| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2023/02983/И |
| Дугаар | 210/МА2026/00292 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00292
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09362 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,045,500 төгрөг, алдангид 10,022,750 төгрөг, нийт 30,068,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани *******тай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ЗНБГ/23-01 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр түүний өгсөн захиалгын дагуу зээлээр бараа нийлүүлж, тэрээр хүлээн авсан барааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээн хамтран ажилладаг байсан.
1.2.Тэрээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 29,545,500 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй. Энэ төлбөрөө 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр өөрөө хүсэлт гаргаж, компанитай төлбөр барагдуулах гэрээ хийсэн боловч төлж барагдуулаагүй.
1.3.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 9,500,000 төгрөг төлж, одоо үндсэн төлбөрөөс 20,045,500 төгрөг үлдсэн бөгөөд энэ төлбөрийн үлдэгдлээс гэрээгээр тохирсон алданги тооцоход үндсэн үүргийн 50 хувиас хэтрэх учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргийн 50 хувиар тооцож 10,022,750 төгрөгийн алдангийн хамт, нийт 30,068,250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “*******” ХХК-иас нэг ч ширхэг бараа авч байгаагүй. 2023 оны 04 дүгээр сард анх удаа манай найз *******ын “найз нь хүнд өглөгтэй юм, чи ганц хоёр баримтан дээр гарын үсгээ зураад жоохон хугацаа аваад өгөөч, борлуулагч нь зөвхөн захиралдаа үзүүлээд л устгана” гэж гуйсны дагуу хугацаа авах зорилгоор “*******” ХХК-д очиж хэдэн баримтанд гарын үсэг зурсан.
2.2.Би, 2023 оны 02 дугаар сард бараа материал авч байгаагүй, ямар ч баримтанд гарын үсэг зураагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. 2023 оны 04 дүгээр сараас өмнө тус компанийг мэддэг ч үгүй байсан. Нэхэмжилж байгаа 29,545,500 төгрөгийн барааны үнийг миний найз гэх ******* болон тус компанийн борлуулагч ******* нар өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа. Гэтэл “*******” ХХК нь төлбөрөө авч байгаа байж төөрөгдүүлж, гарын үсэг зуруулсан баримтуудаа үндэслэн давхар барааны үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
2.3.Шүүх *******тай харилцсан зурваст үзлэг хийсэн ба ******* нь “*******” ХХК-иас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний мөнгийг төлөх нь харагдана. ******* зөвхөн гэрээнд гарын үсэг зурахаар очсон гэдгийг борлуулагч ******* мэдэж байсан. Намайг зөвхөн гарын үсэг зурсныг үндэслээд бараа материал хүлээж авсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, миний бие нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд биш гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 30,068,250 /гучин сая жаран найман мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,700 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх зээлийн гэрээг бодитоор хэрэгжээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Талууд гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан.
******* нь манай компанийн харилцагчаар бүртгэгдээгүй тул барааг өөр харилцагчийн нэрээр шивж гаргасан бөгөөд хүлээн авсан хэсэгт өөрөө гарын үсэг зурсан байгааг огт зураагүй мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагчийн тайлбараар *******, ******* нарын гуйлтаар бараа хүлээлгэн өгсөн баримтад гарын үсэг зурсан бол анхнаасаа манай компанийг хууран мэхлэх зорилготой байсан нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй.
4.2.******* нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байхад шүүхэд өгсөн бичгэн нотлох баримтуудыг хүний гуйлтаар би зурсан, аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд зөвхөн тухайн тайлбар, хариуцагчийн хувийн байдалд үндэслэн гэрээ бодитоор хэрэгжээгүй, барааг хүлээн аваагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Бараа хүлээн аваагүй гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй болно.
4.3.******* нь бусдын гуйлтаар “*******” ХХК-иас бараа авсан гэж гарын үсэг зурсан, би ерөөсөө бараа аваагүй гэх мэт тайлбар гаргаж байгаа боловч энэ нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй. Хэргийн нөхцөл байдлыг тодруулахаар *******ыг гэрчээр асуулгах шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсан боловч түүнийг гэрчээр асуухгүйгээр хэргийг шийдвэрлэсэн ба хэрэгт авагдсан баримтаар түүний хүсэлтээр үгсэн хуйвалдаж, манай компанийг хууран мэхэлж бараа зээлээр авсан болох нь харагддаг боловч энэ зөвхөн нэг талаас буюу *******аас өгсөн хувийн фэйсбүүк чат болно. Энэ чатад үзлэг хийсэн боловч түүний фэйсбүүк хаягт үзлэг хийгээгүй, зөвхөн хэвлэмэл цаасанд үзлэг хийснээс гадна чаталсан гээд байгаа этгээд нь ******* мөн эсэх нь тодорхойгүй. Хэрэв *******ын манай компаниас авсан барааг ******* нь авсан бол тусдаа бие даасан нэхэмжлэлээр шаардах боломжтой.
4.4.Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн хэргийг шийдвэрлэх явцад эрх ашиг нь зөрчигдөж болзошгүй болохыг огт мэдээгүй, хэргийн оролцогч бус этгээдийг ямар нэгэн тайлбар өгөх боломж олгохгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... барааг хариуцаж хүлээн авсан борлуулагч ******* хариуцахаар байна" гэж дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба уг шийдвэрийг үндэслэн шууд борлуулагч *******гээс уг төлбөрийг нэхэмжилсэн тохиолдолд түүнд учирсан, учирч олох эрсдэлийг хэн хүлээх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсч байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.
