Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 704

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн А/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, Д.М, Д.М, гэрч П.Д-д нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Ж.Б би Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалаар намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажлаас халсан, улсын байцаагчийн эрхийг хассан шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.Б би Баянхонгор аймгийн Татварын хэлтэст 2003 оноос хойш тасралтгүй 14 жил ажилласан. Ажилд орсон цагаас ажлааа маш сайн гүйцэтгэлтэй, чанартай хийж байсан ба хариуцуулсан ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлж, ажлын талаар шинэ санал санаачлага гаргаж, өөрийн мэдлэг ур чадварыг дайчлан үр дүнтэй ажиллаж байсан. Татварын албанд ажиллаж байхдаа Сангийн Яамны жуух, Санхүү банкны тэгүүний ажилтан цол тэмдэг, Татварын хүндэт тэмдэг, Сангийн Яамны хүндэт тэмдэг зэрэг шагналаар шагнагдаж байсан.

Ж.Б би ажлаа маш сайн хариуцлагатайгаар сайн хийхийн дээр албаны нэр хүндийг унагаах, улсыг хохироох үйлдэл гаргаж байгаагүй жирийн нэг албан хаагч байсан. 2003 оноос хойш жил бүрийн үр дүнгийн гэрээний биелэлтийг 80-аас дээш хувиар дүгнүүлэн ажиллаж байсан. Татварын улсын байцаагчийн эрхийн шалгалтуудад 90-ээс дээш хувийн дүн үзүүлж байсан. Татварын албанд 14 жил ажиллахдаа татвар хураалтын болон татвар төлөгчтэй харилцах тасгуудад ажиллаж үүний дотор ихэнх жилийг татвар төлөгчтэй харилцах тасагт дагнан ажиллаж татварын бүх төрлийн тайлан, ноогдлыг хянаж, мэдээллийн баазад оруулах /шивэх/ ажлыг хийж, байнгын удаан хугацаагаар сууж, улирал, жилийн ажлын үеэр илүү цагаар сууж ажилладаг байсан. Удаан хугацаагаар суудаг байсны улмаас нурууны 3 үе суулт өгч, гулсалт болон өвдөлт ихтэй байдгаас эмчийн хяналтанд орж, ажлын байранд нэг байрлалд удаан суухаас  татгалзах дэглэм баримтлахыг эмч нар зөвлөдөг болсон.

Баянхонгор аймгийн татварын хэлтэс 5 тасагтай, нэг ажлын байран дээр сэлгээгүй удаан ажилласан байцаагч надаас өөр байхгүй. Намайг ажиллаж байсан онуудад 2 жил тутамд тасаг хооронд сэлгэн ажлуулах журам татварын албанд мөрдөгдөж байсан. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр намайг сүүлийн 6 жил сэлгээгүй ажилласан татвар төлөгчтэй харилцах тасгаас татвар хураалтын тасагт сэлгэн ажиллуулах хэлтсийн даргын тушаал гарч аж ахуй нэгж хариуцсан байцаагчаар томилогдсон. 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дахин сэлгэн ажиллуулах тушаал гарсан.  Орлогын эдийн засагчийн ажлыг надад хүлээлгэж өгөх үед би “Удаан хугацаагаар сууж ажилладаг байснаас нурууны өвдөлттэй болсон. Цаашид удаан сууж ажиллах нь миний эрүүл мэндийг байдлыг улам муутгах тул эрүүл мэндээ бодох хэрэгтэй байна. Татвар хураалтын байцаагчаар сэлгэгдээд 3 сар ажилласан. Эдийн засагчаар ажиллах шийдвэрээ эргэн хараач” гэсэн хүсэлтийг хэлтсийн даргад тавьсан. Үүнээс хойш бичгээр болон амаар Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн удирдлагад болоод Татварын ерөнхий газарт хүсэлтээ илэрхийлж өргөдөл удаа дараа гаргаж, удаан хугацаанд шийдвэрийг хүлээсээр байсан. 

Эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын давуу тал, боломжоо ашиглан ажлын байрны дарамт шахалт үзүүлэх, эрхшээлдээ байлгах, худал гүтгэх үйлдлийг байнга гаргаж байсны дээр удаан хугацаанд ажилгүй байлгаж, эцэст нь ажлаас халуулах ажиллагааг зохион байгуулсан. Энэ хугацаанд санхүүгийн хувьд цалингийн зээлийн болон өрхийн хэрэглээний өртэй хохирч, эрүүл мэндхийн байдал улам дордож, сэтгэл санааны хохирол их амссан.

