Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 44

 

О.Г-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул                                               

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          Н.Идэр

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэн шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ийн Г-д холбогдох эрүүгийн 201709000124 дугаартай 171/2017/0152/Э индекстэй хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт /ээж О.О-ийн төрсөн дүү О.Одгэрэлийн асран хамгаалалтанд байдаг/ Дархан сумын 7 дугаар баг. 017-н задгайд оршин суух хаягтай Боржигон овгийн О-ийн Г /**********/

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Г- нь насанд хүрээгүй Г.С-тэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, “Залуучууд театр”-ын урд байрлах мөсөн гулгуурын талбай дээр тоглож байхдаа иргэн Л.С-ийн хэтэвчтэй эд зүйл болон гар утсыг нь хулгайлж 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон овгийн О-ийн Г-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Боржигон овгийн О-ийн Г-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн /хоёр/ хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-т зааснаар О.Г-од оногдуулсан 2 жилийн /хоёр/ хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

-Насанд хүрээгүй шүүгдэгч О.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга, насанд хүрээгүй Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлчулуун нараас тус бүр 640,000 төгрөг /зургаан зуун дөчин мянга/ нийт 1,920,000 төгрөг /нэг сая есөн зуун хорин мянга/ гаргуулж хохирогч Л.С- /Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун-115 дугаар байр, 23 тоот, РД:МЕ97062709, утас:94520456/-т олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Г-од 2 жилийн /хоёр жил/ хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын /нэг жил, зургаан сар/ хугацаагаар хойшлуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааанд энэ тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн 640,000 төгрөгийн гэм хорын хохирлыг нөхөн төлөхийг шүүгдэгч О.Г-од, түүний засрал хүмүүжилд анхаарч, хараа хяналтдаа байлгах үүргийг түүний хүргэн ах хууль ёсны төлөөлөгч Д.Гантулгад хариуцуулан даалгаж, тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг шүүгдэгч О.Г-од сануулж,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Г-од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус заажээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:

“..Анхан шатны шүүхийн 126 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан ...хууль ёсны ба үндэслэлтэй байх... хуулийн шаардлагыг хангаагүй бэйх тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

-Насанд хүрээгүй шүүгдэгч О.Г- нь бусдын эд зүйлийг хулгайлсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376 дугаар зүйлийн 376.1-д “Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулах асуудлыг хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн тухайн этгээдийн оршин суугаа газрын шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хүүхдийн болон Цагдаагийн байгууллагын бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй байхад шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулах хүсэлтийг цагаатгах болон шүүгдэгчийн хувийн байдлыг дээрдүүлэх нотлох баримт болгож байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед шүүхэд ирүүлж болох учраас хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлэх үед уг эрх бүхий байгууллагын хүсэлтийг ирүүлсний дараа хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэх боломжтой юм.

-Насанд хүрээгүй О.Г-, Г.С- нарын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас иргэнд 1,920,000 төгрегийн хохирол учирсан ба хохирол төлөгдөөгүй учраас шүүх хохирлын асуудлыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 5 дахь заалтаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга нар болон насанд хүрээгүй Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлчулуун нараас тус бүр 640,000 төгрөгийг тэнцүү гаргуулж хохирогч Л.С-т олгуулахаар тогтоожээ.

Уг гэмт хэргийг насанд хүрээгүй 2 этгээд үйлдсэн учраас хохирлыг тэд тэнцүү хуваасан байдлаар төлөх нь үндэслэлтэй байхад, шүүх шүүгдэгч О.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч нараас тус бүр 640,000 төгрөг буюу хохирлын 3/2 хувийг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 126 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...О.Г- нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй байсан, шүүх хурлын өмнө О.Г-ын өмгөөлөгчөөр намайг томилж оруулсан учраас ял хойшлуулах баримтыг авч чадаагүй. О.Г-ын ээжийнх нь төрсөн дүүг О.Г-ын асран хамгаалагчаар тогтоосон. Тухайн гэмт хэргийг хоёр хүн үйлдсэн учраас шүүгдэгч нарт хохирлыг тэнцүү хуваах нь зүйтэй. Хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

Прокурор Н.Идэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Насанд хүрээгүй этгээдэд оногдуупсан ял шийтгэлийг хойшлуулахдаа хүүхдийн байгууллага болон цагдаагийн байгууллагын хүсэлт байхгүй байхад анхан шатны шүүх ял хойшлуулсан нь үндэслэлгүй. Мөн хохирлын хэмжээг буруу тооцсон. Хохирлын хэмжээг шүүгдэгч нарт 50, 50 хувиар тооцох байтал хохирлыг нэгэнд нь илүү тооцсон нь үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлд зааснаар “шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр дээд шатны прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. О.Г-ын эх нь хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг бөгөөд О.Г- нь траншейнд амьдарч байсан. Тухайн үед прокурорын зүгээс цагдаагийн байгууллагаас ял хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж өгнө үү гэхэд уг хүсэлтийг гаргаж өгсөн. Гэтэл асран хамгаалагч байхгүй гэхэд О.Г-ын ээжийнх нь төрсөн дүүг О.Г-ын асран хамгаалагчаар тогтоосон. Шүүх хуралдаан болсны дараа уг бичгийг өгсөн. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учраас уг баримтыг хавтаст хэрэгт хавсаргах шаардлагагүй. Давж заалдах шатны шүүх ял хойшлуулах тухай хүсэлтийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-ыг 13 нас 05 сар 16 хоногтой буюу насанд хүрээгүй Г.С-тэй бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, “Залуучууд театр”-ын урд байрлах мөсөн гулгуурын талбай дээр тоглож байхдаа иргэн Л.С-ийн хэтэвчтэй эд зүйл, гар утсыг нь хулгайлж 1,920,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, О.Г-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн 126 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...хууль ёсны ба үндэслэлтэй байх...” шаардлагыг хангаагүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад дээрх гэмт хэргийг 2 хүн бүлэглэн үйлдэж, иргэн Л.С-т 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан байхад насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Гантулга, насанд хүрээгүй Г.С-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Гэрэлчулуун нараас тус бүр 640,000 төгрөг буюу нийт 1.280.000 гаргуулахаар шийдвэрлэж, үлдсэн 640.000 төгрөгийг хэн төлөх нь мэдэгдэхгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан, иргэний хариуцагч Д.Гэрэлчулуун, Д.Гантулга нар бичиг үсэг мэддэггүй гэсэн байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлүүлэх эрхээр хангахгүйгээр тэднээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 376 дугаар зүйлийн 376.1-д насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг  хойшлуулахдаа хүүхдийн болон цагдаагийн байгууллагын хамтран гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэхээр заасан атал энэ хүсэлт ирээгүй байхад насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-од 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх  тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нь үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас зөвтгөн залруулах боломжгүй байна

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.3, 320 дугаар зүйлийн 320.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-од холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг Дархан аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2.Хэргийг прокурорт очтол насанд хүрээгүй шүүгдэгч О.Г-од урьд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                          Ц.АМАРЖАРГАЛ