсан. Гэрээнд 0.5% алданги тооцно гэж тохирсон ч алданги тооцоогүй. Гэтэл 2017 оны 01 сард гэнэт хаалга үүдээ хаасан, ажиллахгүй байх шиг байхаар нь утсаар ярихад ажиллахаа больсон гэсэн. Түлхүүрийг хажуу талын гоо сайханд орхисныг 2017-01-28-ны өдөр авсан. Уг байранд агааржуулалтын хоолой хийхдээ стандарт бус хоолой хийсэн, хөгцтэй  гэх  боловч энэ нь дээд айлаас ус алдсанаас болсон. Би түрээсээ төлөхийг шаардахад болих тухайгаа  хэлээгүй.Үүнээс болж би дараагийн түрээслэгчээ олох, олон сараар үйл ажиллагаа явуулж чадалгүй хохирсон. Бадам  байрыг түрээслэхдээ дотор нь байсан “Найдвар” ломбардын хаягийг эвдээд хавтан дээр нь будгаа найруулаад байж байсан. Би хаяг  хэрэгтэй гэж  хэлэхэд янзлаад өгнө гэсэн.  Хаягийг 330.000 төгрөгөөр хийлгэсэн тул төлбөрийг нь авна. Би  урт хугацаатай түрээслүүлэхээр тохирсон  ч надад хэлэлгүйгээр байраа хүлээлгэн өгөлгүй разетик, гэрэл зэрэгийг аваад явсан байсан. Бадам нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа  үйлчилгээний төлбөрт 189.816 төгрөгөөс 136.055 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрөөс өмнөх айлын 50.000 төгрөгийг хасч одоо суурь хураамж 1-4 сарын 4.480 төгрөгөөр тооцож 17.920 төгрөг үлдэгдэл байгааг нэхэмжилж байна. Цахилгааны хувьд цахилгаан тасалдаг учир би өөрөө 701.421 төгрөг төлж барагдуулсан.  Мөн нийтийн заал болгож өөрчилснөөс  түрээслэх хүн нь хана босгож, хоёр өрөө болгож янзлуулахыг хүсдэг. Энэ байрыг буцааж засварлах хэмжээний мөнгө байхгүй учир түрээсэлж чадахгүй байна. Иймд Бадамаас засвар хийх зардал 4.534.919 төгрөг нэхэмжилж. Нийт 7.084.257 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Түрээсийн гэрээ байгуулан 3.021.300 төгрөг зарцуулан бүрэн завсар хийж хоолны газрын зориулалтаар  8 сарын хугацаатай ажиллуулсан. Гэвч 00-ын гадна талын ханаар чийг алдан хөгц, мөөгөнцөр үүсээд байсан. Хэд хэдэн удаа  зассан боловч арилаагүй бөгөөд энэ нь хоолны газрын стандартад нийцээгүй. Энэ тухай  хэлсэн боловч  “...өөрсдөө учраа ол..” гээд тоогоогүй. Мөн хувийн яаралтай шалтгаан  байсан тул  2017-01- 02-нд үйл ажиллагаагаа зогсоосон гэдгээ мэдэгдэх гэж  залгасан боловч Аззаяагийн утас холбогдохгүй байсан тул нөхөр  Бямбажавт  нь  хэлсэн . Байрны түлхүүрийг гоо сайханы газар үлдээсэн. Гэрээндээ түрээс зогсоохыг гурван сарын өмнө урьдчилан мэдэгдэх гэсэн заалт ороогүй учир  ажиллуулаагүй 2017оны 1-3 сарын түрээсийн төлбөр 1.5сая төгрөг, халаалт, гэрэл 701.418 төгрөгийг төлөхгүй.  Засвар хийх үед хог дээрх хаяг тавьсан байсан тул хэрэггүй  гэж бодсон бөгөөд энэ талаар асуухад Бямбажав “хэрэггүй “гэж  байсан. 2-3 сарын дараа хаягаа нэхэхээр нь  засаж янзлаад өгье гэж бодож байсан  ч  амжаагүй. Харин одоо төлөхгүй. 2016-04-29-с хоолны газрын ажиллах хугацааны усны төлбөрийг бүрэн барагдуулсан. Түрээсийн төлбөр өндөр, цахилгаан, дулаан, халаалт усны төлбөрийг аж ахуйн нэгжийн төлдөг хэмжээгээр  төлдөг, мөөгөнцөр, ар гэрийн шалтгаанаас түрээслэхээ больсон. 7.084.257 төгрөгийг төлөх үндэслэлгүй. 04 сарын 18-с үйл ажиллагаагаа эхлэх байсан ч 05 сарын 02-с  ажиллагаагаа эхэлсэн. Өрөөнүүдийг нурааж өөрчлөхийг өөрсдөө зөвшөөрсөн. Засварыг өөрийн зардлаар хийсэн. Би төлөх боломжгүй, зөвшөөрөхгүй байна гэжээ.

       Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  Д.Баас  нийт 2.549.338 төгрөг гаргуулан  У.Ад олгож,  үлдэх 4.534.919 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 150.909 төгрөгөөс 128.298 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 22.611 төгрөгийг улсын орлогоос, 55.739 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж  У.Ад олгохоор шийдвэрлэсэн байна.

       Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 760 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 318.1…” гэсний дараа “ 320 дугаар зүйлийн 320.3, 320.4, 497 дугаар зүйлийн 497.1” гэж нэмж, “2.549.338” гэснийг “1.847.920” гэж, “4.534.919” гэснийг “5.236.337” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагч Д.Баас “55.739 төгрөг” гэснийг “44.517 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

       Хариуцагч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Иргэний хуулийн 318.3-т гэрээний 4-н 4-р шаардлага хангаагүй  гэж үзчихээд, мөн 320.4-д түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтлах, 320.3-т гэрээ түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно гэж тус тус зааснаар шүүх түрээсийн гэрээний жилийн эцсийн хугацааг 2017-04- 18-ны өдөр гэж тооцон 3 сарын түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 318.1-р хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлгүй гэсэн  нь хариуцагчийн гаргасан нотлох баримтыг хянан авч үзээгүй. Хариуцагчийг бусдын эд хөрөнгөнд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж Иргэний хуулийн 497.1, 510.1-р хаягийн үнэ гаргуулсан нь үндэслэлтэй гэсэн нь  баримтгүй, элэгдэл, хорогдол, хэрэгцээ шаардлагыг нь харгалзаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            У.А нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Д.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Дорнод аймгийн 6-р баг, 63 дугаар байрны 1 давхарт үйлчилгээний зориулалттай байрны  2017 оны 1-3 дугаар сарын түрээсийн төлбөр нийт 1.500.000 төгрөг, усны төлбөр 189.816 төгрөг, цахилгаан дулааны төлбөр 701.418 төгрөг, барьцаалан зээлдэх газрын гадна хаягийн үнэ 330.000 төгрөг, 2017 оны 1-3 дугаар сарын үйлчилгээний суурь хураамж 17.920 төгрөг, түрээсэлсэн байрыг засварлахад гаргах зардалд 4.534.919 төгрөг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад усны төлбөрийн зарим хэсгийн хасаж нийт 7.084.257 төгрөгийг хариуцагчаас шаарджээ. /хх 1-2, 36-37, 43/

          Анхан шатны шүүх нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, цахилгааны төлбөр 701.421 төгрөг, үйлчилгээний суурь хураамж 17.920 төгрөг, гадна хаяг 330.000 төгрөг нийт 2.549.338 төгрөгийн шаардлагыг хангасныг давж заалдах шатны шүүх  өөрчилж, хариуцагчаас цахилгааны төлбөрт 701.421 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн байна. 

        Шүүх У.Агийн нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг, үйлчилгээний суурь хураамж 17.920 төгрөг, гадна хаягийн үнэ 330.000 төгрөг нийт 1.847.920 төгрөгийн шаардлагыг хангасан, үүнд нэхэмжлэгч гомдоогүй тул энэ үнийн дүнгийн хэмжээнд  хариуцагчийн гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ. 

        Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Зохигчид 2016 оны 03 сарын 18-ны өдөр гэрээ байгуулж, У.А Дорнод аймгийн, Хэрлэн сумын 6-р баг, 63-р байрны 1 тоотын 79,34 м2 талбай бүхий байрыг хоёр жилийн хугацаатай түрээслүүлэх, Д.Б уг эд хөрөнгийг хүлээн авч хоолны газар ажиллуулж төлбөрт сар бүр 500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн, хариуцагч хүлээн авч үйл ажиллагаа явуулж төлбөр төлж байсан зэргээс үзвэл тэдгээрийн хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна.  

       Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

        Нэхэмжлэгч нийтийн орон сууцны зарим хэсгийг үйлчилгээний зориулалтаар тохижуулан хариуцагчид түрээслүүлсэн байх тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсгийн шаардлага хамаарахгүй.

        2. Зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй.  

         Түрээсийн гэрээгээр түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээх бөгөөд  гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно.

         Д.Б гэрээний зүйлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч,  засвар хийж мөн оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс  үйл ажиллагаа явуулсан, 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ цуцалсан талаар У.Ад мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч мөн сарын 28-ны өдөр түрээсийн байрыг хүлээж авсан нь баримтаар тогтоогдсон байх тул шүүх 2017 оны 1,2,3 дугаар сарын түрээсийн төлбөр нийт 1.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 318.1, 318.5, 294.3-т нийцсэн байна

         3. Үйлчилгээний суурь хураамжид нэхэмжлэгч 17.920 төгрөг шаардсан, үүнийг хариуцагч татгалзаагүй тул уг мөнгийг Д.Баас гаргуулсныг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.     

        4. Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 330.000 төгрөгийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй болжээ.  

       Бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг буюу “...2 жилийн хугацаанд байраа түрээслүүлэхдээ...  өөрийн эд зүйлийг буюу гадна хаягаа хог дээр орхисон  байсан...” гэсэн  тайлбарыг үгүйсгэж чадаагүй тул Д.Б У.Агийн эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

       Түүнчлэн, хариуцагч гэм хор учруулсан гэж үзсэн ч 330.000 төгрөгийн хэмжээнд шаардлагыг хангах боломжгүй. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. Иймд  эд хөрөнгийн үнийг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар буюу элэгдэл хорогдлыг тооцоогүй хэмжээгээр шүүх  хангасан нь буруу юм.

        Дээр дурдсан үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулж, Д.Баас үйлчилгээний суурь хураамж 17.920 төгрөг, түрээсийн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.517.920 төгрөг гаргуулж У.Ад олгох, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн  гомдлын зарим хэсгийг хангав.   

         Харин давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгаа талаар дурдах шаардлагатай гэж үзлээ. 

        Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар  “....түрээсийн гэрээ ...хуулийн шаардлага хангаагүй ч зохигчид энэ талаар маргаагүй байна... гэрээг цуцалсан тул  гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй болсон...” гэж үзсэн нь Иргэний хуульд нийцээгүй байна.   

        “Хүчин төгөлдөр бус байх хэлцэл”, ”хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл”-н талаар Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд зохицуулжээ. Хуульд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь  байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран гэрээ хүчин төгөлдөр эсэхийг шүүх тогтооно. Харин хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөлд сонирхогч этгээд нэхэмжлэл гаргасан байх шаардлагатай.  Иймд  зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг  “...зохигчид маргаагүй...” гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-56.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.   

        Түүнчлэн, “...гэрээг цуцалсан тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах асуудал нь  зөвхөн хүчин төгөлдөр гэрээнд хамаарах ойлголт болно.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...320 дугаар зүйлийн 320.3, 320.4...” гэснийг “...294 дүгээр зүйлийн 294.3...” гэж., “...1.847.920...” гэснийг “...1.517.920...” гэж,  “...5.236.337...” гэснийг “...5.530.337...” гэж., “...44.517...” гэснийг “...38.697...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 44.517 төгрөгийг Д.Бд захирамжаар буцаан олгосугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРСАЙХАН                 

                                 ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