Орлогын эдийн засагчийн ажил хуваарилсан нэрийн дор эдийн засагчийн болон хураалтын байцаагчийн ажлын алийг нь ч надад өгөөгүй бөгөөд бүтэн жилийн хугацаанд цалин олгохгүй, шийдвэр гаргахгүй хохироож, жилийн дараа төрд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас халж байгаа нь хууль зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна. 

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалыг Баянхонгор аймгийн Татварын хэлтэс цахим шуудангаар хүлээж авч надад танилцуулсан бөгөөд тушаалын эх хувь, баталгаажуулсан хуулбарыг надад гардуулж өгөөгүй. Уг тушаалд намайг ажлаас халсан үндэслэлээ Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.4.2, 5.4.4, Үндэсний татварын ажилтны ёс зүйн дүрмийн 2.2.1 “а” 2.2.2 “а” дахь заалтыг зөрчин өөрийн шууд удирдлагын шийдвэрийг эсэргүүцэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлэхгүй, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан ажил удаа дараа тасалсан гэсэн байна. 

Би 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ажлаас халсан тушаалыг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөл миний гомдлыг харьяалалын дагуу шийдвэрлүүлнэ гээд Төрийн албаны албаны зөвлөлийн Татвар ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн.Салбар зөвлөл нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалын үндэслэлүүдийг тайлбарлаж, Баянхонгор аймгын  Татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2016 оны 11 сүгээр сарын 21-ний өдрийн 16/03 тоот дүгнэлтийн хуулбарыг хавсаргасан хариуг надад шуудангаар явуулсныг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээж авсан. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Сахилгын зөрчлийг ирүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасныг хариуцагч зөрчсөн.

Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн салбар хороо намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 6/11 дугаар тушаалаар томилсон орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хийгээгүйг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн байсан. Надаас асуухгүйгээр миний аж ахуй нэгж хариуцсан ажлыг өөр байцаагчид шилжүүлэн өгч, намайг орлогын эдийн засагч болгосныг би хүлээн зөвшөөрөөгүй юм. Дээд шатны албан тушаалтны хуульд нийцээгүй, миний эрхийг зөрчсөн шийдвэрийг би биелүүлэх үүрэггүй гэж үзсэн.

Иймд татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ж.Б намайг Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас миний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, миний эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Татварын ерөнхий газрын хуулийн хэлтсийн татварын улсын байцаагч П.У*******, татварын улсын ахлах байцаагч  Д.М******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Гааль, Татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/88 дугаар тушаалаар Харьяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг батлах тухай тушаалын 3 дугаар хавсралтаар аймгийн татварын хэлтсийн тасгийн чиг үүргийг баталсан. Энэ дагуу Татварын хэлтсийн даргын зөвлөлийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шийдвэрээр Статистик, эрсдлийн удирдлагын тасагт хамаарч байсан орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг Орлогын тасагт шилжүүлэн, орлогын тасгийн татварын улсын байцаагч Ж.Б*******д хариуцуулахаар шийдвэрлэсэн байна.

Ж.Б******* нь орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хариуцаж авахаас татгалзсан үүнийгээ “Орлогын эдийн засагчийн ажил нь байнгын суугаа ажил тул миний нас, эрүүл мэндийн байдалд тохирохгүй, татварын албанд 14 жил ажилласнаас 10-аад жилийг төрөл бүрийн мэдээлэл шивэх ажлыг нүд, гар хуруугаа чилтэл залхтлаа хийсэн, цаашид мэдээлэл шивэх ажлыг хийх сэтгэл зүй байхгүй” гэж шалтаглан, удаа дараа цалинтай, цалингүй чөлөө авч, эмнэлэгийн магадлагаа авчран, орлогын эдийн засагчийн ажлыг хүлээн аваагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 34.1 71.3 дахь хэсэгт тус тус зааснаар ажилтны хөдөлмөрийн нөхцлийг хөнгөрүүлэх, ажлын цагийг богиносгох асуудлыг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу зохицуулахаар заасан.

