Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 478

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Ч.М, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-нд Улаанбаатар хотод төрсөн, ХХ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ХХ, “Ферн Харбел” ХХК-ны жилтан, Баянзүрх дүүргийн ХХ дугаар хороо Хаппи Таун хотхоны ХХХХХ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ХХХХХХ/ Ч.Мт холбогдох эрүүгийн ХХХХХХХХХХХХХ дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ч.М нь 2019 оны 3 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтсан “морфин” бодисын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн буруутай үйлдлийг зөвшөөрч байгаа. Шүүхээс надад боломж олгож өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Гэрчээр Г.Т мөрдөн байцаалтанд: Миний хүү Ч.М нь 1992 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын 2 дугаар төрөх эмнэлэгт төрсөн...Мөнх-Оргил надтай илэн далангүй харьцдаг юм. Ч.М надад мансууруулах юм хэрэглэдэг талаар өмнө нь хэлж байсан. Тэр зүйлийгээ хэрэглэхгүй болохоор бие нь их өвддөг, шөнө хөлс гоожоод байдаг юм. Энийг эмчилж болдог юм байна, эмчилгээ хийлгэмээр байна, тэр эмчилгээг хийлгэхэд мөнгө хэрэгтэй, доод тал нь 500.000 төгрөг хэрэгтэй гэж хэлж байсан. Манай гэрийнхэн одоо амьдарч байгаа байрныхаа зээлийн мөнгийг өгч чадахгүй байрнаасаа гарах болчихоод байгаа болохоор Ч.Мийн эмчилгээг хийлгэж чадахгүй байгаа юм. Миний төрсөн эгч 2018 онд хорт хавдраар өвчилсөн байсан болохоор эмчилгээ хийлгэж байсан юм. Эгчийн хэрэглэж байсан эмнээс нь Ч.М сонирхоод авч хэрэглэсэн, тэрнээс хойш тэр эмийг нь хэрэглэхгүй бол бие нь өвдөөд байдаг болсон гэж хэлсэн. Одоо манай гэрийнхэн санхүүгийн хүндрэлтэй байгаа болохоор Ч.Мт эмчилгээ хийлгэх төлбөрийг нь өгч чадахгүй байгаа юм. Ч.Мийг мансууруулах төрлийн бодис хэрэглээд байгааг мэдэж байсан. Өөрөө надад энэ талаараа хэлсэн юм. Энэ зүйлээс салмаар байгаагаа эмчилгээ хийлгэмээр байгаагаа хэлж байсан юм. Миний хувьд мансууруулах төрлийн зүйлийн талаар ямар нэгэн мэдлэг байхгүй. Тэр зүйлийг нь хараагүй. Ч.Мийн хэлээд байгаагаар бие нь өвдөж байгааг ч мэдэхгүй байна. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2131 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Morphine Hydrochloride гэсэн бичиглэлтэй шингэнээс морфин илэрч байна. Илэрсэн бодис нь Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 17/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2135 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Ч.М /РД:УШ92040811/ гэсэн хаягтай шээс, Д.Г нарын шээс зэргээс морфин /morphine/ илэрч байна. Илэрсэн бодис нь Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтанд багтдаг болно. /хх-ийн 23/ гэжээ.

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 653 дугаартай дүгнэлтэнд: Ч.М нь 2018 оны 02 дугаар сараас Опиодын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгээр өвчилсөн байх боломжтой байна. Одоо Ч.М нь Опиодын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ч.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ч.М нь Опиодын /морфин/ хамааралтай байна. СЭМҮТөвд ДЭСК-ийн сайн дурын эмчилгээнд өөрийн хүсэлтээр хандаж болно. /хх-ийн 51/ гэжээ.

 

