Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 470

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Билгүүжин,

хохирогч- шүүгдэгч Д.Х,

хохирогч-шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

  1. Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл ХХ, Баянгол дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ХХХХХХХ/, Д.Х.

 

  1. Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дугаар сарын ХХ-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод  төрсөн, ХХ настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын  техникч мэргэжилтэй, Хан-Уул дүүрийн ХХ дугаар хороо Буянт-Ухаа ХХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД: ХХХХХХХХХ/, Ш.Г  нарт холбогдох ХХХХХХХХХХ дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 30-ны  өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Х, Ш.Г нар нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ХХа байрны ХХХ тоотод хувийн таарамжгүй харьцаанаас буюу “ажлын хөлс өгнө өгөхгүй” гэх шалтгаанаас үүдэн хоорондоо маргалдан харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Өөрийн гэм бурууг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд хэргийн талаар бүх зүйлийг үнэн ярьсан гэв.

 

Хохирогчоор Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Ш.Гтай сайн дураараа эвлэрсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогчоор Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Нэхэмжлэх зүйлгүй, Д.Хд гомдолгүй гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогч Ш.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой урьд нь хамт ажиллаж байсан ах Ч очиж гэрт нь засвар хийсэн. Тэгээд уг засварыг дуусаж байхад Ч ахын хүргэн Д.Х гэх залуу ажил дууслаа гээд том савтай 2,5 литрийн пиво гаргаж ирэхээр нь бид нар ууж эхэлсэн. Тэгээд ажил дуусаад пиво үргэлжлүүлж уусан. Тэгээд гал тогооны өрөөнд ууж байгаад нөгөө пиво дуусаад дахиж нэг пиво Д.Х авч ирээд дахиж ууж эхэлсэн. Тэгж ууж байтал мөнгө хөлсөө ярьж байгаад Ч ах надад 40000-50000 төгрөг өгнө гэж хэлэхээр нь би дургүйцсэн. Тэгээд маргаан эхлээд Ч ах ер нь чамд мөнгө өгөхгүй байсан ч яадаг юм гэж хэлэхээр нь би уурлаад тэндээс муудалцаад Ч намайг энгэрээс заамдаад авсан дараа нь Д.Х орж ирээд намайг толгой, нүүр рүү гараараа цохих үед би газар унасан тэгээд миний ар нуруу руу Д.Х л хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед би бас хэвлий рүү нь өшиглөсөн. Баруун хөлний тахим хэсэг рүү өшиглөж, толгойны хойд урд хэсэгт өшиглөсөн. Тэгж байгаад хоорондоо эвлэрээд би гэртээ харихаар болсон. Д.Х намайг гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь газар унангуут миний баруун хөл, нуруу, хэвлий толгой руу тус тус өшиглөсөн. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Х гэрчээр мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ засвар хийлгэх гээд манай хадам ах Ч өөрийн танил болох Ш.Г гэх хүнтэй ярилцаад манайд ирсэн. Тэгээд 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт засвар хийж эхэлсэн. Засвар хийх зуураан би Ш.Гт пиво авч өгсөн. Ч, Ш.Г  хоёр манайд сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво уусан энэ үед би гарах ажилтай байсан тул би пиво уугаагүй тэгсэн чинь Ш.Г, Ч ах нар дахиж 2,5 литрийн пиво уусан. Тэгээд нөгөө хоёр пиво ууж байгаад нилээн муудчихсан байсан. Ш.Г надад хэдэн төгрөг өгөх юм бэ танай гэрийн пилтааг нааж өглөө ш дээ гэсэн чинь Ч ах Ш.Гт 100.000 төгрөг өгнө гэсэн чинь Ш.Г би 100.000 төгрөгөөр юм хийдэг хүн биш гээд гараараа ширээ цохисон. Энэ үед Ш.Г түмпэнтэй усанд хөлөө дүрчихсэн сууж байсан. Тэгээд Ш.Г, Ч ах хоёр мөнгөний маргаанаас болж нилээн маргалдсан. Ч ах нөгөө залууд мөнгө өгөхгүй эхнэрт чинь өгнө гээд хэлээд байсан. Тэгээд Ш.Г энэ ажлыг хэн толгойлж хийгээд байгаа юм  Ч чи юм уу гээд асуугаад байхаар нь манай дүү энэ засварыг толгойлж хийж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Ш.Г над руу орилоод чи надад 300.000 төгрөг өг чи л толгойлж хийлгэж байгаа юм байна ш дээ гээд над руу орилж эхэлсэн. Тэгэхээр нь би анхнаасаа мөнгөө тохироогүй байж юу яриад байгаан бэ гэсэн. Ч ах өгнө гэсэн чинь тэгээд Ш.Г надад хандан надад мөнгө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ч ах өгнө би өгөхгүй чи надтай мөнгө төгрөг яриагүй ш дээ гэж хэлсэн чинь миний толгой руу нэг хатуу зүйл тас хийгээд л яваад өгсөн тэр үед би сандал дээрээс хойшоогоо саваад унасан. Тэгээд миний дээр гарч суугаад хоолой багалзуурдаад надад мөнгө өг гээд байсан тэгэхээр нь би 2 гарыг нь түлхээд өөр дээрээсээ буулгаад нүүр рүү нь нэг удаа цохисон энэ үед Ч ах өрөөнд орж ирээд салгасан. Тэгээд Ш.Гын нүүрийг угаалгаад би гаргаж өгөөд таксинд суулгаж өгөөд дахиж харьцаагүй. Тэгсэн чинь 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ш.Гын эхнэр гэрт ирээд цагдаад өргөдөл өгнө гээд нэг цаас барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би болсон зүйлийг хэлэхэд хүлээж аваагүй. Тэгэхээр нь би эхнэртэй нь хамт гэрээс гарч хаанаас суулгаж өгсөн талаар бичлэгийг нь үзүүлсэн...Ш.Г намайг толгойны дух орчим пиво ууж байсан аягаар цохиод дараа нь хоолой боож дээр  гарч суусан. /хх-ийн 8,15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Ч мөрдөн байцаалтанд: Би урд хамт ажилпдаг байсан Ш.Г гэх таньдаг хүнээр гэртээ пилта наалгахаар болсон тэгээд тухайн өдөр гэртээ хүлээгээд ирэхгүй болохоор нь би гэрээс гараад хороолол орчмоор явж байгаад гэртээ ирэхэд манай хүргэн дүү Д.Х гэрээс гарч 100 айл явах гэж байсан. Тэгээд би гэртээ ортол Ш.Г ирчихсэн гэрт пилта нааж байхаар нь би шууд унтаад өгсөн. Унтаж байсан чинь Д.Х сэрээгээд хоол ид гэхээр нь босоод хоол идээд нойроо сэргээж аваад Д.Х, Ш.Г нарын хамт ажилд нь тусалж эхэлсэн. Тэгээд ажил хийнгээ Ш.Г нэг том сэнгүр нэртэй 2,5 литрийн пиво авчихсан ууж байсан болохоор нь тэрнээс нь хамт ууж эхэлсэн. Тэгээд тэр ууж байсан пиво дуусаад Д.Х дахиж нэг сэнгүр нэртэй 2,5 литрийн пивонд яваад ирэхээр нь тэрийг нь бас хувааж ууцгаасан. Тэгж байтал хийж байсан ажил ч дууссан Ш.Г түмпэнд ус хийгээд өг гар хөлөө угаая гэхээр нь би ус хийгээд урд нь тавьсан. Тэгээд дахиад Д.Х 2 том 2,5 литрийн пиво аваад тэрийгээ гурвуулаа хувааж уусан. Тэгээд ууж сууж байгаад гэнэт Ш.Г мөнгө яриад надад хэдэн төгрөг өгөх юм бэ гэж хэлэхээр нь би чамд 100.000 төгрөг л өгнө гэсэн чинь гараараа ширээ цохиод жоохон агсрах гээд байсан тэр үед би ээжид хоол цай өгөх гээд том өрөөнд ороод буцаад гараад ирэхэд Ш.Г, Д.Х хоёр заамдалцаад зогсож байхаар нь би салгасан. Чамд мөнгө өгөхгүй эхнэрт чинь мөнгө өгнө гэхэд Ш.Г би мөнгөө авч байж л явна гэж хэлж байгаад гэнэт явахаар болоод Д.Х гаргаж өгчихөөд буцаад ороод ирсэн. Д.Хын толгой зулай хэсэгтээ хавдчихсан байсан бодвол цохисон байх би нүдээр хараагүй.  /хх-ийн 5/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5637 дугаартай дүгнэлтэнд: Д.Хын биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хүзүү, эгэмний дээд хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтйо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5509 дугаартай дүгнэлтэнд: Ш.Гын биед зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, өвдөгний зөөлөн эдийн няцрал, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон  гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 23/ гэжээ.

