Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00256

 

         

                                                                           

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09253 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХК, *******, ******* нарт холбогдох,

 

*******гаас *******т 3 сарын хугацаатай олгосон 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

*******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах,

*******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

*******г Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , *******, *******, 12-******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

“*******” ХК болон ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч , хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/, хариуцагч “*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2013 онд Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , *******, *******, ******* хаягт байрлах 80 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авч өмчлөгч нь болсон бөгөөд эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

1.2.Улмаар ажил хэргийн шугамаар танил болсон “*******” ХК-ийн ажилтан ******* нь тухайн орон сууцыг бусдад ашигтайгаар худалдан борлуулах санал тавьсны дагуу түүнд итгэж өөрийн өмчлөлийн, орон сууцыг бусдад худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг олгосон итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч *******гаар гэрчлүүлэн 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 3 сарын хугацаатай олгосон.

1.3.Уг итгэмжлэлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан бөгөөд энэ хугацаанд ******* орон сууцыг бусдад худалдаагүй ба ******* ч тухайн орон сууцаа худалдахаа больж бусдад хөлслүүлэх болсон бөгөөд энэ тухайгаа *******т хэлж, дахин итгэмжлэл олгоогүй.

​1.4.Гэтэл ******* нь *******д холбогдуулж тус орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд ******* нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******гийн орон сууцыг түүнд худалдсан гэрээг байгуулж, уг гэрээгээ 138 дугаартай нотариатчийн тамгатай нотариатч *******гаар гэрчлүүлж, *******гийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар авсан болохыг мэдсэн.

1.5.Нотариатч ******* нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *******гийн өмчлөлийн орон сууцыг *******аас *******т худалдсан тухай орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ *******гаас *******т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 3 сарын хугацаатай итгэмжлэлийн хугацааг засварлаж 3 жил болгосон хуурамч итгэмжлэлийг үндэслэсэн.

1.6.Нотариатын тухай хуулийн 27 дугар зүйлийн 27.1-д Нотариат хувийн байдлыг шалгах талаар, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т Төлөөлөх эрхгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах, мөн хуулийн 46 дугаар 46.4-д гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгах ёстой байтал нотариатч ******* нь дээрх хуулийн заалтыг зөрчиж, үйлдэл хийсэн.

1.7.*******гийн олгосон итгэмжлэлийн /3/ сарын хугацаа дууссанаар итгэмжлэлээр олгосон бүрэн эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д "Бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан" бол төлөөлөл дуусгавар болно” гэж заасан. Нэгэнт төлөөлөл нь дуусгавар болсон учир дуусгавар болсон итгэмжлэлийг ашиглан хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн.

Иймд, *******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25 өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

1.8.Улмаар дээрх маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээнд тулгуурлан хариуцагч ******* нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “*******” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдсан байх ба барьцааны зүйл нь маргаан бүхий орон сууц байна.

Барьцааны гэрээ хийгдэх үед 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж байсан юм. Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээд барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна" гэж заасныг “*******” ХК зөрчсөн. ******* нь 2019 оны 02 дугаар сарын 27 өдөр өгсөн хариу тайлбартаа “...*******ны зээлийн нөхцөлийг хангаж банкнаас хүмүүс очиж, байрыг судалж, надад зээл олгосон...” гэх боловч тухайн орон сууцны эзэмшил нь *******гийн ажилтан дээр байсан тул шалгасан гэдэг нь худал.

Өөрөөр хэлбэл, ******* болон “*******” ХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарна.

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан итгэмжлэлд үндэслэн хийгдсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд тус гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон ******* нь тус орон сууцыг банкны барьцаанд тавьсан байна. Энэ үйл баримт нь хоорондоо шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотой юм.

Иймд, *******с *******т 3 сарын хугацаатай олгосон 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг гэрчилсэн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч *******гийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож,

*******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатч *******гийн үйлдлийг хүчингүйд тооцож,

*******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,

*******г Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , *******, *******, ******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож,

“*******” ХК болон ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэгч ******* нь 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******т өөрийн өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , Цагдаагийн 12-******* хаягт орших орон сууцыг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-т лавлагаа авах итгэмжлэлийг 3 сараар олгосон нь итгэмжлэлийн бүртгэлийн дэвтрийн 550 дугаарт авагдсан.