Ж.Б*******гийн эрүүл мэндийн асуудлаар эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр дүгнэлт гаргаагүй, орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхэд эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоохгүй байна.

Баянхонгор аймгийн хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 291 дүгээр албан бичгээр Ж.Б*******д “...удаа дараа цалинтай, цалингүй чөлөө олгосон...Цаашид чөлөө олгох боломжгүйг үүгээр мэдэгдье” гэж,  2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 305 дугаар албан бичгээр “... Таны эрүүл мэндийн байдлыг харгалзан өөр ажлын байр, албан тушаалд сэлгэн ажиллуулах боломжгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Иймд 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дотор хэлтсийн даргын 2016 оны Б/11 тушаалаар хариуцуулан орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хүлээн авахыг даалгаж байна” гэж хугацаатай мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн байна.

Гэвч нэхэмжлэгч Ж.Б******* нь удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх; 13.1.5 төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх,  Татварын ерөнхий хуулийн 231 дугаар зүйлийн 231.1 Татварын алба, татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, доод шатны байгууллага нь дээд шатны байгууллагадаа шууд захирагдах зарчим баримтлана. 271 дүгээр зүйлийн 271.6.3 татварын улсын байцаагчийн эрх олгох, эрх хасах, хүчингүй болгох, түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл хүлээлгэх;  30 дугаар зүйлийн 30.1.5 хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах; 30.1.7 татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 

Мөн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2 Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлыг цагийг үр бүтээлтэй ашиглах, 5.4.2 ажлын байр (албан тушаалтан)-ны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах, 5.4.4 захирах, захирагдах ёсны зарчимыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх, ... заалтуудыг зөрчсөн байна. 

Баянхонгор аймгын татварын хэлтсийн дэргэдэх ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар Ж.Б*******г Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 73.2.5 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах 16/03 дугаар дүгнэлт гарсан байна.

Энэхүү дүгнэлтийг үндэслэн, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар Ж.Б*******г халсан. 

Иймд Ж.Б*******гийн хууль бусаар ажлаас халагдсан гэх нэхэмжлэл үндэслэлгүй бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын  17-ны өдрийн Б/98 тушаалыг хүчингүй болгуулах, татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/98 тоот тушаалыг хүчингүй болгож, Баянхонгор аймгийн орлогын татварын улсын байцаагчид эргэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг эргүүлэн олгох, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Миний бие 14 жил татварын байгууллагад ажилласан. 2017 оны 04 дүгээр сард миний эрхэлж байсан орлогын татварын аж ахуйн нэгж байгууллагыг хариуцсан байцаагчаар ажиллуулахаас татгалзаж орлогын эдийн засагчаар томилсон. Үүнээс хойш бүтэн жилийн турш ажилгүй байлгасан бөгөөд цалин болон ээлжийн амралт олгоогүй. Тус шийдвэр гарахаас 3 сарын өмнөөс орлогын татвар хариуцсан ажилтнаар томилогдсон. Үүнээс хойш Баянхонгор аймгийн татварын  нэг цэгийн төвд томилж ажиллуулах хүсэлт амаар болон бичгээр өгч байсан. Гэвч миний хүсэлтийг хангаж өгөөгүй ба цалингийн 20 хувийг 6 сараар хасах арга хэмжээ авах, ажлын байранд компьютерын сүлжээг салгах, халагдсан атлаа ажилдаа ирээд байгаа гэж муу үгээр доромжлох, чөлөө их авдаг гэж мэдээлэх, нас ахисан байдлыг минь ашиглаж авгай гэж дуудах зэргээр байнга ажлын байрны дарамт үзүүлж байсан. Намайг халаад оронд нь орох хүнийг хүртэл бэлдчихсэн анкетыг нь авчихсан байсан.