Сэжигтнээр Д.Г мөрдөн байцаалтанд: Ч.М бид хоёр Их дэлгүүрийн ойролцоо өссөн багын найзууд байгаа юм. Тодорхой хэдэн жилийн өмнө байнгын харилцаа холбоотой байсан, сүүлийн хэдэн жил тус тусын амьдралыг хөөгөөд байнга уулзалдахаа больсон. Ч.М эхнэр хүүхэдтэй, би хөдөө ажиллаж байгаа болохоор хааяа нэг уулзаж писи тоглодог болсон. Би хөдөө орчуулагчаар ажиллаж байгаад Улаанбаатар хотод ирээд 1 cap болж байна. Ирээд Шархадны эмнэлэгт морфин эмийн хордлого тайлуулах журмаар сайн дураараа хэвтэж эмчлүүлсэн. Намайг Б, М гэх эмч нар эмчилсэн. Би хордлого тайлах эмчилгээнээс 4 хоногийн өмнө гарсан бөгөөд 21 хоног хэвтсэн. Урьд өмнө бол жилдээ 1 удаа хэвтэн эмчлүүлж байсан. 4 хоногийн өмнө эмнэлгээс гараад гэртээ амарсан. Өнөөдөр Шархадны эмнэлэг дээр очиж Баттөмөр эмч дээр шинжилгээ өгөхөөр шээсний улаан тагтай сав аваад гэрээсээ гарсан бөгөөд би очих цагаасаа хоцроод буцаж гараад найз Ч.Мийн 86170593 гэсэн дугаар руу таксины жолоочийн утсаар залгаад хамт писи тоглоё гэж хэлээд бид хоёр хотын төвд уулзсан. Тэгэхэд Ч.М надад 3 ширхэг шилтэй шингэн морфин харуулсан. Ч.М бид хоёр тэр зүйлийг огт хэрэглээгүй. Би өөрөө эмчилгээ хийлгэж байсан учир хэрэглэе гэж бодоогүй. Тэгээд 10 дугаар хороололд байх писи тоглоом орж тоглоод байж байтал цагдаа нар орж ирээд баривчилсан. Писи  тоглоомд бид хоёр өөр өөрсдийнхөө мөнгийг төлж тоглосон. Би эмнэлэгт байхдаа морфины эмчилгээ хийлгээд бага тунгаар морфин хийлгэсэн. Шархадны эмнэлэг дээр бол бүх баримт нь байгаа. Эмнэлгээс гарч ирээд бол хэрэглээгүй. Би Ч.М морфин хэрэглэдэгийг мэддэг. Би саяхнаас л мэдсэн бөгөөд Ч.М надад өөрөө хэлсэн. Би тезирцин гэх нойрны тариа хийлгэсэн юм. Морфиноо зогсоочихоор уг нойрны тариаг хийлгэдэг юм. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтэн Ч.М мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 02 дугаар сард эмнэлэгт өвчтэй хэвтэж байсан нагац эгч Д-г сахиж байсан юм. Д эгч маань элэгний хорт хавдартай, дотроо задарсан байсан учир мэс засал хийх боломжгүй байсан юм. Тухайн үед Д эгчид тогтмол морфин тариагаар хийдэг байсан юм. Мөн миний толгой өвдөөд байсан болохоор Д эгчийн морфин тарианаас нь 1 ширхэгийг аваад өөртөө тарьсан юм. Тэгсэн өвчин намдаад, их тайвширч байсан. Тэрнээс хойш бие өвдөх болгонд эгчийн морфин тарианаас авч өөртэй тарьдаг болсон. Тэгсэн миний бие эрхтэн морфин тарихыг нэхэж, шаарддаг болсон. Морфин тарихгүй удахаар зүрх салгалаад, бие хөлрөөд, булчин татдаг, нойр хүрэхгүй, огт унтаж чадахгүй болсон. Тухайн үед Д эгчид эмнэлгээс морфин тариагаар өгдөг байсан болохоор тэр тарианаас нь авч хэрэглэдэг байсан. Д эгч өөрийнх нь тарианаас авч хэрэглэдэг болохыг мэддэг байсан. 2019 оны 3 дугаар сард Д эгч өвчнийхөө улмаас нас барсан. Тэрнээс хойш надад морфин олдохгүй болж эхэлсэн. Эмнэлгээс надад морфин өгөхгүй болохоор надад морфин олдохгүй миний бие улам өвдөж, учраа олохгүй хэцүү байдаг байсан. 1 цаг өвдөж байгаа мэдрэмж авахад үнэндээ 1 минут л өнгөрсөн байдаг. Маш хэцүү байдаг. Тэгээд Хавдар судлалын эмнэлгийн гадна энгийн хүмүүсийн яриа сонсоод, эсвэл жор бичиг бариад явж байгаа хүмүүсээс гуйж, өөрийн байгаа байдлаа тайлбарлан хэлж гуйж авдаг болсон. Хавдар судлалын эмч нар зөвхөн нэг хайрцаг морфин авах жорын бичиг өгдөг. Харин Хавдар судлалын эмнэлгийн хөнгөвчлөхийн эмч нь энгийн эмч нараас арай их хэмжээгээр бичиж өгдөг болохыг мэдээд тэр эмчээс нь жор бичүүлж гарч ирсэн хүмүүсээс гуйж бага хэмжээгээр авдаг болсон. Тэдгээр хүмүүсийг би танихгүй. Дахин тэр хүмүүстэйгээ холбогдож байгаагүй. Цагдаагийн байгууллагад баригдах үед миний биед байсан 3 ширхэг морфиныг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хавдар судлалын эмнэлэг дээрээс морфин авсан хүнээс гуйж байгаад хоёр хайрцгыг авсан тэрний үлдэгдэл юм. Нэг хайрцагт 10 ширхэг байдаг. Үндсэн үнэ нь хэдэн төгрөг болохыг мэдэхгүй. Хүмүүсээс гуйж байгаад 27000-30000 төгрөгийн дотор худалдаж авдаг. 40.000 төгрөгөөр авах тохиолдол байсан. Морфин ховор болохыг хүмүүс мэддэг болохоор хүмүүс чинь дуртай үнээ хэлдэг юм. Би тэр болгоныг нь өгөөд авч чадахгүй болохоор гуйж байгаад авдаг юм. Нэг удаа хөдөө морфин хэрэглэж байгаад нас барсан хүнээс үлдсэн тариаг нь бага үнээр худалдан авч байсан. Иймэрхүү тохиолдолд заримдаа гарч ирдэг юм. Би хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өглөө өөртөө тарьсан. Нэг тариулахад 24 цаг үйлчилгээгээ барьдаг юм. Энэ тариаг тариулахад мансуурах биш харин биеийн өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэдэг болсон. Нэг удаа төрийн бус байгууллагад хандахад эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж болдог гэдгийг мэдэж авсан. Тэрнээс хойш эмнэлгийн байгууллагад хандах гэхэд мөнгө санхүүгийн боломжоос болоод хандаж чаддаггүй юм. Мөн хүмүүсээс ичээд, цагдаа нараас айгаад эмнэлэгт хандаж чаддаггүй байсан. Төрийн бус байгууллагад хандаад өөрийгөө өвчтөн болсноо мэдээд энэ талаар ээждээ зориглоод хэлсэн. Намайг хэрэглэж байгааг манай ээж мэдэж байгаа. Өөрийн байгаа байдлаа ээждээ хэлсэн боловч хийж байгаа үйлдэл, бие өвдөж байгаагаа ээждээ харуулж байгаагүй. Би өөрөө ажил хийж цалингаараа морфин худалдан авдаг юм. Ээж маань надад мөнгө өгөх боломж байхгүй. Арай хийж зээлээр орон сууц худалдан авсан юм. Одоо тэрнийхээ мөнгийг төлөх гэж өдөр, шөнөгүй ажиллаж байгаа болохоор ээжээрээ тариа авахуулж чаддаггүй юм. Надад үнэхээр хэцүү байдаг.  Би морфин тариаг өөртөө хэрэглэх гэж худалдан авдаг болохоос хүнд худалдаж байгаагүй. Надад олдохгүй байгаа зүйлийг яаж өөр хүнд худалдах вэ дээ. Өөрөө хэрэглэх гэж хадгалсан юм. Би энэ тарианаас гарахыг туйлын их хүсэж байгаа. Ээж минь намайг зоригжуулдаг. /хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10, 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ч.Мийн ял шалгах хуудас /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Ч.М нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн жагсаалтанд багтсан /Morphine/ морфин бодисын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч  2019 оны 3 дугаар сарын 28-нд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт  худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтанд Ч.Мийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон сэжигтнээр Д.Ггийн“... Би Ч.М морфин хэрэглэдэгийг мэддэг. Би саяхнаас л мэдсэн бөгөөд Ч.М надад өөрөө хэлсэн...” /хх-ийн 27/ мэдүүлэг болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10, 11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2131 дугаартай”... Morphine Hydrochloride гэсэн бичиглэлтэй шингэнээс морфин илэрч байна. Илэрсэн бодис нь Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” /хх-ийн 17/ ,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2135 дугаартай”...Ч.М /РД:УШ92040811/ гэсэн хаягтай шээс зэргээс морфин /morphine/ илэрч байна. Илэрсэн бодис нь Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” /хх-ийн 23/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 653 дугаартай”...одоо Ч.М нь Опиодын хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна...Ч.М нь Опиодын /морфин/ хамааралтай байна...”/хх-ийн 51/ дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.    

