| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04909/И |
| Дугаар | 210/МА2026/00924 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00924
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* тоот тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн ******* тоот тушаалаар ерөнхий менежерийн албан тушаалд томилогдон, мөн өдрөөс хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Улмаар 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр тухайн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу ******* ХХК 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* тоот тушаалаар түүнийг ******* албаны дарга албан тушаалд эгүүлэн томилсон боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь бүхэлд нь сэргээж өгөөгүй, ажил хийх нөхцөл бололцоогоор хангахгүй гүйцэтгэх захирлын зүгээс өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах бүх боломжийг нь хязгаарлаж, группэд түүнийг хандуулахгүй зөвхөн борлуулалт хийх, өгсөн үүрэг биелүүлэх хэмжээнд борлуулалтын ажилтан байдлаар хязгаарлаж ажилтны үндсэн эрхийг нь зөрчсөөр байсан.
1.2. Уг асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг оролцуулан уулзах санал хүсэлт удаа дараа тавьсан боловч шийдвэрлэхгүй холбогдох хурал, уулзалтууд хийгдэж байгаа атлаа нэг ч удаа түүнийг оролцуулаагүй байна. Үүнээс үзэхэд магадгүй компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц, буруутай үйл ажиллагааг илрүүлэх хэмжээний мэдлэгтэй байгаагаас нь эмээж, түүний өмнө нь эдэлж байсан эрхийг хязгаарлаж ажил үүргээ гүйцэтгэх боломжийг олгоогүй боогдуулж эхэлсэн. Улмаар ажилтныг цаг бүртгэлийн системд биеэр ирж бүртгэл хийгээгүй гэдэг шалтгаан гаргаж, түүнийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчлийг илрүүлж, баталгаажуулахгүй, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэлгүй, ажилтанд мэдэгдэлгүйгээр нэг талыг барьсан сахилгын сануулах арга хэмжээ авч, түүнийгээ үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дахин ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2.2, 80.1.4-т заасанд нийцээгүй, үндэслэлгүй тул эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******тоот тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* ХХК-д ерөнхий менежерийн албан тушаалд дадлагажигчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ******* нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэг ажлаас нь чөлөөлсөн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04995 дугаар шийдвэрээр *******ыг ******* ХХК-ийн ******* албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 2.3.1, 3.1.10, 3.4.26-д заасан хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хөдөлмөрийн гэрээг ажилтантай харилцан тохиролцож байгуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.2. ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг үндэслэн ажилд эгүүлэн тогтоосон. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* нь урьдчилан зөвшөөрөл авч мэдэгдээгүй ажлын байрыг орхисон, гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй, гадуур ажиллах хүсэлт илгээлгүйгээр ажлын байранд ирээгүй нь камерын бичлэг, цаг бүртгэлийн систем болон хүний нөөцийн нэгжийн тайлбар зэргээр нотлогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн *******дугаар тушаалаар ******* нь Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дараах сахилгын зөрчил гаргасан нь камерын бичлэг, цаг бүртгэлийн систем болон ажилтны тайлбар зэргээр нотлогдож сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байх тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно. 2025 оны 03 дугаар сард цаг бүртгэлийн системээр ажлын цагийг огт бүртгүүлээгүй буюу ажилдаа хэсэгчлэн ирсэн боловч санаатай болон санамсаргүй байдлаар цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй, эс үйлдэхүй гаргасан. 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан зөвшөөрөл авч, мэдэгдээгүй, ажлын байрыг орхисон буюу хүсэлтийг цаг бүртгэлийн системээр зохих ёсоор илгээгээгүй, ажлын байранд биечлэн ирээгүй буюу ажлын цагийг баримтлаагүй эс үйлдэхүйгээр Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.4.2, 8.3 дахь заалтыг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-д холбогдох, тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ******* ХХК-ийн ******* албаны даргын албан тушаалд эргүүлэн тогтоогдсон боловч ерөнхий менежерийн албан тушаалын чиг үүрэг хэвээр үргэлжилж хөдөлмөрлөх эрх бүрэн сэргэх байсан. Гэвч ажил олгогч уг шийдвэрийг бодит агуулгаар нь хэрэгжүүлж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг хэвийн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангаагүй, зөвхөн хэлбэр төдий тушаал гаргасан, дахин ажлаас чөлөөлөхийн тулд хууль зөрчсөн журам тушаалыг гаргаж ажлын байранд шахалт дарамтыг үзүүлсэн. *******ын шууд удирдлагадаа хандан тавьсан хүсэлт, хэлэлцээрийг хүлээн аваагүй, ТУЗ-д танилцуулан чиний хандах эрх бүх зүйлийг хэвийн болгоно гэж ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* уулзалтаар хэлсэн бүх баримтыг гаргаж өгч үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажил үүргээ бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдсэн эсэх, ажлын байр, ажил үүрэг, мэдээллийн урсгал, хандалтын эрх, удирдлагын түвшний харилцаа бүрэн сэргээгдсэн эсэх, өмнөх шүүхийн шийдвэрийг ажил олгогч бодитойгоор биелүүлсэн эсэх, ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд оруулсан эсэх зэрэг гол нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, зөвхөн цаг бүртгэлийн систем, камерын бичлэг, дотоод журмын баримтад тулгуурлан дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргаж өгсөн цаг бүртгэлийн мэдээлэл, камерын бичлэг, сахилгын шийтгэл ногдуулсан баримт, байгууллагын дотоод журмыг тулгуурлан үнэлсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, өмнөх шүүхийн шийдвэрийн агуулга, ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бодитоор сэргээгээгүй нөхцөл байдлыг хангалттай үнэлээгүй.