Нотлох баримтаар авагдсан баримтад миний ажилласан жилийг хасаж бичсэн байсан. Татварын албанд ажиллах хугацаандаа би ажлаа үр бүтээлтэй маш сайн хийж байсан. Мөн байнгын суугаа ажлыг маш удаан хийсэн бөгөөд ажилласан жилийг минь хасаж бичсэн байсан. Тус тасаг нь шинээр байгуулагдсан тул ажлын ачаалал маш ихтэй, гараар шивж мэдээллийг сүлжээнд оруулдаг. Нэг цэгийн төв буюу татвар төлөгчийн газар хамгийн олон жил ажилласан байцаагч нь би бөгөөд бусад байцаагч нар нь 2 жил болоод сэлгэгддэг. Би сүүлийн 5 жил ажилласан. 2017 оны сүүлээр миний ээж элгэний хавдартай болж, хөл нь хугарсан тул ээжийгээ дүү нартайгаа ээлжлэн асарч байхаар тохирч чөлөө гуйсан боловч 2-3 удаа чөлөө авсан тул чөлөө өгөхгүй гэж хүлээж аваагүй. Ойролцоогоор сар орчим хугацааны дараа ээж минь ертөнцийн мөнх бусыг үзсэн.

Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс аж ахуйн нэгж хариуцсан татварын байцаагчийн ажлаа хүлээн авснаар ажилдаа эргэн орж 04 дүгээр сар хүртэл ажилласан.

Татвар төлөгчөөр ажиллаж байхдаа илүү цагаар сууж ажилладаг, өглөө үүрээр гэртээ харих тохиолдол ч байсан. Энэ байдал нь даамжирсаар сүүлийн жилүүдэд нуруу өвдөж тухайн үедээ чөлөө аваад эмчлүүлээд явдаг байсан. Мөн ээжийг минь хүнд өвчтэй байхад чөлөө өгдөггүй байсан болохоор ээжийгээ асрах үедээ өрхийн эмчээр бичиг хийлгүүлж 5 хоногийн чөлөө авдаг байсан. 

Би гэмт хэрэг хийгээгүй, ажлаа зохих түвшинд хийж, жил бүрийн улсын тайлангаа 90 хувиас дээш үнэлүүлж байсан. Миний хувьд татварын албанд ажиллахад мэдлэг чадварын хувьд дутах зүйл байхгүй. Татварын хэлтэст 14 жил ажиллахдаа 3 даргын удирдлага доор ажилласан. н.Эрдэнэбилэг даргын хувьд ажлын шаардлагаар бус хувь хүнийхээ хандлагаар надтай маш муухай харьцдаг байсан. Эдийн засагчийн ажлыг тус хэлтэст ажилладаг байцаагч нараас 30-40 насны залуучууд буюу нас залуу, татварын байгууллагад 10-аас дээш жил ажилласан татварын байцаагч нар хийх боломжтой байсан. н.Энхбаатар байцаагч ажлын байргүй, хийх ажилгүй мөртлөө цалингаа бүтнээр нь аваад явж байгаад сүүлд намайг ажлаас халагдсаны дараа миний ажлыг хүлээж авсан байсан. Ажлаас чөлөө авсан үед намайг ажил тасалсан гэж буруутгасан  байсан. Мөн ажлын байрны цагийг зориуд, зохион байгуулалттайгаар жижүүрт үүрэг өгч намайг ажил тасалсан гэж худлаа бүртгэж мэдүүлсэн. Тэр үед бүртгэсэн хүн нь энд хариуцагчаар сууж байна.

Ажиллах явцдаа санаачлагатай сайн ажиллаж, болохгүй зүйл гарвал шууд хэлж байсан. Тэр тал дээр зарим хүмүүсийн хувийн дургүйцлийг төрүүлсэн байх магадлалтай. Мөн ажилдаа ирэхээр халагдсан байж ажилдаа ирлээ гэнэ, заримдаа очихгүй байхаар ажилласан цагийг минь байнга бүртгэж ам хэлээр доромжилдог байсныг их олон жил тэвчиж байна. Удирдлагын хэвийн бус харьцаанаас болоод би өөрөө маш аймхай болж өөрчлөгдөж, зарим ажилтнууд надаас зайгаа барьсан. Энэ нь надад сэтгэлзүйн хувьд маш том дарамт болж байсан. 