2.2.*******гийн итгэмжлэлийн дагуу ******* нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дээрх орон сууцыг иргэн *******т худалдахаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлсэн. Орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчлэхдээ тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь, талуудын иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт, хэрэв бусдыг төлөөлөх бол итгэмжлэл зэргийг үндэслэн гэрээг гэрчилдэг. Эдгээр баримтууд бүрдсэн байсан учир гэрээг гэрчилсэн.

2.3.Үүний дараа өмнө баталсан 3 сарын итгэмжлэлийг 3 жил болгож хуурамчаар өөрчилсөн *******ын үйлдлийг мэдээд, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахад нотариатын үйлдлийг засварлаж бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдэл тогтоогдсон. Эрүүгийн хэргийг шалгах явцад эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2.4.Нотариатын үйлдлийг 2013 хийхэд цахимжаагүй, хурууны хээ уншуулдаггүй байсан. Бүх зүйл гараар үйлдэгддэг. Шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр “сар” гэдгийг нь засварлаад “жил” болгосон, нотариатч үйлдэл хийхдээ мэдэх боломжгүй байсан талаар дүгнэлт гарсан. Нэхэмжлэгчийг ******* нь залилсан болохоос хариуцагч нар залилаагүй. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Б.Занданшаравын тайлбар, татгалзлын агуулга:

3.1.******* нь *******гаас *******т 3 жилийн хугацаатай хийж өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр нотариатаар орж, “*******” ХК-ийн ипотекийн зээлийн нөхцлийг хангаж, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо 7 хороолол, 12-*******, 80 м.кв орон сууцыг зээлээр худалдан авсан. Улсын бүртгэлийн 0002848773 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй, ******* миний өмчлөлийн орон сууц бөгөөд “*******” ХК-ийн барьцаанд байгаа.

3.2.“*******” ХК-аас хүмүүс очиж, байрыг судалж, надад зээл олгосон. Худалдан авсан байрандаа хэд хэдэн удаа очсон. Ипотекийн зээлийг ******* миний дансанд орсны дараа *******т олгох итгэмжлэл өгөөд байрны түлхүүр авахаар худалдан авсан байрандаа түүнтэй  хамт очиход гэх эмэгтэй байсан түүнийг 1 сарын дараа орон сууцыг чөлөөлж өгнө гэсэн бөгөөд нэг сарын дараа худалдан авсан орон сууцандаа орохоор очтол *******, нар итгэмжлэл хуурамчаар хийж, бидний хөрөнгийг залилж авсан гэж маргаад байрыг суллаж өгөөгүй.

3.3.******* нь 2015 онд итгэмжлэл, нотариатчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ үеэс хойш *******гийн хаяг олдохгүй даруй З жил хайлган байж олдсон бөгөөд орон сууцандаа амьдрахгүй бусдад хөлслүүлдэг. Харин ******* би орон сууцандаа амьдарч чадахгүй, банкны зээл төлсөөр өдийг хүрсэн.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.Хариуцагч “*******” ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1Манай банк 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090015049 дугаартай зээлийн гэрээг хариуцагч *******, Б.Уянга нартай байгуулан нийтийн орон сууц худалдан авах зориулалтаар 80,000,000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай олгосон.

4.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 1090015049 дугаартай барьцааны гэрээг барьцаалуулагч *******тай байгуулан Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , *******, 12-******* хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө // барьцаалсан.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар 1090015049 дугаартай Барьцааны гэрээг байгуулах өдрийн байдлаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд барьцаа хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******* бүртгэлтэй байсан бөгөөд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа гэж аливаа этгээд шаардлага гаргаагүй, маргаагүй байсан тул “*******” нь ХК  улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзэж 1090015049 дугаартай Барьцааны гэрээг байгуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. Тодруулбал, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хэлбэрээр байгуулж мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр барьцааны эрх үүсч хүчин төгөлдөр болсон болно.

4.3.Дээр дурдсан зээлийн гэрээний дагуу зээлийг эргэн төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор “*******” ХК нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөрт 88,248,090 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг *******, Б.Уянга нарт холбогдуулан гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгосон.

Улмаар мөн шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09805 дугаартай захирамжаар 181/ГХ2019/00740 дугаартай гүйцэтгэх хуудас олгож *******, Б.Уянга нараас төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байна.