4.2. Хариуцагчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалын агуулга нь эргэлзээтэй байгааг шүүх анхаарч үзээгүй. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар *******т хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалд нэхэмжлэгчийг урьдчилан зөвшөөрөлгүйгээр ажлын байрыг орхисон, гадуур ажиллах хүсэлт илгээгээгүй, камерын бичлэг, цаг бүртгэлийн систем болон хүний нөөцийн нэгжийн тайлбараар ажлын байранд байгаагүй, мөн ажлын байранд ирсэн боловч ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлын цагаа бүрэн бүртгүүлээгүй гэж дурдсан байна. Нэг талаар ажлын байранд байгаагүй, нөгөө талаар ирсэн боловч ажил үүргээ гүйцэтгээгүй гэж зэрэгцүүлэн бичсэн нь сахилгын зөрчлийн бодит нөхцөлийг эргэлзээгүй тогтоосон гэж үзэхэд хангалтгүй. ******* нь холбогдох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангаагүй, үзлэг хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. ******* дугаар тушаалыг *******дугаар тушаалын шууд суурь үндэслэл болгон авч үзэхээс өмнө уг тушаалын бодит нөхцөл, хууль ёсны байдлыг тусад нь шалгах шаардлагатай байхад анхан шатны шүүх үзлэг хийгээгүй. ******* тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй талаар ******* тайлбар өгсөн. Мөн *******тушаал гарахаас өмнө ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил хийхээс татгалзсан тухай тайлбар бичиг явуулсан байхад удаа дараа зөрчил гаргасан гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд ажил үүргээ явуулах, гомдол, тайлбар, хүсэлт гаргах эрхийг ажил олгогч зөрчиж, шүүх нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна. ******* дугаар тушаалын хууль ёсны байдлыг эргэлзээгүй тогтоолгүйгээр *******дугаар тушаалыг зөвтгөсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Үндсэн маргаан болох тушаалын хууль ёсны байдлыг бүрэн тогтоогоогүй байж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үнэлээгүй, өмнөх шүүхийн шийдвэрийн үр дагаврыг буруу ойлгож хэрэглэсэн, ******* болон *******дугаар тушаалуудын хууль зүйн үндэслэлийг бүрэн шалгаагүй, ажил олгогчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйг зохих ёсоор үнэлээгүй. ******* нь оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч бөгөөд тухайн ажилд биечлэн ажиллах үүрэг хүлээхгүй, цахим хэлбэрээр ажлын үр дүнгээр цалин хөлс, нэмэгдэл урамшуулал авч ажилладаг болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, баримтаар тогтоогдож байхад дотоод журам, цагийн бүртгэлийн журамд зөрчилтэй өөрчлөлт оруулан ажил эрхлэх нөхцөлийг судлалгүй, цахим шуудангаар ажлын цагийг удаа дараа сануулж, ажилдаа ирэхийг шаардсан зэрэг нэг талын заалтыг үндэслэсэн нь хэлэлцэн тохиролцсон хөдөлмөрийн харилцааг алдагдуулсан. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д зааснаар хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцөлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан тул хууль бус тушаал, шийдвэрүүд хүчингүй болох үндэслэлтэй юм.
