Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2026/00255

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 193/ШШ2025/01255 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК, ******* нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Гүрэн тоосгоны үйлдвэрийн ажлын хөлсөнд 2023 оны 08 дугаар сард 100,000 ширхэг тоосго авсан бөгөөд *******д тоосгыг нэг бүрийн үнийг 240 төгрөгөөр бодож худалдахаар, тээврийн зардалд 5,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон.

1.2.Нийт 10,000 ширхэг тоосгыг 10 удаа Налайхаас Улаанбаатар хот руу “*******” ХХК-ийн барилга руу би өөрийн машинаар зөөвөрлөж бүгдийг нь хүргэж өгсөн.

1.3.Гэтэл ******* нь 2023 оны 10 дугаар сараас хойш 1,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 28,000,000 төгрөгийг өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Анх надаас тоосго авахдаа Шинэ налайх хороололд байрлах граш барьцаалж авсан боловч грашны бичиг баримтаа авч яваад алга болсон. 2023 оны 10 дугаар сараас хойш байнга мөнгөө нэхдэг боловч өгнө гэсээр удаж байна.

Иймд хариуцагч нараас 28,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2.2.******* энэ хэргийн хариуцагч биш, харин хуулийн этгээд болох “*******” ХХК-д холбоотой гаргасан нэхэмжлэлийн тухайд хэдийгээр нэхэмжлэгч тоосгыг шилжүүлсэн гэх боловч баримтуудаа гаргаж өгөөгүй. Тухайн тоосго нь өөр компанийн эд хөрөнгө байх боломжтой тул бид нэхэмжлэгчид төлбөр төлөхгүй. Нэхэмжлэгч ******* нь тоосгоны өмчлөгч биш гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК, ******* нараас тоосгоны үнэд 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК, ******* нараас 299,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 193/ШЗ2025/03339 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч хоёр хариуцагчийг тодорхойлсон ба хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Харин бодит байдал дээр "*******" ХХК нь Баганат өргөө барилгын төсөлд нийлүүлэх зорилгоор тоосго авсан байдаг. ******* нь "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийг төлөөлсөн болохоос хувь хүнээрээ хэлцэл байгуулаагүй, баталгаа гаргаагүй болно.

4.2.Хавтаст хэрэгт 100,000 ширхэг тоосгыг нийлүүлсэн зарлагын падаан авагдсан ба нийлүүлэгч нь "*******" ХХК болно. Харин "*******" ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчид эрх шилжүүлсэн нотлох баримт байхгүй болно. Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нэхэмжлэл гаргах эрхтэй болохоос ******* нэхэмжлэл гаргах эрхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.“*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ******* ажилладаг. Тоосгыг ******* өөрийн нэр дээр баталгаа гарган худалдан авсан учир нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг “*******” ХХК болон ******* нарт холбогдуулан гаргасан.

5.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч ******* “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал байдаг бөгөөд “Гүрэн” тоосгоны үйлдвэрийг түрээсэлж, үйл ажиллагаа явуулахдаа *******т ажлын хөлсөнд шилжүүлэх ёстой байсан тоосгыг *******д хүлээлгэж өгсөн үйл баримтыг гэрчилдэг.

“*******” ХХК болон ******* нарын хувьд *******аас нэхэмжлэх зүйл байдаггүй. Тухайн үед ******* нь *******, “*******” ХХК-ийн тоосгыг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, уг ажлын хөлсөнд авсан тоосгыг “*******” ХХК болон ******* нарт өгсөн байдаг. Анхан шатны шүүхээс талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн тухай дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

   1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

   2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК, ******* нарт холбогдуулан тоосгоны үнэ, тээврийн зардал нийт 28,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК эс зөвшөөрч “...Нэхэмжлэгч ******* 28,000,000 төгрөгийг шаардах эрхгүй” гэж, хариуцагч ******* “..."*******" ХХК-ийг ******* нь гүйцэтгэх захирлын хувьд төлөөлдөг болохоос хувь иргэнээр хэлцэл хийж, баталгаа гаргаагүй” гэж тус тус маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс гэрээний тал биш этгээдэд төлбөрийн үүрэг ногдуулсан болон талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

3.1.Хэргийн 5 дугаар хуудаст “*******аас иргэн ******* би 28 сая төгрөгийн бараа материал авсан үнэн болно. Төлбөрийг бэлэн мөнгөөр 8 сарын 20-ны дотор 15 сая төгрөг, 9 сард багтаан 13,000,000 төгрөг төлж барагдуулна.” гээд зээлдэгч *******, зээлдүүлэгч ******* нар гарын үсэг зурж, “*******” ХХК-ийн тамга дарагджээ.