4.4.Тайлбар бичгээр гаргах өдрийн байдлаар хариуцагч *******, Б.Уянга нарын “*******” ХК-д төлөх төлбөр 69,330,855 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй байгаа юм. Ипотек нь үл хөдлөх эд хөрөнгөд хамааралтай, хөрөнгө дагалддаг эрх тул нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэгдсэн хүчин төгөлдөр барьцааны эрх дуусгавар болох үндэслэл болохгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.4, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах үүргийн хамт өмчлөгчид шилждэг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг хөндөхгүй, тухайн хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаанд ямарваа саад учруулахгүйг дурдах нь зүйтэй юм.

Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч *******, *******, “*******” ХК нарт холбогдох, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг засварласныг баталсан нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, , *******, *******ны 12-******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “*******” ХК болон ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,606,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бүхэлдээ үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь *******т өөрийн өмчлөлийн буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах, барьцаалах, гэрээнд гарын үсэг зурах эрх, үүргийг 2013 оны 08 дугаар сарын 13 өдөр 3 сарын хугацаатай итгэмжлэл өгсөн. Итгэмжлэлийг Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч ******* нь боловсруулж, гэрчилсэн.

Гэтэл төлөөлөгч ******* нь итгэмжлэлд заасан хугацааг 3 жил болгон засварлаж, тус итгэмжлэлд тулгуурлан маргаан бүхий орон сууцыг *******т худалдсан. Энэхүү гэрээг боловсруулж, гэрчилсэн этгээд нь хариуцагч, нотариатч ******* байсан. Орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг батлахдаа итгэмжлэлийг үндэслэсэн. Энэхүү итгэмжлэл дээрх хугацааг засварласан болохыг шалгах, нягтлах үүрэг нь нотариатчийн үүрэг юм. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Нотариат хувийн байдлыг шалгах талаар, 31 дүгээр зүйлийн 31.1.4-т Төлөөлөх эрхгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзахаар, 46 дугаар зүйлийн 46.4-д Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягталхаар тус тус заасныг нотариатч ******* нь зөрчиж, үйлдэл хийсэн. Мөн үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 27.2.7-д заасныг зөрчиж, нотариатын тамга, тэмдэгээ бусдад шилжүүлсэн, үйлдэл хийх үедээ итгэмжлэлийг шалгаагүй.

6.2.*******гийн олгосон итгэмжлэлийн /3/ сарын хугацаа дууссанаар итгэмжлэлээр олгосон бүрэн эрх дуусгавар болсон гэж үзнэ. Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.6-д "Бүрэн эрх хэрэгжүүлэх хугацаа дууссан" бол төлөөлөл дуусгавар болно гэж заасан. Нэгэнт төлөөлөл нь дуусгавар болсон учир дуусгавар болсон итгэмжлэлийг ашиглан хэлцэл хийсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчинө. Иймээс *******, ******* нарын хооронд 2013 оны 12 сарын 25 өдөр хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Улсын Дээд шүүхээс 2010 оны 06 сарын 22-ны өдөр №17 тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Тухайлбал; Уг зүйл, хэсэгт заасан "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарна гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ" гэж заасан юм. Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д энэ талаар тодорхой заасан. Нэхэмжлэгч ******* нь энэ хэлцлийг хүчин төгөлдөр байх эсэх талаар зөвшөөрөл өгөөгүй, зөвшөөрөхгүй байгаа учир дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй юм.

Дээрх маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээнд тулгуурлан хариуцагч ******* нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр "*******" ХК-тай зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* болон “*******” ХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №1090015049 тоот барьцааны гэрээ байгуулагдсан  ба барьцааны гэрээний зүйл нь маргаан бүхий орон сууц байна.

6.3.Барьцааны гэрээ хийгдэх үед 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэрэгжиж байсан юм. Тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т "Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэгбүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна" гэж заасан. Энэхүү хуулийн заалтыг "*******" ХК нь зөрчиж гүйцэтгэсэн. ******* нь 2019 оны 02 дугаар сарын 27 өдөр өгсөн хариу тайлбартаа тус банкны  зээлийн нөхцөлийг хангаж банкнаас хүмүүс очиж, байрыг судалж, надад зээл олгосон” гэх боловч тухайн орон сууцны эзэмшил нь *******гийн ажилтан дээр байсан. Иймд, шалгасан гэдэг нь худал. Шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй.

Улсын Дээд шүүхээс 2010 оны 06 сарын 22-ны өдөр №17 тогтоолоор Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Тухайлбал; 56.1.10-т заасан "хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл" гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино гэж тайлбарласан.