4.3. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* тоот шийдвэрийг ******* шүүгч гаргасан бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгч тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал оролцох ёсгүй. Мөн хуулийн 84 дүгээр зүйлд уг хэрэг, маргаан-д өмнө оролцсон шүүгчийг дахин оролцуулахгүй байх зарчмыг тусгасан. Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор хуульд заасан үндэслэлээр татгалзсан тохиолдолд хүсэлтийг заавал хуульд нийцүүлэн хянан шийдвэрлэх ёстойг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, ******* шүүгч өмнөх ажлаас үндэслэлгүй халсан маргаанд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч удаах ажлаас халсан маргаанд *******ын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч ******* ХХК-ийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн 84, 91 дүгээр зүйлийн үзэл баримтлал, шүүхийн төвийг сахисан байдал, шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Тодруулбал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ******* тоот шийдвэрийг ******* шүүгч гаргахдаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хавтас хэргийн материалд *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шүүгчээс татгалзан гаргах хүсэлт байсаар байхад шийдвэрлээгүй нь шүүхийн ноцтой алдаа. Нэхэмжлэгч *******ыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрийн дагуу ******* ХХК-ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот тушаалаар ******* албаны дарга албан тушаалд эгүүлэн томилсон боловч ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээгүй, хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлсийг хугацаанд олгох, ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлөөр хангах үүргээ биелүүлээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажил олгогчийн хууль бус тушаал шийдвэрүүд гарч байгаа, хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцохгүй, эрх ашгийг нь зөрчсөн гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа и-мэйлээр удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр урьдчилан зөвшөөрөл аваагүй, ажлын байранд ирээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулж, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр давтан зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн. ******* нь компанид ажиллах хугацаандаа ******* нэртэй программ зохион бүтээж, борлуулалтад нэвтрүүлэн ашиг орлого нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд гүйцэтгэх захирал *******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг аман байдлаар байгуулж, уян хатан нөхцөлөөр ажиллаж байсан. Гэвч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр цаг бүртгэлд цагаа бүртгүүлээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь дээрх онцгой нөхцөлийг зөрчсөн. Ажилтан уг шийтгэлийг эс зөвшөөрч тайлбараа тухайн өдөр и-мэйлээр илгээсэн. Мөн ******* ХХК нь 2024 оны 12 дугаар сарын цалин, урамшууллыг олгоогүй, амралтын мөнгө олгоогүй, нийгмийн даатгалыг дутуу төлсөн, ажлын нөхцөлөөр хангаагүй зэрэг зөрчлүүд нь талуудын харилцсан и-мэйлээр тогтоогддог. Гэвч анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарын хүрээнд үнэн зөв тогтоож, дүгнэж чадаагүйд гомдолтой байна.
4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д нэхэмжлэгчийн тайлбарыг илтэд мушгин гуйвуулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Шүүх хариуцагчийн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй үйлдлээс үүдэж нэхэмжлэгч *******ыг шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн буруу дүгнэсэн гэж харж болохоор байна. Нэгэнт өмнөх шүүхийн шийдвэрт дурдагдаагүй цалин хөлсний маргаанаар нэхэмжлэл гаргасан тул тухайн асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 54.1.3-т ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй.-д хамаарахгүй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай бөгөөд дээрх зохицуулалт нь олговол зохих хугацаанаас 30 хоногоор ажлын цалин хөлс хэтэрсэн тохиолдолд эдлэх эрх бүхий зохицуулалт юм, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан цалин хөлс нь олговол зохих хугацаанаас 30 хоног биш 5 сарын хугацаагаар хэтэрсэн тул дээрх зохицуулалтын урьдчилсан нөхцөл болох цаг хугацааны шаардлагыг хангаж байна. Цаашлаад, Хөдөлмөрийн тухай хуулийн 54.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тус асуудлаар компаниас асууж тодруулж и-мэйлээр харилцаж байсан боловч хариуцагч талаас тодорхой хариу өгөөгүй тул ажилтан ******* 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч компанийн хүний нөөцийн албанд явуулсан цахим шуудандаа Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийн урьдчилсан нөхцөлүүд болох цалин хөлсийг зохих хугацаанд олгоогүй байх, энэ талаар ажил олгогчид мэдэгдсэн тул энэхүү маргаан нь дээрх зохицуулалтад хамаарах асуудал мөн болно. Цаашлаад, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т олгогдсон эрхээ эдэлж, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан байхад шүүх шийдвэртээ ...нэхэмжлэгч ******* ажлын цагаа бүртгүүлээгүй, ажлын байранд очсон боловч ажил үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарласан тул түүнийг ажлаа тасалсан гэж үзнэ... гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд ноцтой зөрчил юм. Тодруулбал, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн уг ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхээ эдэлж буй үйлдэлд цаг бүртгэлд бүртгүүлээгүй, урьдчилан зөвшөөрөл авч мэдэгдээгүй ажлын байрыг орхисон, гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй, гадуур ажиллах хүсэлт илгээлгүйгээр ажлын байранд ирээгүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэлийг оногдуулсан түүнийгээ үндэслэн давтан зөрчлөөр ажлаас халсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-т заасныг зөрчиж шийтгэл ногдуулсан нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг ноцтой зөрчсөн байхад шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.