 

Яллагдагчаар Д.Х мөрдөн байцаалтанд: Би Ш.Гын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ш.Г мөрдөн байцаалтанд:  Д.Хтай маргаж харилцан  зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 48/ гэх мэдүүлэг болон  шүүгдэгч нарын  хувийн байдалтай холбоотойгоор Д.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, Ш.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/,  оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг Д.Хттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.Х, Ш.Г нар нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний 20 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13а байрны 119 тоотод хувийн таарамжгүй харьцаанаас буюу “ажлын хөлс өгнө өгөхгүй” гэж хоорондоо маргалдан харилцан зодолдож Д.Х нь Ш.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Ш.Г нь Д.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Г.Чын “...Ш.Г Д.Х хоёр заамдалцаад зогсож байсан тэгэхээр нь би салгасан...”  /хх-ийн 5/,  хохирогчоор Ш.Гын“...Д.Х намайг гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь газар унангуут миний баруун хөл, нуруу, хэвлий толгой руу тус тус өшиглөсөн...” /хх-ийн 11/, хохирогчоор Д.Хын”... Ш.Г намайг толгойны дух орчим пиво ууж байсан аягаар цохиод дараа нь хоолой боож дээр  гарч суусан...” /хх-ийн 15/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5637 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5509 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн баримтуудаар мөрдөн байцаалтанд яллагдагчаар Д.Х, Ш.Г нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ш.Г, Д.Х нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.Г, Д.Х нар нь харилцан бие биедээ хохирогч, шүүгдэгч байх бөгөөд тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ш.Г, Д.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “Ш.Г, Д.Х нар сайн дураараа хоорондоо эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтүүд, шүүгдэгч нарын хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох саналыг Ш.Г, Д.Х нарт танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Д.Х, Галбаа овогт Шугаржавын Ш.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Х, Ш.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Х, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

     

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