3.2.“*******” ХХК-ийн захирал ажилтай ******* нь “2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр *******аас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 100,000 тоосгыг нэг бүрчлэн 240 төгрөгөөр 3 сарын хугацаанд цувуулж төлж дуусгахаар тохиролцож зээлээр авсан болно. Хэрэв тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаанд тавьсан эд хөрөнгө болон шинэ налайх хорооллын 12 байрны 10 тоот өөрийн өмчлөлийн гэрчилгээтэй гараашийг ямар ч маргаангүй шилжүүлж өгөх болно.” гээд гарын үсэг зурж, “*******” ХХК-ийн тамга дарагдсан байна.

3.3.******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гараар бичсэн тайлбартаа “Сүрэнжаваас 30,000,000 төгрөгийн тоосго авсан үнэн бөгөөд ...одоо 28,000,000 төгрөг өгөх ёстой боловч өгч чадахгүй байна. Энэ хугацаанд олон янзаар өгөх сонирхол байсан хөөцөлдөөд хугацаа хоцорсон асуудал байгаа тийм учраас 5.1-нд өгч дуусгана. Энэ хугацаанд өгч чадахгүй бол шүүхээр шийдүүлж болно.” гэжээ.

3.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар *******г 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байх бөгөөд тэрээр эцсийн өмчлөгч байна.

 

4.Хариуцагч тал гэрээний зүйл болох 100,000 ширхэг тоосгыг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч ******* тоосгоны үнийг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж маргаж байгаа тохиолдолд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

4.1.Хэрэгт “*******” ХХК-ийн зарлагын баримтууд нотлох баримтаар авагдсан байх боловч гэрч “*******” ХХК-ийн захирал ******* нь шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...манайх *******т өглөгтэй байсан, “*******” ХХК-д өглөг, авлагагүй. *******т 100,000 тоосго өгсөн. ...2023 онд тоосгоны үйлдвэр байсан, 2025 онд компани болсон. ...“*******” ХХК-ийн падаан дээр сүүлд нөхөж бичиж өгсөн.” гэж мэдүүлснээс дүгнэвэл “*******” ХХК нь гэрээний зүйлийг хариуцагч “*******” ХХК-д нийлүүлсэн гэж үзэхээргүй байна.

4.2.Түүнчлэн, нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-аас авлагадаа тооцож авсан 100,000 ширхэг тоосгыг хариуцагч “*******” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу “*******” ХХК-ийн зарлагын баримтаар хүлээн авч, хариуцагч “*******” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгч биш гэж татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Дээрх үйл баримт болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл ******* нь “*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болохын хувьд хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэгч *******тай харилцан тохиролцож дээрх хэлцлийг хийсэн үйл баримт тогтоогдож байна.

Харин 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******гийн үйлдсэн баримтын агуулгаас харвал “*******” ХХК хэлцлийн дагуу төлөх төлбөрийг тохиролцсон хугацаанд төлж чадаагүйтэй холбоотой төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулж, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр үүргийг гүйцэтгэхээ илэрхийлжээ.

Иймд хариуцагч ******* иргэний хувьд хамтран үүрэг хүлээхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК болон хариуцагч ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт нийцэхгүй.

4.3.Хэлцлээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-тай 100,000 ширхэг тоосгоны үнийг 2 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцсон нь төлбөл зохих төлбөрийн хэмжээг өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний хүү тохирох, үнэ өөрчлөгдөх шинжийг агуулаагүй. Нэхэмжлэгч тоосгыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь үнийг дараа хуваан төлөхөөр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийлэл, тохиролцсон нөхцөл, хүлээсэн үүрэг зэргээс үзэхэд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Дээрээс дүгнэвэл нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.

Анхан шатны шүүх гэрээний тал биш *******д төлбөрийн үүрэг ногдуулсан нь буруу учир энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

5.Нэхэмжлэгч 24,000,000 төгрөгийн үнэ бүхий тоосгыг хариуцагчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн тул хариуцагч “*******” ХХК-аас үнэ төлөхийг шаардах эрхтэй. Мөн Иргэний хуулийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнд өөрөөр заагаагүй бол барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцахаар заасан. Талууд тээврийн зардал 5,000,000 төгрөгийг хариуцагч хариуцан төлөхөөр тохиролцож, бараа болон тээврийн зардал нийт 29,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлөгдсөн нь дээр дурдсан талуудын хооронд хийгдсэн баримтаар нотлогдсон.

Иймээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-аас барааны үнэ, тээврийн зардал нийт 28,000,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн 28,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 193/ШШ2025/01255 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******” ХХК-аас 28,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...*******...” гэснийг хасаж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.БАТЧИМЭГ

 

 

                                ШҮҮГЧИД                                        М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                         Б.АЗБАЯР