4.5. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа нотлох баримтуудыг цуглуулж өгөх үүргээ хэрэгжүүлэх зорилгоор нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцсан и-мэйл хаягт үзлэг хийлгэх, өмнөх шүүхийн шийдвэр хэрхэн биелэгдэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хэрхэн сэргээгдэж, цаашид ямар нөхцөлөөр ажиллах талаар ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тай уулзсан хурлын бичлэг болон цаг бүртгэлийн программд бүртгүүлж байсныг нотлох бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд тус тус гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа хариуцагч талаас гаргасан и-мэйл хаягт үзлэг хийлгэх, цаг бүртгэлийн систем болон камерын бичлэгт үзлэг хийлгэх тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэхдээ талууд тэгш эрхийн оролцоог хангалгүй хэт нэг талыг барьсан нотлох баримтуудыг хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлж, сахилгын шийтгэл ногдуулах болон ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд нийцээгүйтэй холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авалгүй эрхийг нь хязгаарласан нь тэгш эрхийн болоод шударга ёсны зарчимд үл нийцэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
4.6. Удаа дараа гаргаж буй зохион байгуулалттай сахилгын шийтгэл нь хоорондоо зөрчилтэй. Ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийнхээ дагуу 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдэж, удаа дараа тодруулж шийдвэрлэхийг шаардсан байхад 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тайлбар авах хуудас гаргаж, цаг бүртгэл, ажилдаа ирээгүй гэх худал үндэслэлийг дахин тусгасан. Үүний дараа 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар болох 2 и-мэйлийг илгээж, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэдэг тайлбараа өгсөн байхад уг нөхцөл байдлыг тодруулж, ярилцаж шийдвэрлэхгүйгээр, эхний сахилгын шийтгэл шиг журмыг баримтлалгүйгээр шууд ажлаас халах тушаал гаргасан. Тушаалд ажилтан мэдэгдээгүй, үндэслэл бүхий тайлбаргүй гэж дурдсан нь өөрөө зориудын хууль зөрчсөн үйлдэл байна. 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан сахилгын шийтгэлийн тушаал нь Хөдөлмөрийн дотоод журмын дагуу явагдаагүй, хүчин төгөлдөр бус бөгөөд 2 дахь удаагаа сахилгын шийтгэл ноогдуулахдаа эхний алдааг давтахгүй хийх гэж оролдож буй нь тайлбар авах хуудсаар харагдаж байна. Учир нь өмнөх сахилгын шийтгэлийг батлагдсан дотоод журмын дагуу ноогдуулаагүй, тайлбар авах хуудасгүйгээр, ажилтнаас тайлбар авахгүйгээр шууд тушаал гаргасан тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэнтэй холбоотой. Ерөнхий менежер ******* сахилгын санал гаргаж байгаа нь албан тушаалын ашиг сонирхлын зөрчилтэй. Учир нь ерөнхий менежер байсан ******* ажилдаа буцаж орсон. Мөн ******* нь *******ын шууд болон гүйцэтгэх удирдлага биш тул санал гаргах эрх бүхий этгээд биш. Иймд Хөдөлмөрийн дотоод журмын 13-т заасан сахилгын шийтгэл ноогдуулах журам ноцтой зөрчигдсөн.
