Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00630

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны,

          Б.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү, Ж.Төгсжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Нэргүй нь тус банкнаас 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээлийг 30 хоногт 1,64 хувийн хүүтэйгээр, хашаа байшин барих зориулалтаар, 120 сарын хугацаатайгаар буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр 1250006554 тоот зээлийн гэрээ байгуулан авсан. Энэ харилцагч нь зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа бөгөөд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу шилжин явсан, Улаанбаатар хотод амьдарч байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Зээлдэгч зээл авах үедээ Улаангом сумын 3 дугаар багийн 7-22 тоотод оршин суудаг байсан. Зээлдэгчтэй 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс хойш огт холбоо барьж чадаагүй. Тэрээр зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 2.2.2-т заасан үүргээ зөрчиж, олдохгүй байгаа тул банкны зүгээс дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч Б.Нэргүй нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө хийхгүй байгаа, байгаа хаяг нь тодорхойгүй болсон, олдохгүй байгаа тул зээлдэгчийг эрэн сурвалжилж өгнө үү. ... Б.Нэргүй нь 2013 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд зээлийн гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийг хийж байсан ба үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийхгүй, Улаанбаатар хот руу гэр бүлийн хамтаар шилжин явсан гэх мэдээлэл ирсэн. Тэгээд 2015 оны 5 дугаар сард өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнийг томилж манай банкнаас зээл авч худалдан авсан хашаа, байшингаа заруулж зээлийн төлбөрт 20.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. Одоо тухайн иргэнээс бид үлдсэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэхэмжлэн гаргуулах шаардлагатай байгаа юм. 2015 оны 5 дугаар сараас хойш Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаа гэсэн сураг байгаа. Утсаа бүгдийг нь сольчихсон. Хамаатан садан хүмүүсээс нь утсыг нь олоод залгахаар утсаа тасалчихаад байгаа юм. Иймд бидний хүсэлтийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Хас банкнаас Б.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.Нэргүй нь 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хас банктай 1250006554 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан, 20.000.000 төгрөгийг 30 хоногт 1,64 хувийн хүүтэйгээр, хашаа байшин барих зориулалтаар, 120 сарын хугацаатайгаар буюу 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан байх ба тэрээр зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа нь зээлийн гэрээ болон дансны хуулга зэрэг баримтаар нотлогдож байна.

          Б.Нэргүйгийн иргэний үнэмлэхэд түүнийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 48 айлын орон сууцны 5 тоотод оршин суудаг гэж, барьцаат зээлийн гэрээнд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-22 тоотод оршин суудаг хэмээн тэмдэглэгдсэн байх боловч уг хаягтаа оршин суудаггүй, 2015 оны 5 дугаар сараас хойш хаана оршин суугаа нь тогтоогдохгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

          Өөрөөр хэлбэл, З.Нэргүйгийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд тэрээр шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, аль нэг газарт оршин суугчаар бүртгүүлээгүй, одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

          Иймд 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО83122099, Булгадар овогтой Батсуурийн Нэргүйг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн  133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсгүүдэд зааснаар 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО83122099, Булгадар овогтой Батсуурийн Нэргүйг эрэн сурвалжилсугай.

               2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Нэргүйг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Шийдвэрийн нэг хувийг Увс аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ГЭРЭЛТУЯА