Цалингийн зээл авч хүүгээсээ мөнгө зээлсэн, эрүүл мэндийн даатгал төлөгдөхгүй байгаагаас эрүүл мэндээ үзүүлэх боломжгүй болсон, Цалин авч төлж чадахгүйгээс болоод орон сууцны зээлээ төлж чадахгүй байгаа. 2016 оны ээлжийн амралтаа авах хүсэлтээ удаа дараа гарган өгсөн боловч биеэр эдлүүлж амралтын мөнгийг олгоогүй. Ажлаас халагдсаны дараа Хөдөлмөрийн хуулийн дагуу нөхөн олговор олгоогүй мөн ажлаас халагдсаны дараа гэнэт халагдсаны тэтгэмж авахаар нийгмийн даатгалын хэлтэст хандахад сүүлийн 9 сар нийгмийн даатгал төлөөгүй тул тэтгэмж авах боломгүй гэсэн. Энэ мэтээр ажлаас халагдсанаас хойш удаан хугацааны турш сэтгэлзүйн болон эрүүл мэндийн хохирол гарсаар байна.  

Ажлын байрны дарамтын нэг хэлбэр нь ажил тасалсан гэх үндэслэлгүй тайлбар хэлдэг байсан. Эдийн засагчаар ажиллуулах шийдвэр гарсан байхад намайг ажлаас халсан гэх цуурхал тараасан байсан. Зарим ажилчид зайгаа барьдаг болсон. Ажлын байран дээрх сүлжээг салгах шийдвэрийг даалгаж байсан. Мөн энэ ажлын энэ дарамтаас болж бие эрүүл мэндийн хувьд муудсан. 

Миний бие ажилдаа маш их сэтгэл ханамжтай байдаг ба тэтгэвэрт гарахдаа энэ байгууллагаасаа тэтгэвэр авна гэсэн бодолтой байсан. Гэвч тэтгэврийн нас дөхсөн энэ үед намайг ийм байдалд оруулж, ажилласан жилийг минь хасаж, тэтгэвэр олгохгүй байгаа нь хүндээр туссан. Хэдийгээр ажлын байрны дарамт зэрэг зүйлийг боломжоороо тэссэн ч тэтгэврийн насанд хүрсэн энэ үед ажлаас халж, амьдрах боломжгүй болсон энэ үйлдлийг тэсэж чадалгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангахын тулд мөн аж ахуйн нэгж хариуцсан шийдвэрийг гаргахын тулд хэлсэн. Удирдлагын зүгээс ажлын байрыг санал болгож байсан, нас заасан зүйл байхгүй. Мөн хөдөлмөрийн тухай хуульд зааснаар салбарын атистатчиллын шийдвэр дүгнэлт гараагүй. Мөн миний ажлын байрны тодорхойлолтод албан хаагчдын цагийг бүртгэх эрх байхгүй. Цалин хассан шийтгэлийн хувьд ажил албан тушаалаа орхисон учраас Ж.Б******* байцаагчид хамааралгүй. 3 сар хүртэл хугацааны чөлөө авсан байсан тул ээлжийн амралтын асуудал яригдаагүй. Миний хувьд даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд байсан. 

Мөн энэхүү шийдвэр гаргах үндэслэл нь Татварын Ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/83 тоот тушаалаар хэрэгжиж байгаа. Мөн тушаалын 2 дугаар зүйлд тухайн тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Гааль, Татварын Ерөнхий Газрын харьяа Гааль, Татварын нэгжийн дарга нарт даалгасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийн дагуу захиргааны даргын зөвлөлийн хурлыг хийж нэхэмжлэгчийг эдийн засгийн тасагт шилжүүлж, түүний ажлыг татварын улсын байцаагч н.Бд шилжүүлсэн. Үүний дагуу хэлтсийн даргын тушаал шийдвэр тодорхой гарсан. Гэвч өөрөө ажлаа хүлээн аваагүй, албан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Энэ байдлаар албан үүргээ биелүүлэхээс татгалзаж явсаар ийм байдалд хүрсэн. Түүнээс ажлын байрнаас халаагүй. Татварын улсын байцаагчийн орлогын эдийн засагчийн ажилд залуу эсвэл настай хүнийг ажиллуулна гэсэн нас заадаггүй бөгөөд эсхүл салбарын буюу комиссын шийдвэрийг үндэслэн гаргадаг.