4.7. Надтай ярилцаж тохирсон байсан, би хүлээж байсан боловч намайг хууран мэхэлж, хугацаа авч, ажлаас халах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсан. Ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч өмнө хийж байсан ажлыг хийлгээгүй, нэрийн хуудас өгөөгүй, харилцагчдын группэд оруулаагүй, ******* үйлчилгээний үндсэн программд хандах эрх өгөөгүй, байгууллагын болон албаны дотоод хурал уулзалтад оролцуулаагүй зэрэг үйлдлүүдээр ажлаа хийх боломжийг олгоогүй. Энэ тухай лавлаж тодруулах бүрд тодорхой хариу өгөхгүй явсаар ******* болон гүйцэтгэх захирал ******* хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Уулзалтуудаар 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ТУЗ-н хуралд хамт орж нөхцөл байдал, шүүхийн шийдвэрийг танилцуулж, ******* албаны дарга албан тушаалыг шинээр бий болгож, бизнес төлөвлөгөө, цалингийн цэст тусган, цаг бүртгэлгүй, биечлэн байнга ирэхгүй зэрэг өмнөх нөхцөлүүдийг хэвээр хадгалах талаар ярилцаж тохиролцсон. Мөн энэ тодорхойгүй байдал байгууллагын зүгээс шалтгаалж байгаа тул 2024 оны 12 сараас бүтэн ажилласнаар тооцож, амралтын мөнгө болон 2025 оны 02 сар хүртэлх хугацааны цалин, урамшууллыг маргаангүйгээр олгохоор тохирсон. Гэвч 02 дугаар сарын 06-ны өдөр ТУЗ-н хуралд оролцохоор ирэхэд ******* холбоогүй алга болж, хурал хойшлогдож, нөхцөл байдал тодорхойгүй болсон. Үүний дараа 2 дугаар сарын 20-ны өдөр ******* ажилдаа ирмэгц *******т мэдэгдэлгүйгээр, дотоод журмыг зөрчин худал үндэслэл тусган сахилгын шийтгэл ногдуулах тушаал гаргасан. Энэ нь хууран мэхэлсэн, зохион байгуулалттай үйлдэл бөгөөд маргааны эхлэл болсон. ******* 2024 оны 12 сараас эхлэн бүх харилцааг баримтжуулж, нотлох баримтыг бүрдүүлсэн бөгөөд үүсгэсэн нөхцөл байдлыг үгүйсгэх хангалттай баримттай. Гэтэл эдгээр баримтыг шүүхэд гаргаж өгөх хүсэлтүүдийг хангаагүй байж шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Анхан шатны шүүх нь ажлаас халах тушаалын хууль ёсны байдлыг тогтоохдоо уг тушаалын үндэслэл болсон сахилгын шийтгэлүүд хууль, дотоод журамд нийцсэн эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилохдоо хөдөлмөрийн харилцааг бүхэлд нь сэргээсэн эсэх, ажил үүргээ гүйцэтгэх бодит нөхцөлөөр хангагдсан эсэх, өмнөх шүүхийн шийдвэрийг бодитойгоор хэрэгжүүлсэн эсэх зэрэг маргааны үндсэн асуудлуудад бүрэн дүгнэлт хийгээгүй, харин хариуцагч талын гаргасан тайлбар, хэсэгчилсэн баримтад тулгуурлан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шүүхийн ажиллагааны явцад дараах зөрчлүүд гарсан нь шүүхийн шийдвэрт эргэлзэх үндэслэл болж байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг шийдвэрт тусгахдаа утга агуулгыг өөрчилж, цаг хугацааны дарааллыг алдагдуулсан, хэргийн материалтай танилцах, хуулбарлах хүсэлтийг хангаагүй, шүүхийн шийдвэрийг 37 хоногийн дараа танилцуулж, давж заалдах эрхийг хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, шүүх хуралдааны тэмдэглэлийг гаргаж өгөөгүй, гэрчийн мэдүүлгийг зохих ёсоор үнэлээгүй, хариуцагчийн гаргасан хэсэгчилсэн баримтад хийсэн үзлэгийг нийт харилцаанд хийсэн мэтээр буруу тусгасан, ажил олгогчийн нэг талын ажилтанд мэдэгдээгүй тушаал шийдвэрүүдийг хуульд нийцэж байгаа эсэхийг шалгалгүйгээр үнэлсэн.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд шударга бус үйлдлийг хориглож, миний ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг хангуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Гомдолд 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар татгалзсан гэж үндэслэлгүй тайлбарласан. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн тайлбарт 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар татгалзсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн гомдолд хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж дурдсан. Шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ажил үүргээ бүрэн гүйцэд, бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдсэн эсэх, ажил үүргийн мэдээллийн урсгалаар хангагдсан эсэхэд дүгнэлт өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй. Тодруулбал, нэхэмжлэгчид цаг бүртгэлийн системийг болон 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг танилцуулаагүй гэж худал хэлсэн. Ажил олгогчид 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтын хавсралтад 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажил хүлээлцсэн баримт байдаг. Уг баримтад *******ыг цаг бүртгэлийн системд бүртгэсэн талаар дурдаж, цаг бүртгэлийн кодыг бичсэн бөгөөд ******* нь гарын үсэг зурсан байдаг. Гэтэл энэ талаарх үйл баримтыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , ******* нар үндэслэлгүй тайлбарласан. Энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны явцад ажил олгогчийн зүгээс хангалттай тайлбарласан.
