Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00293

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10383 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 135,000,000 төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож 21,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь нэршилтэй нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож 16,695,000 төгрөг, нийт 37,695,000 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1.*******, ******* нар бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 200,000,000 төгрөгийг, 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Ингэхдээ сap бүрийн 02-ны өдөр 3,000,000 төгрөгийн хүү төлөхөөр, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Үүнээс хүү болон үндсэн зээлийн төлөлт хийсээр үндсэн зээлээс 20,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байсан.

1.2.Хариуцагч нар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор 50,000,000 төгрөг нэмж зээлж авах хүсэлт гаргасны дагуу 50,000,000 төгрөг дээр өмнөх 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөгийг нэмж, нийт 70,000,000 төгрөг болгон нэгтгэж, сарын 3 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдрөөс хойш хариуцагч нар хүүгээ төлж байсан ба үндсэн зээл 70,000,000 төгрөг нь төлөгдөөгүй байсан.

1.3.Үүнээс хойш сарын дараа 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тэд дахин мөнгө нэмж зээлэх хүсэлт гаргасан ба 200,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 1 жилийн хугацаатайгаар зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулахдаа 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөгийг нэмж, 200,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ өдөр 130,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн.

Ингээд хариуцагч нар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 70,000,000 төгрөгийн 5 хоногийн хүү болох 350,000 төгрөгийг миний данс руу “70к 5 хоног” гэсэн утгатайгаар шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 200,000,000 төгрөгийн үндсэн зээлээс 30,000,000 төгрөгийг төлж, 170,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй болсон. Энэ нь түүний дансны хуулгаас тодорхой харагдах ба “200-с хасах, 170к үлдэв” гэж гүйлгээний утгаа тэмдэглэсэн. Үүнээс хойш хүүгээ төлөхдөө “170 к” гэж тодруулан төлж байсан. Энэ хугацаанд гэрээний дагуу 1 жилийн хугацаанд хүүгээ бүрэн төлсөн ч үндсэн зээл 170,000,000 төгрөгөө төлөөгүй байсан.

1.4.Мөн хариуцагч нар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 100,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн ба 100,000,000 төгрөгийг тэдний данс руу шилжүүлсэн. Үүний хүүг төлөхдөө “100к” хүү гэсэн утгатайгаар төлж байсан. Энэ гэрээний дагуу хүүгээ хугацаандаа төлсөн ч үндсэн зээл төлөгдөөгүй.

Үүнээс хойш хариуцагч нар үндсэн зээлийн төлөлтөө хийхгүй байсан учраас бид 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлэн, үндсэн зээлийн үлдэгдэл 270,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар баталгаа бичиж өгсөн. Үүнээс хойш өдөр бүр 1,000,000 төгрөгийг “270 к 1, 2, 3” гэх мэтээр 2024 оны 08 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл “270к 180” гэсэн утгатайгаар төлж байсан.

Иймд *******, ******* бидний хооронд байгуулагдсан дээрх 4 зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 90,000,000 төгрөгийг, алданги 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.5.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хууль батлагдахаас өмнөх харилцаанд хамаарахгүй, зөвхөн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш олгогдсон зээлийн харилцаанд үйлчилнэ.

1.7.Иймд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээл нь нэг удаагийн шинжтэй гэрээний харилцаа бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн хүсэлт гаргах нь зээлийн гэрээтэй холбоотой нэмэлт баримт үйлдсэн. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1.Талуудын хооронд 4 удаагийн зээлийн гэрээ байгуулагдсан.

2.2.Талуудын 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлсэн баримтыг үндэслэн үндсэн зээлд 90,000,000 төгрөг, алданги 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 төгрөгийг гаргуулах байдлаар тодорхойлсон. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байдал нь нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн бодит байдалд нийцэхгүй болжээ.

Тодруулбал, гэрээ тус бүрд үндсэн зээлийн үлдэгдлийн дүн, нөгөөтэйгөөр алдангийг аль гэрээний дагуу хэрхэн тооцоолж буй зэрэг нь ойлгомжгүй болсон байна.

