Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1421

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/04877 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч “Анандбаян тал” ХХК-д холбогдох

 

Татварын өр төлбөрт 87 557 997 төгрөг гаргуулах тухай  маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Өлзийбаяр, М.Дуламсүрэн,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Буянчимэг, Т.Баярсайхан,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Анандбаян тал" ХХК нь "Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа", "Барилга угсралт", "Уул уурхай олборлолтын туслах бусад үйл ажиллагаа явуулахаар 2008 оны 4 дүгээр сарын 17-нд тус татварын хэлтэст бүртгүүлсэн. Тус компани нь 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 85 769 138 төгрөг, ААНОАТ-ын тайлангийн 429 549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 359 310 төгрөг нийт 87 557 997 төгрөгийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, татварын албаны шаардлагыг биелүүлээгүй. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн тул "Анандбаян тал" ХХК-аас 87 557 997 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тус компанид Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу шат дараалсан арга хэмжээг авч ажилласан. Үүнд: 2015 оны 5 дугаар сарын 21-нд 2404150521/113 тоот мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр хүргүүлж , 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 24140829/03 тоот мэдэгдэх хуудсаар Төрийн банк, ХААН банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буянчимэг, Т.Баярсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хангалттай нотлоогүй, илт үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Татварын алба нь Татварын еренхий хуулийн 25 дугаар зүйлд заасан "Татварын алба, татварын улсын байцаагч энэ хуулийн 14-р зүйлийг дагаж мөрдөн татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэх зарчмыг хангах", 28 дугаар зүйлийн 28.1.1-д “татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөх аргачлал, заавар, мэдээллээр татвар төлөгчдийг хангаж, зөвлөлгөө өгч үйлчлэх", 46 дугаар зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж, зөрчлийг арилгуулж байгаагүй, бодит зөвөлгөө, тайлбар өгөх хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тус компани 2014, 2015 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар нийт экспортод гаргасан жоншны хэмжээнээс тооцон АМНАТ-ийг илүү ногдуулсан байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө" гэж заасны дагуу зөвхөн өөрийн олборлосон жоншид АМНАТ ногдуулах ёстой байх тул бид тайландаа залруулга хийхээр БЗД-ийн татварын хэлтэст хандсан байгаа болно. "Анандбаян тал" ХХК нь өөрийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бус, "Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай" хууль /тухайн үед үйлчилж байсан/-д заасан орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бичил уурхай эрхлэгчдээс жонш худалдан авч байсан. Жонш худалдагч иргэд нь мөн хуулийн 5-р зүйлд зааснаар тухайн орон нутагт 53 000 төгрөгийн албан татвар cap тутам төлж байсан. Эдгээр иргэд сумын Засаг даргын захирамжаар хамтран нөхөрлөл байгуулсан байдаг ба компаниудтай гэрээ байгуулан олборлосон жоншоо борлуулдаг юм. Эдгээр гэрээг байгуулахдаа сумын Засаг дарга, сумын татварын байцаагчаас зөвшөөрөл авч, тэдний гарын үсгийг зуруулсан байгаа. Жоншийг олборлоод борлуулж буй этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тус компанийн хувьд шалгах эрх хуулиар олгогдоогүй, харин хуулиар шалгах эрх сумын татварын байцаагчид олгогдсон ба түүнд хяналт тавих эрх нь тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн оршин буй Засаг даргад байдаг. Иймд "Анандбаян тал" ХХК-д АМНАТ төлөх үүрэг хууль зүйн хувьд үүсэхгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас ААНОАТ-ын 429 549 цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 359 310 төгрөгийг Төрийн банк, ХААН банкны харилцах дансны зарлагын гүйлгээг хаасны дараа Хас банкны төлбөрийн баримтаар төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн 85 769 138 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.4, 46.5, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй 85 769 138 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ААНОАТ-ын тайлангийн 429 549 төгрөгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн өр 1 359 310 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, И.Өлзийбаяр нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр нь 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өглөөний 08 цагийн орчимд ажлын газрын үүдэнд авто зогсоолд авто тээврийн хэрэгсэлтэй явж байхад нь үл таних этгээд бүдүүлэг авирлан тээврийн хэрэгслийн толь хугалж гэмтээсний улмаас Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст очиж байцаалт өгсөн нь тус цагдаагийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 8шз/4043 тоот тодорхойлтоор нотлогдож байна. Нэхэмжлэгчийн эзгүйд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсанаар нэхэмжлэгчид үг хэлэх боломж олгогдоогүй, шүүх хуралдааны үеэр гаргах байсан онц чухал нотлох баримтыг шүүгч үзэн танилцаагүй байж нэг талыг барьсан хуурамч нотлох баримт үндэслэн буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар  хүчингүй  болсонд  тооцсон  25, 28-р зүйлийг  холбогдуулан тайлбарласан нь үндэслэлгүй байна. Тус хуулийн 14.2-т “Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. “Анандбаян тал” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тайлангаа гарган татварын албанд ирүүлсэн. Хариуцагчаас Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу тайланг тухай бүр хүлээн авахдаа хянан шалгаж зөрчлийг арилгаагүй гэж тайлбарласан. Хуульд Татварын алба нь татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа төлж буй эсэхэд хяналт тавих талаар тусгасан  байна. Үүнд нягтлан бодох бүртгэл болон татварын тайлангийн үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, татварын тайланд тусгасан тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх талаар л шалган авах тухай тусгасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байдаг. Гэтэл Гааль татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/444 тоот албан бичгээр “Анандбаян тал” XXК нь жонш олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь нотлогдож байна. Иймд шүүгч нь хэрэгт онц чухал нотлох асуудал бүхий ашигт малтмалын зөвшөөрлийн талаар яригдаж байхад шалгаж үзэлгүй хөнгөмсөг хууль бус шийдвэр гаргасан нь харамсалтай байна. Иймд шүүгчийн хууль бус гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

           

                                                                   ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн татварын хэлтэс нь хариуцагч “Анандбаян тал” ХХК-д холбогдуулж татварын өр нийт 87 557 997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

                                      

Хариуцагч “Анандбаян тал” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын  22-ны өдрийн шүүх хуралдаанд 46 хуудас бүхий нотлох баримт гаргаж өгсөн ба шүүх хариуцагчаас гаргасан дээрх баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцоогүй, хариуцагчаас гаргасан дээрх нотлох баримтуудыг нэхэмжлэгчид танилцуулах, тайлбар гаргах эрхийг шүүх хязгаарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/04877 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                      

                                                                                                          Г.ДАВААДОРЖ