5.2. Анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг дүгнээгүй гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар мэтгэлцэх зарчим нь зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд тодорхойлогдоно. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нар нь хөөн хэлэлцэх хугацааны талаар худал тайлбар гаргаж байна. Хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох гэж бичигдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь сахилгын сануулах шийтгэл ногдуулж байгаа 2025 оны ******* дугаар тушаалд нэхэмжлэл гаргаагүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас тодруулсан. Хэрэв ******* нь анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон бол миний бие юм ярихгүй байсан. Нэхэмжлэгч нь энэ тушаалд 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нэхэмжлэл гаргаагүй. Хэрэв үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа буюу шаардах эрхийн үндэслэл яригдана. Иймд талууд уг тушаалд маргаагүй учир анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх тус тушаалд дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл байхгүй.
5.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж дурдсан бөгөөд тэрээр хэд хэдэн үндэслэлийг дурдаж тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нь уулзалтын үеэр бичлэг хийсэн бөгөөд тус бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргахад анхан шатны шүүх хүлээж аваагүй гэж тайлбарласан. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар бичлэг хийх гэж байгаа тохиолдолд зөвшөөрөл авсан байх ёстой. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар мэдээллийн эзнээс цаасаар болон цахимаар зөвшөөрөл авна гэж заасан. Гэтэл зөвшөөрөл авсан үйл баримт байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй анхан шатны шүүгчийн захирамж үндэслэлтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь бичлэг хийхийг зөвшөөрсөн үйл баримтыг нотолно. Иймд, тухайн хүсэлтийг хүлээж аваагүй нь хуульд нийцнэ. Нэхэмжлэгч өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шүүгч хэргийг шийдвэрлэхээс татгалзах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж түүнийг ажилд нь эргүүлэн тогтоосон үйл баримт байдаг. Үүнийг өмнөх шүүхийн шийдвэр гэх агуулгын хүрээнд ойлгох боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг талууд мэдэж байгаа. Өмнөх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон бөгөөд маргааны гол үндэслэл болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон харилцаа явагдсан. Хэрэв хэргийг анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэж байгаа хэрэг эсхүл анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч давж заалдах шатны шүүх дээр ирж байгаа тохиолдолд дээр дурдсан асуудал яригдана. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан уг үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүгчээс татгалзахад хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг хүлээж аваагүй. Учир нь шүүх бүрэлдэхүүн талуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд зааснаар татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад тэрээр байхгүй гэж хариулсан бөгөөд шүүх хуралдаан цааш үргэлжлэхэд татгалзан гарах хүсэлт гаргасан. Миний бие шүүх хуралдааны явцад Улсын Дээд шүүхийн 2024 тогтоолд заасан шүүгчийг хүсэлт шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан татгалзаж байгаа татгалзах үндэслэл байхгүй талаар тайлбарласан бөгөөд мөн нэхэмжлэгч нь хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотойгоор татгалзсан талаар хэлсэн. Иймд уг татгалзлыг хүлээж аваагүй анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
5.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* тайлбарлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар 30 хоног ба түүнээс дээш олговол зохих цалин хөлсийг олгоогүй тохиолдолд татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч компани нь тус шаардлагыг хэрэгжүүлээгүй нэхэмжлэгчийг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуульд олговол зохих цалин хөлсийг тодорхойлсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар тайлбарлахдаа 2024 оны 12 дугаар сарын цалин хөлсийг олгоогүй учраас 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр татгалзсан гэж тайлбарлаж байна. Ажил олгогч нь анхан шатны шүүхийн шийдвэр болон Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажилд нь эгүүлэн тогтоосон. Тухайн үед нэхэмжлэгч нь Япон Улсад байсан бөгөөд ажилдаа ирээгүй.
