Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 621

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Архангай аймгийн Цахир суманд төрсөн, ХХ настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ХХ,  Сонгинохайрхан дүүргийн ХХ дугаар хороо Залуус хотхоны ХХ дүгээр байрны ХХХХ тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй,  ял шийтгэлгүй, / РД:ХХХХХХХХХХ/ Э.Хт холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Э.Х 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгоп дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн орчимд хамтран амьдрагч А.Б-ыг уулзсангүй, гар утсаа авсангүй гэх шалгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа.  А.Б бид хоёр 3 жил хамт амьдарсан. Гэрлэлтийн баталгаа бол байхгүй. Би А.Бын биед хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Хохиролд 110000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 06-ний өдрийн 08 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явах гээд гэрийн гадаа явж байтал найзалж байсан Э.Х гэнэт миний араас гараад ирсэн. Тэгээд надад чи яагаад утсаа авахгүй, надаас зугатаад байгаа юм бэ гэхээр нь би зугатаасан. Тэгтэл барьж аваад намайг 20 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр баруун хойд талд байрладаг гарашийн дунд хүнгүй газар аваачаад чи намайг залгахаар утсаа авч бай, уулзъя гэхээр уулзаж бай гэхээр нь би чадахгүй гэж хэлтэл гараараа толгой руу 2 удаа цохиод баруун хөлний шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Би цохиулснаасаа болоод айгаад салгалаад толгой эргээд хэсэг тэнд байсан. Тэгтэл намайг эмнэлэг рүү авч явна гэж хэлээд зам руу үүрээд авч явсан. Би тэр үед намайг гэрт аваачиж өг гэхэд үгүй би заавал өөрөө эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд зам руу авч очоод тэндээсээ таксинд суугаад 3 дугаар эмнэлгийн урд аваачаад буусан. Тэгснээ ах Халтар руугаа залгаж ярьж нэг эмч хүний утас асууж залгахад хамаатны хүн нь нас барсан гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд нөгөө үзүүлэх гэж байсан хүн нь байхгүй байсан учир дахин тэр газраасаа таски бариад 5 шарын наад талд байрлах Залуус хороололд гэртээ авчирсан. Тэгээд гэртээ авчраад чи надтай уулзаж бай, утсаа ав, надаас битгий зугатаад бай, надаас хэрэв зугатвал чамайг би зүгээр байлгахгүй, танай дүүг чинь ална гэж сүрдүүлсэн. Ингээд тухайн өдөр миний ажлын цаг өнгөрсөн байсан ба би гэрээс нь 11 цагийн үед гараад 5 шарын автобусны буудлаас Э.Хаас салаад ажилдаа явсан. Ингээд би маргааш нь цагдаад хандсан...Би Э.Хтай 2013 онд танилцаж бид хоёр хамт тусдаа гарч амьдарч байгаагүй, бие биенийхээ гэрээр ирж очоод амьдарч байсан. Дундаасаа 1 нас 8 сартай хүүтэй. Уг хүүхэд надтай хамт амьдардаг. Намайг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ахуйн хүрээний маргаанаас болж намайг барьж аваад зодож цохиж байсан. Үүнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажил дээрээ дуудаад очоод тэнд бас бид хоёр маргалдсан юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Э.Х уурлаад миний толгой руу нэг удаа цохиж байсан. 2019 онд хэдэн сарыг санахгүй байна Богд-Ар хороололын автобусны буудлын ард Э.Х ойрхон хамаатан руугаа Төв аймаг руу явлаа гэхээр нь би тэгвэл би найзтайгаа уулзана гэхэд уурлаад толгой руу 1 удаа цохиж байсан. 2019 оны 3, 4 саруудад ажил дээр очоод харуул болон оюутан нараар дуудуулаад би гарахаар гарч ирэхгүй байна, утсаа авахгүй байна гээд намайг түлхэх гэхэд багш Солонго, Батцэцэг нар нь намайг салгаж байсан. Тэр үед би хамт ажилладаг Цэвэлсүрэн эгчид намайг аваарай гэж орилоод салж байсан. 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ажил тараад гэртээ иртэл гэрийн гадаа машинтайгаа хүлээж байсан ба би хараад машинд нь ороод суутал суудлын бүсээрээ даруулаад чи надаас зугатлаа гээд толгой руу 1 удаа цохиж байсан. Тэгээд гэрийн гаднаас авч яваад Хермесийн гадаа аваачаад одоо чи намайг залгахаар утсаа ав хаана хэнтэй юу хийж байгаа талаараа дандаа хэлж бай гэж дарамталж байгаад эргээд гэрт хүргэж өгч байсан. Ингэж цохиулж зодуулж байхдаа ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллага болон бусад байгууллагад хандаж байгаагүй. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 42-52/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5793 дугаартай дүгнэлтэнд: А.Бын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  /хх-ийн 23/ гэжээ.