*******, “*******” ХК-ийн хооронд 2013 оны 12 сарын 30-ны өдөр байгуулагдсан №1090015049 тоот Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэлд хамаарна. Бүрэн эрхийн хугацаа нь дууссан итгэмжлэлд үндэслэн хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд тус гэрээний үндсэн дээр өмчлөгч болсон ******* нь тус орон сууцыг банкны барьцаанд тавьсан байна. Энэ үйл баримт нь хоорондоо шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбоотой гэжээ.

 

7.Хариуцагч “*******” ХК-аас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1.Нотариатч өмнө нь 3 сарын хугацаагаар олгосон итгэмжлэлийг дахин гэрчилсэн үйлдэл гаргаагүй, зөвхөн итгэмжлэлийн дагуу талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн.

7.2.Нэхэмжлэгч тал нотариатчийг иргэний баримт бичиг, хурууны хээ, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тодорхойлно гэж Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж буруутгадаг. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан учир 2013 онд уг тусгайлан хуульчилсан шаардлага тавигдахгүй учир нотариатын үйлдлийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

7.3.Анхан шатны шүүх нотариатч нь тухайн итгэмжлэлийг батлахдаа Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх талаар дүгнэсэн нь үндэслэлтэй.

7.4.*******т зээлийн олгохдоо түүнтэй банкны эдийн засагч уулзалт хийсэн бөгөөд хариуцагч ******* нь 2 удаа тус орон сууцыг шалгаж үзсэн. Тус орон сууцад гэх этгээд амьдарч байсан талаар талууд мэдэж байсан. Иймд, “*******” ХК нь барьцаалах гэж буй орон сууцыг шалгаж үзээгүй гэж тайлбарласан үндэслэлгүй. Мөн уг шалгаагүй үйлдэл нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлд хамаарахгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.  

 

8.Хариуцагч Б.Данзаншарваас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

8.1.Анхан шатны шүүхийн шийдвэр Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талаас уг асуудлын талаар маргадаг боловч тухайн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн. Уг дүгнэлтийг мушгин гуйвуулж тайлбарлах нь үндэслэлгүй.

8.2.Итгэмжлэлийн хугацаа дууссан нь Иргэний хуулийн 62.2 дугаар зүйлийн 62.6 дахь хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэлд хамаарна. Гэрээ хүчин төгөлдөр бус болсон үед нэхэмжлэгч Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлээгүй атлаа энэ талаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Тухайн итгэмжлэл хавтаст хэрэгт авагдсан бөгөөд түүнийг энгийн хүний нүдээр харахад 3 жилийн хугацаагаар олгосон мэт харагддаг. Иймээс шүүх талуудын гаргасан хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилсон.

8.2.Шинжээчийн дүгнэлтээр 3 сарын хугацаагаар олгосон итгэмжлэлийг цагаан будагч бодис ашиглан 3 жил болгож өөрчилсөн болох нь тогтоогддог. Үүнийг 2024 оны 11 дүгээр сард буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн. Уг нөхцөл байдлыг 2013 онд буюу гэрээ байгуулах үед мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч ******* нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан учир нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9.Хариуцагч *******гаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

9.1.******* нь тамга, тэмдэг бүхий итгэмжлэлийг нотариатчид үзүүлсэн. Мөн орон сууцны гэрчилгээг эх хувиар авчирсан байсан. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж, 2020 оноос эхлэн хэрэгжиж байгаа. 2013 онд уг нөхцөл байдал бий болоогүй байсан.

******* нотариатч итгэмжлэлийн хугацаанд засвар оруулсан талаар сүүлд мэдмэгцээ цагдаагийн байгууллагад хандсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад ******* гэх этгээд итгэмжлэлийг засварлаж, *******тай байгуулсан гэрээг батлуулсан эсэхийг шалгуулах тухай хүсэлт тавьсан. Уг нөхцөл байдлыг шалган үзэж, ******* итгэмжлэлийг засварласан болохыг тогтоосон. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч уг тогтоолд гомдол гаргаагүй. *******ын хууль бус үйлдэл тогтоогдсон атал түүнийг ямар учраас хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаггүй нь тодорхойгүй.