Тухайн үйл баримтад ажил олгогчийн буруу байхгүй. Анхан шатны шүүх талуудын харилцсан и-мэйлд үзлэг хийсэн. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах гэж нэхэмжлэгчид санал болгоход тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байсан. Ингээд ажил олгогч нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болон ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан бөгөөд тус баримтад нэхэмжлэгч нь гарын үсгээ зурсан байдаг. Талууд ажил хүлээлцсэн бөгөөд нэхэмжлэгч нь ажилдаа орсон. Тухайн үйл баримтад ажил олгогч буруугүй бөгөөд нэхэмжлэгч нь 12 дугаар сарын цалин хөлсийг нэхэмжлээгүй. Өөрөөр хэлбэл, уг цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан маргаан биш юм. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эргүүлэн томилох өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгох маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан маргаанд хамаарна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2025 оны 08 дугаар сар, 2025 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлдэг. Уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь анхан шатны шүүхийн харьяалал биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хялбар ажиллагааны шүүхийн харьяаллын маргаан байсан учир анхан шатны шүүх хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь энэ талаарх үйл баримтад маргадаггүй. 12 дугаар сарын цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан олговол зохих цалин хөлс биш юм. Тухайн нөхцөл байдалд ажил олгогчийн буруутай үйлдэл байхгүй. Ажил олгогч нь нэхэмжлэгчийг эгүүлэн ажилд нь томилсон ба нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгээгүй үйл явдал болсон. Уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
5.5. Нэхэмжлэгч нь нотлох баримтыг үнэлээгүй гэж тайлбарлаж байна. Тэрээр анхан шатны шүүхэд presentation гаргаж өгсөн бөгөөд түүнийг нотлох баримт гэж үздэг. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад өмгөөлөгч нартай оролцсон бөгөөд түүний гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байсан. Миний бие тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар анхан шатны шүүх хуралдааны явцад удаа дараа хэлж байсан. Харин цахим баримтуудад үзлэг хийлгэх боломж талуудад байсан. Гэтэл өөрт байгаа цахим шуудангийн баримтыг өөрөө олж авах боломжгүй учир шүүхээр гаргуулъя гэж тайлбарлаж болохгүй. Ажил олгогч нь талуудын хооронд харилцсан цахим шууданг өөрт олгосон эрхийнхээ дагуу үзлэг хийлгэх хүсэлт гаргаж үзлэг хийлгэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 12 дугаар сарын цалин хөлсийг нэхэмжилсэн, гомдол гаргасан, цалин хөлсийг олгох ёстой гэх шийдвэр гаргасан үйл баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн сануулах сахилгын шийтгэл, гаргасан тушаалд маргасан, гомдол гаргасан зүйл байхгүй.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *******тоот тушаал хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч ажил тасалсан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
3.1. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалаар ******* албаны дарга ******* нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагийг бүртгүүлээгүй, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажлын байранд ирээгүй үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. /1хх-15/
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 42 дугаар зүйлийн 42.2.2, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 6.4 дүгээр зүйлийн 6.4.2, 8.3, 8.12 дугаар зүйлийн 8.12.1, 8.12.2, 8.1.2.4, 12 дугаар зүйлийн 12.1.18-д заасныг баримтлан дээрх тушаалыг гаргасан байна.
3.2. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар сахилгын шийтгэл ногдуулах тушаалаар ******* албаны дарга ******* нь урьдчилан зөвшөөрөл авч мэдэгдээгүй ажлын байрыг орхисон, гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй буюу гадуур ажиллах хүсэлт илгээлгүйгээр ажлын байранд ирээгүй гэх үндэслэлээр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /1хх-95/ Энэ шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч эрх бүхий этгээдэд гомдол гаргаж шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
4. Нэхэмжлэгчээс ажил олгогч нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажилд эгүүлэн томилсон атлаа тухайн сарын цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд ажил тасалсан сахилгын зөрчил гаргаагүй гэж тайлбарлажээ.