 

Гэрч Х.А мөрдөн байцаалтанд: Миний охин А.Б нь...бага байхдаа таньдаг нэг суманд хамт байсан Э.Х гэх залуутай 2016 оноос эхлэн найзалж 2 гэрийнхээрээ орж гараад явдаг болсон... 2019 оны 5 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн орчим гэрээсээ ажилдаа явлаа гээд гарсан би хүүхдийг нь хараад үлдсэн тэгтэл өдөр 12 цагийн орчим охин А.Б над руу утсаар яриад уйлаад өглөө Э.Х намайг гэрийн гаднаас барьж авч зодоод гэртээ авчраад бөөн юм болж болж одоо би ажил руугаа явж байна гэж хэлсэн. Ингээд охиноо дуудаж уулзахад охин маань царай цонхийсон, чичрээд би айгаад байна гээд байсан ингээд гэртээ авчраад тайвшируулсан. Тэгтэл шөнө нь би айгаад байна гээд унтахгүй байсан. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Э.Х мөрдөн байцаалтанд: Би А.Бтай үерхээд хамт амьдардаг болоод 4 жил болж байгаа ба энэ хугацаанд 1 нас 8 сартай хүү П мэндэлсэн. А.Бтай хамт байх хугацаанд буюу 2019 оны эхээр бид хоёрын 2 талын аав ээж таарч тохирохгүй байна гээд бид хоёрын хэн хэнийг нь зөвшөөрөхгүй үүнээс болж маргаан гарч бид хоёр салж нийлээд 2 талдаа амьдардаг эсвэл би А.Бын гэрт очиж амьдрадаг байсан. Тэгээд 2019 оны 5 сарын эхээр А.Б ерөөсөө ингэж амьдарна гэж байхгүй хоёулаа салъя гэж яриад бид хоёр маргалдсан. Ингээд 2019 оны 5 сарын 06-ны өглөө гэрээсээ 07 цаг болж байхад гараад А.Бын гэрийн гадаа очоод А.Б руу залгахад утсаа авахгүй байсан учир би байрны гадаа хүлээсэн ингээд хүлээж байтал А.Б гэрээсээ гараад ирсэн би араас нь очоод яагаад утсаа авахгүй байгаа юм бэ ярилцаж энэ байдлаа дуусгаж нэг тал руу нь шийдье гэж хэлсэн. Чи ямар сонин хүн бэ гэхэд чи гэртээ хариагүй байрны гадаа хоносон юм уу гэж хэлсэн. Тэгээд би хоёулаа ярилцъя гээд байрны ард талд байрлах 20 дугаар сургууль чиглээд гараас нь бариад явсан тэгтэл үгүй ээ гээд уурлаад байсан, тэгээд бид хоёр ярилцаж байгаад хоёулаа угаасаа одоо болих гэж байгаа биз дээ хоёр талын аав ээж чи бид хоёрт муу болсон гэж хэлтэл өөдөөс уурлаад байхаар нь хоёр удаа нүүр рүү нь баруун гараараа алгадсан, тэгээд баруун хөлөөрөө баруун хөл руу нь хөлөө савах үед хальт өшиглөгдсөн. А.Б тэр үед чи яагаад ингэж байгаа юм бэ би чамд хайртай гээд уйлсан. Тэгээд би тухайн үед А.Б толгой эргээд байна гэхээр нь би үүрээд чамайг эмнэлэгт үзүүлж өгье гээд өөрийн танил 3 дугаар эмнэлэгт ажилладаг эгч рүү очихоор хамаатныхаа ах руу залгатал хөдөөнөөс бие нь муу байгаа гээд ирсэн байсан ээжийн  төрсөн эгч нас барсан талаар сонссон. Тэгээд уг хүний ажил явдалд оролцохоор хүмүүс явсан талаар соноссон миний сэтгэл санаа тавгүй болсоныг А.Б хараад хоёулаа танай гэрт очоод хамт буяны ажил руу явах уу яах уу гэж ярилцаж байгаад бид хоёр манай гэрт ирсэн. Би гэртээ ирж хувцасаа сольж өмсөөд би дүүгээ гаднаас нь түгжээд эргээд А.Бын хамт гарч 5 шарын автобусны буудлаас А.Б ажилдаа яваад би нас барсан эгчийн гэр рүү явсан. ...