Ажил тасалсан талаар байгууллагын дотоод журмын дагуу ажилтны ажлын цагийг бүртгэх мөн хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн цагийг бүртгэдэг. Миний ажлын чиг үүрэг, ажлын байранд хяналт тавих, чиг үүрэгтэй, Иймд ажлын байрны ажлын талаар харуул хамгаалалтад чиг үүрэг өгөх үүрэгтэй. Гэхдээ тухайн үед би Ж.Б******* байцаагчийн цагийг бүртгэ гэж үүрэг өгч байсан удаа байхгүй. Ээлжийн жижүүрт албан хаагчдын ажиллах цагийг үнэн зөвөөр бүртгэ гэж хэлсэн. Цалин хассан шийдвэрийн хувьд даргын зөвлөлийн хурлаас Ж.Б******* байцаагч өөрөө ажлаа хүлээн аваагүй тул сахилгын шийтгэл ногдуулж цалингийн арга хэмжээ авсан. Томилох эрхтэй албан тушаалтан энэ шийтгэлийг оногдуулсан. Дараа нь хүчингүй болгосон. Тухайн тушаал гарсантай холбоотойгоор Ж.Б******* байцаагчийн цалингаас нь хассан зүйл байхгүй. Ээлжийн амралтын тухайд үндэсний татварын албаны хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажил тасалсан ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж 6 сар ажиллаж байж ээлжийн амралт олгодог.  Нэхэмжлэгч нь 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 2 сарын хугацаанд чөлөө авсан байсан учраас ээлжийн амралтын асуудал тухайн үедээ яригдаагүй. Удирдлагаас ажлын байрны дарамт үзүүлсэн гэж байна. Миний хувьд даргын зөвлөлд байдаг, авгай гэж дуудаж байсан талаар мэдэхгүй байна. 

Сүүлд шүүх хуралдаан дээр цагийн бүртгэлийг гаргаж өгсөн. Үүнд 2016 оны оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 128 цагийн ажил тасалсан. Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр 3-аас дээш өдрийн ажил тасалсан бол тухайн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөөр заасан. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан 3-аас дээш өдрийн чөлөө авах тохиолдолд тухайн байгууллагаас тушаал гаргаж  чөлөө олгодог. Энэ байцаагчийн хувьд тухайн үед ямар ч тушаал,шийдвэр гараагүй. Тийм учраас Ж.Б******* байцаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлүүдийг харвал Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, мөн Татварын ерөнхий хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 271 дүгээр зүйлийн 271.6.3, 30 дугаар зүйлийн 30.1.5, 30.1.7, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2.4, 73.2.5 дугаар заалтуудыг тушаалынхаа үндэслэл болгосон. Ж.Б******* нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.4.2, 5.4.4, Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.1.А, 2.2.2.А заалтуудыг зөрчсөн учраас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн татварын албанаас халах сахилгын шийдвэр ногдуулж татварын улсын байцаагчийн эрхийг хассугай гэж тушаал дээр бичигдсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах зохицуулалт Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тусгагдсан. Мөн Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.5-д төрийн албанаас халах, сахилгын шийтгэл ногдуулж болох зохицуулалт байдаг. Татварын ерөнхий газрын даргын тушаалаас харахад Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хэрэглээд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй. Тэгэхээр энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн. Тушаал гарах болсон үндэслэл нь өөрийн шууд удирдлагын шийдвэрийг эсэргүүцсэн гэж бичсэн. Энд яг ямар шийдвэрийг эсэргүүцсэн болох нь яригдах ёстой. Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын Ж.Б*******д ажил хариуцуулах тухай тушаал гарсан. Энэ тушаалаар татварын улсын байцаагч Ж.Б*******г 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг хариуцуулсан. Энэ тушаалын дараагаар 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын Б/12 тоот ажил хүлээлцэх ажлын хэсэг томилсугай гэх тушаал гарсан. Тус тушаалын 1 дэх заалтад орлогын тасгийн аж ахуй нэгж хариуцсан татварын байцаагч Ж.Б*******гийн үүрэгт ажлыг орлогын тасгийн татварын улсын байцаагч н.Бд, н.Бгийн үүрэгт ажлыг аж ахуй нэгж хариуцсан татварын байцаагч Ж.Б*******д тус тус хүлээлцсүгэй гэх шийдвэр гарсан. Сэлгэж ажиллуулах хууль зүйн үндэслэл байх ёстой. Энд Татварын ерөнхий газрын даргад тухайн үед мөрдөгдөж байсан Гааль, татварын эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д Татварын ерөнхий газрын даргад албан хаагчдыг томилох, чөлөөлөх, сэлгэж ажиллуулах эрх олгогдсон. Энэ эрхийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаараа эрх шилжүүлэх тухай гэж татварын албаны ажилтнуудыг сэлгэж ажиллуулах эрхийг хязгаартай хэрэгжүүлэх эрхийг аймгийн Татварын газрын хэлтсийн дарга нарт шилжүүлсүгэй гэх тушаал гаргасан. 