9.2.Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч ******* болон ******* нар нь найз нөхдийн харилцаатай байсан. Шинжээчийн дүгнэлтэд итгэмжлэлийн хугацааг засварласан бөгөөд түүнийг энгийн нүдээр харж мэдэх боломжгүй талаар дүгнэсэн. Уг шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч тал маргадаггүй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК, *******, ******* нарт холбогдуулан *******гаас *******т 3 сарын хугацаатай олгосон 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай болгон засварласныг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

            *******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах,

            *******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох,

            Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , *******, *******, ******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох,

            “*******” ХК болон ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1.Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, /14181/, *******, *******ны 12-******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн дугаарт анх бүртгэгдсэн.

 3.2.“” ХХК болон ******* нарын хооронд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх орон сууцыг  нэхэмжлэгч ******* нь 15,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба мөн өдрөө *******гийн өмчлөлд бүртгэж, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ олгожээ.

3.3.******* нь *******т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, /14181/, *******, *******, 12-******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг, 3 сарын хугацаатай олгосон.

3.4.*******г төлөөлж ******* болон ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдаж авахдаа урьдчилгаанд 35,000,000 төгрөгийг банкинд байршуулж, үлдэх 80,000,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон байх ба 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******ын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000284873 дугаар гэрчилгээ олгожээ.

3.5.Улмаар “*******” ХК болон ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, ******* нь Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, , ******* 12 байр, 12-*******од байрлах орон сууцыг 115,000,000 төгрөгөөр худалдан авах зориулалтаар, “*******” ХК нь 80,000,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар мөн өдөр барьцааны гэрээ байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

3.6.Хариуцагч ******* нь “*******” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байгаа, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үлдэгдэл 69,330,855 төгрөг болох талаар маргаагүй.

3.7.“*******” ХК нь *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* хүлээн зөвшөөрсөн байх ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01202 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тус захирамж болон гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.

3.8.Маргаан бүхий орон сууцны өмчлөл *******ын өмчлөлд бүртгэгдсэн хэдий ч түүнд эзэмшил шилжээгүй байна.  

 

4.*******гаас *******т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, /14181/, *******, *******, 12-******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг, 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг үндэслэн *******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг нотариатч ******* нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “гэрээний үнэн зөв”-ийг гэрчилж, нотариатын үйлдэл хийжээ.  

 

5.Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.” гэж заасан.

Иргэний хуулийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх,...;”, , 64.2.3-т “олгосон он, сар, өдрийг заах;” 64.2.4-д “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;”, 64.2.5-д “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.” гэсэн шаардлагыг хангасан байхыг, уг шаардлагуудыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байхыг мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т тодорхой зохицуулжээ.

 

Нотариатч ******* нь *******гаас *******т 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олгосон итгэмжлэлд ******* нь төлөөлөх бүрэн эрхтэйг шалгаж, үйлдэл хийсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Учир нь:

 

5.1.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3034 дүгээр дүгнэлтийн дүгнэлтэд “...Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд хадгалагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн хэргийн нотлох баримтууд гэсэн хувийн хэргийн 90-р талд авагдсан байх 2013.08.13 гэсэн огноотой Итгэмжлэл гэсэн баримт дахь сар гэсэн бичвэрийн доогуур бичигч хэрэгслээр зурсан байсныг цагаан өнгийн будагчаар дарж, жил гэсэн бичвэрийн доогуур бичигч хэрэгслээр зурж засварласан байна. ...” гэжээ.

 

5.2.Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн эрүүгийн хэргийн нэгтгэх тогтоолоор *******, ******* нарын гаргасан гомдлоор хянан шийдвэрлэж байгаа *******т холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэн шалгахаар шийдвэрлэсэн.

 

5.3.Улмаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 792 дугаар прокурорын тогтоолоор “...******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилан авсан үйлдлийн улмаас иргэн *******т 35,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн гэх этгээд *******ын хаа байгаа газрыг эрэн сурвалжилж олж тогтоогоогүй байна. Харин нотариатчийн үйлдлийн улмаас бусдад ноцтой, эсвэл их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна. Гэвч иргэн *******ын үйлдсэн уг гэмт хэрэг нь 3 жил өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, яллагдагчаар татаж болохгүй нөхцөл байдал үүссэн байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна.” гэжээ.