А.Б бид хоёр Архангай аймгийн Цахир сумын хүүхдүүд багаасаа бие биенээ мэддэг найзууд байсан. Одоогоос 4 жилийн өмнөөс эхлэн үерхэж найзлах болсон ба бид хоёр энэ хугацаанд тусдаа гараагүй А.Бын гэрт би очиж амьдардаг байсан. Ингээд амьдарч байх хугацаанд хадамтай болон манай аав, ээж нар А.Б бид хоёрыг эсэргүүцэх болсон үүнээс болоод бид хоёр маргалдах болсон юмаа. Бид хоёр албан ёсны гэр бүл биш уг нь энэ жил батлуулж тусдаа гарна гэж ярьж байсан боловч одоо больсон...А.Б бид хоёр урьд нь гэр бүлийн асуудлаас болж маргалдаж байснаас цохиж зодоод гэмтэл учруулаад байсан зүйл байхгүй. А.Б бид хоёр хоёулаа хүүхдээ өнчрүүлээд хэрэггүй гээд ярилцдаг байсан. Тэгээд байж байтал А.Б салъя больё гээд эхэлдэг тэгээд би тэгвэл салъя больё гээд 2 талдаа байж байгаад эвлэрдэг тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд эргээд эвлэрдэг байсан айхтар бид хоёр хэрэлдээд байдаггүй байсан. Бид хоёр хэн хэн рүүгээ байнга л ярьж хаана юу хийж, хийх гэж байгаа талаараа ярьдаг байсан. Миний хувьд маргалдаж байсан уу гэхээс түүнээс би барьж авч зодож байгаагүй. Яагаад өөрийгөө зодож байсан гэж яриад байгааг бол ойлгохгүй байгаа. Гэхдээ 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр би гар хүрч биед нь гэмтэл учруулсан нь миний буруу. /хх-ийн 69/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 74/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Х 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянгоп дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар сургуулийн орчимд хамтран амьдрагч А.Быг уулзсангүй, гар утсаа авсангүй гэх шалгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Бын“...чи намайг залгахаар утсаа авч бай, уулзъя гэхээр уулзаж бай гэхээр нь би чадахгүй гэж хэлтэл гараараа толгой руу 2 удаа цохиод баруун хөлний шилбэ рүү нэг удаа өшиглөсөн...” гэрч Х.Алтанцэцэгийн“...2019 оны 5 дугаар сарын 06-ны өглөө ...охин А.Б над руу утсаар яриад уйлаад өглөө Э.Х намайг гэрийн гаднаас барьж авч зодоод гэртээ авчраад бөөн юм болж болж одоо би ажил руугаа явж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд болон Э.Хын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...хоёр удаа нүүр рүү нь баруун гараараа алгадсан, тэгээд баруун хөлөөрөө баруун хөл руу нь хөлөө савах үед хальт өшиглөгдсөн...” гэсэн мэдүүлэг болон шинжээчийн 5793 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Э.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн А.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Э.Хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Х гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ял оногдуулах саналыг Э.Хт танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

      

  1. Шүүгдэгч Э.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Э.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