4.1. Хэргийн баримтаас үзэхэд ******* ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр *******ыг ******* ХХК-ийн *******ийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ. /1хх-139/
4.2. Хариуцагч байгууллагын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******ыг дээрх шүүхийн шийдвэрийн дагуу ******* албаны даргын ажилд эгүүлэн томилсон байх ба түүнтэй холбогдуулан талууд хөдөлмөрийн гэрээний нөхцөлийн талаар цахим шуудангаар хэлэлцсэн, мөн нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Япон улсад байсан нөхцөл байдлын улмаас 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр бодитоор ажил хүлээлцсэн болох нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1хх28-32, 60/
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарсан өдрөөс хойш 1 сар 18 хоногийн дараа талууд ажил хүлээлцсэн байх бөгөөд энэ нь гагцхүү ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид бодитоор ажил хүлээлгэн өгсөн өдрөөс түүнд цалин хөлсийг тооцож олгосон байдлыг буруутгахгүй.
4.3. Иймд ажил олгогч нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалинг тогтоосон хугацаанд олгосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл бий болсон гэж үзэхгүй.
Харин нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сард 144 цаг, 2025 оны 03 дугаар сард 144 цаг ажил тасалсан болох нь цагийн бүртгэлийн дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдсон бөгөөд ажлын цагийг бүртгүүлээгүй, ажлын байранд ирээгүй үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нөгөө талаар талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа хэвээр үргэлжлүүлэхээр харилцан тохиролцсон ба уг гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч ажлын уян хатан нөхцөлөөр буюу цагийн бүртгэлгүй ажиллах талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна.
5.1. Учир нь ******* ХХК-ийн захирлын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгчийн ажлын цагийг уян хатан болгож, цаг бүртгэл харгалзахгүйгээр тухайн сарын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хувиар ажилласан цагийг тооцоолон цалин тооцохоор тогтоосон боловч уг шийдвэрийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай ажиллах цагийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай тушаалаар хүчингүй болгосон байна. /1хх-159, 2хх-19/
5.2. Нэхэмжлэгчээс нь ажлын цаг бүртгэл харгалзахгүйгээр тухайн сарын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хувиар ажлын цагийг тооцуулах талаар ажил олгогчид хүсэлт гаргасан ба ажил олгогчоос тухайн хүсэлтийг эрх бүхий этгээд шийдвэрлэх хүртэл хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын цагийг баримтлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь талуудын хооронд харилцсан цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байхаас гадна нэхэмжлэгч дээрх асуудлаар хүсэлт гаргасан нь түүнийг ажлын цагийг баримтлахгүй байх үндэслэл болохгүй.
6. Харин талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-д ажилтан хөдөлмөрийн дотоод журмыг сахин мөрдөхөөр харилцан тохиролцсон ба ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.2-д ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй.
8.3-д Ажилтан ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах, ажлын цагаа бүртгүүлэх үүрэгтэй ба цаг бүртгэлийг илүү бодитоор тооцоолуулахын тулд ажил олгогчоос тогтоосон цаг бүртгэлийн зориулалтын системийг ашиглана",
8.12.1-д Урьдчилан зөвшөөрөл авч, мэдэгдээгүй ажлын байрыг орхисон тохиолдолд ажил тасалсанд тооцно, 8.12.2-д Гадуур ажиллахдаа нэгжийн удирдлагадаа мэдэгдээгүй буюу гадуур ажиллах хүсэлт илгээгээгүй тохиолдолд, 8.12.4-д Ажилдаа ирсэн боловч санаа болон санамсаргүй байдлаар цаг бүртгэлтийн төхөөрөмжид бүртгүүлээгүй тохиолдолд ажилтныг ажил тасалсанд тооцохоор журамласан байна.
7. Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа цагаа бүртгүүлээгүй, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс ажлын байранд ирээгүй сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан тул ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаал үндэслэлтэй байна. Иймд ажилтан ******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Иймд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй, ажилтны давтан гаргасан зөрчил баримтаар тогтоогдсон байна.
9. Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Үүнд:
9.1. Нэхэмжлэгч нь ажил олгогчийн төлөөлөгчтэй ярилцсан дууны бичлэгийг хийхдээ нөгөө талдаа мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан болох нь тогтоогдоогүй тул уг баримтыг хууль бус аргаар цуглуулсан, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримт гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх үзлэг хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй.
9.2. Мөн нэхэмжлэгчийн үзлэг хийлгэх хүсэлттэй холбоотой асуудлаар шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нь хуульд заасан шүүгчээс татгалзах нөхцөл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан зохицуулалтад хамаарахгүй байх бөгөөд хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.
9.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д зааснаар иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/0******* дугаар шийдвэрээр *******ын нэхэмжлэлтэй ******* ХХК-д холбогдох өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй.
10. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгчийг хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын зөрчил давтан гаргасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/00157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ч.БАТЧИМЭГ