 

Ч.М нь Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтанд багтдаг “Morphine Hydrochlorid” буюу морфиныг тусгайлан эрх олгосон холбогдох байгууллага, хариуцсан эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр зохих дүрэм журмын дагуу бус аргаар олж авч өөрийн биедээ хадгалж байсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох үйлдэл байх бөгөөд уг үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Ч.Мт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ч.Мийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ч.Мийг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ч.Мийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх”  Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ч.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүйг харгалзан үзлээ.  

 

Ч.Мийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хор уршиг буюу Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцийн жагсаалтанд багтдаг Опиодын /морфин/ хамааралтай болсон, Опиод хараат байдлын хам шинж сэтгэцийн эмгэгтэй нь сэтгэцийн эрүүл мэндийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэнсэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэж хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Morphine Hydrochloride 1% гэсэн бичиглэлтэй 2 ширхэг бор хүрэн өнгийн шилтэй бодисыг Нийслэлийн прокурорын газраас хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй бөгөөд яллах дүгнэлтийн хавсралтанд Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгааг дурьдсан байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг эд зүйлсийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн  эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг  Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Ч.Мийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Мт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Мийн баривчлагдсан 48 цагийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг  дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа Morphine Hydrochloride 1% гэсэн бичиглэлтэй 2 ширхэг бор хүрэн өнгийн шилтэй бодисыг  устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, шилжүүлсэн эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Ч.Мт урьд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