5.2.Нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт буюу 8 хуудас нотлох баримт дээрх харилцагчийн нэр нь *******ын нэр биш юм. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн гэрээ бодитоор хэрэгжээгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
5.3.Барааг хүлээн аваагүй гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй гэж хэлж байгаа нь хүлээлгэж өгөөгүй гэдгээ нотолж байгаа гэж үзэж байна. *******ыг хамтран хариуцагчаас татах хүсэлтээсээ нэхэмжлэгч тал татгалзсан, мөн шүүх хуралдааны явцад гэрчээр асуулгах шаардлагагүй талаар тайлбарласан.
5.4.Бодит байдал дээр ******* болон ******* нар нь миний үйлчлүүлэгчийг тухайн гэрээнүүд дээр гарын үсэг зуруулсан. Үзлэг хийсэн тэмдэглэлд ******* нь төлбөрөө би хариуцна гээд удаа дараа илэрхийлсэн нь тусгагдсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,045,500 төгрөг, алдангид 10,022,750 төгрөг, нийт 30,068,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулав.
4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Энэ талаар зохигч маргаагүй. Үүнд:
4.1.Хариуцагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-д зээлээр бараа бүтээгдэхүүн авах хүсэлт гаргасны дагуу тэдгээрийн хооронд зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь харилцагчаас өгсөн захиалгын дагуу Монгол Улсын чанарын стандартад нийцсэн янжуур тамхийг нийлүүлэх, хариуцагч нь хүлээн авсан барааны үнийг гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулах, нийлүүлэх барааны дээд хэмжээ 20,000,000 төгрөг байх, зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийг бараа хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
4.2.“*******” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 14-ний хооронд нийт 32,732,500 төгрөгийн үнэ бүхий 8 ширхэг төлбөрийн нэхэмжлэхэд дурдсан нэр бүхий барааг хариуцагч хүлээн авсныг илэрхийлж тус баримтын “хүлээн авсан” хэсэгт ******* гэж, мөн барааг нийлүүлсний дараа талууд өгсөн, авсан зүйлээ 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар баталгаажуулж, төлбөр барагдуулах гэрээг байгуулж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-аас 32,295,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авсан, ...төлбөрийн 60 хувь болох 13,345,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөх, төлбөрийн үлдэгдэл 40 хувь болох 12,900,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулжээ.
4.3.Талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан хүсэл зориг илэрхийлээн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, уг хэлцлийг хийгдсэн гэж үзнэ.
4.4. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар урьд өмнө үүссэн харилцааг хожим талууд бичгээр баталгаажуулсан бол үүнийг хүчинтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь өөрийн авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул энэхүү нотлох баримтыг үнэлнэ.
Иймээс дээр дурдсан үндэслэлээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
5.Хариуцагч гэрээг байгуулсан талаар маргаангүй, тус хэлцлийн дагуу бараа бодитоор хүлээн аваагүй, *******ын гуйснаар хугацаа авах зорилгоор гарын үсэг зурсан гэж тайлбарлан нэхэмжлэлээс татгалзсан хэдий ч дээрх төлбөрийн нэхэмжлэх, тооцоо нийлсэн баримтыг үгүйсгэж, няцаасан тухай татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд нотолж чадаагүй байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь худалдах, худалдан авах гэрээний нэг тал буюу худалдан авагч болохын хувьд барааг өөрөө хүлээн авсан гэж дүгнэнэ. Учир нь, гэрээний зүйл болсон барааг худалдан авагч өөрөө захиран зарцуулахгүйгээр барааг хүлээн авах этгээдийг нэрлэн заасан ч худалдагч уг этгээдэд барааг хүлээлгэн өгсөн нь хариуцагч нь гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллагын агуулахаас гарсан барааг тухайн компанийн борлуулагч харилцагчид хүргэж өгсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд харилцагч нь барааны үнэ төлөх үүрэг буюу өрийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдэж харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Иймд, үүрэг гүйцэтгэгч этгээд солигдсон гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний зүйлийн үнийг харицагчаас шаардах эрхтэй.
6. Түүнчлэн, хариуцагч дээрх баримтуудад гарын үсэг зурсан талаар маргаагүй байх ба энэ үедээ Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар өөрийн үйлдлийн утгыг бүрэн ойлгож, үр дагаврыг ухамсарлан хариуцах насанд /18 нас/ хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай хүний хувьд тухайн баримтыг үйлдсэн гэж үзнэ.
Иймд, гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу “*******” ХХК-ийн эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь ******* тоот дансанд “*******” утгаар шилжүүлсэн 9,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 20,045,500 төгрөгийг хариуцагч ******* төлөх үүрэгтэй.
7.Талуудын хооронд байгуулсан зээлээр бараа нийлүүлэх гэрээгээр харилцагч нь нийлүүлсэн барааны төлбөрийг бараа хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж, уг хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний 6.1-д “... хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө...” гэж алдангийн талаар тохиролцсон.
Гэвч зохигч 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр төлбөр төлөх хугацааг шинээр тохирч, улмаар тус хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцохдоо алдангийн талаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасан журмын дагуу тухайлан тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж зааснаар уг төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагчийн төлбөр төлөх хугацааг шинээр тогтоосон боловч алданги төлөх талаар тухайлан заагаагүй байна.
Иймд, хариуцагч *******аас гэрээний үндсэн төлбөрт 20,045,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,020 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/09362 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******аас 20,045,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,000,020 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтын хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,292 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Б.АЗБАЯР