 

Дээрхээс дүгнэвэл итгэмжлэлийн хугацаа хэсэгт засвар хийгдсэн нь зөвхөн тусгай шинжилгээний аргаар илэрсэн буюу мэргэжлийн бус этгээд мэдэх боломжгүй  тул нотариатч ******* нь нотариатын үйлдэл хийх үедээ тухайн итгэмжлэлд хийгдсэн засварыг мэдэх, илрүүлэх ёстой байсан гэж шууд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байхаас  гадна түүний үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй байна.

Иймд, нотариатчийг Нотариатын тухай хуулийн 46.4-т заасан төлөөлөгчийн бүрэн эрх болон итгэмжлэлийн хуульд нийцсэн байдлыг нягтлан шалгах үүргээ зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байхын сацуу нэхэмжлэгчийг “нотариатч тамга, тэмдгээ бусдад шилжүүлсэн” гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасантай нийцсэн.

 

5.4.Түүнээс гадна Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар өмчлөгч өөрөөс үл хамаарах шалтгаан /өмчлөгчийн аливаа хүсэл зоригийн илэрхийлэл огт байгаагүй, өөрөөс нь хамаарахгүй, өөрт нь мэдэгдэхгүйгээр эд хөрөнгө, өмчлөх эрхийг нь шилжүүлж хохироосон байх тохиолдол/ - аар эд хөрөнгөө алдсан бол буцаан шаардах эрхтэй.  

 

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч ******* нь эд хөрөнгөө алдсанд өөрөө буруугүй хэдий ч түүний орон сууцаа худалдах талаар тодорхой хүсэл зориг байсан байх тул уг зохицуулалт шууд хамаарахгүй.  

 

6.*******гаас *******т Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, /14181/, *******, *******, 12-******* хаягт байрлах, 80 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, ЭХЭУБГ-аас лавлагаа авах эрхийг 3 сарын хугацаатай олгосон. Уг итгэмжлэлийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусмагц ******* нь итгэмжлэлийг төлөөлүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

Гэтэл уг үүргээ биелүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.4-т заасантай нийцсэн.

6.1.******* нь итгэмжлэлийн хугацаа дууссаныг мэдсээр байж итгэмжлэлийн хугацааг засварлаж, хариуцагч *******тай 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, улмаар гэрээг нотариатаар гэрчлүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон.

******* нь өөрийгөө нэхэмжлэгч *******г Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нэхэмжлэгч *******г төлөөлөх эрхтэй гэх ойлголтыг өгч гэрээ хийсэн байх ба хариуцагч ******* нь түүнд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан болон төлөөлөх эрхгүй этгээд болохыг мэдэх боломжгүй байсан байх тул гэрээний тал болсон хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх *******т 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжиж, түүний нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000284873 дугаар гэрчилгээ олгосон байх ба Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн өмчлөх эрх дуусгавар болжээ.

6.2.Нөгөө талаар *******ыг маргаан бүхий орон сууцыг шударга бусаар олж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шударга өмчлөгч гэж маргасан хариуцагчийн тайлбарыг буруутгахгүй.

Иймд, *******, ******* нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна энэ тохиолдолд ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

7.Анхан шатны шүүх *******, Б.Уянга болон “*******” ХК-ийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсанд барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтаар талуудыг зээлийн болон барьцааны гэрээг байгуулахаас өмнө маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх *******т шилжсэн, түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байсан байх ба энэ тохиолдолд банк нь заавал *******тай холбогдох ёстой байсан гэж буруутгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 “Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.” гэж зааснаар “*******” ХК-ийг шударга бусаар эзэмшлийг олж авсан гэж дүгнэхгүй.

 

8.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр бус байх 10 үндэслэлийг хууль тогтоогч зааж, мөн зүйлд шаардах эрхийг тодорхойлсон. Энэ тохиолдолд шүүх шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг тодорхой баримтлах ёстой. Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан зохицуулалт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Тиймээс давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах зохицуулалтыг тогтоох хэсэгт баримталсан өөрчлөлтийг оруулна.

9.Нэхэмжлэгч *******гийн өмчлөх эрх *******ын итгэмжлэл засварласан үйлдлийн улмаас бусдад шилжиж, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхэд энэ магадлал саад болохгүй.

 

            10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/09253 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “...56 дугаар зүйлийн 56.1...” гэснийг “...56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10...” гэж, “...31 дүгээр зүйлийн 31.1.4...” гэснийг “...31 дүгээр зүйлийн 31.3...” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,606,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.МАНДАЛБАЯР

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                          Б.АЗБАЯР