2.3.Алдангийн тухайд, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үүргийн гүйцэтгэлийг хангах алдангийн зохицуулалттай гэрээ нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн болон 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ байсан.

2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд нэгтгэсэн, ингэхдээ гэрээнд алданги тусгаагүй. Харин 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр алдангийн зохицуулалт тусгасан ч хариуцагч нарын зүгээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн хариу тайлбарт дурдсанчлан тус зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсэн. Хэрэв нийт 4 удаагийн зээлийн гэрээний зээлийн үлдэгдлийг 90,000,000 төгрөгөөр тооцон, үүнээс алданги нэхэмжилж байгаа бол энэ нь хуульд нийцэхгүй.

2.4.Үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөрийн тухайд, зээлдэгч нарын зүгээс нэхэмжлэгчтэй олон удаагийн зээлийн гэрээ байгуулан гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 4 удаагийн зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нар нийт үндсэн зээлд 300,000,000 төгрөг, зээлийн хүүд 88,200,000 төгрөг, нийт 388,200,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

Эргэн төлөлтийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 дүгээр сарын 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 292,895,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Эндээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 95,305,000 төгрөг үлдсэн бөгөөд үүнээс 2023 оны 03  дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хүү 21,000,000 төгрөг хасагдаж тооцогдох ёстой. Учир нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хэрэгжиж эхэлсэн үед нэхэмжлэгч нь зээлийн хүү тооцон зээлийн гэрээ байгуулсан. Тэгэхээр хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 74,305,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу Монгол Улсын иргэн байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж буй тохиолдолд хуулийн тодорхой шаардлага хангасан байх, үйл ажиллагаа бүртгүүлэх, гэрчилгээ авах, зээлийн гэрээнд анз хэрэглэхгүй байх, мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн тогтоосон хүүгийн дээд хязгаарыг зөрчихгүйгээр хүү тогтоох хуулийн зохицуулалттай.

Гэтэл ******* нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй, ******* нь байнга ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг нь 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа 4 буюу олон тооны зээлийн гэрээг байгуулсан үйл баримтаас харагдаж байна.

2.6.Мөн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ. Тэгэхээр талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь тухайн хуулийг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин бус байх хэлцэл байна. Тийм учраас нэхэмжлэгчид нь зээлдэгч *******д 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүрэг үүсээгүй байна.

2.7.Талууд 2024 оны 03 сарын 17-ны өдөр зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь нэршилтэй нэмэлт гэрээний байгуулсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ тус бүрийн үүргийг нэгтгэн үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл-100,000,000 төгрөг /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд хамаарах/, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүрэн барагдуулсан байх, барагдуулаагүй тохиолдолд хүүг нөхөн төлөх гэх мэт зүйлийг харилцан тохиролцсон гэж талууд гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Гэтэл дээрх хэлцэл нь хэлбэрийн /тооцооллын/, агуулгын /хууль зөрчсөн/ 2 төрлийн зөрчилтэй байна. Хоёр удаагийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл бодит байдалд дээр буюу тухайн цаг мөчид 153,305,000 төгрөг байсан.

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч нар зээлдэгч *******д хууль зөрчсөн буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдох гэрээний дагуу зээлийн хүүнд 20,000,000 төгрөгийг төлжээ.

Иймд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож 21,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь нэршилтэй нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож 16,695,000 төгрөг, нийт 37,695,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасуулна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар Зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээний хүү тооцсон хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******гээс гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь нэршилтэй нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, 16,695,000 төгрөг хасуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 832,950 төгрөг, хариуцагч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 346,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 607,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгч *******гээс 262,950 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нартай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нийт 4 удаа зээлийн гэрээ байгуулж, мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын данс руу шилжүүлсэн. Хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн дагуу тухай бүр хүүгээ, үндсэн зээлээ ямар нэгэн маргаангүйгээр төлж ирсэн.