Тэгэхээр энэ хуулиар олгогдсон сэлгэж ажиллуулах эрх нь Төрийн албаны тухай хуулийн дагуу хэрэгжих ёстой. Тэгэхэд Төрийн албаны тухай хуулиас давсан эрх мэдэл Татварын албаны даргад байх ёсгүй. Мөн сэлгэж ажиллуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан. Эндээс харах юм бол Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно. Хэрэв төрийн албан хаагч өөрөө буюу түүнийг сэлгэн ажиллуулж байгаа байгууллага хүсвэл анх илгээсэн төрийн байгууллага болон өөрийнх нь зөвшөөрснөөр сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно гэж тус тус заасан. Тэгэхээр бусад тохиолдолд шилжүүлэх эрх байгууллагын удирдлагад олгогдоогүй. Гэтэл ажлаа хийж яваа 2 албан хаагчийг хооронд сольж ажиллуулсан нь хууль бус үйлдэл байна. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 17, 21 дүгээр зүйлд тус тус заасан шаардлага үүсээгүй байхад Төрийн албаны тухай хуульд заагаагүй үндэслэлээр хүмүүсийг хооронд нь сольж ажиллуулсан нь тухайн тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэл юм. 

Мөн хууль зөрчсөн тушаалыг биелүүлэх үүрэг төрийн жинхэнэ албан хаагчид байхгүй. Мөн энэ тушаал гарахдаа Ж.Б*******д мэдэгдээгүй, санал хүслийг нь асуугаагүй, бие эрүүл мэндийн хувьд энэ ажлыг хийх боломгүй гэж удаа дараа очиж уулзсан боловч тухайн ажлыг хий гэсэн хариуг өгсөн. 2016 оны 11 дүгээр сард гарсан ёс зүйн салбар хорооны дүгнэлтийг хүлээж аваад Татварын ерөнхий газраас 2017 оны 03 дугаар сард шийдвэр гаргасан. Энэ бол ёс зүйн зөрчил биш албан хүчээр олгосон ажлыг хийхгүй гэх эрх байгаа. Тэгэхээр үүнийг ёс зүйн зөрчил гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа учраас эхлээд Төрийн албаны зөвлөлд гомдлоо 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргахад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс Татварын ерөнхий газрын салбар зөвлөлд тухайн өргөдлийг шилжүүллээ гэсэн хариуг өгсөн байсан. Салбар зөвлөл 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Татварын ерөнхий газрын даргын тушаал үндэслэлтэй байна гэх хариуг өгсөн. Татварын ерөнхий газрын даргын тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ж.Б******* Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн А/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын хэлтсийн орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

Ж.Б******* 2004 оноос Баянхонгор аймгийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Татварын хэлтсийн даргын 118 дугаар тушаалаар Татвар төлөгчдөд үйлчлэх тасгийн татварын улсын байцаагчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Татвар хураалтын тасгийн татварын улсын байцаагчаар сэлгэн томилж ажиллуулсан байна.

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааны чиг үүрэг шинэчлэн батлах тухай” 102 дугаар тушаалаар батлагдсан бүтцээр “орлогын эдийн засагч”-ийн чиг үүрэг Эрсдлийн удирдлага, мэдээллийн тасагт хамаарч байсныг  Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Харьяа гааль, татварын нэгжийн зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг батлах тухай” А/88 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар Орлогын тасагт шилжүүлжээ.

Энэхүү  Гааль, татварын ерөнхий газрын даргын А/88 дугаар тушаалаар бүтцийн шинэчлэл хийгдсэн тул Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн даргын зөвлөлийн хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн шийдвэрээр Статистик, эрсдлийн удирдлагын тасагт хамаарч байсан орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг Орлогын тасагт шилжүүлж 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг орлогын тасгийн улсын байцаагч Ж.Б*******д хариуцуулжээ.

