Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 490

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн  тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн ХХ дугаар хороо, Зүүн нарангийн ХХ дүгээр гудамжны ХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:ХХХХХХХХ/, Я.Эод холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Я.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн Наранд байрлах нийтийн байранд иргэн О.Отэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж улмаар О.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд бүх үнэнээ хэлж мэдүүлсэн. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч О.О мөрдөн байцаалтанд: Би Мтэй 6 жил орчим хамтран амьдарч байна. Мгийн хуурай дүү болох Я.Эыг таньдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Мтэй хамт архи уугаад Я.Э руу залгаж гэртээ хүргүүлсэн. Тэр орой би өөрт байсан 1500 төгрөгийг хадгалж бай гэж хэлээд Я.Эод үлдээсэн байсан. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө би Я.Э руу утсаар залгаад эгч нь шартаж үхлээ гэж хэлсэн. Тэгээд хорооны байрны хажууханд уулзаад архи уухаар болоод 0,33 литрийн архи аваад гэрт нь орж уусан. Тэгээд дахиад 1 шил 0,75 литрийн архи авчирсан. Тэрийг нь хувааж уусан. Ингээд би согтоод би орилоод агсам тавьтал намайг шатны уруу цамцны захнаас чирч буулгаад одоо яв гээд баруун нүдний хэсэг болон 2 хацар, шанаа, нүүр рүү цохиод алгадаад байсан. Ингээд би босоод гарч яваад хацараа хөлдөөчихсөн юм. Би Я.Этой эвлэрсэн. Ямар нэг санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13883 дугаартай дүгнэлтэнд: О.Оийн биед 2 хацар шанаа, хүзүүнд зулгарал, баруун дээд доод зовхи, баруун хацар, эрүү, ооч, зүүн шанаа, 2 өгзөг, зүүн түнх, 2 гуяны гадна дээд хэсэг, цээжний урд дээд баруун хэсэг, 2 далны гадна доод хэсэг, 2 гарын бугалга шууны гадна болон дотор хэсгээр цус хуралтууд, 2 хацрын 1 дүгээр зэргийн хөлдөлт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон  удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд, 2 хацрын 1 дүгээр зэргийн хөлдөлт нам хэвийн ерөнхий үйлчлэлээр үүсгэгджээ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 23/ гэжээ.

 

Яллагдагчаар Я.Э мөрдөн байцаалтанд: 2018 оны 11 дүгээр сарын 16-нд 08 цаг 30 минут өнгөрч байхад манай хуурай ах болох Мгийн хамтран амьдрагч болох О.О над руу утсаараа дохиод тэгээд би эргүүлээд залгасан чинь  ах чинь намайг хардаад байна өчигдөр уусан дотор муу байна гээд надад дотор засаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.О эгчтэй уулзаад замаараа дэлгүүр ороод 0,33 литрийн хараа архи авсан. Тэгээд манай гэрт очоод нөгөө замдаа авсан архиа хувааж уусан тэрийгээ дуусаад надад ууж байсан  нэг тал нь үлдсэн 2,5 литрийн пиво байсан юм тэгээд тэрнээс нь уу уу гэтэл уухгүй чи ахиад нэг юм авчих гээд байсан. Би ахиж дэлгүүр ороод нэг шил 0,75 литрийн хараа гэх нэртэй архи аваад ахиад О.О бид хоёр уусан. Ууж дуусаад согтоод гэрээс гардаггүй тасраад хэсэг унтаад өгсөн байсан.  Тэгээд сэрээсэн арай гайгүй байх шиг болохоор нь заамдаад алгадаад эхнэр хүүхэд ирэх дөхсөн байсан болохоор санаа зовоод байсан юм. Тэгээд шатаар чирч ганц хоёр удаа алгадаж цохиод шат руу заамдаад чирч буулгасан. Тэр үед нөгөө хүнд тухайн гэмтэл учирсан байх. /хх-ийн 37/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Я.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Я.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг Зүүн Наранд байрлах нийтийн байранд иргэн О.Отэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж улмаар О.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Оийн“...би согтоод би орилоод агсам тавьтал намайг шатны уруу цамцны захнаас чирч буулгаад одоо яв гээд баруун нүдний хэсэг болон 2 хацар, шанаа, нүүр рүү цохиод алгадаад байсан...” /хх-ийн 19/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13883 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар Я.Эын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...шатаар чирч ганц хоёр удаа алгадаж цохиод шат руу заамдаад чирч буулгасан...” /хх-ийн 37/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний энэ мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Я.Э нь О.Оийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Я.Эод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Я.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Я.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.О нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул Я.Эыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Я.Эыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Я.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Я.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Я.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Я.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Я.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Я.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