4.2.Зээлдэгч зээлдүүлэгч нар 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж, үндсэн зээлийн үлдэгдэл 270,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж дуусгах талаараа баталгааг *******д *******, ******* нар бичиж өгсөн. Үүнээс хойш хариуцагч нар тохиролцсон ёсоороо өдөр бүр 1,000,000 төгрөгийг *******гийн данс руу шилжүүлсээр 90,000,000 төгрөгийг төлөхгүй байсан тул зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл 90,000,000 төгрөг, алданги 45,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.3.Гэтэл анхан шатны шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар, сарын 3,5 хувийн хүүтэйгээр олгосон зээлийн гэрээг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнөөс хойш зээлийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд удаа дараа зээлийн гэрээ байгуулагдсан байгаагаас нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор мөнгө зээлэх ажиллагааг тогтвортой явуулж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон, холбогдох байгууллагад бүртгүүлээгүй, зохих журмын дагуу зөвшөөрөл аваагүй үндэслэлээр Ииргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл хэмээн дүгнэж, 6 удаагийн хүүнд төлөгдсөн 21,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу тохирсон хүү болох 21,000,000 төгрөгийг хариуцагч ямарч маргаангүйгээр төлчихсөн, үүнээс хойш 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийт 4 зээлийн гэрээний хүү, үндсэн зээл бүхий л тооцоогоо нийлж, баталгаажуулсан, үүнээс хойш 180,000,000 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 90,000,000 төгрөг нь дээрхи хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид олгогдох ёстой хэмээн үзэж байна.

Мөн нэхэмжлэгч нь зөвхөн нэг этгээдтэй 4 удаа зээлийн гэрээ байгуулсан нь ашиг олох зорилгоор бусдад мөнгө зээлэх ажиллагааг тогтвортой явуулж байсан гэж үзэх үндэслэл болохгүй, хэд хэдэн өөр этгээдтэй зээлийн гэрээ байгуулсан, тогтвортой ийм төрлийн үйл ажиллагаа явуулж байсан баримт хэрэгт байхгүй, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хүү тооцсон хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21,000,000 төгрөгийг *******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Талуудын хооронд 4 зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлийн үлдэгдэл 90,000,000 төгрөг, алданги 45,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчид зээл олгосон дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Уг баримтыг үндэслэж зөвхөн нэг этгээдтэй 4 удаагийн зээлийн гэрээ байгуулсан нь ашиг олох зорилгоор мөнгө зээлэх ажиллагааг тогтвортой явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Дээрх нотлох баримтуудыг харвал өөр бусад этгээдүүдэд зээл олгож байсан нь харагддаг.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нь Нарантуул худалдааны төвд ашиг олох зорилгоор бусдад мөнгө зээлэх ажиллагааг тогтвортой явуулж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдсон. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлбэл зохих этгээд гэж үзсэн.

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас зээлийн хүүд 21,000,000 төгрөг авсан нь уг зээлийн гэрээний дагуу бусдаас ашиг хонжоо, орлого олох нь хэлбэрийн хувьд боломжтой боловч хориглосон буюу зөвшөөрөгдөх ёсгүй хэлцэл гэж дүгнэсэн. Хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс буцаан шаардах эрхтэй. Талуудын хооронд үүссэн харилцааг дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг, алдангид 45,000,000 төгрөг, нийт 135,000,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар 74,305,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож 21,000,000 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь нэршилтэй нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож 16,695,000 төгрөг, нийт 37,695,000 төгрөгийг хасуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

           

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1.******* болон *******, ******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, сар бүрийн 02-ны өдөр хүүд 3,000,000 төгрөг төлөх, хоног алдсан тохиолдолд 0,5 хувь болох 500,000 төгрөг төлөхөөр,

2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг дээр нэмж 50,000,000 төгрөг зээлж, 70,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлэхээр, зээлдэгч нар зээл, хүүг тогтоосон хугацаанд төлөхөөр,

2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 200,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, хүүгийн хамт тогтоосон хугацаанд төлж, хоног хэтрүүлсэн бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. Үүнээс зээлдэгч нар 30,000,000 төгрөгийг төлсөн.