Харин нэхэмжлэгч өөрт нь хариуцуулсан орлогын эдийн засагч татварын улсын байцаагчийн ажлыг хүлээн авахаас татгалзаж ажил олгогчоос хариуцуулсан орлогын эдийн засагчийн ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй үндэслэл нь хууль бус байна.

Нэхэмжлэгч Ж.Б******* дээрх ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах боломжгүй шалтгаанаа биеийн эрүүл мэндийн байдлаас удаан хугацаагаар сууж гүйцэтгэдэг ажил эрхлэх боломжгүй гэж тайлбарлажээ. 

 Ж.Б*******гийн хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхгүй байгаа асуудлыг аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх “Ёс зүйн салбар хороо”-ны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн Төрийн албаны тухай болон Татварын ерөнхий хууль, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм, Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэмийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж татварын албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэж дүгнэлт гаргажээ. 

Учир нь Ж.Б******* эрүүл мэндийн хувьд орлогын эдийн засагч, татварын улсын байцаагчийн ажлыг хийх боломжгүй тухай Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гараагүй байхад хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаарах орлогын эдийн засагчийн ажлыг хүлээн авахаас татгалзсныг зөвтгөх үндэслэл тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Б******* тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд ажил олгогчоос хариуцуулсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд харин үндэслэлгүй шалтгаанаар хариуцуулсан ажлыг хүлээж аваагүй энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтлана: 4.2.1-д “захирах, захирагдах ёс”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:, 13.1.4-д “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;” гэсэн үндсэн зарчим, нийтлэг үүрэгтэй нийцээгүй байна. 

  Мөн “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.1.2-т “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;”, 5.4.2-т “ажлын байр (албан тушаал)-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;”, 5.4.4-д “захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх;”, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/200 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үндэсний татварын албаны ажилтны ёс зүйн дүрэм”-ийн 2.2.1а-д “Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, татварын албаны хэмжээнд мөрдөгдөж буй Үндэсний татварын албаны үйлчилгээний стандарт, журам, заавар, аргачлал, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд баримтлах;”, 2.2.2а-д “дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлэх;” гэсэн зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэв.

Тодруулбал нэхэмжлэгч Ж.Б******* Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн орлогын эдийн засагч, татварын улсын байгцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Нөгөө талаар ажил олгогчийн зүгээс орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг өөр улсын байцаагчид хавсран гүйцэтгүүлэх, захиргааны чөлөөл олгох, эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааг тооцох зэргээр нэхэмжлэгч Ж.Б*******гийн ажлын байрыг тодорхой хугацаанд хадгалж түүнд хуульд зааснаар ажлын байраар хангаж ажилласан үйл баримтууд тогтоогджээ. 

Нөгөө талаар нэхэмжлэгч Ж.Б*******г Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасныг зөрчиж өөр албан тушаалд шилжүүлсэн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 Учир нь Гааль, татварын ерөнхий газрын даргын А/88 дугаар тушаалаар бүтцийн шинэчлэл хийгдэж Статистик, эрсдлийн удирдлагын тасагт хамаарч байсан орлогын эдийн засагчийн чиг үүрэг Орлогын тасагт ирснээр орлогын эдийн засагчийн үүрэгт ажлыг улсын байцаагч Ж.Б*******д хариуцуулсныг өөр ажил, албан тушаалд сэлгэсэн буюу шилжүүлсэн гэж үзэхээргүй бөгөөд Татварын байгууллагад энэ мэт зохион байгуулалтын томилгоонууд байнга хийгддэг практик байдагтай нэхэмжлэгч маргаагүй байна.

Харин хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, Б/98 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг оновчтой хэрэглээгүй зөрчил байгаа хэдий ч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Ийнхүү дүгнэвэл Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн А/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Ж.Б*******гийн  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримлан ТОГТООХ нь:

 

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 25 дугаар зүйлийн 25.1.1, Татварын ерөнхий хуулийн 231.1, 271 дугаар зүйлийн 2716.3, 30 дугаар зүйлийн 3.1.5, 30.1.7, 73 дугаар зүйлийн 73.2.5-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны  өдрийн А/98 тоот  тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Татварын хэлтсийн Орлогын эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх Ж.Б*******гийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.НАСАНДЭЛГЭР