Ингэхдээ, өмнөх гэрээний үндсэн үүрэг буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг 70,000,000 төгрөгийг 130,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, улмаар зээлдэгч нар уг зээлийн үндсэн төлбөрөөс 30,000,000 төгрөгийг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 170,000,000 төгрөг болгосон.

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь  100,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, сар бүрийн 5-ны өдөр хүүд 3,500,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцжээ.

3.2.Талууд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь” гэх баримт үйлдэж “*******, ******* нар *******гээс зээлж авсан 170,000,000 төгрөг, мөн 100,000,000 төгрөгийн зээлийн хүүг зогсоож, 2024.07.31-ний өдөр 270,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан байна. Хэрэв 2024.08.01-ний өдөр гэхэд их бага хамаагүй төлбөр тооцоо үлдсэн байвал төлж барагдуулна. Ямар нэгэн санал гомдол байхгүй болно” гэжээ.

 

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

5.1.Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь” гэсэн тохиролцооны дагуу *******, ******* нар *******гээс зээлж авсан 170,000,000 төгрөг, мөн 100,000,000 төгрөгийн зээлийн хүүг тус тус зогсоож, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 270,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж дууссан байхаар тохиролцсон тохиролцоог зөв тогтоосон.

5.2.Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгөөс хариуцагч нар 180,000,000 төгрөг төлсөн, 90,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, хариуцагч нь 95,305,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тус тус тайлбарласан байх ба анхан шатны шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримтлан үндсэн зээлийн гэрээний үүрэг 90,000,000 төгрөгийн хэмжээнд талууд маргаагүй гэсэн дүгнэлт хийснийг буруутгахгүй. Энэ талаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.

5.3.Түүнчлэн, талууд 2024 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нийт байгуулагдсан 4 гэрээний үүргийг эцэслэн, зээлийн хүү болон алдангийн талаар тухайлан тусгаагүй, зөвхөн үндсэн үүргийн хэмжээ, төлж барагдуулах хугацааны талаар тохиролцсон.

Иймд алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталбал зохих хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулна. Энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

6.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

6.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдаж, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байх ба талуудын хооронд байгуулагдсан 4 зээлийн гэрээнээс 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ мөн хуулийн үйлчлэлд хамаарах талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-д “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.” гэж заасан.

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/2438 дугаар албан бичигт “******* нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т тус тус заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга болон Санхүүгийн зохицуулах хороонд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй байна” гэснээс дүгнэвэл нэхэмжлэгч *******г мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байжээ.

Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 100,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, зээлийн хүүд сар бүрийн 05-ны өдөр 3,500,000 төгрөгийн хүүг төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч нар зээлийн хүүд нийт 21,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Харин шүүх нэхэмжлэгчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүйгээс ашиг олох зорилгоор хүү авах эрхээ алдсан талаар үндэслэл бүхий дүгнэсэн боловч зээлийн гэрээний нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсныг анхаараагүй, хуулийг буруу тайлбарласныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;”-д хамаарахгүй юм.

Иймд хариуцагч нарын зээлийн хүүд төлсөн 21,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэгчийн хөрөнгө нэмэгдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн “хариуцагч нар ямар ч маргаангүйгээр хүүд 21,000,000 төгрөг төлсөн тул хасах үндэслэлгүй” гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.

           

            7.Хариуцагч нарын “талуудын хооронд байгуулсан 2024 оны 03 сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээнд хүсэлт гаргах нь нэршилтэй нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 16,695,000 төгрөгийг хасуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн нэмж дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж, залруулна.

 

            8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10383 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 90,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******гээс 21,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах болон 16,695,000 төгрөг хасуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.ГЭРЭЛТУЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Б.МАНДАЛБАЯР

 

 

                                                                                          Б.АЗБАЯР